Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/141

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж

     Нарийн бичгийн дарга              М.*******

      Улсын яллагч                               Б.

      Хохирогчийн өмгөөлөгч           Б.

      Шүүгдэгч                                   Ц. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.д холбогдох 2223000000129 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                                      

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сум ******* багийн ******* ******* тоотод оршин суух хаягтай, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хугацаагаар хорих ялаар шийтгэх уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан  ******* овогт *******гийн /Регистрийн дугаар:*******/

Ц. нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн сум ******* багийн нутаг дэвсгэр ******* гудамжинд хохирогч Д.*******ийн нүүрэн тус газар нь цохиж түүний биед баруун ухархайн дотор хананы шинэ хугарал, баруун нүдэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч Д.*******ид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:     

Шүүгдэгч ******* овогт *******гийн нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн сум ******* багийн нутаг дэвсгэр ******* гудамжинд хохирогч Д.*******той маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Ц. нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсныг шууд тусган мэдүүлсэн хохирогч Д.*******ийн “...2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн сум ******* багийн нутаг дэвсгэрт ...Ц. нь машинтай явж байхад нь тааралдсан. Урд өдөр нь миний төрсөн ах ******* нь гаас 6 ширхэг эмээлийн хэрэгсэл авсан байсан. Тэгээд ломбард ороод гурвыг нь шалгуулахад хуурамч байхаар нь түүнийг буцааж өгөхөөр явж байсан. Тэгээд Ц.д чи хуурамч юм манай ахад зарлаа чи үүнийгээ буцааж ав гэснээс болж бага зэргийн маргаан болоод миний баруун нүд рүү нэг удаа цохисон. Би Ц.г зөрүүлж цохиогүй ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Тухайн үед миний хамраас цус гараад байсан.... гэсэн мэдүүлгээр, ( хэргийн 06-07 дахь тал)

Ц.тай уулзсаны дараа Д.******* хамраас нь цус гарсан байдалтай байсныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Н.*******гийн “... 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр манай нөхрийн төрсөн ах ******* нь хөдөөнөөс мал зарах гэж орж ирээд гэх ченжид 4 хонь өгөөд эмээлийн 6 цагаан гэх мөнгөн тоноглол аваад явсан. Орой нь түүний эхнэр нь яриад ийм эд зүйл манай нөхөр авсан байна гэхээр нь бид нар өглөө ломбард орж эд зүйлүүдийг нь хуурамч үгүйг нь шалгуулж үзэхэд 3 цагаан нь хуурамч гэж хэлсэн. Тэгээд үүнийг манай нөхөр сонсоод гэх хүнтэй уулзаад эд зүйл зарсан байна гэж хэлээд түүнээсээ болж маргалдсан. гэх хүн манай нөхрийг яаж цохисныг нь мэдэхгүй би машин дотор сууж байсан. Тэгтэл тэр хоёр зодолдоод байгаа чимээ гарахаар нь машинаас буухад манай нөхрийн хамраас нь цус гарсан байхаар нь салгаж холдуулсан..." гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 17-18 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны үед өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Ц.гийн “...******* ... чиний 6 ширхэг даруулгын 3 нь хулхи байна, 3 нь зүгээр байна ломбардаар шалгуулсан наймаагаа буцаая гэхээр нь би зөвшөөрч гэхдээ би авсан хонийг гаргачихсан, махаа авчих гэтэл ******* чи хүн луйвардлаа бид нар нэг хонио 250.000 төгрөгөөр бодож авна гэсэн тэгээд би зарагдахгүй байсан хонийг чинь наймаанд бодож авсан гэтэл ******* нь гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд хөдөөнийхнийг луйвардаг хүн байдаг юм байна ингэдгээ болиорой гээд байхаар нь явах гэсэн. Тэгтэл ******* миний гар хувцаснаас зуураад байхаар нь би гараа савсан гэтэл *******ийн нүүрэн тус газар нь оносон..." гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. (хэргийн 35-36 дахь тал)

Шүүгдэгчийн Ц.гийн үйлдлийн улмаас хохирогч Д.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 000000357 дугаартай “...Иргэн Д.*******ийн биед: Баруун ухархайн дотор хананы шинэ хугарал, баруун нүдэнд цус хуралт гэмтэл учирсан байна. Д.*******ийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Д.*******ийн биед үүссэн гэмтлүүд нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Д.*******ийн биед: Баруун ухархайн дотор хананы шинэ хугарал, баруун нүдэнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр  /хэргийн 24-25 дахь тал/ нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Ц. хохирогч Д.*******ийн нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч Ц. нь хохирогчийг нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч Ц. нь хохирогч Д.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд Ц.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Д.******* хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол, санал байхгүй...” гэсэн хүсэлтээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Ц.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Ц. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.        

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.   

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10   дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц. нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Ц.д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч  нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

                     

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.НАНДИНЦЭЦЭГ