Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч Ц.Батзаяа

          Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Э-д холбогдох 2216001430137 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ний өдөр төрсөн, эрэгтэй, .. настай, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, Говь-Алтай аймгийн Жаргалант багийн 2-4 тоотод оршин суух хаягтай,  урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Монхооног овогтой Амарын А.Э гэв.

           Шүүгдэгч А.Э нь нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг “Улаан хуруун шил” гэх нэртэй газарт иргэн Д.Бын машинд нь суугаад гарахдаа санамсаргүйгээр унагаасан Samsung A-50 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 461,450 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч А.Эын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн: “Тухайн үед Бугат сум ороод цаашаа Хөвчийн нуруу руу айлд очихоор явж байтал Бурааны рашаан гэдэг газар очоод байж байхад араас 5 машинтай хүн очсон. Бид хэд өөрсдөө 3 машинтай явж байсан. Тэгээд рашаан дээр нэг шил архи гаргаж ирж уугаад цаашаа хөдлөөд Улиатын гол дээр бид хэд дахиж зогсоод нэг шил архи уугаад тэндээс хөдлөөд “Улаан хуруун шил” гэх газар очиж нэг шил архи уугаад хөдлөх гэж байхад Д.Б манай найз Буянааг цохиж аваад салгаж байхад машинаасаа хутга гаргаж ирэхээр нь тэнд жоохон маргалдсан. Миний машинд хамаатны хүн сууж байсан. Тэр хүнтэй уулзах гээд машинд суусан. Тэндээс хоёр тийшээ салаад би Хөвчийн нуруу орж хүмүүсээ буулгаад буцаад маргааш нь аймгийн төвд ирсний маргааш машинаа цэвэрлэж байхад шалавчны хажууд А50 маркийн утас байсан. Би тэр утсыг нь өгөөгүй ашигласан. Д.Бын утас гэж мэдсэн. Тэгээд машин руу чулуу шидээд хутга бариад байсан учир өгөөгүй юм. Бусдын эд хөрөнгийг тэр хүнийх гэдгийг мэдсээр байж ашигласан миний буруу” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Д.Бын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2022 оны 05 сарын 23-ны өдөр өөрийн төрсөн ах Нямсүрэнтэй Бугат сумаас цаашаа улаан хуруу, хөвчийн нуруу, тамга хөшөөт чиглэлд явсан. Тэгээд замд Бугын давааны сүлжээтэй овоон дээр зураг дарж хөдлөөд: Улаан хурууны шил гэх газарт зогссон. Тэнд УАЗ-469 машинтай 4-5 хүн, Патрол машинтай 4-5 хүн, Ланд-80 маркийн машинтай 3 хүн, мотоциклтой 2 залуу дандаа нутгийн хүмүүс тойрч суугаад тамхилаад хөдлөх гэсэн. Миний гар утас байхгүй байсан. Тэнд байсан хүмүүсээс цуг хайлцсан олдоогүй” гэсэн мэдүүлэг /ХХ18/,

Гэрч Л.Н-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2022 оны 05 сарын 23-ны өдөр манай дүү Д.Б аймгаас ирээд бид 2 Бугат сумаас цаашаа Улаан хуруу, Хөвчин нуруу тамга хөшөөт чиглэл рүү явсан. Тэгээд замд бугын давааны наад талын сүлжээтэй овоон дээр Д.Б надаар зураг даруулчхаад машиндаа суугаад цааш хөдөлсөн. Улаан хурууны шил гэх газарт очиж зогссон. Тэнд 3, 4 машинтай нутгийн хүмүүстэй таараад тамхилаад хөдлөх гэсэн Д.Б миний утас алга болчихлоо гэсэн. Тэгээд тэр хавиар хэсэг хайсан олдоогүй...” гэх мэдүүлэг /ХХ20, 22/,

Гэрч Л.Т-ны “...2022 оны 06 сарын 05-ны өдөр Самсунг А-50 маркийн гар утсанд 88591958 дугаарыг хийж ашигласан. 2022 оны 05 сарын 23-ны өдөр Бугат сумаас цаашаа “Хөвчийн нуруу” орохоор нөхрийн хамт явсан. Манай машинд Дээгий, Буянаа гэх хүмүүс явсан. Тэгээд сумаас 10 км зайд “Бурааны рашаан” гэх газарт байж байтал: Д.Б, Нямаа гэх хүмүүс машинтай ирсэн. Тэгээд тэнд архи задлаад ууцгаасан. Тэгээд тэндээс хөдлөөд цаашаа яваад зогсоод байж байтал хамт архи уусан хүмүүс нь араас ирсэн. Тэгээд тэнд ганц 1 пиво уугаад байж байтал Д.Б Буянааг цохиод авсан. Би машиндаа хүүхдээ аваад ороод суусан. Тэгсэн Д.Б гэх хүн миний утас алга болчихлоо гээд машины дотор урд талын хайрцгийг үзэж шалгасан. Тэгээд бид хэд удалгүй тэндээс хөдлөөд явсан. Д.Б нь Дээгий гэх хүн уулзах гээд 2-3 удаа манай машинд орж ирсэн. Хөдөө яваад аймагт ирсний дараа манай нөхөр А.Э машин дотор шалавчны доод хэсэгт суудлын ард талд утас байна гээд гаргаад ирсэн. Тэгэхээр нь би наадах чинь нөгөө хүний утас юм биш үү? Өг гэхэд биш байхаа гэж хэлээд өөрөө ашигласан. Тухайн утасны ард тал нь хар хөх гялгар өнгөтэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,

 

Юнител ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 6256 дугаартай албан бичиг /ХХ13/, шинжээчийн дүгнэлт /28-30/  зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч А.Э нь нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг “Улаан хуруун шил” гэх нэртэй газарт иргэн Д.Бын машинд нь суугаад гарахдаа санамсаргүйгээр унагаасан Samsung A-50 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 461,450 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэх үйл баримт тогтоогдож байна.

Уг үйл баримт нь бусдын өмчлөх эрхэнд халдаж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Иймд шүүгдэгч А.Эыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байсныг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогчид учруулсан хохирол болох шинжээчийн дүгнэлтээр тогтоосон Samsung A-50 гар утасны 461.450 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч А.Э нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байсныг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч А.Эыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Д.Бт хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монхооног овогтой А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байсныг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эод оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Эод танилцуулсугай. 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Анхболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Д.Бт хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөг, өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,шүүгдэгч А.Эод  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА