| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 101/2017/04421/И |
| Дугаар | 181/ШШ2018/00808 |
| Огноо | 2018-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2018/00808
| 2018 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 181/ШШ2018/00808 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 3-р хороо Сөүлийн гудамж, Төгөлдөр хотхон 101 тоотод оршин суух “МЭХ ХХК/Улсын бүртгэлийн дугаар:9011411136/-ийн
хариуцагч: Сүхбаатар дүүрэг 8-р хороо Энхтайваны өргөн чөлөө Тусгаар тогтнолын ордон 708 тоотод оршин байрлах “ЭХ ” ХХК /Улсын бүртгэлийн дугаар: 9019050106/-д холбогдох
ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 53 001 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг 2018 оны 02 сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин гаргасан тайлбартаа: ЭЖЛР ХХК-ийн ХЭХ-ын дарга Д.М ын баталсан, гүйцэтгэх захирал Г ын гарын үсэг зурсан МЭХ ХХК-тай байгуулсан, МЭХ ХХК-ийн ерөнхий нягтлан н.Бямбасүрэн гарын үсэг зурж, МЭХ ХХК-ийн захирал н.Ихбаярын баталсан 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 07/15 дугаартай “Эрэл хайгуулын ажлын гэрээ”-гээр МЭХ ХХК нь Төв аймгийн Заамар нутагт орших Цоцгоны мухар нэртэй, МҮ-016978 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай тусгай зөвшөөрөлтэй 411,31 га талбайд алтны шороон ордын гүнийн давхаргыг илрүүлэх эрэл хайгуулын ажлыг иж бүрнээр нь мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн. Бид өрөмдлөгийн 2 бригад 4 цооногт 230,8 тууш метр өрөмдлөгийн ажлыг хийсэн. ХШ 27 цооногоос шугамын Ц8 цооногт 60 метр өрөмдөж 150 дээж авсан. 2 дугаар шугамын Ц4 цооногт 69,6 метр хүртэл өрөмдөж 174 дээж авсан. 40 дүгээр шугамын Ц4 цооногт 31 метр 200 см өрөмдөж 78 дээж авсан. 33 шугамын 00 цооногт 70 метр өрөмдөж 175 дээж аваад алттай дээжийн нийт 12, 577 ширхэг дээж авч, цохилт өрөмдлөгийн явцад 1,2 мм-ээс бусад тохиолдолд 0,4 мм-ийн жигд алхамтай солбилцлоор нийт 570 ширхэг сорьц авч угааж боловсруулсан. Угааж боловсруулсан дээжийн хэмжээ 8м3 , 12 дээжинд алтны тэмдэг илэрсэн бөгөөд үйлдвэрлэлийн сонирхол татахуйц нэг цооногийн 6 дээжийг Канад улсын автоплаз лабораторид өгч алтны үлээлгийн жигнэлтийг хийлгэсэн. Энэ ажил дээр 2 мастер, 2 ажилтан, 2 угаагч, 2 угаалгын ажилтан, 1 тогооч, 1 жолооч, 1 ахлах геологич, 1 геологич, 1 гагнуурчин, 1 ахлах мастер гээд 14 хүн, 2 сарын хугацаанд ажилласан. Нийт гэрээнд 35 334 200 төгрөг зарцуулсан бөгөөд 1 метрт зарцуулах зардал нь 153 000 төгрөг, ажлын үр дүнгийн тайланг хүлээлгэн өгсөн. Эдгээр зардлыг 2016 оны 6 дугаар сард багтаан Металлл эрэл хайгуул ХХК-ийн Хаан банкны төгрөгийн 5027454404 тоот данс эсвэл Голомт банкин дахь төгрөгийн 2015102135 дансанд 2016 оны 06 дугаар сард багтаан шилжүүлэхээр тохирсон боловч өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй. ЭХ ХХК-ийн захирал Д.М Эм Жи Эл рөсурс ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшиж байхдаа энэхүү гэрээг баталсан. 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хийж гэрээний ажил дууссан. Ажил хийгээд дууссаны дараагаар ЭХ ХХК-ийн захирал Д.М ЭЖЛР ХХК-ийг ЭХ ХХК-д нэгтгэх замаар МҮ016978 тоот тусгай зөвшөөрлийг ЭХ ХХК-д 100 хувь шилжүүлсэн. Тухайн үед ЭЖЛР ХХК 4 гишүүнтэй байсан гэж яригддаг байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаад хуралдаа ирэхгүй байна гэдэг шалтгаанаар Компанийн тухай хуульд заасны дагуу ЭЖЛР ХХК-ийн захирал нь ерөнхий захирал Д.М өөрөө болоод өөрөө өөрийнхөө толгой компанид шилжүүлж байна гэдэг маягаар өөрийнхөө компанид тусгай зөвшөөрлийн 7 сая төгрөгийн төлбөр төлөөд эрх үүргийг нь хүлээн авна гэж баталгаа гаргаж өгөөд шилжүүлэн авчихсан. Бид энэхүү нэхэмжлэлээ ЭЖЛР ХХК-иар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү тусгай зөвшөөрөл нь ЭХ ХХК-д шилжсэн байсан. Энэ тусгай зөвшөөрөл өөр компанид шилжихээр урьдны тусгай зөвшөөрлийн эзэмшигчид эрх үүргийг хүлээх ёстой. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан компани нь бүх эрх үүргийг хариуцна. ЭХ ХХК нь тусгай зөвшөөрлийг урьд ямар байсныг мэдэхгүй бид төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Хийгдсэн ажил нь байж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь бараг 80-аад сая төгрөг болж байгаа. 1 жил 3 сарын хугацаа хэтэрсэн байгаа. Нийт 48 303 180 төгрөгийн алданги гарч байгаа. Бид хуулиндаа захирагдаад 35 334 200 төгрөгийн 50 хувиар бодож 17 667 100 төгрөг болж байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан №07/15 тоот Эрэл хайгуулын ажлын гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.8-д заасны дагуу гэрээний 2.3-т үүргийн гуйцэтгэлийг хугацаанд нь хангаагүй тохиолдолд төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр гэрээнд заасан. Үүний дагуу алданги 17 667 100 төгрөгийг нэмээд нийт 53 001 300 төгрөгийг ЭХ ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ЭХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тусгай зөвшөөрөл нь 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ЭХ ХХК-д шилжсэн. Манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Металлл эрэл хайгуул ХХК-ийн зүгээс ЭЖЛР ХХК -тай 2015 оны 11- р сарын 26-ны өдөр Эрэл хайгуулын ажлын гэрээ байгуулж ажилласан. Тус гэрээний дагуу 2016 оны 02-р сарын 20-ны өдөр гэрээг дүгнэсэн акт байгуулж захиалагч талыг төлөөлж “Эм жи эл ресурс” ХХК-н захирал М.Г , МЭХ ХХК-ийг төлөөлж захирал Я.И нар тус тус гарын үсэг зурж тус ажлын үр дүнг захирал М.Г т хүлээлгэн өгсөн байна. ЭЖЛР ХХК “ЭХ ” ХХК хоёрын хооронд өмнө нь байсан өр төлбөрийг төлөх тухай ямар нэгэн юм байхгүй. Нэхэмжлэгч талаас ч байхгүй байна. 2016 онд төлөх ёстой өрөө төлөөгүй байхад нь ЭЖЛР ХХК-иас нэхэмжилж байсан эсэхийг мэдэхгүй байна. Манай компани хуулийн дагуу бүх зүйлийг шилжүүлэн авсан. Шилжүүлэн авахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 49.4.3 дахь зүйл заасан бүхий л үүргийг залгамжлан биелүүлнэ гэдгээ нотолсон. ЭХ ХХК нь Д.М ын эзэмшлийнх болсон боловч ЭЖЛР ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд 100 хувь эзэмшээд 100 хувь үйл ажиллагааг нь хэрэгжүүлдэг зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал тааж яриад байх шиг байна. ЭХ ХХК болон ЭЖЛР ХХК нар нь нэгдэж нийлээгүй. Өр авлагыг нь хариуцана гэсэн гэрээ контракт байхгүй бөгөөд хуулийн дагуу тийм эрх үүрэг бидэнд байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хийсэн ажлынхаа үр дүнг ЭЖЛР ХХК-д хүлээлгэн өгсөн байна. ЭХ ХХК нь аваагүй. ЭХ ХХК-ийн авсан гэх нотлох бармитыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй. ЭЖЛР ХХК 4 эзэмшигчтэй, ЭХ ХХК нь 1 хувьцаа эзэмшигч нь. Компаний тухай хуулийн 9.3-т заасны дагуу хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд өөрийнхөө эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэв.
Шүүх талуудаас шаардлага мэтгэлцээний үндэслэлээ нотлож шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй байдлыг нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МЭХ ХХК” нь хариуцагчаар “Эм жи эл ресурс” ХХК–ийг татаж, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлд 35 334 200 төгрөг, гэрээний алдангид 17 667 100 төгрөг, нийт 53 001 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар ЭХ ХХК-ийг татан оролцуулсан ба “Эм жи эл ресурс” ХХК-иас татгалзаж, ЭХ ХХК-д холбогдуулан шаардлагаа дэмжсэн.
Нэхэмжлэгчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд шаардлагаа бүрэн дэмжин оролцсон.
Хариуцагч ЭХ ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцон, гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй гэж нэхэмжлэлийг үл зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
“МЭХ ХХК” нь “Эм жи эл ресурс” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр“Эрэл хайгуулын ажлын гэрээ”-г байгуулж, “Металл эрэл хайгуул”ХХК нь Төв аймгийн Заамар сумын нутагт орших Цоцгоны мухар нэртэй МҮ-016978 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 411,31 га талбайд алтны шороон ордны гүний давхаргыг илрүүлэх эрэл хайгуулын ажлыг иж бүрнээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон ба энэ гэрээний дагуу тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Захиалагч “ЭЖЛР” ХХК болон гүйцэтгэгч “МЭХ ХХК”-иуд нь 2016 оны 2 сарын 20-ны өдөр 07/15 дугаартай эрэл хайгуулын ажлын гэрээг дүгнэж, 01 тоот акт үйлдэн талууд тооцоо нийлж, хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, зардлын тооцоог гаргаж, “Эм жи эл ресурс” ХХК 35 334 200 төгрөгийг “Металл эрэл хайгуул” ХХК-ний Хаан банкин дахь төгрөгийн эсвэл Голомт банкин дахь төгрөгийн 2015102135 тоот дансанд 2016 оны 6 дугаар сард багтаан шилжүүлэхээр тохиролцсон, “Эм Жи Эл ресурс” ХХК нь “МЭХ ХХК”–д өнөөдрийг хүртэл мөнгөө төлөөгүй байна.
Талуудын хооронд хийгдсэн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1/15 дугаартай “Эрэл хайгуулын ажлын гэрээ”–ний 5 дугаар зйлийн 5.8-д, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр тохирчээ.
Энэхүү гэрээ болон гэрээ дүгнэсэн акт, мөн ажлын хөлс төлөгдөөгүй үйл баримтад талууд маргаагүй.
Хариуцагч “ЭХ ”ХХК нэхэмжлэгчтэй ямар нэг гэрээ хэлцлээр мөнгө төлөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Дээрх 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Эрэл хайгуулын ажлын гэрээ”нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.”Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулга шинж бүхий талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх ба гүйцэтгэгч “МЭХ ХХК” өөрийн зардлаар тохиролцсон, Төв аймгийн Заамар сумын нутагт орших Цоцгоны мухар нэртэй МҮ-016978 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 411,31 га талбайд алтны шороон ордны гүний давхаргыг илрүүлэх эрэл хайгуулын ажлыг иж бүрнээр хийж гүйцэтгэн, 2016 оны 2 сарын 20-ны өдөр ажлын үр дүнгийн товч тайлан, анхдагч материал болон шинжилгээний үр дүнг захиалагч “Эм жи эл ресурс” ХХК-д гэрээ дүгнэсэн акт үйлдэн хүлээлгэн өгсөн, харин захиалагч ажлын үр дүнг хүлээн аваад, хэлэлцэн тохирсон хөлс зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.
“Эм жи эл ресурс” ХХК нь 2010 оны 1 сарын 27-ны өдөр улсын бүртгэлд, үндсэн эрхлэх үйл ажиллагаа нь гадаад худалдаа, нэмж ашигт малтмалын хайгуул хийх, мөн үүсгэн байгуулагч 5, үүнээс ЭХ компани оруулсан хөрөнгө 30 хувь, Доржсүрэнхорлоогийн М 34 хувь эзэмшихээр бүртгэгдсэн байсан ба одоо Д.М хасагдан, 4 үүсгэн байгуулагчтай болсон байна. Тус компаний итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Мөнхнасангийн Г байна.
ЭХ ХХК нь 2016 оны 11 сарын 27-ны өдөр улын бүртгэлд, үндсэн эрхлэх үйл ажиллагаа нь гадаад худалдаа, үүн дээр аялал жуулчлал, тоосгоны үйлдвэрлэл эрхлэхээр бүртгэгдсэн,үүсгэн байгуулагч Доржсүрэнхорлоогийн М /РД:УХ66072515/ 100 хувь хөрөнгө оруулсан, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Доржсүрэнхорлоогийн М /РД:УХ66072515/ 2017 оны 05 сарын 05 хүртэл бүртгэлтэй байгаад 2017 оны 05 сарын 05-ны өдөр өөрчилж Батлахын Соёлмаа /РД:ЕС 82100309/ болсон байна.
Ашигт малтмалын газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар 44 тусгай зөвшөөрөл шүлжүүлснийг бүртгэх тухай шийдвэрээр, ЭЖЛР ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн TR-008638 дугаартай өргөдлийг үндэслэн, ЭЖЛР ХХК-ийн Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Цоцгоны мухар нэртэй 411.31 гектар талбай бүхий МҮ-016978 дугаарын ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компаниас Эрдхул ХХК-д MV-020693 дугаарт бүртгэн шилжүүлжээ.
Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.”Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 20-50 хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа тохиолдолд уг компанийг хараат компани гэнэ.”гэж зааснаар “Эм жи эл ресурс” ХХК-ийн үүсгэн байгуулагч ЭХ компани оруулсан хөрөнгө 30 хувь байгаа нь “ЭЖЛР” ХХК хараат компани ЭХ компани толгой компани болж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.”Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд “төрийн захиргааны байгууллага” гэх) 11.1.15.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцлийг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4.-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан нөхцөл, журмыг хангасны үндсэн дээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх эрхтэй ба 49 дүгээр зүйлийн 49.1.”Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хууль, Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно.” 49.6.1.”хуульд харшлах шалтгаангүй бөгөөд холбогдох татварыг төлсөн тухай татварын алба тодорхойлолт гаргасан бол тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэж уг тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээ хийх” гэж тус тус заасны дагуу Ашигт малтмалын газрын тосны газар кадастрын хэлтэс, 2017 оны 1 сарын 11-ний өдрийн толгой компанидаа шилжүүлэх тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн холбогдох татвар үйлчилгээний хөлс төлсөн тухай баримт хүсэлтийг, өргөдлийн бүртгэлийн ТR-008638 дугаарт хүлээн авч бүртгэн шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн ажиллагаа болжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3.”тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт бичиг”-г шилжүүлэх тухай өргөдөлд хавсаргахаар зохицуулсны дагуу ЭХ компани 2017 оны 1 саоын 10-ны өдөр шилжүүлэн авч буй хуулийн этгээдийн гаргасан зөвшөөрлийн нотлогоо өргөдөлдөө, тусгай зөвшөөрлийг шилжүүлж авах хүсэлтэй байгаагаа батламжилж, энэхүү нотлогоо гаргах үед эзэмшиж байгаа “ЭЖЛР” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү нотлогоо гаргахаас өмнө бусадтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж ирсэн талаар бүрэн дүүрэн ойлгож байгаа тул тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авмагц дээрх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Ашигт малтмалын тухай хуульд заасан бүхий л үүргийг залгамжлан биелүүлэхээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, энэхүү нотлогоог гаргасан, үүсгэн байгуулагч, 100 хувь хөрөнгө оруулагчийн хувьд Д.М гарын үсгээ зурж компаний тамга дарж батлагаажуулжээ.
2016 оны 2 сарын 20-ны өдөр гүйцэтгэсэн ажлын үр дүнг гэрээнд тохирсноор хүлээн авсан, 2016 оны 6-р сард багтаан ажлын хөлс төлөх үүрэг “Эм жи эл ресурс” ХХК хүлээсэн ба Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1.”Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана.” гэж зааснаар “ЭЖЛР” ХХК ажлын доголдлын талаар гомдол гаргаагүй ба ЭХ компани 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ЭЖЛР ХХК-иас Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Цоцгоны мухар нэртэй 411.31 гектар талбай бүхий МҮ-016978 дугаарын ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар “МЭХ ХХК”, “Эм жи эл ресурс” ХХК-ниудын хооронд хийгдсэн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн“Эрэл хайгуулын ажлын гэрээ”-ний зүйл болох ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан байгаа нь дээрх хуулиар зохицуулсан гомдлын шаардлага гаргах хуулийн хугацаа дуусаагүй байхад хүлээн авсан, одоог хүртэл гүйцэтгэсэн ажлын талаар гомдол шаардлага гаргаагүй болно.
Иймд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн“Эрэл хайгуулын ажлын гэрээ”-г “Эм жи эл ресурс” ХХК-ийн ХЭХ-ийн дарга Д.М өөрөө батласан, ЭХ компани одоог хүртэл ямар нэг гомдол гаргаагүй, ажлын гүйцэтгэлийг өөрийн эзэмшил ашиглалтдаа байлгаж байгаа, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3.-т зааснаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа,уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт бичиг үйлдэн, тусгай зөвшөөрлийг шилжүүлэгчийн бусадтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж ирсэн талаар бүрэн дүүрэн ойлгож байгаа тул тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авмагц дээрх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Ашигт малтмалын тухай хуульд заасан, тухайлбал 21, 27 дугаар зүйлүүдэд заасан эрх үүргээ хээгжүүлэх, бүхий л үүргийг залгамжлан биелүүлэхээ бүрэн хүлээн зөвшөөрч баталсан бөгөөд “Эрэл хайгуулын ажлын гэрээ”-гээр өөрийн эзэмшлийн талбайн хайгуулын өрөмдлөг хийлгүүлсэн, шинжилгээний үр дүнг хүлээн авсан байгаа зэрэг нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-т зааснаар эзэмшигч этгээдээс гүйцэтгэгч хүлээн авсан ажлын хөлсийг төлүүлэхээр шаардах эрх бий болсон гэж үзэх үндэслэл бий болжээ.
Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т зааснаар анзын гэрээг бичгээр хийх шаарлагатай ба ажлын гүйцэтгэлийг шилжүүлэн авснаар анз хариуцах үүрэг үүсэхгүй тул “Эм жи эл ресурс” ХХК-тай тохирсон гэрээнд заасан алдангийг ЭХ компаниас шаардах үндэсгүй.
Иймд хариуцагч ЭХ ХХК-ид шилжүүлэн авсан тусгай зөвшөөрөл бүхий талбайд хийгдсэн эрэл хайгуулын ажлын хөлсийг хариуцуулан 35,334,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Металл эр хайгуул ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх алдангид шаардсан 17 667 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭХ ХХК-иас 334 621 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3., 232 дугаар зүйлийн 232.3., 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан 35,334,200 /гучин таван сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч МЭХ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алдангид шаардсан 17 667 100 /арван долоон сая зургаан зуун жаран долоон мянга нэг зуу/ төгрөгийг төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж. Хариуцагчаас 334 621 төгрөгийг гаргуулж нэхэмжлагчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигчид шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ