Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        03            28                                          2022/ШЦТ/111

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Л.Энхтайван

Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-т  холбогдох эрүүгийн 2225000000097 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Д.Т

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 01 сарын 28-ны өдөр согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын ****тоотод Б.Г-тай маргалдан хутгаар гуян тус газарт нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед бодлогогүй ийм үйлдэл гаргасанд уучлаарай” гэв.

 

Хохирогч Б.Г “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.Г-н “...Намайг унтаж байхад Т  нилээн чанга хашгираад эхнэртээ агсам тавиад байх шиг болохоор нь босож очоод Т ын эхнэрийг нь өмөөрөөд Т г түлхээд унагаачихсан юм. Харин Т  босож ирээд бид хоёр хоорондоо барьцалдаж байгаад Т  хаанаас ч юм хутга авчихсан байхаар нь би хутгыг нь авчих санаатай дөхөөд очтол гуяруу хүйтэн зүйл урсах шиг болохоор нь хартал цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13-р тал/

 

2. Гэрч Б.О-н “...Харин Х бид хоёр ширээн дээр сууж үлдээд юм ярьж байгаад би хадам ээжийгээ муулаад ярьчихсан юм. Тэгсэн нөхөр Т  том өрөөнд сууж байгаад өрөөнөөс чи яахаараа миний ээжийг муулж ярьдаг юм. Тэр хүн чамд ямар гай болоод байгаан гээд бид хоёр муудалцаж байтал Г  босож ирээд намайг өмөөрч Т  руу чи яасан сүртэй юм ийм юмны төлөө эхнэртэйгээ муудалцаж байдаг. Одоо унтаач гээд тэр хоёр муудалцаж байгаад Г  Т  чи намайг хутгалчихлаа ш дээ гэх шиг болохоор нь том өрөөнөөс гүйгээд гараад иртэл Г ын гуянаас цус гарч байсанг хараад Г ын эхнэр Х түргэн дуудсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 14-16 дахь тал/

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-9 дэх тал/,

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 сарын 16-ны өдрийн №166 дугаартай “Б.Г-н баруун гуянд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Т нь согтуугаар 2022 оны 01 сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын ****тоотод Б.Г-тай маргалдан улмаар хутгаар гуян тус газарт нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Г-н “Т  босож ирээд бид хоёр хоорондоо барьцалдаж байгаад Т  хаанаас ч юм хутга авчихсан байхаар нь би хутгыг нь авчих санаатай дөхөөд очтол гуяруу хүйтэн зүйл урсах шиг болохоор нь хартал цус гарч байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.О-н “тэр хоёр муудалцаж байгаад Г  Т  чи намайг хутгалчихлаа ш дээ гэх шиг болохоор нь том өрөөнөөс гүйгээд гараад иртэл Г ын гуянаас цус гарч байсанг хараад Г ын эхнэр Х түргэн дуудсан...” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №166 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Т нь 2022 оны 01 сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын ****тоотод Б.Г-тай маргалдан улмаар гуян тус газарт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Д.Т ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Т-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн бариултай хутга 1ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т  оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС