Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/159

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2022          04            26                                     2022/ШЦТ/159

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х-д холбогдох эрүүгийн 2225000690158 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Д.Х

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Х нь 2021 оны 8 дугаар сард “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс түүж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Орхон аймгийн Баян Өндөр сумын Зэст багийн ****тоот байранд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Х-г хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ “мэдүүлэх зүйл байхгүй. Буруу зүйл гэдгийг мэдэж байсан. Сонирхоод хэрэглэж үзсэн. Маш их гэмшиж байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

 

2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 7-11 дэх тал/

3. Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэмдэглэлийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 12-16 дахь тал/

4. Гэрч Б.Э-н  “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Зэст багийн ****тоот гэртээ охин Х.Урин бид 2 байж байхад гаднаас Д.Х-н  хамт Цагдаа нар ирж манай гэрт үзлэг хийж эхлэхэд Д.Х өөрөө ууттай өвс гаргаж ирэн цагдаа нарт өгсөн. Би дотор талыг нь хараагүй. Би юу болоод байгааг Д.Х-с  асуухад хар тамхины өвс зүйл заалтад байдаг өвс гэж зүйл байдаг юм тэр байгаа юм гэж надад хэлсэн, 2021 оны зуны улирал байсан санагдаж байна, Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажилтай гээд Улаанбаатар хотоос орой галт тэргэнд суугаад маргааш нь орой нь эргээд Улаанбаатар хот руу галт тэргэнд суусан. Мандал суманд хоноогүй санагдаж байна. Яг ямар ажлаар явсныг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед би Булган аймгийн Баян-Агт суманд гэртээ байсан. Бид 2 утсаар холбогдож байсан юм” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 21 дэх тал/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.З-н 2022 оны 01 сарын 18-ны өдрийн 624 дугаартай "Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг ****тоотод үзлэг хийх үеэр хураан авсан ургамал мэт зүйлээс делта 9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц” -ийн жагсаалтанд багтдаг болно. Гулгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 16,3108г, цэвэр жин нь 12,5536 гр байна...” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 35-37 дахь тал/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.З-н 2022 оны 01 сарын 14-ний өдрийн 626 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Хангай УП97080598 2021.12.23” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц” -ийн жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 44-45-р тал/

7. Яллагдагч Д.Х-н  “2021 оны 12 дугаар сард эхнэр, охин бид 3 Эрдэнэт хотод дөнгөж ирээд Зэст багийн ****тоотод байр түрээслэн амьдарч байсан. Би Улаанбаатар хотод байж байхдаа 2021 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймаг Мандал сум руу эмчийн бичиг хүргэж өгөхөөр хот хооронд явдаг таксигаар өглөө нь яваад оройдоо эргээд Улаанбаатар хотод хот хооронд явдаг таксигаар ирсэн. Мандал сум /Зүүнхараа/-аас Улаанбаатар хот руу явж байхдаа бие засахаар Мандал сумаас гараад засмал зам дагуу зогсон замын хажуу тал руу гаран хэсэг өндөр өвсөн дунд бие засаад сууж байхад мансууруулах төрлийн ургамал газарт ургасан байхаар нь би гараараа зулгааж 2 атга хэмжээтэйг түүж аваад цагаан өнгийн гялгар уутанд хийж халаасандаа хийсэн. Цахим орчин, кино зэргээс мансууруулах төрлийн ургамлыг харж байсан болохоор хараад шууд мэдсэн бөгөөд татаж үзэх сонирхолдоо хөтлөгдөөд анх удаа мансууруулах ургамал түүн өөрт хадгалсан. Түүсэн мансууруулах ургамлаа өөрт хадгалж байгаад 2021 оны 08 дугаар сард анх Улаанбаатар хотод цаасанд ороон тамхи шиг татаж үзсэн, тэгээд хэрэглэхгүй байж байгаад 2021 оны 12 дугаар сард Эрдэнэт хотод ирээд 1-2 дугаар байрны хойд талын саадан дотор цаасанд ороон тамхи шиг татан хэрэглэсэн. Татахад ханиалган, толгой бага зэрэг эргэсэн, дахиж хэрэглээгүй. Хэрэглэж үзэх гээд эргэлзээд байсан болохоор өөрт хадгалаад байж байсан. Тэгээд 1-2 дугаар байрны 20 тоотод байр түрээслэж байхдаа гурилны уутан дотор гялгар ууттай мансууруулах ургамлаа хийн хадгалж байхад цагдаа нар үзлэгийн явцад илрүүлсэн. Би анх газраас түүхэд ногоон өнгөтэй байсан бөгөөд уутан дотор хийгээд орхисон чинь өөрөө хатаад нунтаг болсон байсан. Хэрхэн яаж хэрэглэдэг талаар мөн адил цахим орчноос мэдэж авсан. Надад хэн нэгэн заан өгч байгаагүй. Мансууруулах ургамал газраас түүсэн болон хэрэглэж үзсэн талаараа хэн нэгэнд хэлж байгаагүй. Зөвхөн өөрт хэрэглэх зорилгоор л түүж авч өөрт хадгалсан гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Х нь 2021 оны 8 дугаар сард “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс түүж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Орхон аймгийн Баян Өндөр сумын Зэст багийн ****хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өвс мэт зүйлийг устгах нь зүйтэй” гэв.

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэмдэглэлийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг, гэрч Б.Э-н  Д.Х-н  хамт Цагдаа нар ирж манай гэрт үзлэг хийж эхлэхэд Д.Х өөрөө ууттай өвс гаргаж ирэн цагдаа нарт өгсөн” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 624 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 626 дугаартай дүгнэлт, яллагдагч Д.Х-н Мандал сумаас гараад засмал зам дагуу зогсон замын хажуу тал руу гарч хэсэг өндөр өвсөн дунд бие засаад сууж байхад мансууруулах төрлийн ургамал газарт ургасан байхаар нь би гараараа зулгааж 2 атга хэмжээтэйг түүн авч цагаан өнгийн гялгар уутанд хийж халаасандаа хийсэн. 2021 оны 08 дугаар сард анх Улаанбаатар хотод цаасанд ороон тамхи шиг татаж үзсэн, Тэгээд хэрэглэхгүй байж байгаад 2021 оны 12 дугаар сард Эрдэнэт хотод ирээд 1-2 дугаар байрны хойд талын саадан дотор цаасанд ороон тамхи шиг татан хэрэглэсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Х нь 2021 оны 8 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг түүж бэлтгэсэн, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Орхон аймгийн Баян Өндөр сумын Зэст багийн ****тоот байранд хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Х-н хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Х-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар

 

                   Шүүгдэгч Д.Х-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

                   Гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй боловч хуулиар хориглосон бодисыг агуулсан ургамлыг түүж бэлтгэн, хадгалсан нийгэмд аюултай үйлдэл хийсэн байна.

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн гялгар ууттай 17,8 /15,6409/ грамм ногоон өнгийн ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн гялгар ууттай 15,6409 грамм ногоон өнгийн өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС