Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/170

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022          05           03                                    2022/ШЦТ/170

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг

Улсын яллагч Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э /онлайн/

Шүүгдэгч А.И  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.И-д  холбогдох эрүүгийн 2225001670173 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

А.И

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч А.И  нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн **** тоотод иргэн Ч.М-г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.И  нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.И  мэдүүлэхдээ: “Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлсөн. Цаашид гарах хохирлыг баримтын дагуу төлнө” гэв.

 

Хохирогч Ц.М “Миний биеийн байдал муу, тархи толгой өвдөөд байгаа тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, цаашид гарах эмчилгээний зардалд 10 000 000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ц.М-н “Гэртээ орж ирээд 00-н өрөөнд утсаараа оролдоод сууж байтал А.И  залгаад намайг “чи хаана байна, чамайг очиж ална, алж байж гарна, чи хэний утсаар залгуулаад байгаа юм" гээд байхаар нь би нэгжгүй, датагүй болохоор найзууддаа хэлээд чамайг над руу залгаад өгөөч гэж хэлүүлсэн гэж хэлтэл утсаа салгачихсан. Тэр үед нь би цагдаа руу залгаад “найз залуу маань намайг ирж ална гээд заналхийлээд байна, одоо над руу ирж байх шиг байна” гэж дуудлага өгсөн. Тэгээд би 00-н өрөөнөөсөө айгаад гараагүй байж байтал удалгүй А.И  манай хаалгыг хүчтэй нүдээд байхаар нь би дахиад цагдаа руу залгаад “найз залуу маань ирчихээд хаалга хүчтэй нүдээд байна хурдан ирээрэй” гэж ярьсан. Удалгүй хаалга нүдэх чимээ байхгүй болсны дараа гал тогооны болконоор А.И  орж ирж байгаа нь сонсогдоод байхаар нь дахин цагдаа руу залгаж “хурдан ирэх” талаар ярьсны дараа А.И  миний байсан 00-н өрөөний хаалгыг хүчтэй татаад онгойлгоод шууд үгийн зөрүүгүй хөлөөрөө миний нүүр лүү өшиглөөд намайг зодож эхэлсэн. Энэ хооронд би хэсэг ухаан балартаад ухаан орох үед намайг 00-н өрөөн дотор газар унагачихсан өшиглөөд л байсан. Тэр үед нь би хажуу өрөөндөө ороод тэр өрөөнд байдаг залуугаас тусламж гуйгаад ард нь ороод нуугдсан чинь А.И  тэр залууг давж ирээд намайг цохиод, чамайг алж байж гарна гээд үстэж татаад нүүр нүдгүй зодож эхэлсэн. Тэр залуу А.Идэрмөнхийг салгаж дийлээгүй. Энэ үед цагдаа нар ирсэн ба А.И-н орж ирсэн болконоор орж ирэх үед А.И  түлхүүр олж аваад хаалгаар гарч зугтаж байгаад орцон дотор цагдаад баригдсан. Тэгээд А.И  бид хоёрыг цагдаа руу аваад явсан. Тухайн үед миний ажигласнаас А.И  нэлээн согтуу, өөрийнхөө юу хийж байгааг хянах чадваргүй байсан гэж бодож байна. Идэрмөнх байнга бол архи уугаад байдаггүй. Хааяадаа уудаг ба уухаараа согттолоо ууж байж больдог. Архи уугаагүй үедээ бол элдэв муухай авир байхгүй энгийн л хүн. Архи уучихаараа тавтиргүй, юу хийж байгаа мэдэхгүй болчихдог зантай санагдсан. Би энэ муухай авирыг нь мэдчихээд салах гэхээр нь салахгүй яваад байдаг байсан юм. Ямар ч байсан тухайн үед намайг хөлөөрөө болон гараараа л зодож байсан Тэгж зодуулах үеэр миний зүүн гарын чигчий хуруу хугарсан, хоёр нүдний минь доод хэсгийн яс цөмөрсөн, толгойдоо 3 оёдол тавиулсан, хамрын салст гэмтсэн, дээд үүдэн шүд хөдөлгөөн орсон, гар, хөл, нуруу, цээж гэх мэт газрууд хөхөрч хөндүүр болсон байсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу асуудлыг шийдүүлмээр байна....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

2. Гэрч С.Х-н : “Би одоо амьдарч байгаа өрөөгөө түрээсэлдэг ба манай хажуу өрөөнд М   гэх охин найз залуутайгаа хамт амьдардаг юм. 2022 оны 02 дугаар сарын 25-ны оройн 22:00-23:00 цагийн хооронд би ажлын хүмүүстэйгээ 4 шил пиво уучхаад гэртээ ирсэн ба намайг унтаж байтал манай өрөөний хаалгыг түлхээд М   найз залуутайгаа хамт өрөөнд ороод ирчихсэн М   энийг аваарай гээд найз залуу руугаа орилоод, найз залуу нь өрөөний гэрэл асаагаад М   рүү зодох гээд дайраад байсан. Найз залуу нь М  ийг зодоод байхаар нь би салгах гэж дундуур нь орсон боловч дийлэхгүй байсан. Тэгээд найз залуу нь намайг өрөөнөөс гараад ир гээд коридорт би гараад очтол чи хол байж бай гээд эргээд М  ийн байгаа өрөө рүү орох гэтэл болконы тэндээс нэг эрэгтэй хүний хөөе гээд орилох чимээ гарсан ба тэр нь цагдаа байсныг М  ийн найз залуу хараад хаалгаар гараад явсан. Цонхоор нэг цагдаа орж ирээд станцаараа нөгөө цагдаадаа хандаж урдуур нь тойр гэж хэлээд нөгөө залуугийн араас хаалгаар гарсан. Тэгээд цагдаа нар ирээд тэр залууг бариад авч яваад дараа нь М  ийг аваад явсан. Тэр хоёр манай өрөөнд орж ирээд гэрэл асах үед М  ийн нүүр нь цус болчихсон орилоод байсан. Яг хаанаас нь гарсан цус байсныг сайн мэдээгүй. Орилолдоод ороод ирэхээр нь юу болоод байгааг сайн ойлгохгүй маргалдаж эхлэхээр нь салгах гэж оролдож байсан. Өөр гэмтэл шархыг нь би анзаараагүй. Ямар ч байсан М   надаас зуурчихсан, найз залуу дайраад гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд л бид гурав зууралдаастай байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

3. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний 212 дугаартай “М  ийн биед зүүн гарын гарын чигчий хурууны үзүүрийн шивнүүрийн далд сэлтэрсэн хугарал, тархи доргилт, нүдний алимны доргилт, салстад цус харвалт, хуйханд няцарсан шарх, биеийн бүх хэсэгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, 21-р шүдний цөгцний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Хурууны шивнүүр ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, бусад гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

4. Яллагдагч А.И-н “Тухайн өдөр Наадам центрийн Амарсу нэртэй лоунжид орж хоол идэхээр очсон. Тус лоунжид ороход Ч.М   бид хоёрыг үерхэж эхэлж байхад Ч.М  тэй чатаар харилцдаг байсан С гэх залуу нэг эрэгтэй найзтайгаа, хоёр охинтой сууцгааж байсан. Тэгтэл Ч.М   тэд нарыг харчихаад энэ газар надад таалагдахгүй байна, тэр охин нь таалагдахгүй байна., хоёулаа өөр газар орж хоол идье гэсэн. Тэгэхээр нь би уурлаад үгүй ээ эндээ сууя, чи надаас ичээд байгаа юм уу гээд бид хоёр 5 минут орчим маргалдсаны дараа Ч.М   гараад явсан. 01:00 цагийн орчим болж байсан санагдаж байна, миний утсанд Ч.М  ээс гэрт чинь очлоо шүү пизда минь, хаалгыг чинь нүдлээ гэсэн мессеж ирсэн байсан. Манай ээж бие муутай хүн байдаг ба өмнө нь Ч.М   2021 оны 11 сарын орчим согтуу орж ирж агсам тавьж байсан болохоор нь би мессеж бичсэн шигээ хүрээд ирэх болов уу, ээжийн минь санааг зовоох бол уу гэж бодоод гэр лүүгээ орохоо болиод Ц.М-н гэр лүү такситай явсан. Тэгээд би гал тогооны цонхоор орсон ба би нилээн согтуу байсан болохоор зарим зүйлийг нь сайн санахгүй байна. Миний хальт санаж байгаагаар Ч.М   байсан, бид хоёр миний утсыг булаацалдсан, миний утас газар унаж байсныг санаж байна. Тэрнээс хойш би цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд сэрсэн. Би тухайн үед их ууртай, бухимдсан байснаа л мэдэж байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89 дэх тал/,

5. Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 63-71 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч А.И  нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн **** тоотод иргэн Ч.М-г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, улсын яллагчийн санал болгосон 700 000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.М-н “А.И  миний байсан 00-н өрөөний хаалгыг хүчтэй татаад онгойлгоод шууд үгийн зөрүүгүй хөлөөрөө миний нүүр лүү өшиглөөд намайг зодож эхэлсэн. Энэ хооронд би хэсэг ухаан балартаад ухаан орох үед намайг 00-н өрөөн дотор газар унагачихсан өшиглөөд л байсан. Тэр үед нь би хажуу өрөөндөө ороод тэр өрөөнд байдаг залуугаас тусламж гуйгаад ард нь ороод нуугдсан чинь А.И  тэр залууг давж ирээд намайг цохиод, чамайг алж байж гарна гээд үстэж татаад нүүр нүдгүй зодож эхэлсэн. Ямар ч байсан тухайн үед намайг хөлөөрөө болон гараараа л зодож байсан тэгж зодуулах үеэр миний зүүн гарын чигчий хуруу хугарсан, хоёр нүдний минь доод хэсгийн яс цөмөрсөн, толгойдоо 3 оёдол тавиулсан, хамрын салст гэмтсэн, дээд үүдэн шүд хөдөлгөөн орсон, гар, хөл, нуруу, цээж гэх мэт газрууд хөхөрч хөндүүр болсон байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Х-н : “Найз залуу нь М  ийг зодоод байхаар нь би салгах гэж дундуур нь орсон боловч дийлэхгүй байсан. Тэгээд найз залуу нь намайг өрөөнөөс гараад ир гээд коридорт би гараад очтол чи хол байж бай гээд эргээд М  ийн байгаа өрөө рүү орох гэтэл болконы тэндээс нэг эрэгтэй хүний хөөе гээд орилох чимээ гарсан ба тэр нь цагдаа байсныг М  ийн найз залуу хараад хаалгаар гараад явсан. Ямар ч байсан М   надаас зуурчихсан, найз залуу дайраад гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд л бид гурав зууралдаастай байсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний 212 дугаартай дүгнэлт, яллагдагч А.И-н “Миний хальт санаж байгаагаар Ч.М   байсан, бид хоёр миний утсыг булаацалдсан, миний утас газар унаж байсныг санаж байна. Тэрнээс хойш би цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд сэрсэн. Би тухайн үед их ууртай, бухимдсан байснаа л мэдэж байна” гэх мэдүүлэг, хохирол төлсөн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч А.И  нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн **** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.М-г зодож эрүүл мэндэд нь зүүн гарын гарын чигчий хурууны үзүүрийн шивнүүрийн далд сэлтэрсэн хугарал, тархи доргилт, нүдний алимны доргилт, салстад цус харвалт, хуйханд няцарсан шарх, биеийн бүх хэсэгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, 21-р шүдний цөгцний хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.И-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Идэрмөнхийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2.Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.М-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч шүүх хуралдааны тов мэдэгдэхэд цаашид гарах эмчилгээний зардалд 10 000 000 төгрөг нэхэмжилнэ гэсэн байна. Шүүгдэгч А.И  нь хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг баримтыг үндэслэн төлөхөө илэрхийлж байна гэж мэдүүлж байх боловч хохирогчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

  1. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.И-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.И-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.И  нь торгох ялыг биелүүлээгүй бол, биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС