Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 295

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ж.Дорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Доржийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Ад холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Шангас овгийн Бгийн А, 1961 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, галт тэрэгний машинч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, зээ охины хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .../;

Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлгийн цахим бүртгэлийн ажилтан Г.Хонгорзулын “Ай Фон-8 плас” загварын гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шангас овогт Бгийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шангас овогт Бгийн Аийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хавсаргах, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Ж.Дорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ гэмт хэрэг тохиолдлын шинжтэй үйлдэгдсэн. Тавиур дээр байсан гар утсыг хүн хаясан гэж бодоод авсан. Уг утас 1.800.000 төгрөгийн үнэтэй боловч 2 хоногийн дараа буцаагаад өгсөн. Б.А олон жил улсын байгууллагад ажилласан, 3 удаа хүнд хагалгаанд орсон. Тэрээр үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би бие муутай хүн. Эзэнгүй гар утас байхаар нь авчихсан.” гэв.

 

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Улаанбаатар Төмөр замын нэгдсэн эмнэлгийн цахим бүртгэлийн ажилтан Г.Хонгорзулын “Ай Фон-8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Аийн “...нэг гар утас байсан, миний урд байсан залуу гараад явсан, тэр залуугийн гар утас гэж бодоод би тэр гар утсыг авсан. Би тэр утсаа охиндоо өгсөн.” /хх-20-22/,

хохирогч Г.Хонгорзулын “...хяналтын камер үзэхэд тэр залуу миний утсыг миний өмнөх тавцан дээр тавьсны дараа өөр нэг ах ирээд миний гар утсыг аваад явж байгаа нь бичигдсэн байсан.” /хх-5-7/ гэх мэдүүлгүүд,

“Ашид Билгүүн” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх34-38/,

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх30-33/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх24-25/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Б.Аийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Аийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин Б.Аийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогч гомдол саналгүй гэж мэдүүлэг өгсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, одоо 57 настай бөгөөд биеийн эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Доржийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шангас овгийн Бгийн Аийг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Бгийн Ад зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Доржийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ