Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 116/ШШ2021/0005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүгч Н.Балжмаа, Б.Баярцогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

                Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ...гудамж байрлах, K  ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, 

                 Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, 

                Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч K ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Н.Г , хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Ц.Б, М.Нямсүрэн, гэрч Б.М, иргэдийн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч K  ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: K  ХХК нь хэвийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд буюу 2013 онд Д аймгийн ... сумын нутаг дэвсгэр,  ... дугаар баг, “Ган Хэрлэн” ХК-ийн хойд талд байрлах, нэгж талбарын 2106000042 дугаар бүхий 144 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, Засаг даргын 2013 оны 8 сарын 27-ны өдрийн А/227 тоот захирамжаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон.

             Нэг. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 сарын 08-ны өдрийн А-96 дугаартай тушаалаар банкны төлбөрийн чадвар, хэвийн үйл ажиллагаа алдагдсан К банкны хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор K  ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаартай тушаалаар банкны эрх хүлээн авагч томилсон...   Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар К банк, банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх банкны хүлээн авагчид шилжсэн ...удирдлага, актив, хөрөнгийг өөрийн хяналтад хүлээн авсан...

           Хоёр. Хариуцагчаас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Банкны эрх хүлээн авагчаас тухайн газрын талаар шийдвэр гаргах боломжийг хязгаарласан. Дорнод аймгийн Засаг даргаас 2019 оны 4 сард газар эзэмших эрхийг 2019 оны 5 сарын 11-ний өдөр дуусгавар болгох тухай мэдэгдлийг ирүүлсэн ба мэдэгдлийн хариуд 5 сарын 08-ны өдрийн 267 дугаартай “Хүсэлт уламжлах тухай” албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж өгөх тухай хүсэлтийг хүргүүлсэн. Үүнээс хойш асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирээгүй тул  2019 оны 12 сарын 25-ны өдрийн 2557 дугаар ...албан бичгээр газрын төлбөрийн мэдээллийг ирүүлэх тухай хүсэлтийг хүргүүлсэн.  Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 2/72 дугаартай албан бичгээр 2019 оны 9 сарын 18-ны өдрийн А/482 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай мэдэгдэж захирамжийн хуулбарыг хавсаргасан байсан. Нэгэнт газар эзэмших эрхийг цуцлах нөхцөл байдал үүссэн тухай мэдэгдсэн, Банкны эрх хүлээн авагчаас газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг гаргасан, энэ талаар шийдвэр гаргаагүй байсан тул  Банкны эрх хүлээн авагч газар эзэмших эрхийг худалдан борлуулах, эсвэл банкны өр төлбөрт тооцон шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх боломжгүй байсан нь Банкны эрх хүлээн авагчид газар эзэмших эрхийн талаар шийдвэр гаргах боломж, бололцоог олгоогүй гэж үзэх үндэслэлтэй.

            Гурав. Банкны эрх хүлээн авагч К банкинд үүсээд байгаа нөхцөл байдал, хадгаламж  эзэмшигч, харилцагч иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагад учирсан хохирлыг барагдуулах ажиллагаа гүйцэтгэж байгаа тухай нөхцөл байдлыг удаа дараа тайлбарлаж байсан боловч хүлээж авсангүй.

            Дөрөв. Хариуцагчаас захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр гаргасан. Тухайн газар газар эзэмшүүлэх гэрээг       2015 оны 05 сарын 20-ны өдөр 2 жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 5 сарын 20-ны өдөр дууссан боловч дахин гэрээг байгуулаагүй. Газар эзэмших эрхийн хугацааг газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш биш харин газар эзэмших гэрээг байгуулсан өдрөөс хойш тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь газар эзэмших гэрээг байгуулснаар гэрээний талуудын хүлээх үүрэг, эдлэх эрх тодорхойлогдох ёстой. Хэрэв газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан бол түүнийг дүгнэх, газар эзэмшигчид гэрээг дүгнүүлэх мэдэгдлийг хүргүүлэх ажиллагааг хийх байсан. Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 09 сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 08 сарын 27-ны өдрийн А/227 дугаар захирамжаар тус аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, “Ган Хэрлэн” ХХК-ийн хойд талд байрлах нэгж талбарын 2106000042 дугаар бүхий 144м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Монгол банкны ерөнийлөгчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн тушаалаар К банкны эрх хүлээн авагчийг томилсон. Мөн өдрийн А/96 дугаар тушаалаар “К банк”-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар “К банк”, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх Банкны эрх хүлээн авагчид шилжиж, банкны актив хөрөнгийг хүлээж авсан. Хүлээж авахад энэхүү маргаан бүхий газар банкны хөрөнгөд бүртгэлтэй байсан. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуульд заасан дараалал журмын дагуу харилцагч, хадгаламж эзэмшигч, бусад байдлаар үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч, үүнийг барагдуулах үндсэн чиг үүрэгтэй. Энэ чиг үүргийнхээ дагуу банкны зээл төлүүлсний орлого, хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос хохирлыг барагдуулах үйл ажиллагаа явуулж байгаа юм. Дорнод аймгийн Засаг даргаас 2019 оны 04 сард “...газар эзэмших эрх 2019 оны 05 сарын 11-ний өдөр дуусгавар болно...” гэсэн мэдэгдлийг ирүүлсэн. Банкны эрх хүлээн авагч 2019 оны 05 сарын 08-ны өдрийн 267 тоот албан бичгээр “...газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж өгнө үү...” гэсэн хүсэлт буюу дээрх мэдэгдлийн хариуг хүргүүлсэн. Үүнээс хойш асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлээгүй тул 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 2557 тоот албан бичгээр “...газрын төлбөрийн талаарх мэдээллийг ирүүлнэ үү...” гэсэн хүсэлтийг хүргүүлсэн. Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 2/72 тоот албан бичгээр “...2019 оны 09 сарын 18-ны А/482 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон...” гэдгийг мэдэгдсэн. Энэ албан бичигтээ захирамжийн хуулбарыг хавсаргасан байсан. Үүнийг Банкны эрх хүлээн авагч 2020 оны 01 сарын 13-ны өдөр шуудангаас хүлээж авсан. Үүний дагуу Банкны эрх хүлээн авагчийн Зөвлөлийн гишүүн Б.М томилолтоор Дорнод аймагт ажиллан, эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж, газар эзэмших гэрээг 2015 оны 05 сарын 20-ны өдөр хоёр жилийн хугацаатай байгуулсан байдаг. Гэрээний хугацаа 2017 оны 05 сарын 20-ны өдөр дууссан боловч дахин байгуулаагүй. “К банк”-ийг татан буулгах ажиллагаа явагдаж байгаа, цаашид банкны үйл ажиллагаа явуулахгүй хэдий ч Банкны эрх хүлээн авагч газар эзэмших эрхтэй холбоотойгоор ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй болсон гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг газар эзэмших шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр бусдад шилжүүлэх, ашиглуулах, барьцаалах эрхийг эдэлдэг. Нөгөө талаар банкнаас авлагаа нэхэмжилж буй этгээдтэй харилцан тохиролцож, газар эзэмших эрхийг түүнд шилжүүлэх боломжтой. Гэтэл газар эзэмшигчийн хувьд хуульд заасан энэ эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Мөн газар эзэмших эрхийн хугацааг гэрчилгээ олгосон өдрөөс биш харин газар эзэмших гэрээ байгуулснаас хойш тооцох байсан гэж үзэж байгаа. Газар эзэмших эрхийн гэрээ байгуулснаар талуудын хэн нь ямар үүрэг хүлээх, эрх эдлэх асуудал тодорхойлогддог. Ингээд жил бүр гэрээг дүгнэх, дүгнэх мэдэгдлийг хүргүүлэх ажиллагааг хийх байсан. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

        Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Газрын асуудал бол ач холбогдолтой, үр дагавартай зүйл. Газар эзэмшчихээд түүнийгээ ашиглахгүй олон жил болдог. Энэ нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Бидний зүгээс аль болох хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь хүндэтгэж үздэг. Монгол Улсын Газрын тухай хуульд зааснаар аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрыг олгох, шилжүүлэх, эзэмшүүлэх, цуцлах асуудал нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал. Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Чойлбалсан хотын хувьд бид тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Тухайн үед Улсын Их Хурлын захиалгаар гэж санаж байна. Аудитын газраас газрын аудит хийж, бидэнд газрын зөрчилтэй асуудлуудыг ирүүлсэн. Олон байгууллага, иргэний газар эзэмших эрхийг цуцалсан. Жишээ нь, энэ хүрээнд шүүхийн барилгын урд тал, 1 дүгээр цэцэрлэгийн баруун талд Прокурорын газарт олгогдсон байсан газар эзэмших эрх цуцлагдаж, хуулийн хотхонд барилга нь баригдсан байх жишээтэй. Аймгийн Засаг дарга шийдвэр гаргахгүй бол өөр хэн ч шийдвэр гаргахгүй. Тиймээс хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж шийдвэр гаргасан. Үүнийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүндэтгэх ёстой.

             2. Газрын тухай хуульд заасан 2 үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан.

              А/ газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь тодорхой байгаа. Газраа байгаа, үгүйг ч мэдэхгүй шахуу явж байна.

             Б/ газрын төлбөрөө огт хугацаанд нь төлдөггүй. Хуульд “...газрын төлбөрийг 4 хувааж, улирал тутам төлнө...” гэж заасан. Газар эзэмшиж байгаа бол төлбөрөө төлөх нь тухайн иргэн, аж ахуйн нэгжийн нэн тэргүүнд бодож байх ёстой үүрэг нь шүү дээ. Үүргээ биелүүлж байж асуудал тавих ёстой.

              3. Хуульд зааснаар “...газрыг барьцаалж болно...” гэж л байгаа. Түүнээс биш худалдан борлуулна гэсэн ойлголт байхгүй. Төр газрыг түр хугацаагаар эзэмшүүлж байгаа л асуудал, 15 жилийн хугацаа дуусахад төр сунгахгүй гэж үзвэл сунгахгүй. Учир нь, хот хөгжихийн хэрээр өөр төлөвлөлтүүд хийгдэж явдаг.

              4. “...тухайн газарт үйлчилгээний төв барих гэж байсан...” гэж ярьж байна. 144м2 гэдэг нь 10*14 харьцаатай газар. Барилгын тухай хуульд зааснаар газрын 70 хувьд нь барилга барьж болдог. 144м2 газрын 70 хувьд гэдэг бол 100м2 орчим болох байх. Ямар зураг төсөл байгааг асуугаад байсан нь ийм учиртай юм. Техникийн нөхцөл авсан юм уу. Энэ зүйл нотлогдохгүй байна. Зураг төсвийг одоо ч нөхөөд хийчихэж болох байх. Банк иргэдийн барьцаа хөрөнгөд хатуу ханддаг. Хуулийн дагуу учир түүнийг буруутгах аргагүй. Тийм мөртлөө газраа ашиглах, төлбөрөө төлөх асуудал дээр туйлын хариуцлагагүй хандсан байгаа юм. Хууль шинэчлэгдэн гараад удаагүй байгаа учир процессын алдаа гаргахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид энэ газрын асуудал дээр огт алдаа гаргасан зүйл байхгүй гэж үзэж байгаа. 10 газрыг цуцалсан. Ганцхан K  л маргаан гаргасан. Газрын тухай хуульд заасан 2 үндэслэлээр л газрыг цуцалсан. Тиймээс бүрэн эрхээ хэрэгжүүлж, нийтийн эрх ашгийн үүднээс хуулийн дагуу гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

               Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:     

Хариуцагч аймгийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгч К банкны эрх хүлээн авагчийн хууль ёсны үйлдэл, үйл ажиллагаанд хязгаарлалт үүсгээгүй бөгөөд Газрын тухай хуулиар хүлээсэн газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан учир К банкны Дорнод аймаг дахь салбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

            Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны А/227 дугаар захирамжаар Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Ган Хэрлэн ХХК-ийн хойд талд 144 м2 газрын эзэмших эрхийг худалдаа үйлчилгээний зориулалтаар авч, газар эзэмших гэрээ байгуулсан К банкны Дорнод аймаг дахь салбар нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж тухайн эзэмшлээр авсан газрыг зориулалтын дагуу 6 жил дараалан ашиглаагүй, газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийхэд тогтоогдсон.

            Захиргааны байгууллага захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтад заасан байдаг тул 2019 оны 9 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд шийдвэр гаргаагүй. Гэтэл танай байгууллагаас газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш 2019 оны 9 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд …144 м2 газрын эзэмших эрхтэй холбогдуулан ямар нэгэн санал, тайлбар гаргаагүй учир 2019 оны оны 4 сард хүргүүлсэн мэдэгдлийн дагуу  газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэрийг гаргах тухай аймгийн Засаг даргын 2019 оны 1/1367 дугаар албан мэдэгдлийг К банк /Дорнод аймаг дахь салбар/-д дахин хүргүүлж, “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/482 дугаар захирамжийг 2019 оны 9 сарын 18-ны өдөр гаргасан. ...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг зөвхөн эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр заасан бөгөөд тус банкинд 000298505 дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээг 2013 оны 9 сарын 03-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас олгосон. Нэхэмжлэгч газар эзэмших гэрээ байгуулснаар газар эзэмших эрх олгогдсон гэж үзнэ хэмээн тайлбарлаж байгаа нь дээрх хуулийн заалтаар үгүйсгэгдэж байна. 

              Газрын төлбөрөө төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг ашиглаагүй гэсэн 2 үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан байгаа. Нэхэмжлэгч “...Бид танай мэдэгдлийг хүлээн авснаас хойш газрын төлбөрийг төлөөгүй...”, мөн тухайн газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэрч сая “...мэдэгдлийг хүлээж авсан, 05 сард уулзсан...” гэж байна. Банк зөвхөн өөрийн хөрөнгөө худалдан борлуулах эрхтэй. Банкны тухай хуульд “...банкны актив, пассив, өөрийн хөрөнгө гэж олон улсын стандартад нийцүүлэн Монголбанкнаас баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд тодорхойлсон зүйлийг хэлнэ...” гэж заасан. Газар бол төрийн өмч. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “...Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна... Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн...” гэж заасан. Газар банкны өмч гэсэн ойлголт байхгүй.

             Мөн Банкны эрх хүлээн авагчийн зүгээс “...энэ бол манай асуудал биш. Барилга бариагүй нь К банкны асуудал...” гэсэн зүйлийг ярьж байна. Гэтэл яагаад нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Тиймээс K  хэргийн оролцогч байж болохоос биш Банкны эрх хүлээн авагч оролцогч биш юм гэдгийг хэлье. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2019 оны А/482 дугаар захирамж нь хууль зүйн болон процессын хувьд маргаангүй, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн оролцоог хангасан буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасны дагуу гаргасан үндэслэл бүхий захиргааны акт юм. Хууль бус актын шинжийг агуулаагүй. К банкны эрх хүлээн авагчийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг үндэслэн К банкны газар эзэмших эрхийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзсэн байна. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хууль бус гэдгийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Үүнээс харахад аймгийн Засаг даргын 2019 оны А/482 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.7-д заасан хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна.

          1. Аймгийн Засаг даргын 2019 оны А/482 дугаар захирамжийг Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэглэж гаргасан хууль ёсны шийдвэр гэж үзэж байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэл байгаа. Газрын төлбөрөө төлөөгүй гэдэг нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас болон өөрсдийнх нь хэрэгт гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна. Газар эзэмших гэрээ,  газрын төлбөрийн тухай хуульд “...газрын төлбөрийг улирал бүрийн дараа сарын 25-ны дотор төлнө...” гэж заасан. Гэтэл энэхүү үүргээ нэхэмжлэгч байгууллага биелүүлээгүй. Түүнчлэн нэхэмжлэгч байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчиж газраа 6 жил дараалан ашиглаагүй. Хариуцагчийн хувьд энэ байгууллагыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх болов уу гэж харж хүлээсэн. Газар эзэмшигч “К банк”-тай 2014 оны 02 сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээнд талуудын эрх, үүргийг тодорхой тусгаж, “...газар эзэмшигч газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамаарч газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх, гэрээний нөхцлийн дагуу газрыг зориулалтын дагуу ашиглах...” зэрэг асуудлыг тусгасан байдаг. Гэтэл газар эзэмшигч K  нь гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ 2015 оноос хойш огт биелүүлээгүй. Өнөөдрийн байдлаар тухайн газар дээр ямар нэгэн объект, үл хөдлөх хөрөнгө, хашаа байхгүй гэдэг нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогддог. Газрыг ашиглаагүй ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдгээ нэхэмжлэгч тал нотлоогүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүрэгтэй” гэж заасан. Газар эзэмшигч хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь аймгийн Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл болохгүй. К банкны эрх хүлээн авагчийн зүгээс “...тухайн газрын асуудлаар шийдвэр гаргах боломжийг хязгаарласан. ...Тухайн эзэмшил газрыг худалдан борлуулсны орлогоор хохирогчдын хохирлыг барагдуулах боломжийг хаасан...” мэтээр ярьдаг. Тухайн газар нь банкны үндсэн хөрөнгөд орохгүй. Газар бол төрийн өмч. Гэтэл “...төрийн өмчийн газрыг худалдаж өрөө төлнө...” гэж яриад байгааг нь ойлгохгүй байна. Газар эзэмшүүлэх гэрээг 2015 оны 05 сарын 20-ны өдөр хоёр жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 02 сарын 20-ны өдөр дууссан. Гэрээ байгуулах асуудал нь хоёр талын хүсэл зориг байдаг. Ийнхүү нэхэмжлэгч байгууллага нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг нь тогтоогдож байна гэв.

              Иргэдийн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Дорнод аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт дараах дүгнэлтийг гаргаж байна. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй байна. Татан буугдсан K  нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь заалтыг биелүүлээгүй байна. Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 09 сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь зөв гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

       

           Нэхэмжлэгч K  ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь “Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага[1] гаргажээ.

             Анх Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/94 дүгээр захирамжаар[2] ...Б.Батчулууны эзэмшиж байгаа 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ган Хэрлэн” ХК-ийн хойд талд байрлах 144 м2 газрыг Б.Ганбаатарт худалдаа, үйлчилгээний зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн.

Мөн Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/227 дугаар захирамжаар[3] ...Б.Ганбаатарын худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа 144 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг “К” банкинд ...шилжүүлэн эзэмшүүлжээ.

             Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамжаар[4] Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6,  Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/96 дугаар тушаал... үндэслэн,  К банкны Дорнод аймаг дахь салбар /захирал Н.Орхон/ нь тус эзэмшлийн газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, тухайн газраа зориулалтын дагуу /зургаан жил/ ашиглаагүй ...үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

             Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн     А/227 дугаар захирамжаар, “К” банкинд Хэрлэн сумын 7 дугаар баг, “Ган Хэрлэн” ХК-ийн хойд талд 144 м2 газрыг “Худалдаа үйлчилгээний зориулалт”-аар /шилжүүлэн/ эзэмшүүлэх шийдвэрийн дагуу, 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Газар эзэмших эрхийн 000298505 дугаар бүхий гэрчилгээг олгож, 2014 оны 02 дугаар сарын 17, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулжээ.[5]

           

           1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5. ”Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” 40.1.6. “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”  бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилжээ.

            2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн газар эзэмших гэрээнд 144 м2 газрын жилийн төлбөрт 5184 төгрөг төлөхөөр, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн газар эзэмших гэрээнд 15552 төгрөг, үүнээс улирал бүр 3888 төгрөг төлөхөөр тусгасан байх бөгөөд хавтаст хэргийн 45-р хуудсанд газрын төлбөрийн мэдээллээр 2016 оныг дуустал төлбөр бүрэн төлөгдсөн, 97-р хуудсанд авагдсан банкны дотоод дансны хуулгаар 2013-2018 оныг дуусталх төлбөр бүрэн төлөгдсөн, 2019 оны хувьд 3 дугаар сарын 28-ны өдөр эхний улирлын төлбөр болох 3888 төгрөгийг гэрээнд заасан хувиарын дагуу төлсөн, энэ нь Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 210829 тоот тодорхойлолтоор[6], мөн гэрч Н.О мэдүүлгээр[7] тус тус  батлагдаж байна.

            Гэтэл Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамжид хэдэн оны ямар хугацааны төлбөрийг төлөөгүй гэж байгаа нь тодорхойгүй байна.

            Гэвч дээрхи баримтуудаас үзэхэд газрын төлбөрийг бүрэн төлсөн нь батлагдаж байх бөгөөд энэ нь Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамжийг бүхэлд нь шууд хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн маргаан бүхий  захиргааны актын  маргааны гол зүйл бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”  гэдэг үндэслэл юм.

             Мөн хариуцагч тал дээрхи захирамжийг гаргахдаа Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн K  ХХК-ийг татан буулгах тухай  А/96 дугаар тушаалыг баримталсан нь үндэслэлгүй гэж маргаж байгаа ч захирамжийн гол үндэслэл бол тухайн банкийг татан буугдсанаар бус Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан 2 үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамжаас тодорхой харагдаж байна.

           Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д  “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”,  34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”  гэж зааснаар  ...газар эзэмшигч нь газрыг гэрээний үндсэн  дээр эзэмшиж, Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлж ажиллах үүрэгтэй.

            Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хугацаанд ...тухайн эзэмшил газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, газрын  гэрээгээ  дүгнүүлж, сунгуулаагүй, байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан газрын байршлын кадастрын зураглал,  Газрын үзлэг явуулсан тэмдэглэл, гэрэл зураг[8], бусад бичгийн баримтаар тогтоогдож байгаа болно /Энэ талаар хэргийн оролцогчид маргадаггүй/.

             Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д ...тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгох бөгөөд хамгийн сүүлд 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дууссанаас хойш ч мөн адил тухайн газар дээр ямар нэгэн үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулаагүй болно.

                Иймд хариуцагч захиргааны байгууллагаас К банкны Дорнод аймаг дахь салбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүчингүй болгосныг үндэслэлтэй гэж үзэж байна.

            2. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн K  ХХК-ийг албадан татан буулгах тухай” А/96 дугаар тушаалаар[9]  К банк нь татан буугдаж, K  ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Салбар тооцооны төвийг татан буулгах тухай” А/24 тоот тушаалаар[10] орон нутгийн салбар тооцооны төв, тооцооны кассуудын үйл ажиллагааг дуусгавар болгон татан буулгасан байгаа хэдий ч Дорнод салбарын захирал Н.О-ыг үүрэгт ажлаа гүйцэтгэж байх үед нь Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” мэдэгдлийг  4 дүгээр сарын 12-ны өдөр салбарын захирал Н.О-д хүлээлгэн өгч   мэдэгдсэний дагуу[11], Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн Б.М нь 2019 оны 5 дугаар сарын 10-13-нд ...албан томилолтоор  ажиллах хугацаанд аймгийн Засаг дарга, Газрын албаны эрх бүхий албан тушаалтантай биечлэн уулзалт хийсэн гэх боловч уулзалт ямарч үр дүнд хүрээгүй болох нь гэрч Б.М-ийн шүүх хуралд өгсөн мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбар, бичгийн баримтаар нотлогдож байна.

               Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч салбарын захирал Н.О-ыг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр чөлөөлсөн байхад аймгийн Засаг даргаас 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1/1367 тоот албан бичгээр ... газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгааг мэдэгдсэн байх боломжгүй гэж тайлбарлаж байх бөгөөд дээрхи албан бичгийг Дорнод аймаг дахь Монгол банкны салбарын захирал Ч.Т-д[12] хүлээлгэн өгчээ.

          Дорнод аймгийн Засаг дарга А/482 дугаар захирамжийг гаргахын өмнө  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. “ ...захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох”,  26 дугаар зүйлийн 26.1. ”Захиргааны акт гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд  ...тайлбар, санал гаргах боломж олгоно” гэсэн зохицуулалтыг хэрэгжүүлсэн байна.

             Харин нэхэмжлэгч тал  ...газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь, Банкны эрх хүлээн авагчаас тухайн газрыг худалдан борлуулах, банкны өр төлбөрт  тооцуулан шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болгосон ...хэмээн тайлбарладаг.  Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3. “Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний нэр бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулах, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах орлогыг хуваарилах чиг үүргийн ...” талаар зохицуулсан. 

             Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “Газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах ойлголт бөгөөд дээрхи газар нь  ...зориулалтын дагуу эзэмшиж үйл  ажиллагаа явуулах зорилгоор тодорхой хугацаагаар  эзэмшүүлсэн төрийн мэдлийн газар учир, тус банкны үндсэн хөрөнгөнд бүртгэж, худалдан борлуулсан, орлогыг хохирогчдын болон бусад өр төлбөрт  захиран зарцуулах эрх үүсэхгүй.

              3. Иргэдийн төлөөлөгч Г.Уийн шүүх хуралдаанд гаргасан Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй байна. Татан буугдсан K  нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь заалтыг биелүүлээгүй байна. Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 09 сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь зөв гэсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

             Иймд  Дорнод аймгийн Засаг даргын  2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн  А/482 дугаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй  болгох тухай”  захирамж нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. ж,  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч  K  ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн  А/482 дугаар  захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     П.АМАРЖАРГАЛ

                                           ШҮҮГЧ                      Н.БАЛЖМАА

                                            ШҮҮГЧ                      Б.БАЯРЦОГТ

 


[1] Хавтаст хэргийн 1-4-р хуудас

[2] Хавтаст хэргийн 81-р хуудас

[3] Хавтаст хэргийн 42-р хуудас

[4] Хавтаст хэргийн 14-15-р хуудас

[5] Хавтас хэргийн 76-77-р хуудас

[6] Хавтаст хэргийн 91-р хуудас

[7] Хавтаст хэргийн 93-94-р хуудас

[8] Хавтаст хэргийн 61-64-р хуудас

[9] Хавтаст хэргийн 6-р хуудас

[10] Хавтаст хэргийн 53-р хуудас

[11] Хавтаст хэргийн 88-р хуудас

[12] Хавтаст хэргийн 89-р хуудас