Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0023

 

 

 

 

 

 

 

 

                                           “Ф*******” ХХК-ийн гомдолтой 

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч “Ф*******” ХХК

Хариуцагч О******* Ч.Э*******

Гуравдагч этгээд “Ө*******” ХХК

Гуравдагч этгээд Г.А*******

 

Гомдлын шаардлага: О*******ийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 0020289 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 643 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******

Хариуцагч Ч.Э*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2022/0969/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч “Ф*******” ХХК-иас О******* Ч.Э*******т холбогдуулан “О*******ийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 0020289 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 643 дугаар шийдвэрээр: 

“...Зөрчлийн тухай хуулийн 8.3.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан О******* Ч.Э*******ын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0020289 дугаартай шийтгэлийн хуудсыг хэргийн нөхцөл байдлыг тодруулсны дараа дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1, 5, 5.1 дэх хэсэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан процессын дагуу явагдаагүй, ноцтой зөрчил гаргасан гэдгийг дүгнэсэн атлаа “шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэсэн нь үндэслэлгүй. Учир нь:

Оюуны өмчийн улсын байцаагч иргэн Н.Алтандуулгыг хохирогч буюу зохиогчийн эрхтэй бүтээл эзэмшигч гэж тогтоосон нь буруу энэ хүн зөрчлийн хэрэгт огт хамааралгүй бөгөөд хохирогч биш, зохиогчийн эрх эзэмшигч биш юм. Хохирлын хэмжээг эрх бүхий албан тушаалтан өөрийн дураар, таамгаар тогтоосон. Ер нь зөрчил мөн эсэхийг тогтоож чадаагүй буюу уг киног https://www.youtube.com/ сайтаар нээлттэй цацаж байсан. Одоо ч цацсаар байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15.1 дэх хэсгийг зөрчсөн.

3.2.Холбогдогч компанийн хаягаар нэг ч удаа мэдэгдэл өгөөгүй, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огтхон ч оролцуулаагүй атлаа шийтгэлийн хуудсаа хаягаар нь ирүүлснээр энэ асуудлыг мэдсэн. Оролцуулаагүй учир эрх, үүрэг танилцуулаагүй. Мэдүүлэг аваагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 4.16 дугаар зүйлийг зөрчсөн.

3.3.Хэргийн 30 дах талд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн прокурорын тогтоолоор “Ларж спарт” гэх энэ хэрэгт огт хамаагүй компанид холбогдох зөрчил шалган шийдвэрлэх хугацааг сунгасан ба “Ф*******” ХХК-д холбогдох зөрчлийн хэрэгт прокуророос хугацаа сунгасан тогтоол гаргаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8.2 дах хэсгийг зөрчсөн.

3.4.Зөрчил шалган шийдвэрлэх 58 хоногтоо багтаж шийдвэрлээгүй. Энэ хугацаа өнгөрсний дараа шийтгэлийн хуудас гаргасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйл. Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох 1.Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана: 1.4.“зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа дууссан” гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгох ёстой байсан. Учир нь гомдол 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гарсан. 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн ба шийтгэлийн хуудас 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гарсан.

3.5. Зөрчил болсон огноо 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр бөгөөд ТВ24 телевизийн захирал уг киног цацах талаар хөтөлбөр батлаагүй бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Харилцаа холбооны зохицуулах хороо руу хөтөлбөрөө урьдчилж хүргүүлсэн. Тухайн өдөр ээлжээр ажиллаж байсан эфирийн найруулагчийн алдаа байсан. Гэхдээ хамгийн гол нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нэг хэсэг мөн. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1. “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” гэснээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, “Ф*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” шийдвэр нь тухайн маргаанд зайлшгүй хамааралтай нөхцөл байдлыг тодруулалгүйгээр уг хэргийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ нь нотлох баримт цуглуулах шүүхийн үүргээс хэтэрсэн байхаас гадна хариуцагчийн зүгээс тухайн шийдвэрийг нягталж үзэхийг хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль алины ашиг сонирхлыг дордуулахгүйгээр тухайн нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах боломжтой байх зэрэг тохиолдолд хэрэглэгдэхээс бус маргаан бүхий актыг процессын, эсхүл агуулгын болон хууль зүйн хувьд зөвтгүүлэх зорилгоор гаргахгүй.

Гэтэл шийдвэрт “…зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй, хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, тухайн ажиллагааг шүүхийн шатанд нөхөн хийх боломжгүй…” гэх зэргээр дүгнэн, зөрчлийг шалгаж тогтоохтой холбоотой нэмж тодруулах зүйлгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд гомдлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулуулахаар шийдвэрлэсэн нь буруу.

“Ф*******” ХХК-иас анх шүүхэд гаргасан гомдолдоо “…манай телевизийн хувьд зөвшөөрөлгүйгээр кино нийтэд цацсан асуудал байхгүй. Учир нь 7 хоног бүрийн хөтөлбөрийг гүйцэтгэх захирлаар батлуулсны дараа нэвтрүүлдэг ба шийтгэлийн хуудсанд дурдаад буй Гайхамшигт ертөнц МУСК-г цацах хөтөлбөрийг гүйцэтгэх захирлаас баталж, хөтөлбөрт оруулж байгаагүй болно…” гэж байсан ч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс OI ентертайментийн бүтээсэн уран сайхны киног зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр “Ф*******” ХХК-ийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлдэг TВ24 телевизээр цацаж, нийтэд түгээснээ хүлээн зөвшөөрсөн төдийгүй энэ нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байна.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8-д “кино бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалах”-аар, 10 дугаар зүйлийн 10.1-т “Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж, бодит хэлбэрт орсон үеэс үүсэх”-ээр, 13 дугаар зүйлийн 13.3-т “…нийтэд түгээх, нийтэд дамжуулах, нийтэд дэлгэж үзүүлэх… зэрэг бүтээл ашиглах онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглох”-оор, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Өөрийн бүтээсэн болон зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй бүтээлийг дамжуулах”-аар тус тус заасан тул зохиогчийн зөвшөөрөлгүйгээр дээрх киног нийтэд түгээн дэлгэж үзүүлсэн нь зохиогчийн эрхийн зөрчилд тооцогдоно.

Түүнчлэн “…https://www.youtube.com/ сайтаар дээрх киног тухайн үед, мөн одоо ч нээлттэй цацаж байгаа…” гэх давж заалдах гомдлын үндэслэл нь “Ф*******” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх шалтгаан болохгүй, өөрөөр хэлбэл нэг зөрчлийг нөгөө зөрчлөөр зөвтгөхгүй.

2.Мөн Зохиогчийн эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т зааснаар дуу авиа бүхий дүрст бүтээлийн продюсер зохиогчийн эрх эдлэх тул OI ентертайментийн продюсер, жүжигчин Г.А******* нь тус киноны зохиогчийн эрх эзэмшигч мөн.

3.Гэвч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4-т “Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна”, 6.8 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна”, 2-т “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан, хяналтын улсын байцаагчийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор зөрчлийн хэрэг нээж, улмаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг нийслэлийн прокурорын газрын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор мөн оны 8 дугаар сарын 22-ноос 9 дүгээр сарын 5-ныг хүртэл 14 хоногоор, 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 147 дугаар тогтоолоор мөн оны 9 дүгээр сарын 5-наас 9 дүгээр сарын 21-нийг хүртэл 16 хоногоор тус тус сунгажээ.

Хуулийн зохицуулалт болон сунгасан хугацаагаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах боломжит 58 хоног 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дууссан байхад үүнээс 1 хоногийн дараа буюу 21-ний өдөр шийтгэлийн хуудас гаргасан нь уг хуулийн 6.11 дүгээр зүйлд заасан зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай нийцсэнгүй.

Учир нь 6.11 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан байх тул хэдийгээр зөрчил тогтоогдсон ч зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй бөгөөд 59 дэх хоногт шийтгэлийн хуудас гаргасан болохоо хариуцагч хүлээн зөвшөөрсөн болно.

4.Харин улсын байцаагчийн тогтоолд “Ларж Спарт” ХХК-д холбогдуулж зөрчлийн хэрэг нээсэн, мөн прокурорын тогтоолуудад тус компанид холбогдох зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан мэтээр бичигдсэн ч эдгээр тогтоолын “Олсон нь” хэсэг болон зөрчлийн хэргийн дугаараар “Ф*******” ХХК-д холбогдох одоогийн маргаан бүхий зөрчлийн хэрэг болох нь тодорхой байх тул холбогдогчийн нэрийг буруу бичсэн техникийн алдаагаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 643 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т заасныг баримтлан “Ф*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган, Оюуны өмчийн улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 0020289 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******гийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан “Ф*******” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                         ШҮҮГЧ                               Т.ЭНХМАА

 

                 ШҮҮГЧ                               Н.ХОНИНХҮҮ

 

                      ШҮҮГЧ                              Э.ЛХАГВАСҮРЭН