Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
Хэргийн индекс | 171/2022/0192/Э |
Дугаар | 2022/ШЦТ/222 |
Огноо | 2022-06-21 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/222
2022 06 21 2022/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Б.О , Т.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О , Т.О нарт холбогдох эрүүгийн 2225002320236 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1. Б.О
2. Т.О
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
1. Шүүгдэгч Б.О нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт Т.О-н нүүрэн тус газарт гараараа цохиж, хамрын таславчийн муруйлт гэмтэл учруулан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
2. Шүүгдэгч Т.О нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт Б.М-н нүүрэн тус газарт гараараа цохиж, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл учруулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О , Т.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Т.О мэдүүлэхдээ “гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.М “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.. Хохирогч Б.М-н цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3-4 дэх тал/,
2. Хохирогч Б.М-н “...2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр орой 22 цагийн үед багын найз Б , О нартай уулзаад Зэст багт байх “Шугар” бааранд ороод хүн тус бүр 0.5 хэмжээтэй Сэнгүр пиво хоёр хоёрыг уугаад бүжиглэж байгаад орой 23 цагийн орчимд баарнаас гарсан. Бид гурав баарнаас гараад зам дагуу явж байгаад такси барихаар замын эсрэг талд гараад зам дагаад алхаж явж байхдаа М гэх залуугийн хажуугаар гарахдаа санамсаргүй мөргөчихсөн чинь яаж байнаа гээд миний нүүр лүү цохисон. Энэ үед М тэй хамт явж байсан О гэх залуу хажуунаас намайг гараараа цохиж, нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Би хамраа дараад доош тонгойж байхад манай найз ирээд М , О нартай маргалдсан. Цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
3. Хохирогч Т.О-н “....2022 оны 03 сарын 27-ны өдөр орой 17 цагийн үед найз М тэй уулзаад орой 22-23 цагийн орчимд “Шугар” бааранд орсон. Баарнаас орой 23 цаг 40 минутын орчимд гараад зам дагуу такси барих гээд алхаж байхад замын эсрэг талаас М гэх залуу гүйж гарч ирээд М г мөргөөд маргалдаж байгаад М г цохьсон. Би М ыг салгахад миний шанаа руу цохихоор нь зөрүүлээд нүүр лүү нь гараараа цохиход доошоо тонгойгоод суусан. М ын найзууд гэх О , Б нар гарч ирээд маргалдаж байгаад О нь над руу дайрч толгойгоороо миний хамар луу мөргөж, хамраас цус гаргасан. Б гэх залуу нь бид нарыг салгах гээд яваад байсан юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
4. Сэжигтэн Т.О-н “замын эсрэг талаас М гэх залуу гүйж ирэхдээ найз М г мөргөөд М тэй маргалдсан. Энэ үед би очоод М г салгахад миний шанаа руу цохьсон ба би зөрүүлээд нүүр лүү нь цохьсон чинь доошоо тонгойгоод суучихсан. М ын найзууд гэх хүмүүс гүйж ирсэн” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 25-26 дахь тал/
5. Сэжигтэн Б.О-н “Найз Б , М нартай уулзаад 22 цагийн үед Зэст багт байх “Шугар” нэртэй бааранд орсон. Хүн бүр 2, 2 пиво уугаад бүжиглэж байгаад 23 цаг 30 минутын үед баарнаас гарсан. Бид гурав баарнаас гараад такси барих зам дагуу алхаж байхад найз М замын эсрэг тал руу гараад такси барихаар гараа өргөөд зогсож байхдаа хоёр залуутай маргалдаж байсан. Б бид хоёр замын эсрэг талаар яваад очих үед М хамраа дарчихсан, хамраас нь цус гарсан байсан. О гэх залуу миний нүүр лүү гараараа цохихоор нь би буцаагаад цохиод нэг нэгийгээ барьж аваад маргалдаж байхдаа О ын нүүр лүү дахин нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 28-29 дэх тал/
6. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 сарын 01-ний өдрийн №293 дугаартай “Б.М-н биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 40-41 дэх тал/
7. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 сарын 01-ний өдрийн №294 дугаартай “Т.О-н биед хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 48-49 дахь тал/
8. Т.О-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 86 дахь тал/,
9. Б.О-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 87 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт Т.О-н нүүрэн тус газарт гараараа цохиж, хамрын таславчийн муруйлт гэмтэл учруулан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Т.О нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт Б.М-н нүүрэн тус газарт гараараа цохиж, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл учруулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.М-н цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хохирогч Б.М-н “О гэх залуу хажуунаас намайг гараараа цохиж, нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлэг, хохирогч Т.О-н “О нь над руу дайрч толгойгоороо миний хамар луу мөргөж, хамраас цус гаргасан” гэсэн мэдүүлэг, Т.О сэжигтнээр мэдүүлэхдээ “шанаа руу цохьсон ба би зөрүүлээд нүүр лүү нь цохьсон чинь доошоо тонгойгоод суучихсан” гэсэн мэдүүлэг, Б.О сэжиггэнээр мэдүүлэхдээ “О гэх залуу миний нүүр лүү гараараа цохихоор нь би буцаагаад цохиод нэг нэгийгээ барьж аваад маргалдаж байхдаа О ын нүүр лүү дахин нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 сарын 01-ний өдрийн №293 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 сарын 01-ний өдрийн №294 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.О нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт Т.О-н нүүрэн тус газарт гараараа цохиж, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч Т.О нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт Б.М-н нүүрэн тус газарт гараараа цохиж, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О нь бусдын эрүүл мэндэд санаатайгаар халдаж нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, Т.О нь бусдын эрүүл мэндэд санаатайгаар халдаж, нүүрэн тус газарт нь цохиж, хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О , Т.О нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлсэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас Б.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, Т.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Х овгийн Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.О-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О , Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О , Б.О нарт оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр нь торгох ялыг тус бүр 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС