| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2018/1005/И |
| Дугаар | 1166 |
| Огноо | 2018-05-31 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 1166
| 2018 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 182/ШШ2018/01166 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: З-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалинг 2017.06.30-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч, хариуцагчийн төлөөлөгч А.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Баярцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2017.04.19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байгаад ажлаасаа халагдсан. Шүүхэд хандаж 3 шатны шүүхийн шийдвэр миний талд гарсан. 2017.04.19-ний өдрөөс 2017.06.30-ны өдөр хүртэл хугацааны цалинг анхан шатны шүүхээс тогтоож өгсөн. Анхан шатны шүүх нэг өдрийн цалинг 48.954 төгрөгөөр тогтоосон. Хариуцагч нь шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байх бөгөөд миний бие шийдвэр гүйцэтгэлийн албанд хандан ажиллагаа хийлгэж байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг 2017.06.30-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байдаг. Мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харъяаллын дагуу шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн маргаан таслах комисс шүүхэд аль алинд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацаа хамаарахаар байна. Нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Чнь хариуцагч З-д холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалинг 2017.06.30-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг 3 шатны шүүхийн шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж шийдвэрлэсэн байхад өнөөдрийг хүртэл ажилд авахгүй, шүүхийн шийдвэрүүдэд заасан олговрыг олгохгүй, хохироож байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа гэж тайлбарласныг, хариуцагч тал зөвшөөрөхгүй байх бөгөөд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж мэтгэлцсэн.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.30-ны өдрийн 1463 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ч-гСонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний нэг өдрийн дундаж цалин хөлсийг 48.954 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нийт олговорт 2.447.700 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.01.16-ны өдрийн 81 дугаартай тогтоолоор хэвээр үлдэж, хүчин төгөлдөр болжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч-гажилд нь эгүүлэн тогтоосон, түүний нэг өдрийн цалин хөлсийг 48.954 төгрөгөөр тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулсан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.
Нэхэмжлэгч Чнь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.30-ны өдрийн 1463 дугаартай шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжийг хариуцагч З-д олгосон байх боловч түүнийг ажилд нь эгүүлэн аваагүй, ажилгүй байсан хугацааны олговрыг олгоогүй, нэхэмжлэгч Ч-гийнхүсэлтээр шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа, шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байна.
Дээрх үйл баримтууд нь зохигчдын тайлбар, дурдсан шийдвэр, магадлал, тогтоол, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.06-ны өдрийн 2169 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй”,
69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно”,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгч Ч-дХөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас шаардах эрх үүссэн, хариуцагч нь мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Ч-гажил, албан тушаалд нь эгүүлэн авч, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.
Хариуцагч З ньнь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байх боловч, Ч-гСонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн авах асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй болох нь зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудаар нэгэнт тогтоогдсон бөгөөд уг 1463 дугаартай шийдвэр бүрэн биелэгдээгүй байх тул хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч Ч-гийнажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.30-ны өдрийн 1463 дугаар шийдвэр буюу 2017.06.30-ны өдрөөс хойш уг шийдвэр гарах хүртэл буюу 2018.05.31-ний өдрийг хүртэл тооцвол ажлын 239 өдөр, уг өдрөөс нийтээр амрах баяр, ёслолын 8 өдрийг хасаж 231 өдрийг 48.954 төгрөгөөр үржүүлж 11,308,374 төгрөг болов.
Иймд хариуцагч З-ээс нэхэмжлэгч Ч-гийнажилгүй байсан 231 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11,308,374 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч-долгож, уг олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч З-д үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ.
Нэхэмжлэгч Ч-гийнгаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал тэрээр тэмдэгтийн хураамжид 2018.04.13-ны өдөр 172.387 төгрөгийг төлсөн байх тул уг 172.387 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч-долгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1, 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч З-ээс 11,308,374 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч-д олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, нэхэмжлэгч Ч-гийннийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч З-д үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч-гийнгомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 172.387 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч-долгож, хариуцагч З-ээс 195,884 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА