Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/243

 

 

 

 

 

 

 

 

 

    2022          07           01                                   2022/ШЦТ/243

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Т.Буджав

Улсын яллагч Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч Ц.Н  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Н-д холбогдох эрүүгийн 222500290027 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ц.Н

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ц.Н  нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн **** тоот гэртээ хамтран амьдрагч Д.Т-тай маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөөж гаргахдаа хэвлий тус газарт нь өшиглөсний улмаас орцны шалан дээр унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н  мэдүүлэхдээ “Т-т  гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч эмчилгээ хийлгэж байгаа” гэв.

 

Хохирогч Д.Т “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. Д.Т-н  Орхон аймаг дахь цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 3 дахь тал/

            2. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дахь тал/

            3. Баянцагаан багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 8-10 дахь тал/

            4. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-13 дахь тал/

            5. Д.Т-н  өвчний түүх /хавтаст хэргийн 20-30 дахь тал/

            6. CD хуурцганд үзлэг хийсэн тэмдэглэл, CD хуурцганд үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зураг. /хавтаст хэргийн 47-49 дэх тал/

            7. Хохирогч Д.Т-н  “Тэгээд би 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө барагцаагаар 6-7 цагийн үед ганцаараа Н-н    гэрт очсон. Н    өөрөө хаалгаа онгойлгож өгчхөөд нойл руу гүйгээд орчихсон юм. Тэгэхээр нь би араас нь хартал тэрээр 0.33 литрийн архи ууж байсан. Би тэгээд уурлаад түүнд хандан “архинаас болж амьдралаа алдаж байна, архиа болиоч” гэтэл тэрээр “хуц муу янхан минь, чамд ямар хамаатай юм бэ” гээд намайг барьж аваад зүүн хөл рүү өшиглөөд, тэгээд миний гараас барьж байгаад намайг түлхээд гэрээсээ хөөгөөд байсан. Тэгээд Н    гэрийнхээ хаалгыг дотроос нь өөрөө онгойлгоод миний хэвлий рүү өшиглөсөн юм. Тэгтэл би хаалгаар гарч хойшоо савж орцны шалан дээр унасан юм. Тэгээд Н    хаалгаа хаачихсан юм. Би тэгээд босох гэтэл чадахгүй нуруу өвдөөд байсан бөгөөд би шатны хажуу талын хашлага төмрөөс барьж босоод гадаа гарсан. Тэгээд таксинд сууж гэртээ ирсэн. Гэртээ иртэл би босож чадахгүй байсан бөгөөд надаар хүүхдээ харуулдаг Э  над руу залгахаар нь “би хүнд зодуулчихлаа, босож чадахгүй байна” гэж хэлсэн. Ингээд тэр өдрийн барагцаагаар 13 цаг өнгөрч байхад Э  ганцаараа машинтайгаа ирэхээр нь би түүнтэй эмнэлэг орсон. Тэр өдрөө зургаа авхуултал нуруу хугарсан байна, хагалгаанд орох шаардлагатай гээд намайг хэвтүүлсэн юм. Би тухайн үедээ эмнэлэгт шатнаас уначихсан юм аа гэж хэлсэн. Миний биед учирсан нурууны бүсэлхий нэгдүгээр нугалмын шахагдсан хугарал гэмтлийг Н    нь намайг өшиглөхөд би хойшоо савж орцны шалан дээр унахдаа авсан юм. Баруун гарын бугалга, зүүн гарын үенд цус хуралт гэмтлийг Н    нь гараараа чанга атгаж учруулсан. Мөн зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтлийг Н    нь хөлөөрөө өшиглөж учруулсан. Тэрээр тухайн үед мөн миний хоолойг боогоод ална шүү гээд байсан. Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны орой охин М-н   хамт хүргэн Э-нд хоносон юм. Манай хүргэнийх Н-н    дээд давхарт байдаг юм. Би анх мэдүүлэг өгөхдөө охин, хүргэн хоёроо асуудалд хутгаад яах вэ гээд яриагүй юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 54-57 дахь тал/

8. Гэрч Б.Э ийн “2022 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө 08 цаг 20 минутанд манай хүүхэд асрагч Т эгч ирэхгүй болохоор нь би түүн рүү залгаж ярьсан. Тэгтэл тэрээр “эгч нь эмнэлэг дээр байна, нөхөр маань намайг зодчихлоо” гээд уйлж ярьсан. Тэгээд эгч нь өнөөдөртөө очиж чадахгүй нь гэж хэлсэн. Уг нь Т эгч манай гэрт өглөөний 08 цаг 20 минутанд ирж хүүхдийг маань хардаг юм. Тэгээд би тус өдрийн 13 цаг 40 минутын үед Т эгч рүү залгаад биеийг нь асуухад “сууж чадахгүй байна, нуруу өвдөөд байна” гэж хэлсэн. Тэгээд тэрээр өглөө эмнэлэг орсон боловч оочир ихтэй байсан учир үзүүлж чадаагүй гэртээ ирчихлээ гэсэн. Тэгэхээр нь би тэдний гэрт очсон бөгөөд намайг очиход тэрээр гэртээ орон дээрээ хэвтэж байсан. Би тэгээд өөрийн машинтайгаа түүнийг авч эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэг дээр хэсэг хүлээж байгаад түүний нурууны зургийг авхуулахад “нурууны үе нь хугарсан байна, яаралтай сахиураа дуудаад хэвт, хагалгаанд орох шаардлагатай” гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө дугаараас Т эгчийн нөхөр Н    гэгч рүү залгахад “бид 2 цагаан сарын дараа салчихсан, наад хүн чинь надад хамаагүй, өглөө би цоожныхоо голыг солих гээд байж байтал наад хүн чинь манай гэрийн гадаа ирчихсэн байсан. Тэгээд би цагдаа дуудсан бөгөөд цагдаа ирэхэд байхгүй болчихсон байна лээ, наад хүн чинь согтуу явсан, чи согтуу хүнээр хүүхдээ харуулж болдог юм уу” гэж хэлж байсан. Тэгээд Т эгч сахиургүй эмнэлэгт хэвтсэн юм. Тэрээр манай хүүхдийг ажлын өдөр бүр 2022.02.07-ноос хойш гэрт маань ирж хардаг байсан бөгөөд тэрээр манайд 2022.04.13-ны өдөр ирж хүүхдийг маань харж байгаад 16 цагийн үед манайхаас явсан юм. Тэрээр тухайн өдөр зүв зүгээр байсан юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 64 дэх тал/

9. Насанд хүрээгүй гэрч Т.М-н   “17-18 цагийн үед намайг сургууль дээр байхад ээж маань залгаад ээж нь эмнэлэгт байна, ээжийнх нь нуруу хугарчихсан байна гэнэ, ээж нь такси дуудчихсан байгаа түүнд суугаад эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Тухайн өдөр буюу ээж маань эмнэлэгт хэвтсэн урд өдрийн орой би ээжийнхээ хамт төрсөн эгч А-н  гэрт хоносон юм. Тэгээд тэр өдрийн өглөө ээж гэрээс гарч явсан бөгөөд хэсэг хугацааны дараа буцаж эгчийнд орж ирсэн. Тэгснээ нуруу өвдөөд байна гээд үүдний хивсэн дээр хэвтээд байсан юм. Өмнө би мэдүүлэг өгөх гэж байхад ээж надад хэлэхдээ Ариунжаргал эгчийгээ битгий оролцуулаарай гэхээр нь би гэртээ хоносон гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 69-70, 72 дахь тал/

10. Гэрч Т.А-н  “2022 оны 04 дугээр сарын 13-ны орой манай гэрт ээж Тунгалаг, дүү Мишээл нар хоносон юм. Би гэртээ нөхөр Э-н , 8 настай болон 11 сартай хүү нарын хамт амьдардаг бөгөөд тэр шөнө зургуулаа хоносон юм. Тэгтэл 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө ээж гэрээс гарч явсан юм. Би тухайн үед цагийг нь анзаараагүй бөгөөд хаалга дуугарахыг сонссон юм. Тэгээд ээж удалгүй барагцаагаар 10 гаруй минутын дараа хаалга тогшихоор нь би онгойлгож өгсөн юм. Тэгтэл ээж гэрт орж ирснээ шууд шалан дээр юу ч дуугарахгүй хэвтээд өгсөн. Би уурлаад ээжээс яасан бэ, нөгөө хүн чинь ингэчихсэн юм уу гэтэл өөдөөс өвдөөд байна, нуруу маань тасарлаа гээд орилоод байсан. Тэгтэл нөхөр маань босож ирээд таныг ор луу гаргаад өгөх үү, гэтэл яах юм ээж нь гарахгүй, босож чадахгүй байна гээд уйлаад ёолоод байсан. Тэгээд дүү Мишээл эмийн сан руу гарч өвчин намдаах эм авчирсан юм. Ингээд би ээжийг юу болсныгоо хэлэхгүй болохоор нь хэсэг уурлаж, үглэж байгаад барагцаагаар 10 цаг өнгөрч байхад сургалтандаа суух гээд явсан юм. Харин гэрт бусад маань үлдсэн. Тэгээд би үдээс хойш нь ээж рүү залгатал “миний хүүхэд хардаг айлын хүн намайг эмнэлэгт үзүүлж байна, миний нуруу хугарсан байна, эмнэлэгт хэвтэхээр боллоо” гэж хэлсэн. Би тэгээд ээжийн хамтран амьдрагч Н    руу залгаад манай ээжийн нуруу гэмтсэн байна, өөрөө яасан муухай хүн бэ гэтэл тэгсэн гэсэн над руу нэг хүн ярьсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би таныг мэдэж байгаа шүү, манай ээжийг ямар их дарамталж зовоодгийг мэднэ, үргэлж янхан пизда шээсээ аваад зайл гэдэг чинь юу гэж байгаа юм бэ гэтэл тэрээр утсаа салгасан юм. Би дахиад залгатал тэрээр блоклчихсон юм. 2022 оны 04 дүгээр сарын 13-ны орой ээж манайд хоноход түүний биед ил харагдах гэмтэл шарх учраагүй зүгээр байсан. Зүгээр яваад л нуруу нь гэмтээгүй байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 74-75 дахь тал/

11. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28- ны 361 дугаартай “... Д.Т-н  биед нурууны бүсэлхий нэгдүгээр нугалмын шахагдсан хугарал, баруун гарын бугалга, зүүн гарын бугуйн үе, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсэн байхаар байна. Нурууны бүсэлхий нэгдүгээр шахагдсан хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Баруун гарын бугалга, зүүн гарын бугуйн үе, зүүн хөлийн шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 87-88 дахь тал/

            12. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 142-143 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А  дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Н  нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн **** тоот гэрээсээ 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Д.Т-тай маргалдаж хөөж гаргахдаа хэвлий тус газарт нь өшиглөсний улмаас орцны шалан дээр унагаж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэрэг бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э  дүгнэлтдээ “гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч прокурорын санал болгосон ялыг зөвшөөрсөн” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Т-н  “намайг барьж аваад зүүн хөл рүү өшиглөөд, тэгээд миний гараас барьж байгаад намайг түлхээд гэрээсээ хөөгөөд байсан. Тэгээд Н    гэрийнхээ хаалгыг дотроос нь өөрөө онгойлгоод миний хэвлий рүү өшиглөсөн юм. Тэгтэл би хаалгаар гарч хойшоо савж орцны шалан дээр унасан юм. Тэр өдрөө зургаа авхуултал нуруу хугарсан байна, хагалгаанд орох шаардлагатай гээд намайг хэвтүүлсэн юм” гэх мэдүүлэг, гэрч Б.Э ийн “эгч нь эмнэлэг дээр байна, нөхөр маань намайг зодчихлоо” гээд уйлж ярьсан. Эмнэлэг дээр хэсэг хүлээж байгаад түүний нурууны зургийг авхуулахад нурууны үе нь хугарсан байна, яаралтай сахиураа дуудаад хэвт, хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.М-н   “17-18 цагийн үед намайг сургууль дээр байхад ээж маань залгаад ээж нь эмнэлэгт байна, ээжийнх нь нуруу хугарчихсан байна гэнэ, ээж нь такси дуудчихсан байгаа түүнд суугаад эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Т.А-н  “ээж гэрт орж ирснээ шууд шалан дээр юу ч дуугарахгүй хэвтээд өгсөн. Би уурлаад ээжээс яасан бэ, нөгөө хүн чинь ингэчихсэн юм уу гэтэл өөдөөс өвдөөд байна, нуруу маань тасарлаа гээд орилоод байсан. Тэгтэл нөхөр маань босож ирээд таныг ор луу гаргаад өгөх үү, гэтэл яах юм ээж нь гарахгүй, босож чадахгүй байна гээд уйлаад ёолоод байсан. Тэгээд би үдээс хойш нь ээж рүү залгатал миний нуруу хугарсан байна, эмнэлэгт хэвтэхээр боллоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28- ны 361 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Н  нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн **** тоот гэрээсээ хамтран амьдрагч Д.Т-тай маргалдаж хөөж гаргахдаа хэвлий тус газарт нь өшиглөсний улмаас орцны шалан дээр унаж, эрүүл мэндэд нь нурууны бүсэлхий нэгдүгээр нугалмын шахагдсан хугарал, баруун гарын бугалга, зүүн гарын бугуйн үе, зүүн хөлийн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ц.Н  нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.Тунгалагийг гэрээсээ хүч хэрэглэн хөөж гаргахдаа шууд санаатай үйлдлээр хэвлийн тус газарт нь өшиглөж унаган бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Н-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай улсын яллагчийн санал үндэслэлтэй гэж үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т-н  эрүүл мэндэд нурууны бүсэлхий нэгдүгээр нугалмын шахагдсан хугарал, баруун гарын бугалга, зүүн гарын бугуйн үе, зүүн хөлийн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

  1. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ц Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-г 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д   оногдуулсан 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС