| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1250/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1276 |
| Огноо | 2022-08-29 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Бямбадагва |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1276
2022 08 29 2022/ШЦТ/1276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Хт холбогдох 2202 00000 0235 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Алтайн бумбат өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, К3 дугаар байр 6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О овгийн Цийн Х /РД: /.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ц.Х нь “Алтайн Бумбат өргөө” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа, 2019-2020 онд “Буурал трейд” ХХК-аас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт 1.812.710.800 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг “Буурал трейд” ХХК-аас авсан мэтээр хий бичилт бүхий 19 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг худалдан авалтаар зориуд худал тодорхойлж харьяа татварын байгууллагад тайлагнан, улсын төсөвт төлөгдөх 2019 оны 1,4,5,9,12 дугаар саруудад 155.637.345.45 төгрөг, 2020 оны 3 дугаар сард 9.154.545.45 төгрөг, нийт 164.791.890.91 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Хын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх.1.1-2/,
“Буурал трейд” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаарх Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Бадам, Г.Баттулга нарын гаргасан танилцуулга, хавсралт /хх.1.17-20, 79-80/,
“Алтай бумбат өргөө” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /хх.1.161/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Хишигжаргалын гэрчээр өгсөн: “... Би “Буурал Трейд” ХХК-ийн нэрээр 2017-2020 онуудад нийт 135,166,886,586.36 төгрөгийн НӨАТ-ын борлуулалтын падаан үйлдэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 13.516.688.658.64 төгрөгөөр бууруулж бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосноо хүлээн зөвшөөрч байна. Би шивсэн НӨАТ-ын падааны үнийн дүнгийн 0.8-1.5% хүртэлх хувиар борлуулж байсан. Энэ нь компани харилцах данснууд болон А.Анхтуяагийн Хаан банкны 5030539212 тоот дансаар авсан нь хуулгаар харагдана...” гэх мэдүүлэг /хх.1.213-215/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Хын гэрчээр өгсөн: “2018 онд Эрхэмбаяр гэх залуутай барилгын ажлын шугамаар танилцаж байсан...манай компани татвар төлөх болоход ямар ч ашиг байхгүй, алдагдалд ороод байсан энэ асуудлаар Эрхэмбаяртай ярихад НӨАТ-ын асуудлыг чинь шийдэж болно, НӨАТ-ын албан ёсны илүүдлээ зарж байгаа барилгын материал нийлүүлдэг “Буурал трэйд” гэдэг компани байгаа, захирлыг нь танина гэж байсан. Тэгээд 2019 оны 1 дүгээр сараас НӨАТ-ын падааны шивэлт хийлгэхээр болоод “Буурал трейд” ХХК”-аас НӨАТ-ын падааны шивэлт хийлгэхээр болсон, тухайн үед НӨАТ-ын нийт үнийн дүнгийн 2,4 хувиар төлбөр төлж шилжүүлэхээр тохиролцсон. Ингээд 2019 оны 01 дүгээр сараас эхлэн “Буурал трейд” ХХК-аас манайх руу НӨАТ шивж эхэлсэн бөгөөд 1,812,710,800 төгрөгийн дүн бүхий нийт 19 ширхэг падааны шивэлтийг 2020 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд шивүүлсэн, НӨАТ-ын падаан шилжүүлсний төлбөрийг тухай бүрд шилжүүлж байсан мөнгийг Эрхэмбаяр /94110731/ гэх залууд бэлнээр болон дансаар өгч байсан. Өгөхдөө би өөрийн ХААН банкны 5115014587 дугаарын данснаас шилжүүлж байсан, нийт хэдэн төгрөгийг өгч байснаас дансны хуулганаас харж хэлэхгүй бол одоо сайн мэдэхгүй байна. Бага багаар олон удаа өгч байсан юм. Ингээд 2021 оны хавар татварын байгууллагаас “Буурал трейд'’ ХХК-ийн манайх руу шивсэн НӨАТ-ыг зөрчилтэй падаан гээд буцаасан байсан, ингээд би учир байдлыг тодруулахаар “Буурал трейд” ХХК-ийн захирал Д.Хишигжаргал гэх хүнтэй уулзсан тэгэхэд Д.Хишигжаргал удахгүй болчихно гэдэг зүйлийг ярьж байсан, тэгээд түүнээс хойш дахиж холбогдоогүй. “Буурал трейд” ХХК-тай холбоотой санхүүгийн анхан шатны баримт гэж юм байхгүй, худалдан авалт хийгээгүй. Манай компани “Буурал трейд” ХХК-аас ямар нэгэн худалдан авалт хийгээгүй байж худалдан авалт хийсэн мэтээр НӨАТ-ын тайланд тусгаж, татвараа худал тодорхойлсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.1.221-222/,
Их наяд Аудит ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Ш/22-14 дугаартай “ Алтай бумбат өргөө” ХХК-д хийсэн аудитор Х.Ариунзул, М.Мөнхзул, М.Энхтуул нарын шинжээчийн дүгнэлт /хх.1.244-249/,
“Алтайн бумбат өргөө” ХХК-аас Их наяд Аудит ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх.1.250/,
Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх.1.1-2/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоолууд /хх.1.6-13, 2.2-4/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан тухай баталгаа /хх.2.7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Хын яллагдагчаар өгсөн: “... Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон төсөвт төлөх татварыг бууруулсан дүнг хүлээн зөвшөөрч байгаа, манай компани татварын өрөө одоо бага багаар барагдуулаад явж байгаа болно... компани татварын өрөнд орох гээд байсан учраас татварын дүнг бууруулах зорилгоор тайланг худал тодорхойлсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... ” гэх мэдүүлэг /хх.2.09-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баттулгын өгсөн: “... “Алтайн бумбат өргөө” ХХК нь “Буурал трейд” ХХК-аас 2019 оны 1,4,5,9,12 дугаар саруудад 17 удаагийн 1.712.010.800 төгрөг, 2020 оны 3 дугаар сард 2 удаагийн 100.700.000 төгрөгийн, нийт 19 удаагийн шивэлтээр буюу үйлдлээр 1.812.710.800 төгрөгийн худалдан авалт хийснээр 19 ширхэг НӨАТ-ын падааныг татварт тайлагнан, нэмэгдсэн өртгийн албан татварын төсөвт төлөх хэмжээг 164.791.890 төгрөгөөр бууруулсан байх бөгөөд нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, татварын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин бодит биш худалдан авалтыг “Буурал трейд” ХХК-аас худалдан авалт хийсэн мэтээр тайлагнаж, анхан шатны баримтгүй ажил, гүйлгээг санхүүгийн тайланд тусгаж нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг зориуд худалд тодорхойлсон байна. Ийм учраас “Алтайн бумбат өргөө” ХХК-ийн удирдах албан тушаалтан нь улсад 164.791.890 төгрөгийн хохирол учруулж, мөн хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн байна, татварын байгууллагаас тухайн хохирлыг гэм буруутай этгээдээр улсад эргэн төлүүлэхээр шаардлага тавьж байна... Шинжээчийн дүгнэлттэй танилцсан байгаа, шинжээчийн дүгнэлтээр гаргасан дүн нь манай татварын байгууллагаас шалгаж гаргасан, танилцуулгад тусгасан дүнтэй таарч байгаа бөгөөд “Алтайн бумбат өргөө” ХХК-ийн тухайд 2019-2020 оны хугацаанд нийт төсөвт төлөх 164.791.890 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхөөс зайлсхийсэн байна... ” гэх мэдүүлэг /хх.2.18/,
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Ц.Хын ХААН банкны дансны хуулга /хх.2.24-33, 34-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Б.Эрхэмбаярын өгсөн: “2019 оны эхэн үед 1 дүгээр сард байх Ц.Х гэх хүн нь компанийн НӨАТ-ын асуудлын талаар асуусан тухайн үйл явдлаас өмнө нь Д.Хишигжаргал гэх “Буурал трейд” ХХК-ийн захирал хүнийг таньдаг байсан бөгөөд Д.Хишигжаргал манай компани НӨАТ-ын баримт шивдэг, НӨАТ-н илүүдэлтэй гэх зүйлийг надад ярьж байсан болохоор тэрийг нь санаад Д.Хишигжаргал эгчид Ц.Хын компанийн НӨАТ-ын асуудлыг ярьсан чинь Д.Хишигжаргал эгч “наад компани руу чинь НӨАТ шивж өгч болно, харин НӨАТ-ын үнийн дүнгийн 2,3 хувиар тооцож төлбөр авдаг юм” гэж хэлсэн, үүнийг нь би Ц.Х гэх хүнд хэлсэн тэгээд Ц.Х гэх хүнээс компанийнх нь регистрийн дугаарыг нь аваад Д.Хишигжаргал эгчид өгсөн, тэгээд 2019 оны 01 дүгээр сараас эхлэн “Буурал трейд” ХХК-аас “Алтайн бумбат өргөө” ХХК-руу НӨАТ-ын падаан баримт шивж эхэлсэн, тэгэхэд Д.Хишигжаргал эгч намайг тухайн “Алтайн бумбат өргөө” ХХК-аас орж ирэх төлбөрийн мөнгийг өөрийн дансаар авчих гээд хэд хэдэн удаа авхуулж байсан, мөн энэ дансаар авна шүү гээд өөрийн охин А.Анхтуяа болон дүүгийнхээ хүүхэд гээд Х.Анударь гэх охины Хаан банкны дансны дугаарыг надаар дамжуулан Ц.Хт өгүүлсэн тэгээд төлбөр мөнгө нь ордог байсан. Миний ХААН банкны 5030181891 дугаарын данс руу Ц.Х нь НӨАТ шивүүлсний төлбөр гэж,
2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 9.830.000 төгрөгийг,
2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,400,000 төгрөгийг,
2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 8.665.900 төгрөгийг тус тус шилжүүлж байсан.
Тэгээд тухайн мөнгөнөөс Д.Хишигжаргал эгч өөрөө зөвшөөрөөд намайг наад мөнгөнөөс тэд эдэн төгрөг авч үлдээрэй, шагнаж байгаа юм шүү гэж хэлдэг байсан. Би тухайн мөнгөнөөс 7 сая гаран төгрөг авч байсан, миний дансны хуулганд үзлэг хийж гаргасан дүнтэй би санал нийлж байгаа, тухайн мөнгийг Д.Хишигжаргал эгч нь гэмт хэргийн замаар олж авч байгаа мөнгө гэдгийг би тэр үедээ мэдээгүй байсан, татвар гэдэг зүйлийн талаар ч сайн мэдэхгүй байсан юм... тэр мөнгөнөөс авч үлдсэн 7.608.150 төгрөгийг эргүүлэн шүүхээс тогтоосон хугацаанд төлөхөд татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.2.41-42/,
Шүүгдэгч Ц.Хын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.2.44-47/,
Шүүгдэгч Ц.Хын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.2.55/,
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Татварын газраас Нийслэлийн Прокурорын газарт гаргасан ““Алтайн бумбат өргөө” ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар татварын албанд өр төлбөргүй байна” гэсэн албан бичгийн хуулбар /хх.2.56/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.2.58-59/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.Х нь “Алтайн Бумбат өргөө” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа, 2019-2020 онд “Буурал трейд” ХХК-аас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт 1.812.710.800 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг “Буурал трейд” ХХК-аас авсан мэтээр хий бичилт бүхий 19 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг худалдан авалтаар зориуд худал тодорхойлж харьяа татварын байгууллагад тайлагнан, улсын төсөвт төлөгдөх 2019 оны 1,4,5,9,12 дугаар саруудад 155.637.345.45 төгрөг, 2020 оны 3 дугаар сард 9.154.545.45 төгрөг, нийт 164.791.890.91 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх.1.1-2/,
“Буурал трейд” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаарх Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Бадам, Г.Баттулга нарын гаргасан танилцуулга, хавсралт /хх.1.17-20, 79-80/,
“Алтай бумбат өргөө” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /хх.1.161/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Хишигжаргалын гэрчээр өгсөн: “... Би “Буурал Трейд” ХХК-ийн нэрээр 2017-2020 онуудад нийт 135,166,886,586.36 төгрөгийн НӨАТ-ын борлуулалтын падаан үйлдэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 135.166.886.586.36 төгрөгөөр бууруулж бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.1.213-215/,
“Их наяд” Аудит ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Ш/22-14 дугаартай “Алтай бумбат өргөө” ХХК-д хийсэн аудитор Х.Ариунзул, М.Мөнхзул, М.Энхтуул нарын шинжээчийн дүгнэлт /хх.1.244-249/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Хын яллагдагчаар өгсөн: “... Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон төсөвт төлөх татварыг бууруулсан дүнг хүлээн зөвшөөрч байгаа, манай компани татварын өрөө одоо бага багаар барагдуулаад явж байгаа болно. ...компани татварын өрөнд орох гээд байсан учраас татварын дүнг бууруулах зорилгоор тайланг худал тодорхойлсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... ” гэх мэдүүлэг /хх.2.09-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баттулгын өгсөн: “..."Алтайн бумбат өргөө" ХХК нь "Буурал трейд" ХХК-аас 2019 оны 1,4,5,9,12 дугаар саруудад 17 удаагийн 1.712.010.800 төгрөг, 2020 оны 3 дугаар сард 2 удаагийн 100.700.000 төгрөгийн, нийт 19 удаагийн шивэлтээр буюу үйлдлээр 1.812.710.800 төгрөгийн худалдан авалт хийснээр 19 ширхэг НӨАТ-ын падааныг татварт тайлагнан, нэмэгдсэн өртгийн албан татварын төсөвт төлөх хэмжээг 164.791.890 төгрөгөөр бууруулсан байх бөгөөд нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, татварын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин бодит биш худалдан авалтыг "Буурал трейд" ХХК-аас худалдан авалт хийсэн мэтээр тайлагнаж, анхан шатны баримтгүй ажил, гүйлгээг санхүүгийн тайланд тусгаж нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг зориуд худалд тодорхойлсон байна... ” гэх мэдүүлэг /хх.2.18/,
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Ц.Хын ХААН банкны дансны хуулга /хх.2.24-33, 34-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Б.Эрхэмбаярын өгсөн: “2019 оны эхэн үед 1 дүгээр сард байх Ц.Х гэх хүн нь компанийн НӨАТ-ын асуудлын талаар асуусан тухайн үйл явдлаас өмнө нь Д.Хишигжаргал гэх “Буурал трейд” ХХК-ийн захирал хүнийг таньдаг байсан бөгөөд Д.Хишигжаргал манай компани НӨАТ-ын баримт шивдэг, НӨАТ-н илүүдэлтэй гэх зүйлийг надад ярьж байсан болохоор тэрийг нь санаад Д.Хишигжаргал эгчид Ц.Хын компанийн НӨАТ-ын асуудлыг ярьсан чинь Д.Хишигжаргал эгч “наад компани руу чинь НӨАТ шивж өгч болно, харин НӨАТ-ын үнийн дүнгийн 2,3 хувиар тооцож төлбөр авдаг юм” гэж хэлсэн, үүнийг нь би Ц.Х гэх хүнд хэлсэн тэгээд Ц.Х гэх хүнээс компанийнх нь регистрийн дугаарыг нь аваад Д.Хишигжаргал эгчид өгсөн, тэгээд 2019 оны 01 дүгээр сараас эхлэн “Буурал трейд” ХХК-аас “Алтайн бумбат өргөө” ХХК-руу НӨАТ-ын падаан баримт шивж эхэлсэн, тэгэхэд Д.Хишигжаргал эгч намайг тухайн “Алтайн бумбат өргөө” ХХК-аас орж ирэх төлбөрийн мөнгийг өөрийн дансаар авчих гээд хэд хэдэн удаа авхуулж байсан, мөн энэ дансаар авна шүү гээд өөрийн охин А.Анхтуяа болон дүүгийнхээ хүүхэд гээд Х.Анударь гэх охины Хаан банкны дансны дугаарыг надаар дамжуулан Ц.Хт өгүүлсэн тэгээд төлбөр мөнгө нь ордог байсан... тухайн мөнгийг Д.Хишигжаргал эгч нь гэмт хэргийн замаар олж авч байгаа мөнгө гэдгийг би тэр үедээ мэдээгүй байсан, татвар гэдэг зүйлийн талаар ч сайн мэдэхгүй байсан юм... тэр мөнгөнөөс авч үлдсэн 7.608.150 төгрөгийг эргүүлэн шүүхээс тогтоосон хугацаанд төлөхөд татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.2.41-42/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Хын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Д.Хын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Хыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Хын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Баттулга нь хохирол төлбөрөө нөхөн төлсөн, цахим санд НӨАТ-ын буцаалт хийсэн, гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн учир шүүгдэгч Ц.Хыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин гэмт хэргийн улмаас олсон орлого 7.608.150 төгрөгийг иргэний хариуцагч Б.Эрхэмбаяраас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Ц.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Ц.Хын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Хт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ц.Хт оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Цийн Хыг “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хт 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Хт оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Хт сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баттулга хохирол нөхөн төлөгдсөн, өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, иргэний хариуцагч Б.Эрхэмбаяраас 7.608.150 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР