Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/107

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр

Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон ургийн овогт Олонцоожийн О.Нд холбогдох 2216000000109 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн хувийн байдал:

Монгол Улсын иргэн, ... өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ... регистрийн дугаартай, Боржигон ургийн овогт О.Н.

 

Шүүгдэгч О.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 18 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Шинэ-Алтай зах дээр үйл ажиллагаа явуулдаг жимс, ногооны бөөний төв дэлгүүрээс “ээж намайг танаас жимс, жимсгэнэ аваад ир гээд явуулсан юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Э.Дгаас 28 нэр төрлийн 642,200 төгрөгийн хүнсний эд зүйл шилжүүлэн авсан,

Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр А-с зээлээр авсан iphone 11 pro маркийн гар утсаа Д.Бт миний гар утас гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,100,000 төгрөгөөр зарахаар тохиролцож, урьдчилгаа 300,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Мөн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “ноолуур зах зээлийн үнээс өндөр ханшаар буюу 1 кг ноолуурыг 100,000 төгрөгөөр худалдан авна. Орой дансруу чинь мөнгийг нь шилжүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогч А.Баас 18,1 кг ноолуурыг шилжүүлэн авч 1,773,800 төгрөгөөр зарахаар тохиролцож, урьдчилгаа 300,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Мөн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 6-3 тоот хашаанд өөрийгөө ноолуурын ченж гэж танилцуулан хохирогч Х.Цс “1 килограмм ноолуурыг 100,000 төгрөгөөр бодож, мөнгийг нь аав, ээж 2 хөдөө явсан орой ирэхээр 18 цагаас өмнө хийнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 14 килограмм ноолуур шилжүүлэн авч 1,372,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 6-3 тоот хашаанд өөрийгөө ноолуурын ченж гэж танилцуулан хохирогч А.Наас “1 килограмм ноолуурыг 100,000 төгрөгөөр бодож, мөнгийг нь аав, ээж 2 хөдөө явсан орой ирэхээр 19 цагийн үед хийнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 13,2 килограмм ноолуур шилжүүлэн авч 1,293,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн “Шинэ-Алтай захад үйл ажиллагаа явуулдаг Э.Д гэдэг хүнээс бараа материал, жимс авсан. Ээж аваад ир гэсэн гэж худал хэлсэн. Д.Бт гар утас өгч 300.000 төгрөг авсан. 3 хүнээс очиж аав ээжийнхээ нэрийг барьж очиж ноолуур авсан. Ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч О.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 18 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Шинэ-Алтай зах дээр үйл ажиллагаа явуулдаг жимс, ногооны бөөний төв дэлгүүрээс “ээж намайг танаас жимс, жимсгэнэ аваад ир гээд явуулсан юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Э.Дгаас 28 нэр төрлийн 642,200 төгрөгийн хүнсний эд зүйл шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Дээрх үйл баримт нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Тус гэмт  хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэгдэнэ.

Тус гэмт хэргийг шүүгдэгч О.Н үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Э.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 14-ний 18 цагийн орчимд үл таних нэг охин ирээд ээж тань дээр бараа бэлдүүлсэн үү, таныг Э.Д гэдэг үү гэж хэлээд орж ирсэн. Тэгэхээр нь би намайг Э.Д гэдэг чи хүн андуурсан юм биш үү надаар бараа бэлдүүлээгүй гэсэн. Тэгсэн манайд ажил явдал гараад ээж намайг танаас очоод жимс жимсгэнэ аваад ир гээд явуулсан юм гэхээр нь би чинь хүн андуурсан юм биш үү эсвэл ээжтэйгээ намайг яриул гэсэн чинь нэг дугаар руу залгаж байснаа ээжийн утас холбогдохгүй байна наашаа гарсан юм шиг байна гэсэн. Та танихгүй гэвэл манай өвөө, эмээ 2 урд Баян Тайшир дэлгүүр ажиллуулдаг манай аавын ах нь том машин барьдаг гээд надад нэг нэр хэлсэн. Хэлсэн нэрийг нь санахгүй байна. Тэрний хэлсэн өвөө, эмээ хоёр нь надаас бараа зээлж авдаг учраас би хүүхэд нь юм байна гэж бодоод тухайн барааг нь өгсөн. Тэгээд тухайн охин нь Э.Д эгчээ би орой юм уу маргааш мөнгийг нь мобайлдчихъя гээд миний дансны дугаар, утасны дугаарыг тэмдэглэж аваад явсан. Тэгээд тухайн өдрөөс 3 хоногийн дараа тухайн өвөө, эмээгийн дэлгүүр дээр очиход дэлгүүр нь хаалттай, дэлгүүрийн гадаа нь утасны дугаар байхаар нь залгаад өвөөтэй ярьсан. Тэгээд залгатал намайг танихгүй болохоор нь би өөрийгөө хэлтэл намайг таньсан. Тэгэхээр нь танайд ажил явдал гарсан юм уу О.Н гэдэг охин ирээд та хоёрын нэрийг бариад надаас бараа аваад явсан гэхэд үгүй манайд ажил явдал гараагүй наад охиныг чинь танихгүй харин ингээд хүний нэр бариад хүмүүсээс юм аваад байгаа нэг охин байгаа хэлдэг газар нь хэлээд шийтгүүлсэн нь дээрээ гэж хэлсэн. О.Нын нэрийг нь мэдэхгүй, 2-3 жилийн өмнө аав ээж нь хэрчсэн гурил хийдэг байхад гурил тараагаад явдаг байсан охин зүгээр зүс танина...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 24-25 дугаар тал/,

 

Гэрч У.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “...Садан төрлийн холбоо байхгүй, манай найз Энхболдбаатар халиун сум дээр эмнэлэг дээр дадлага хийж байгаа охин аймгийн төв рүү яаралтай ажлаар явахад гээд байгаа юмаа чи машинтайгаа яваад өгөөч бензин тосыг өгий гэж хэлсэн. Тэгэхээр би за гэж хэлээд байж байтал нэг охин залгаад Энхболдбаатар чам руу залгасан уу, чи аймаг руу хөлсөөр яваад өгөөч 20 литр бензин хийж өгий гээд надад 20 литр бензин хийж өгөөд Говь-Алтай аймгийн төв рүү Халиун сумаас гарсан. Танай сумын эмнэлэгт дадлага хийж байгаа гэж өөрийгөө танилцуулсан. Аймгийн төвд эмнэлэг орж бичиг баримт хөөцөлдөөд, дэлгүүр ороод буцаад гарна гэж хэлсэн. Би эмнэлэг дээр хүргэж өгчхөөд зах руу явсан зах дээр байж байтал эмнэлгийн ажил болсон эмнэлэг дээр хүрээд ир гэхээр би очиж авахад Хөгжил хороололд Их-Уул гэх дэлгүүр рүү ганцаараа орсон би гадаа нь машин дотор сууж байхад хайрцагтай юм авч гарч ирээд машинд тавьсан. Тэндээс зах руу явна гээд захын доод талын “Жимсний бөөний” төв рүү орсон би машин дотор хүлээгээд сууж байтал тортой жимс хайрцагтай юм авч гарч ирээд миний машинд хийсэн. Тэгээд Халиун сум руу гарсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 27 дугаар тал/,

 

Гэрч О.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2021 оны 12 дугаар сараас эхэлж танилцсан юм. Тэгтэл 2022 оны 04 сарын 14-ний өглөө аймгаас очиход 13-ны өдөр О.Н Халиун сумын эмнэлэг дээр дадлага хийх гэж байгаа гээд манайд ирсэн байсан. Тэгээд өдөр унаа хөлсөлж аймаг явж хүнсээ цуглуулж ирнэ, дадлага хийхэд энд амьдрах байраа олчихлоо гээд аймаг явсан. Тэгтэл шөнө гэртээ унтаж байхад хүнсээ авчирсан гээд хайрцагтай, тортой зүйлс авчирсан байсан. О.Н нь манай ээж зах дээр наймаа хийдэг, би ээжээсээ хүнсний зүйлээ авчирсан гэж хэлж байсан. 14 хоног дадлага хийнэ, дадлага хийхдээ байр түрээсэлнэ гэж байсан. АШУҮИС-н төгсөх курсийн оюутан, танай сумын эмнэлэг дээр 14 хоног дадлага хийх гэж байгаа гэсэн. Тийм зүйл байхгүй, манайд ээж авч ирсэн гээд ундаа, хиам, жимс голдуу л хүнсээ задалж ид уу гээд өгсөн. Өдөр үдийн цайны цагаар О.Н хоол хийгээд тавьсан байгаа гэхээр Дөлгөөн, барсаа бид нар хоол идээд байж байхад Мөнхбаяр орж ирсэн. Түүнээс О.Ныг хүнсний зүйл авч ир гэж огт тийм зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34 дүгээр тал/,

 

Гэрч Д-ний мөрдөн байцаалтад өгсөн “...О.Ныг сайн танихгүй, манай Дашцэрэнгийнд байхад нь танилцсан, эмнэлэгт 14 хоног дадлага хийхээр ирсэн оюутан гэж байсан. Тийм зүйл байхгүй, Дашцэрэнгийн гэрт үдийн цайгаар очиход О.Нын өөрийнх нь хэрэглэх гэж авч ирсэн хүнс гэж байсан. Дашцэрэн нь гэртээ ганцаараа байдаг болохоор бид нар тэднийхээр байнга орж гардаг юм. Түүнээс О.Нын авч ирсэн юмыг идэж уух зорилгоор тэднийд очоогүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36 дугаар тал/,

Гэрч Ч.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “....О.Нтай садан төрлийн холбоо байхгүй, манай ангид 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шилжиж ирсэн цагаас манай ангид суралцаж байгаа. 2022 оны 04 сарын 10-аас хичээлээ тасалж алдаг оног хичээлдээ сууж байгаа. Хүнд тусархуу хүүхэд, Далхсүрэн гэж өвөө нь дэлгүүр ажиллуулдаг нэр хүнд сайтай хөгшин хүний нэр барьж дэлгүүрээр өр тавьдаг сурагтай байсан, ээж Наранцацралт О.Нын төлөө анхаарал халамж сайтай, О.Н нь гадна төрөх болон зан байдлын хувьд өлөөд байх зүйл байхгүй сурагч хичээл таслаад байхаар хичээл сурлага даа тааруухан, анги хамт олны дунд нэр хүнд сайтай, ангийн хүүхдүүдээс дотно найз байхгүй...” гэх мэдүүлэг, 1-р хх-ийн 33 дугаар тал/,

 

Гэрч Б.Ч-н мөрдөн байцаалтад өгсөн “...О.Нтай садан төрлийн холбоо байхгүй, ээж Наранцацралт нь манай үйлдвэрт ажиллаж байсан. О.Ныг хүүхэд гэдгээр нь танина. О.Н миний нэрийг бариад дэлгүүрээс жимс аваад явсан байна гэж сонссон, би Тайшир талхны үйлдвэр ажиллуулдаг учраас дэлгүүрийн эзэд намайг сайн таньдаг болохоор миний нэрийг бариад яваад байдаг юм байх даа би О.Н болон аав, ээж нарт ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй... гэх мэдүүлэг, 1-р хх-ийн 40 дүгээр тал/,

 

Гэрч Ц.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...О.Ныг би сайн танихгүй намайг Дашцэрэн ахынд очиход тэднийд ундаа, жимс, хиам зэрэг хайрцагтай эд зүйлс байж байсан хэн авч ирсэн юм гэхэд О.Н авч ирсэн гэж Дашцэрэн ах хэлж байсан. Тухайн үед О.Н нь байхгүй байсан. Эмнэлэгт дадлага хийх гэж байгаа байх байраа хайх гээд гарсан гэж байсан. Тэгээд би тэднийд удалгүй яваад өгсөн. Би О.Нд захиагүй, санаандгүй Дашцэрэн ахынд очсон юм. хайрцагтай чихэр, жимс байж л байсан би анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32 дугаар тал/,

 

Ашид-Билгүүн ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ- 622/3672 дугаартай хүнсний эд зүйлүүдэд үнэлгээ гаргасан шинжээчийн “...нийт 642,200 төгрөг...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 45-48 дугаар тал/,

 

О.Нын яллагдагчаар өгсөн “...Би Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 04 дүгээр сарын 14-ний орой 18 цагийн үед тус Есөнбулаг сум Шинэ-Алтай захын доод талын жимсний дэлгүүр ажиллуулдаг Э.Д гэх хүнээс ажил явдал гарчихлаа гэж хэлээд Даян Тайшир талхны үйлдвэрийн эзэн Чулуунцэнд гэх хүн өгөх юм аа гэсэн чинь ямар гэхээр нь хадам аав, ээж 2 нь зах дотор Баянтайшир дэлгүүр ажиллуулдаг гэсэн чинь таниад за юу авах юм аа аваад л яав гэж хэлэхээр нь би бараанууд аваад явсан... 600,000 гаруй төгрөгний жимс, хиам, майонез, ундаа, өндөг зэрэг бараанууд авсан. Би тухайн авсан барааг Говь-Алтай аймаг Халиун сум руу авч явж тухайн сумын хэсгийн цагдаа Барсаа, тамгын газрын Бархаа, Мөнхбаяр, Дөлгөөн, Эрүүл мэндийн төвийн багш Булгантамир нартай цуг 2 өдөр тус сумын Тамгын газрын нягтлан Дашцэрэнгийн гэрт идсэн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60 дугаар тал/,

О.Нын нас тоолсон тухай мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэл /1-р хх-ийн 60-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хоёр: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Анхзаяагаас зээлээр авсан iphone 11 pro маркийн гар утсаа Д.Бт миний гар утас гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,100,000 төгрөгөөр зарахаар тохиролцож, урьдчилгаа 300,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Дээрх үйл баримт нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Тус гэмт  хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэгдэнэ.

Тус гэмт хэргийг шүүгдэгч О.Н үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Д.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр О.Н гэх хүн нь гар утас авах уу гэж над руу ярьсан би тэгээд үзье гээд ирж уулзахад iphone 11 рго маркийн гар утас надад үзүүлсэн. Би тэгээд тухайн гар утсыг үзээд О.Ныг явуулсан. Тэгээд байж байтал орой над руу залгаад Баянхонгор аймаг явах гээд байна нөгөө утсаа авах юм уу гээд залгасан тэгэхээр нь би авья гэсэн чинь тухайн гар утсаа надад өгөөд 1,100,000 төгрөгөөр авахаар тохиролцоод урьдчилгаа 300,000 төгрөгийг би О.Нын 5337325986 тоот данс руу хийсэн. Үлдэгдэл мөнгийг нь 2022 оны 04 сарын 22-ны өдөр өгөхөөр тохиролцсон. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай ангийн охин Анхзаяа над руу залгаад О.Н гэх охин надаас 2 ширхэг iphone 11 рго маркийн гар утас 3,500,000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь 2 хоногоос өгий гэж хэлээд аваад явсан юмаа тэгээд О.Нтай уулзсан чинь нэг утас чамд өгсөн гэнээ гэж хэлээд надаас тухайн гар утсыг аваад явсан. Тэгээд О.Н миний урьдчилгаанд өгсөн 300,000 төгрөгийг 6 хоногийн дараа өгий гэж хэлсэн. Тэгээд 6 хоногийн дараа О.Н руу залгатал хөдөө байна 2 хоногийн дараа аймаг орно тэгээд өгий гэсэн. Тэгээд тэрнээс хойш залгатал утсаа авахгүй байгаа...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 80 дугаар/,

Хохирогч Д.Бын дахин өгсөн “...Тийм зүйл байхгүй, О.Н нь 2021 оны 09 сарын 30-нд бүтэн сайны өглөө өгий 300000 төгрөг зээлчих гээд 5333029469 Пүрэвдорж гэх данс руу мөнгө шилжүүлж авчихад одоо болтол надад өгөөгүй түүнээс хойш холбоогүй байж байгаад 2022 оны 04 сарын 02-ны өдөр утас зарна гэж холбогдсон. Тэгээд 2022 оны 04 сарын 03-нд уулзаж данс руу нь 300000 төгрөгийг шилжүүлж утас авсан. О.Н нь iphone 11 рго маркийн 2 ширхэг гар утас надад үзүүлж, манай ээж ломбард ажиллуулж байгаа, одоо 2 утас үлдсэн 1100000 / нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр зарна, авах хүн байна уу өөрөө авах уу гээд надад утсаа үзүүлсэн. Би маргааш Баянхонгор аймаг явах ажилтай болсон өнөөдрийн дотор хурдан утсаа ав гэж утсаар ярьсан юм тэгэхээр нь орой нь уулзаж 1,100,000 төгрөгийн утсыг урьдчилгаа 300,000 төгрөгийг өөрийнхөө 5315388182 дугаарын данснаас О.Нын 5337325986 тоот данс руу шилжүүлж өмнө авчихад өгөхгүй буухаар өгөхөөр тохиролцсон юм. Тэгтэл Анхзаяа нь 2 ширхэг iphone 11 рго маркийн гар утсыг орой мөнгийг нь өгий гэж хэлээд О.Н авчихад 3 хоног олдохгүй байж байгаад уулзахад чамд 1 гар гар утсыг зарсан гэж хэлсэн гээд О.Ныг дагуулж ирээд миний гар утас гээд аваад явсан. Хүмүүсийг их сайн таньдаг, худлаа ярьдаг, зальжин санагдсан О.Наас 600,000 төгрөг гаргуулж авмаар байна....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 82 дугаар тал/,

 

Гэрч Ж.А-н мөрдөн байцаалтад өгсөн “  О.Ныг танихгүй, садан төрлийн холбоо байхгүй би Алтай зарын групп дээр Солонгоос ирсэн гар утас зарна гэж зар тавьсан. Тэгтэл нэг эмэгтэй утас авах гэсэн юм үзэх гэсэн юм. Гэхээр би 20-р байранд байна гэж хэлэхээр 20-р байранд очиход тэндээс нэг эмэгтэй гарч ирээд гар утас үзчихээд манай ээж оройхон хөдөө ажлаар явсан орой гэхэд сүлжээтэй болчихно тэгэхээр нь мөнгийг чинь шилжүүлнэ гэж хэлэхээр итгээд нэг гар утсыг 1,480,000 төгрөгөөр 2 ширхэг iphone 11 рго маркийн гар утас өгсөн. Тэгээд утсаа авахгүй байхаар цагдаад мэдэгдэж олуулаад утсаа асуухад Д.Бт өгсөн гэж хэлээд Д.Б дээр очиход миний гар утсыг 1,100,000 төгрөгөөр зарсан байсан Тэгээд би гар утсаа авсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 87 дугаар тал/,

 

Дагвадорж Д.Бын ХААН банк ХХК-ны 5315388182 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /1-р хх-ийн 72 дугаар тал/,

 

О.Нын Хаан банк ХХК-ны 5337325986 депозит дансны дэлгэрэнгүй хуулга буюу 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 04 цаг 30 минутад 5315388182 дугаарын данснаас kanon гэх утгатай 300.000 төгрөгийг орлогын гүйлгээ /1-р хх-ийн 75 дугаар тал/,

 

О.Нын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Д.Бт би 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед iphone 11 рго маркийн гар утас зарахаар гэрт очсон. Тэгээд гар утсаа үзүүлчхээд орой 00 цагийн үед Д.Б над руу залгаад утсаа авахаар Жанчивын талбай дээр уулзсан. Тэгээд утсаа зарахаар тохиролцоод Д.Б миний 5337325986 тоот данс руу урьдчилгаа 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд утасны үлдэгдэл мөнгийг 04 дүгээр сарын сүүлээр авахаар тохиролцсон...Анхзаяа гэх хүний утас байсан. Би Анхзаяа гэх хүнээс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2 ширхэг iphone 11 рго маркийн гар утас 3,960,000 төгрөгөөр худалдан авахаар болж 2 гар утасны мөнгө болох 3,960,000 төгрөгийг 2 хоногийн дараа өгий гэж аваад нэг гар утсыг өөрөө бариад нөгөө гар утсыг Д.Бт зарсан байсан утсыг Анхзаяад өгсөн. Тэгээд Бадам- Очирын мөнгийг нөгөөдөр нь Д.Бтой яриад би хөдөө байна аймаг орохоороо өгий гэж хэлсэн.,.2021 оны 09 дүгээр сарын сүүлээр Д.Б надаас тоглоом тоглох гэсэн юм гэж хэлээд өөрийнхөө Хаан банкны данс руу 100,000 төгрөг шилжүүлж авсан, гүйлгээний утга дээр 89225525 гэж өөрийнхөө дугаар бичсэн. Хэд хоногийн дараа Д.Б, Бадамсэрээжид 2 намайг дэлгүүрээс архи, идэж уух юм аваад өгөөч гээд гуйгаад байхаар нь цогцолборын ард байрлах ГАА маркет дэлгүүрийн эзэн Баатараас 132,000 төгрөгийн бараа авхуулж бэлэн мөнгийг би төлсөн, СБ-ны 20,000 төгрөг, Бадамсэрээжид эмнэлгийн ар талын Бялууны дэлгүүрээс 80,000 төгрөгийн хоол авхуулж Д.Б мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тиймээс Д.Бт 300,000 төгрөгийн өртэй байсан учраас авлагадаа суутгах гээд мөнгийг нь өгөөгүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 98 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

Гурав: 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “ноолуур зах зээлийн үнээс өндөр ханшаар буюу 1 кг ноолуурыг 100,000 төгрөгөөр худалдан авна. Орой данс руу чинь мөнгийг нь шилжүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогч А.Баас 18,1 кг ноолуурыг шилжүүлэн авч 1,773,800 төгрөгөөр зарахаар тохиролцож, урьдчилгаа 300,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Дээрх үйл баримт нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Тус гэмт  хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэгдэнэ.

Тус гэмт хэргийг шүүгдэгч О.Н үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч А.Бын мөрдөн байцаалтад өгсөн “... 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед манай төрсөн дүү А.Н ноолуур 100,000 төгрөгөөр авч байна өгөх үү гэж ярьсан. Тэгэхээр би тэгье гээд гэрт байсан 18 кг ноолуурыг аваад Солонго хороолол оршин суух дүү А.Нын гэрийн гадаа очсон. Тэгээд тэнд манай дүү А.Нын найз Бямбаа гэх залуутай цуг явж байсан ченж гэх эмэгтэйд цуг 18 кг ноолуураа өгсөн. Тэгээд 1,800,000 төгрөгийг орой данс руу чинь хийе гэж хэлээд утасныхаа дугаарыг өгөөд явсан ба уг дугаар нь одоо хүртэл холбогдохгүй байгаа. Уг охин өмнө манай сургуульд сурч байсан болохоор худлаа ярина гэж бодоогүй. Тэгээд тухайн оройны 19 цагийн үед утас руу нь залгатал утас нь холбогдоогүй. Манай дүүгийн найз Бямбаа гэх залуутай цуг ирсэн. Приус 41 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж авсан. Ченж эмэгтэй 98909709 дугаарыг өгсөн... гэх мэдүүлэг, /1- р хх-ийн 121 дүгээр тал/,

 

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Манай найз Ээгийгийн найз гээд анх нэг хүүхэнтэй танилцаж байсан. Тэрнээс хойш зүс таньдаг болсон. 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тухайн хүүхэн над руу залгаад 8 тонн ноолуур авсан 50 кг ноолуур дутаад байна тэгшлээд явуулчихъя гэхээр нь би чи хэдээр ноолуур авч байгаа гэсэн чинь 100,000 төгрөгөөр авч байгаа гэхээр би хуурай ах болох Х.Ц руу залгаад энд нэг хүн 100,000 төгрөгөөр ноолуур авна гэнэ та өгөх юмуу гэсэн чинь тэгье гэхээр нь Х.Ц ах бид хоёр цуг очиж тухайн хүүхэнтэй уулзаад манай хашаанд ирээд ноолуураа килограмм жин дээр тавьж өгсөн. Тэгээд надаас дахиад зарах хүн байна уу гэхээр би найз А.Нт хэлэхэд тэгье гээд 13 кг ноолуур авчирч өгсөн. Тэгээд А.Нын ах болох А.Баас асуухад өгий гээд 14 кг ноолуур авчирч өгсөн. Тэгээд тухайн хүүхэн тэр 3 мөнгийг орой аав ээжийг хөдөөнөөс ирэхээр хийе гээд утасны дугаараа үлдээгээд тэгээд авсан. Тэгээд тухайн авсан ноолуураа миний машины ард ачиж явж байгаад нэг найз руугаа яриад Анагаах ухааны их сургуулийн байрны ард талд нэг машин ачиж аваад явсан. 7575 ГАО гэсэн улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123 дугаар тал/,

 

2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хохирогч А.Баар О.Ныг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 -р хх-ийн 113-116 дугаар тал/,

                                                                                                                                          

Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ- 622/3826 дугаартай 18,1 кг ноолуурыг 1,773,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /1-р хх-ийн 129-131 дүгээр тал/,

 

О.Нын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дөрөв: 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 6-3 тоот хашаанд өөрийгөө ноолуурын ченж гэж танилцуулан хохирогч Х.Цс “1 килограмм ноолуурыг 100,000 төгрөгөөр бодож, мөнгийг нь аав, ээж 2 хөдөө явсан орой ирэхээр 18 цагаас өмнө хийнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 14 килограмм ноолуур шилжүүлэн авч 1,372,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Дээрх үйл баримт нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Тус гэмт  хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэгдэнэ.

Тус гэмт хэргийг шүүгдэгч О.Н үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Х.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед Бямбацэрэн гэх над руу залгаад 100,000 төгрөгөөр ноолуур авч байна өгөх юм уу гэхээр нь би тэгье гээд Бямбацэрэнгийн хашаанд очсон. ... Тэгээд доошоо сутай хорооны тэнд очоод ноолуураа хиллэсэн тэгээд шуудайны жинг хасаад цэвэр 14 кг ноолуур өгсөн. Тухайн хүүхэн аав, ээж хөдөө явсан орой ирнэ тэгэхээр мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд тухайн хүүхэн Ховдоос том тэрэг ирж ноолуур авна надад 50 кг ноолуур хэрэгтэй байна гэхээр Бямбацэрэн бид 2 тэгвэл бид хүнээс олоод өгий гэж хэлээд Бямбацэрэн найзаасаа авч өгсөн. Ченж гэх эмэгтэй нь 98909709 дугаарыг өгсөн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163 дугаар тал/,

 

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Манай найз Ээгийгийн найз гээд анх нэг хүүхэнтэй танилцаж байсан. Тэрнээс хойш зүс таньдаг болсон. 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тухайн хүүхэн над руу залгаад 8 тонн ноолуур авсан 50 кг ноолуур дутаад байна тэгшлээд явуулчихъя гэхээр нь би чи хэдээр ноолуур авч байгаа юм гэсэн чинь 100,000 төгрөгөөр авч байгаа гэхээр би хуурай ах болох Х.Ц руу залгаад энд нэг хүн 100,000 төгрөгөөр ноолуур авъя гэнээ та өгөх юмуу гэсэн чинь тэгье гэхээр нь Х.Ц ах бид цуг очиж тухайн хүүхэнтэй уулзаад манай хашаанд ирээд ноолуураа өгсөн. Тэгээд надаас дахиад зарах хүн байна уу гэхээр би найз А.Нт хэлэхэд тэгье гээд 13 кг ноолуур авч ирж өгсөн. Тэгээд А.Нын ах болох А.Баас асуухад өгий гээд 14 кг ноолуур авч ирж өгсөн. Тэгээд тухайн хүүхэн тэр 3 хүний мөнгийг орой аав, ээжийг хөдөөнөөс ирэхээр хийе гээд утасны дугаараа үлдээгээд тэгээд авсан. Тэгээд тухайн авсан ноолуураа миний машины ард ачиж явж байгаад нэг найз руугаа яриад Анагаах ухааны их сургуулийн байрны ард талд нэг машинд ачиж аваад явсан. 75-75 ГАО гэсэн улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 167 дугаар тал/,

 

Гэрч Ж.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Намайг гэртээ байж байхад 98909709 гэсэн дугаараас хурдан гараад ир явъя гэж Бэхи гэх охин дуудсан. Тэгээд би гараад очтол 73-77 гэсэн дугаартай Приус 41 маркийн машин байсан. Дотроос нь тухайн^ охин нэг залуутай бууж ирээд миний машины тээшинд 2 бүтэн 3 тал шуудайтай зүйл тавьсан. Тэгээд нөгөө залуу шууд яваад өгсөн. Тэгээд тухайн охин миний машинд суугаад намайг цуг дээшээ явъя гэсэн. Тэгэхээр нь энэ юу юм бэ гэхэд манай ноолуур байгаа юм аа Ариунаа эгч над руу яриад 50 кг ноолуур дутчихлаа аваад ир гэсэн юм аа гэсэн. Тэгээд дээшээ Говь ноос ороод тухайн миний тээшинд байсан 5 шуудай зүйлийг өгөөд гарч ирэхдээ 1 боодол бэлэн мөнгөтэй гарч ирсэн. Тэгээд буцаад би Улаанбаатар хот руу явах байсан болохоор хамт явах хүмүүсээ аваад 18 цагийн үед Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд замдаа явж байхад тухайн охин манай аав, ээж 2 ченж алт, ноолуур авдаг би алтныхан тамгын хариуцдаг би буцаад 28-нд аймаг явна ажилтай гээд байсан. Би 2022 оны 05 дугаар сарын 25-нд аймгийн групп дээр Улаанбаатараас Говь-Алтай аймаг явна гэсний дагуу над руу яриад 5 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотоос гараад 05 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймагт ирсэн. Тэгээд замдаа явж байхдаа би аймаг орчоод 2 падан дээр гарын үсэг зураад тэгээд буцаж явна явах унаа байгаа юу гэхээр нь би буцаж явах ажилтай байсан учир би буцаж явна гэхэд тэгвэл чамтай цуг буцна шүү гэсэн...” гэх мэдүүлэг, 1-р хх-ийн 169 дүгээр тал/,

 

Гэрч Ж.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ажиллаж байхад махлагдуу охин приус маркийн цагаан өнгийн автомашинтай ирээд ноолуур авах уу гэхэд нь авна гэж хариулахад 3 шуудаатай ноолуур оруулж ирж өгсөн. Нийт 45,5 кг болж 96,000 төгрөгөөр бодоход 4,368,000 төгрөг болж мөнгийг нь бэлнээр надаас авахад нь мөнгөө тоолж ав гэхэд байгаа байлгүй гэж хэлээд тоолоогүй аваад авсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 173 дугаар тал/,

 

Ашид-Билгүүн ХХК-ны 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ- 622/3826 дугаартай 14 кг ноолуурт үнэлгээ гаргасан шинжээчийн “...нийт 1,372,000 төгрөг...” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 177-179 дүгээр тал/,

2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Х.Цгаар О.Ныг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 155-158 дугаар тал/,

 

О.Нын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тав: 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 6-3 тоот хашаанд өөрийгөө ноолуурын ченж гэж танилцуулан хохирогч А.Наас “1 килограмм ноолуурыг 100,000 төгрөгөөр бодож, мөнгийг нь аав, ээж 2 хөдөө явсан орой ирэхээр 19 цагийн үед хийнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 13,2 килограмм ноолуур шилжүүлэн авч 1,293,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Дээрх үйл баримт нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Тус гэмт  хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэгдэнэ.

Тус гэмт хэргийг шүүгдэгч О.Н үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч А.Нын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед манай найз Бямбацэрэн дуудаж ноолуураа өгөх үү 100,000 төгрөгөөр авч байна гэсэн. Тэгэхээр нь би өөрт байсан 13 кг ноолуураа гэрээсээ гаргаж өгсөн. Тэгээд ах А.Быг дуудаж 18 кг ноолуурыг нь тушаалгасан. Ноолуур авах гээд ирсэн ченж гэх эмэгтэй нь найз Бямбацэрэнгийн машинд сууж цуг ирсэн. Тэгээд ноолуураа өгөөд мөнгийг нь орой 19 цагийн үед хийе гэж хэлээд дансны дугаар, утасны дугаар авсан. Тэгээд манай найз Бямбацэрэнтэй цуг яваад явсан. Тэгээд орой нь мөнгө хийгээгүй. Тэгээд орой 22 цагийн үед найз Бямбацэрэнгээс асуухад мөнгийг нь өглөө хийе гэж хэлсэн гэсэн. Тэгээд маргааш өглөө нь хийгээгүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 211 дүгээр тал/,

 

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Манай найз Ээгийгийн найз гээд анх нэг хүүхэнтэй танилцаж байсан. Тэрнээс хойш зүс таньдаг болсон. 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тухайн хүүхэн над руу залгаад 8 тонн ноолуур авсан 50 кг ноолуур дутаад байна тэгшлээд явуулчихъя гэхээр нь би чи хэдээр ноолуур авч байгаа юм гэсэн чинь 100,000 төгрөгөөр авч байгаа гэхээр би хуурай ах болох Х.Ц руу залгаад энд нэг хүн 100,000 төгрөгөөр ноолуур авъя гэнээ та өгөх юмуу гэсэн чинь тэгье гэхээр нь Х.Ц ах бид цуг очиж тухайн хүүхэнтэй уулзаад манай хашаанд ирээд ноолуураа өгсөн. Тэгээд надаас дахиад зарах хүн байна уу гэхээр би найз А.Нт хэлэхэд тэгье гээд 13 кг ноолуур авч ирж өгсөн. Тэгээд А.Нын ах болох А.Баас асуухад өгий гээд 14 кг ноолуур авч ирж өгсөн. Тэгээд тухайн хүүхэн тэр 3 хүний мөнгийг орой аав, ээжийг хөдөөнөөс ирэхээр хийе гээд утасны дугаараа үлдээгээд тэгээд авсан. Тэгээд тухайн авсан ноолуураа миний машины ард ачиж явж байгаад нэг найз руугаа яриад Анагаах ухааны их сургуулийн байрны ард талд нэг машинд ачиж аваад явсан. 75-75 ГАО гэсэн улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 213 дугаар тал/,

 

2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хохирогч А.Наар иргэн О.Ныг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1- хх-ийн 203-206 дугаар тал/,

 

Ашид-Билгүүн ХХК-ны 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ- 622/3826 дугаартай 13,2 кг ноолуурт үнэлгээ гаргасан шинжээчийн “...нийт 1,293,600 төгрөг...” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 219-221 дүгээр тал/,

 

О.Нын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233 дугаар тал/ гэх үйл баримт тогтоогдлоо.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэм буруутайд тооцох саналтай байна...” гэх дүгнэлтийг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх дүгнэлтийг тус тус гаргав. 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Хохирлын тухайд гэмт хэргийн улмаас Э.Дгаад 642,200 төгрөгийн, Д.Бт 300,000 төгрөгийн, А.Бт 1,773,800 төгрөгийн, Х.Цд 1,372,000 төгрөгийн, А.Нт 1,293,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүхээс завсарлага авах хугацаанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүхээс шүүгдэгч О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Нын хувийн байдлыг тогтоохоор шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл /1-р ХХ19/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р ХХ9/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Н нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэж үзэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч О.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоож мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3-д зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Говь-Алтай аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 8.1, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоож мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч О.Нд авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн газарт даалгасугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.САРАНТУЯА