| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2022/0636/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1005 |
| Огноо | 2022-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1005
2022 08 09 2022/ШЦТ/1005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,
улсын яллагч: Ж.Сувданчимэг,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.08.05-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1958 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын нимгэн төмөрчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл-1, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Сурагчийн 00-000б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Ш овогт С-ийн Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Д нь 2022 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Мандалын 0 дугаар гудамж 000 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Атэй хэрүүл маргаан хийж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодон түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч С.Агийн “2009 оноос 2015 онд хамт амьдарч байгаад салсан. Албан ёсоор гэрлэлтээ батлуулж байгаагүй. Ер нь ******* хааяа манайд ирж цай уудаг. Нэг удаа л миний биед халдаж байсан, тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Хааяа хэрэлдэж маргалддагаас байнга зоддог асуудал байхгүй. Харин салснаасаа хойш хааяа уулзахдаа миний биед халдаж, цохиж зодож байсан зүйл байхгүй. Би эхэлж *******г цохиж зодсон асуудал байхгүй. Эхлээд миний нүүрэн тус газар 1 удаа хүчтэй цохиход нь би ухаан алдаад унаад өгсөн. Ухаан алдчихаад сэрсэн чинь хамраас цус гоожоод байсан. ******* миний хамар, нүд хэсгийн хооронд гараараа нэг удаа хүчтэй цохисон. ******* бид хоёр 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. ******* манайд ирэхээсээ өмнө архи уучихсан бага зэргийн согтолттой байсан. Би тухайн үед бага зэргийн согтолттой байсан. Би *******г ирэхээс өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /х.х-53-54/,
- Гэрч П.Оын “2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр би ажил дээрээ байж байтал манай төрсөн эгч болох Нямсүрэн над руу залгаад ээж хүнд зодуулчихсан байна гэсэн. ...гэрт нь очсон чинь ээжийн нүүр нь хавдчихсан, хүнд зодуулсан байдалтай байсан ба би ээжийгээ гэмтэл рүү авч явсан. Хамар нь хугарчихсан байсныг тэгшлүүлээд гэрт нь авч ирсэн” гэх мэдүүлэг /х.х-12-13/,
-Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 3266 дугаартай “С.Агийн биед хамар ясны хугарал, баруун зовхи, зүүн зовхины дотор буланд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 48-72 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /х.х-22-23/,
- Яллагдагч *******гийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг уншиж танилцлаа хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр долоон буудлын ойролцоо ганцаараа явж байгаад өмнө нь хамт амьдарч байсан С.Атэй холбоо бариад Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандалын 8 дугаар гудамж 161 тоот болох гэрт нь очихоор замдаа дэлгүүрээс 0,75 литрийн Хараа нэртэй архи худалдаж аваад гэрт нь очоод хоол цай идэж байгаад бид хоёр дэлгүүрээс авсан архиа хувааж уусан. Архиа ууж дуусчихаад 02 цагийн үед унтах гээд газраар цуг хэвтэж байгаад юм ярилцаж байснаа урьдын болсон явдлаасаа болж хэрүүл маргаан болж байгаад би уурласан уурандаа С.Агийн нүүрэн тус газар 1 удаа хүчтэй цохисон. Тэгсэн С.Агийн хамар хэсгээс нь цус гоожоод байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй... хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /х.х-68-70/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандалын 8 дугаар гудамж 161 тоотод оршин суух хамтран амьдрагч асан С.Атэй архидан согтуурч, улмаар хэрүүл маргаан үүсгэн С.Агийн нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч С.А, шүүгдэгч ******* нар нь 2012 оноос 2015 оны хооронд хамтран амьдарч байсан, найз нөхдийн холбоотой болох нь тэдний мэдүүлэг болон гэрч П.Отын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар С.А, ******* нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд тооцно. Үүнд одоо тусдаа амьдарч байгаа эсэх нь хамааралгүй болно. Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч асан С.Агийн гэрт нь очиж, түүнтэй архидан согтуурч, улмаар үл ялиг зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж нүүрэн тус газарт нь цохиж зодон бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Гэвч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.06.29-ний өдрийн 667 дугаартай магадлалаар “Шүүгдэгч *******д холбогдуулан ирүүлсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлтэй нийцэхгүй, эргэлзээтэй гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, хэргийг прокуророос шилжүүлэн ирүүлсэн хэргийн хэмжээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой байна” гэх дүгнэлтийг хийж, дээр дурьдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг ирүүлсэн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлд заасны дагуу давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээр *******д холбогдох хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******гийн хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч С.Агийн биед хамар ясны хугарал, баруун зовхи, зүүн зовхины дотор буланд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 3266 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хохирогч С.А нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан журмын дагуу арилгаж нөхөн төлөхийг *******гаас шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч нь эмчилгээ, шинжилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан төлбөр зардлыг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч С.А нь тухайн гэмтэлтэй холбоотой төлбөр зардлыг өөрөөсөө гаргасан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж, *******гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жичдээ нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-55/ нотлогдож байна.
Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин хохирогчийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас бие хамгаалах чадваргүй байгааг далимдуулан цохиж зодсон нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Дээрх нөхцөл байдлыг болон хохирогч С.А “гомдол санал хүсэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан, ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан прокуророос санал болгосон “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тухайн ялаас чөлөөлөх” тухай саналыг хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ш овогт Сийн Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овогт Сийн Дд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Ш овогт Сийн Дд шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч С.А нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.А нь цаашид эрүүл мэндэд учирсан гэмт хорыг арилгахтай холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч *******гийн оршин суух газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ