Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Ш.Батсүх,

хохирогч Э.Б,

өсвөр насны шүүгдэгч А.А, түүний хууль ёсны төлөөлөгч Л.А, өмгөөлөгч Ц.Сайнбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Агийн Ат холбогдох эрүүгийн 2217000000052 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Өсвөр насны шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Агийн А /РД:МК/, Д аймгийн Д суманд 2006 оны 03 дугаар сарын 09ий өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, .... ангийн сурагч, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эгч, ах, 2 дүүгийн хамт амьдардаг, У. хот, Б.дүүргийн 11 дүгээр хороо, .....тоотод оршин суудаг, У хот, С. дүүргийн ..... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч А.А нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 22-23 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бидний дэлгүүрийн гадна үүдэн хэсэгт Э.Бтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт 1 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

 

1. Өсвөр насны шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Бг танихгүй, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тэмцээн дээр таньдаг болсон. Тухайн өдөр найзындаа хоол идээд Б, Т, А бид дөрөв гараад явж байхад өдөр зодолдох гээд байсан 6, 7 банди дунд Б байсан. Би А гээд хүүхэдтэй андуураад дуудахад эргэж хараад яасан гэнээ гээд цохих гэж байгаа юм шиг болохоор нь би сандарсандаа цохиод зугтаасан. Бгийн хамран тус газар нь нэг удаа цохисон. Би эгчийндээ хүүхдийг хараад амьдарч байгаад дотуур байранд орсон бөгөөд олон хоногийн амралтаар гэртээ харьдаг. Ээж минь намайг халамжилдаг. Энэ жил буцаад аав, ээж рүүгээ очих гэж байгаа. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсны улмаас баримтаар 263 908 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг одоо төлж барагдуулна. Бусдын биед санаатай гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Цаашдаа хүнтэй муудалцахгүй. Биеэ зөв авч явж дахин хэрэгт холбогдохгүй. Хохирогч Бгаас уучлалт гуйж байна гэв.

 

2. Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр тэмцээн болж байхад Чойр Сайншандыхан хоорондоо муудаад зааланд байсан бүх хүүхэд гараад сургууль заал хоёрын голд шороон зам дээр муудалцсан. Манай багийнхан хашаанаас гараагүй. Тэгээд хүрэл медалийн төлөө тоглож хожоод медалиа аваад орой 10 цагийн үед Бидний дэлгүүр ортол араас 2 хүүхэд дагаад орж ирээд юм авахгүй буцаад гарсан. Бид нарын гарахад гадаа 10 гаран хүүхэд байсан. А гэдэг хүүхэд над дээр ирээд энэ хүүхэд мөн байна гэж найзууддаа хэлсэн. Харин  нэг найз нь намайг биш гэж 3-4 удаа хэлсэн. Тэр үед би аавтай утсаар ярьж дуусаад алхаж байсан чинь ийшээ гаръя гэхээр нь би гарахгүй гээд зогссон. Тэгтэл А баруун талаар тойроод зүүн талд ирээд зүүн гараараа цохиход хамарнаас цус гараад тонгойсон чинь энэ хүүхэд биш гэж хэлээд байсан хүүхэд надад салфетка авчирч өгсөн. А над дээр ирээд чамд миний зүүн гар хангалттай шүү гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирэхэд тэд нар зугтаасан. Би ирж буцсан бензиний мөнгө 263 908 төгрөг, ирээдүйд хамрандаа хагалгаа хийлгэхэд гарах 3 000 000 төгрөг нэхэмжилж байна. Миний хамарны цөмөрснийг нь нэгдсэн эмнэлэг дээр очоод гаргуулаад эдгэсэн. Си буюу головч нь хугарсан гэж байсан. Тэрийгээ хагалгаанд орж эмчлүүлнэ. Хагалгаанд орох талаар эмнэлгийн байгууллагын дүгнэлт эсвэл өвчний түүх дээр бичигдсэн зүйл байхгүй. Хагалгаанд орно шүү гэж л хэлсэн. Одоо баримтаар 263 908 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс өөрөөр гаргаж өгч байгаа баримт байхгүй. Гомдолтой байна гэв.

 

3. Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай хүү Б 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймагт зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээнд оролцоод 2022 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 09 цагт гэртээ ирсэн. Хүүгээ ирэхэд бид хоёр хөдөө явж байгаад шөнө ирээд маргааш өглөө босоод хартал манай хүүгийн нүд нь хөхөрчихсөн, хамар, нэг нүд нь хавдсан байсан. Юу болсон талаар асуухад Говьсүмбэр аймагт хүнд зодуулсан талаараа хэлсэн. Би Дорноговь аймгийн эмнэлгээр үзүүлтэл хүүгийн хамар нь мурийсан, хамрын мөгөөрс нь цаашаа цөмөрсөн, 2 нүд хөхрөлттэй, хамрын савхан яс мурийлттай шинээр үүссэн гэмтэл байна гэж оношлогдсон. Манай хүү тэмцээнд явна гээд гэрээсээ гарахдаа зүв зүгээр гарсан, буцаж ирэхдээ хамар болон нүүрэндээ гэмтэл аваад ирсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-20 хуудас/

 

4. Насанд хүрээгүй гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 5 дугаар сургуулийн дотуур байранд байж байтал найз А гэртээ ирж хоол ид гэхээр нь Б, А гэдэг хүүхдүүдтэй хамт Аын гэрт очиж хоол идээд 21 цагийн орчим гараад байр луугаа явж байтал 3 дугаар байрны тоглоомын талбайн хамгийн урд талын үзүүрт байдаг Бидний дэлгүүрийн жаахан хойд талд 6-7 залуучууд явж байгаа харагдсан. Тэгсэн А найзтайгаа андуураад нөгөө залуучуудын араас нь хөөе гээд дуудсан чинь тэдний дундаас өндөр биетэй залуу нь хүрч ирээд яасан гэнээ гээд Аыг цохих гэж байгаа мэт цээжээрээ өөдөөс нь тулаад байсан. Тэр үед А жаахан хойшоо ухарч байгаад нөгөө залуугийн нүүр хэсэг рүү нь зүүн гараараа 1 удаа цохисон. Тэр үед нь нөгөө залуу нүүрээ гараараа хаахаар нь бид нар айгаад зугтаагаад шууд дотуур байрандаа ирээд амарцгаасан. Дараа нь А тухайн залуугийн хамарнаас цус гарсан байсан гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-22 хуудас/

 

5. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дотуур байранд байж байтал А өлсөөд байна Аын гэрт нь очиж хоол идье гэхээр нь А, Т бид 3 сургуулийн дотуур байрнаас 21 цагийн орчим гараад Аын гэрт очиж хоол идээд 21 цаг өнгөрч байхад гараад явж байтал 3 дугаар байрны Бидний дэлгүүрийн хойд талд 6-7 залуучууд явж байсан. Тэр залуучууд дунд өндөр биетэй залууг А найзтайгаа андуураад хөөе А гээд хашгиртал том биетэй, жижигхэн чихтэй залуу нь эргэж хараад бид нар дээр ирээд яасан гэнээ гээд Аын өөдөөс тулж зогсоод цохих гэж байгаа юм шиг мөрөө хөдөлгөтөл А цочоод нөгөө залуугийн баруун нүдний доод хэсэгт нь зүүн гараараа 1 удаа цохисон. Тэгээд А эргээд зугтаахаар нь бид нар түүний хойноос зугтаагаад шууд сургуулийнхаа дотуур байранд ирсэн. Маргааш нь А надад А тэр залуугийн хамарнаас цус гарсан байсан гэж надад ярьсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-25 хуудас/

 

6. Гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгаас Говьсүмбэр аймагт 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор С, Б, Б нарын хамт ирсэн. Тэмцээн 22 цагийн орчим дуусаад Политехникийн коллежийн заалнаас гараад ногоон өнгийн дэлгүүрэс ундаа аваад гараад иртэл дэлгүүрийн үүдэнд 4 эрэгтэй хүүхэд зогсож байсан бөгөөд тэр хүүхдүүд бид нарыг сайн тоголсон шүү гээд гар бариад байж байтал цаанаас нь нэг эрэгтэй хүүхэд Мо-г дууд гээд нөгөө 4 хүүхдэд хэлээд байсан. Тэр үед нөгөө хүүхдүүд яваагүй байж байтал тухайн дэлгүүрийн хойд талаас 17-18 насны эрэгтэй хүүхэд гүйж гарч ирээд Бгийн урдаас тулж зогсоод чи надтай үзнэ гээд байсан уу гэж хэлсэн. Б юм хэлээгүй, чимээгүй байж байтал цаанаас дахин 10-20 орчим хүүхдүүд гарч ирээд бид нарыг хараад зогссон. Тэгтэл сүүлд ирсэн залуучууд дундаас жижгэвтэр биетэй, саарал цамцтай, 15-16 орчим насны эрэгтэй хүүхэд Бгийн баруун талд зогсож байгаад түүний хойгуур тойрч зүүн талд нь гараад зүүн гараараа Бгийн хамар орчим нь 1 удаа цохисон. Тэгтэл Бгийн хамарнаас цус гараад хамраа гараараа дараад тонгойсон. Тэгтэл нэг нь цагдаа ирж байна гэж хашгирсан чинь нөгөө хүүхдүүд бүгд зугтаагаад алга болсон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26-28 хуудас/

 

7. Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Тэмцээн 22 цагийн орчим дуусахаар нь Политехникийн коллежийн заалнаас гараад урагшаа яваад ногоон өнгийн дэлгүүрт ороод ундаа авахаар орж байхад дэлгүүрийн баруун хойд талд байдаг тоглоомын талбай дээр байсан нэлээд олон хүүхдүүд бид нарыг заагаад мөн байна, мөн байна гээд хоорондоо яриад байгаа нь сонсогдсон. Дэлгүүрээс ундаа аваад гараад иртэл дэлгүүрийн үүдэнд 10 орчим хүүхэд ирээд зогсчихсон манай хэдтэй уулзаад байж байсан. Тэр хүүхдүүд дундаас нэг хүүхэд Мо-г дууд гэхэд нэг өндөрдүү биетэй, шар царайтай эрэгтэй хүүхэд Б дээр хүрч ирээд чи яагаад байсан бэ, ийшээ гарчих уу гээд Бгийн өөдөөс тулж зогсоод байсан. Б яасан бэ гэж хэлээд байж байтал нөгөө хүүхэд зүүн гараараа Бгийн хамар орчим нь 1 удаа цохиход хамарнаас цус гараад хамраа гараараа дараад тонгойгоод байж байтал цагдаагийн машин тоглоомын талбайн цаад талаас гараад ирсэн чинь нэг хүүхэд нь цагдаа ирж байна гэж хашгирахад нөгөө хүүхдүүд бүгд зугтаад алга болсон. Вагон дотор хамар нь хавдаад, баруун нүднийх нь доогуур хөхөрч хавдсан байсан ба хамар янгинаж өвдөөд байна гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-31 хуудас/

 

8. Гэрч С.З мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 09 цаг 25 минутад Б гэх хүн хамраа үзүүлсэн. Биеийн байдлын хувьд дунд, гадна хамрын хэлбэр алдагдсан /баруун талд цөмөрсөн, хүрэх үед бага зэрэг эмзэглэлтэй/. Хамрыг тольдож үзэхэд хамрын үүдэвч хэвийн таславч дээд хэсгээр баруун тийш мурийсан, доод самалдаг хөөнгө, ерөнхий жимүүд ялгадасгүй, онош нь хамар ясны шинэ хугарал” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36-37 хуудас/

 

9. Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай сургуулийн сурагч А нь гэнэн итгэмтгий зантай, сургуулийн дотуур байранд амьдардаг болохоор гадуур сэлгүүцэж дэмий тэнэх гээд байдаг. Багш нарын хичээл дээр хичээл хийдэггүй, залхуурдаг гэж багш нар ярьдаг. Түүнээс анги хамт олны дунд ангийхаа хүүхдүүдтэй эвтэйхэн харьцдаг. Сүүлийн үед боксын дугуйланд яваад байгаа болохоор гадуур тэнэх нь ихсээд бусадтай болж л өгвөл гар зөрүүлэх гээд байх болсон байсан. Хичээл дээр эхний цаг суусан болоод л гараад явчихдаг бусаддаа их садаа болдог гэж хэлж болно. Бусадтай нээлттэй ярилцдаг ч үнэн яриад байгаа, худлаа яриад байгаа нь мэдэгддэггүй, Ерөнхийдөө жаахан худлаа ярьдаг. 2021 оны 11 дүгээр сараас хойш цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан гэсэн. Дотуур байранд архи согтууруулах ундаа үнэртүүлсэн байдалтай орж ирсэн гээд нэлээд асуудал гаргадаг хүүхэд. Мөн коллежийн хүүхдүүдтэй зодолдсон асуудлаар цагдаагийн байгууллагад дуудагдаж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40-41 хуудас/

 

10. Шинжээч У.Энхмаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б ирэхдээ нүд бүрэлзэнэ, нүдний угаар өвдөнө, хамар битүүрнэ, хөндүүрлэнэ гэсэн зовуурьтай, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралттай, доод зовхи, хамрын нуруу, доод уруулд зулгаралттай, хамар тэмтрэлтээр эмзэглэлтэй, хамрын амьсгал баруун талд саадтай байсан. Эмнэлгийн бичиг баримтыг шинжлэн судлахад хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд тогтоогдсон. Эдгээрийг үндэслэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, зовхи, хамрын нуруу, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Доод уруулын зулгаралт гэмтэл нь мөн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 51-52 хуудас/

 

 

11. Шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02/0271 дүгээр дүгнэлтэд: Э.Бгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхины цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Учирсан баруун нүдний зовхины цус хуралт, хамрын нурууны зулгаралт, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч У.Энхмаа гэжээ. /х.х-ийн 47-48 хуудас/

 

12. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн комьпютер томографикийн кабинетийн эмчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, амбулаторын үзлэгийн бүртгэлийн хуулбар  /х.х-ийн 3-7, 76-77 хуудас/

 

13. Хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой хохирлын зардлын баримтууд /х.х-ийн 79-80 хуудас/

 

14. Өсвөр насны шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл /х.х-ийн 70-72 хуудас/

 

15. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 68 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч А.А нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 22-23 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бидний дэлгүүрийн үүдний гадна хэсэгт Э.Бтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт зүүн гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж дүгнэлээ.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч А.А нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь өсвөр насны шүүгдэгч А.А, хохирогч Э.Б нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Э, Б.Б, Т.Н, Э.Б, С.З, насанд хүрээгүй гэрч Б.Т нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02/0271 дүгээр шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгааг дурдлаа.

Мөн өсвөр насны шүүгдэгч А.А нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат нь шүүгдэгчийн гэм буруутай холбогдуулан маргаагүй болохыг тус тус дурдлаа.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд өсвөр насны шүүгдэгчийн бусдыг дээрлэхсэн харилцаанаас үүдэлтэй байна.

 

ХОЁР. Өсвөр насны шүүгдэгч А.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч А.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагч Ш.Батсүх өсвөр насны шүүгдэгч А.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, өсвөр насны шүүгдэгч А.Ат хүлээлгэсэн хүмүүжлийн чАтай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгах саналыг,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат өсвөр насны шүүгдэгч А.Аын хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн өсвөр насны шүүгдэгч А.А нь сурагч тул  сурч боловсрох, төлөвших, хүмүүжих насан дээрээ явж байгаа зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулахгүйгээр хүмүүжлийн чАтай албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулах гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч А.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, баримтаар нотлогдсон хохирлыг төлсөн болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагч, өмгөөлөгч нараас гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналуудыг хүлээн авч, өсвөр насны шүүгдэгч А.Ат ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чАтай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч А.Ат хянан хүмүүжих хугацаандаа зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, хүлээлгэсэн хүмүүжлийн чАтай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

Мөн шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч А.Аын эх Л.А нь өөрийн хараа хяналтанд байлгаж хүмүүжүүлнэ гэснийг харгалзан өсвөр насны шүүгдэгч А.Аыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Э.Бд учирсан хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар: Хохирогч Э.Бгийн бие махбодид хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учирчээ. Хохирогч Э.Б нь шүүх хуралдаанд нийт гарсан зардал баримттай 263 908 төгрөг, хамранд хагалгаа хийлгэхэд гарах 3 000 000 төгрөг тус тус нэхэмжилсэн байна.

Хавтаст хэргийн 79-р хуудсанд авагдсан баримтуудаар нийт 263 908 төгрөгийн гэм хорын хохирлын тогтоогдсон ба хохирлыг шүүх хуралдааны явцад төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд өгсөн хохирол төлсөн талаарх баримтаар тогтоогдож байна.

Харин хохирогч Э.Бгийн хамарт учирсан гэмтэлдээ мэс засал хийлгэх эмчилгээний зардалд нэхэмжилсэн 3 000 000 төгрөгийн талаарх нотлох баримт хэрэг авагдаагүй учир нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Агийн Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Ат ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чАтай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Ат хянан хүмүүжих хугацаандаа зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Ат хүлээлгэсэн хүмүүжлийн чАтай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Аын хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгч А.Аын эх Л.Ад даалгасугай.

 

6. Өсвөр насны шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Э.Бг хамарт учирсан гэмтэлдээ мэс засал хийлгэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БАТТУЛГА