Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Оюун |
Хэргийн индекс | 116/2021/0003/З |
Дугаар | 116/ШШ2021/0006 |
Огноо | 2021-03-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 116/ШШ2021/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, регистрийн дугаартай, ...овогт ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн СХХХ холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “...Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч ...аймгийн СХХ-ийн дарга *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******нхнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020.05.20-21-ний өдрүүдэд Стандарт хэмжилзүйн газар /цаашид СХЗГ гэх/-аас 3 хүний бүрэлдэхүүнтэй аудитын баг манай хэлтэст ирж, MNS ISO/IES 17065 стандартын хэрэгжилт, стандартын дагуу дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ хийсэн байдалд үзлэг, дүн шинжилгээ хийх, мөн байгууллагын санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж арга зүйн зөвлөмж өгч байсан. Энэ тухай тайлангаа Стандарт, хэмжил зүйн газрын 2020.06.18-ны өдрийн 03/521 дугаартай албан бичгээр манай хэлтэст ирүүлсэн. Уг тайлангийн 1-р зүйлийн 3-т дурдсанаар намайг СХЗГ-07-ЧГА/ББ-01/03/ дугаар Стандарт хэмжил зүйн газрын Чанарын гарын авлагын /цаашид ЧГА гэх/ 7.4.1 заалтыг мөрдөхгүй зөрчиж байна гэсэн.
Манай Дорнод аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь Стандарт хэмжил зүйн газрын итгэмжлэлийн албаар итгэмжлэгдсэн үйл ажиллагаа явуулах эрхээ авч ажилладаг бөгөөд үүний дагуу тус хэлтэс нь 2016.12.12-ноос 2020.12.12-ныг хүртэл 4 жилийн хугацаатай итгэмжлэгдэн үйл ажиллагаа явуулж байна. Ингэж итгэмжлэгдэхээ байгууллага үйл ажиллагаандаа мөрдөх, Чанарын гарын авлагыг /СХЗХ-ЧАГ-03:2016/ MNS ISO/IES 17065:2013-ын дагуу боловсруулж, хэлтсийн даргаар батлуулан мөрдөж ажиллаж байсан. Энэ чанарын гарын авлаган дээр 7.4.1 гэсэн заалт байхгүй. Харин 2020 оноос манай хэлтэс нь босоо удирдлагатай болсны дагуу СХЗГ-ын баталгаажуулалтын албатай нэг ЧГА-тай мөрдөж ажиллахаар болж, энэхүү СХЗХ-07-ББ-01(03):2016 чанарын гарын авлагыг 2020.06.25-нд албан тоотын хамт манай хэлтэст ирүүлсэн ба энэ нь аудитын баг ирж ажилласнаас нэг сарын дараа юм. Харин энэ ирүүлсэн ЧГА дээр 7.4.1 заалт байгаа ба бидний мөрдөж эхлээгүй, тухайн үед мэдэхгүй байсан ЧГА-ын заалтыг зөрчсөн гэсэн нь зүйд нийцэхгүй болно. Тэгэхээр нэгдүгээрт, миний мэдэхгүй буюу Стандарт хэмжилзүйн газарт мөрдөж байсан ЧГА-ыг үндэслэн арга хэмжээ авсан байх ба үүнээс болж намайг Монгол Улсын MNS ISO/IES 17065 Тохирлын үнэлгээ. Бүтээгдэхүүн үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага”, Стандарт хэмжил зүйн газрын даргын 2018 оны А/254 дүгээр тушаалаар батлагдсан “Монгол Улсад бүтээгдэхүүн ажил үйлчилгээний баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах нийтлэг журам”, “Стандарт хэмжил зүйн даргын 2019 оны А/99 дүгээр тушаалаар батлагдсан “Баталгаажуулалтын шинжээчийн дүрэм”-ийг тус тус мөрдөж ажиллаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байсан. Тэгээд ч Монгол Улсад мөрдөгдөж буй “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн 12.1-д зааснаар стандартыг сонгон хэрэглэх ба тухайн стандартад заасны дагуу хэрвээ үл тохирол илэрвэл залруулах арга хэмжээг авдаг болохоос стандартыг үндэслэн сахилгын арга хэмжээ авдаггүй. Хоёрдугаарт гэвэл баталгаажуулалтын байгууллагын тохирлын үнэлгээний ажлаар арга хэмжээ авах бол ******* даргад арга хэмжээ авах ёстой байсан бөгөөд учир нь тэрээр баталгаажуулалтын байгууллагын болон СХХ-ийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн даргаар ажилладаг. Баталгаажуулалтын зөвлөл нь бүтээгдэхүүн, үйлчилгээний тохирлын үнэлгээний ажлын тайлан, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэр гаргаж ажилладаг. Гэтэл Стандарт, хэмжил зүйн газраас ******* д арга хэмжээ ав гэж ирсэн, мөн Стандарт хэмжил зүйн газраас гомдлын хариу ирээгүй байхад надад тушаал гаргаж арга хэмжээ авсан зэргээс харахад энэ нь зориуд худал арга хэмжээ авсан байх магадлалтай. Учир нь: би урд нь 2 ч удаа ажлаас халагдах хүртэл арга хэмжээ авахуулж байсан билээ. 2020.09.03-ны өдөр Стандарт хэмжил зүйн газарт гомдол гаргаад энэ тухайгаа хэлтсийн даргад мэдэгдсээр байтал хариу ирээгүй байхад хэлтсийн дарга яаран 2020.09.15-ны өдөр надад сахилгын арга хэмжээ авсан.
Үүний дараа надад Стандарт хэмжил зүйн газарт гаргасан гомдлын хариу 2020.09.21-ний өдрийн 03/729 тоот албан тоотоор ирсэн. Энэ гомдлын хариуг би хүлээн зөвшөөрөөгүй учраас Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс надад 2020.12.02-ны өдрийн 01/2034 тоот албан бичгээр хариу ирүүлсэн ба би уг хариуг 2020.12.21-ний өдөр хүлээн авсан. Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн хариунд надад ямар хуулийн аль заалтыг зөрчсөнийг тодорхойлж бичээгүй мөртлөө сахилгын шийтгэл оногдуулсныг үндэслэлтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2020.09.15-ны өдрийн Б/11 тоот сахилгын шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч СХХ-ийн дарга ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль 2018.07.01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. 2015 онд хэлтсийн даргыг аймгийн Засаг дарга томилж байсан бол шинэ хууль батлагдан, босоо удирдлагатай болсноор Стандарт хэмжил зүйн газрын дарга томилдог болсон. Мөн мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хяналт шалгалт, аудит хийх зэрэг бүхий л үйл ажиллагааг Стандарт хэмжил зүйн газраас явуулдаг болсон.
Стандарт, хэмжил зүйн газрын Стратегийн бодлого, төлөвлөлт дотоод аудитын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний баг 2020.05.20, 21-ний өдрүүдэд тус хэлтсийн үйл ажиллагаанд ээлжит хяналт, шалгалт хийсэн. Дээрх хяналт шалгалтаар мэргэжилтэн ******* , ******* нар нь Монгол Улсын MNS ISO/IEC 17065 “Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага”, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2018 оны А/254 дүгээр тушаалаар батлагдсан “Монгол Улсад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах нийтлэг журам”, Стандарт хэмжил зүйн газрын даргын 2019 оны А/99 дүгээр тушаалаар батлагдсан “Баталгаажуулалтын шинжээчийн дүрэм”-ийг тус тус мөрдөж ажиллаагүй зэрэг дүгнэлт гаргасан бөгөөд Стандарт хэмжил зүйн газраас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасны дагуу арга хэмжээ авч хариуг мэдэгдэх талаар 2020 оны 01/616 дугаар албан тоот ирүүлсэн.
Хяналт шалгалт хийгээд ганцхан ******* д арга хэмжээ авсан юм биш. Түүнчлэн “...сонсох ажиллагаа хийгээгүй...” гэж байна. Би 2020.08.01-ний өдрөөс ээлжийн амралтаа эдлээд, 2020.09.03-ны өдөр ажилдаа оронгуутаа ******* г өрөөндөө дуудаж “...ийм бичиг ирсэн байна...” гээд ярилцсан. Би ажилдаа ороод маргааш нь тушаалаа гаргачихсан зүйл байхгүй. 12 хоногийн дараа буюу 2020.09.15-ны өдөр тушаалаа гаргасан. Мөн төсвийн шууд захирагч өөрөө санаачилж арга хэмжээ авсан зүйл байхгүй. Дээд газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* гийн, Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг[1] хавтас хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлж дүгнэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хариуцагч Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/11 дүгээр тушаалаар[2], ******* , ******* нарт Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2, Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 01/616 албан бичиг[3], Байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1б дэх заалтуудыг баримтлан албан тушаалын цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хариуцагч сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ: Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст, Стандарт, хэмжил зүйн газрын Стратегийн бодлого, төлөвлөлт дотоод аудитын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний баг, 2020 оны 05 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд тус хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг “Стандарт, хэмжил зүйн газрын даргын баталсан удирдамж” ...холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хянан шалгаж, Монгол Улсын MNS ISO/IEC 17065 “Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага”, Стандарт хэмжил зүйн газрын даргын 2018 оны А/254 дүгээр тушаалаар батлагдсан “Монгол Улсад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах нийтлэг журам”, СХЗГ-ын 2019 оны А/99 дүгээр тушаалаар баталсан “Баталгаажуулалтын шинжээчийн дүрэм”-ийг тус тус мөрдөж ажиллаагүй үндэслэлээр шинжээч ******* , ******* нарт сахилгын шийтгэл ногдуулсан гэжээ.
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд[4]: “...MNS ISO/IEC 17025, MNS ISO/IEC 17065 стандартын хэрэгжилт, стандартын дагуу дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ хийсэн байдалд үзлэг, дүн шинжилгээ хийх, арга зүйн зөвлөмж өгөх” чиглэлээр хяналт шинжилгээ явуулахад -MNS ISO/IEC 17025 стандартын шалгах хуудас ашиглан дотоод аудит хийсэн тухай нотлох баримт байхгүй, удирдлагын дүн шинжилгээг хийгээгүй, MNS ISO/IEC 17065 стандартын дагуу боловсруулж, 2020.01.02-ны өдөр БТБГ-ын даргын баталсан чанарын гарын авлага, холбогдох баримт бичгийг үйл ажиллагаандаа бүрэн ашиглаагүй, Итгэмжлүүлэх тухай өргөдөл, хүсэлтийг итгэмжлэлийн газарт хүргүүлсэн боловч дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ хийсэн тухай нотлох баримт байхгүй ...зэрэг зөрчил, Аж ахуйн нэгжид тохирлын үнэлгээ хийхдээ шинжээч ганцаараа үнэлгээ хийдэг бөгөөд удирдамж боловсруулан хэлтсийн даргаар батлуулдаггүй, ... хэлтсийн хэмжээнд бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлөөр биш ганцхан билэг тэмдэг төдий удирдамжтай, СХЗГ-07-ЧГА/ББ-01/03/ дугаар бүхий Чанарын гарын авлагын 7.4.1 заалтыг мөрдөөгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн тайлбар, Стандарт, хэмжил зүйн газрын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03/521 албан бичгээр[5] ирүүлсэн “Хяналт шалгалтын тайлан”, 2020.09.21-ний өдрийн 03/729 албан бичиг[6], Төрийн албаны зөвлөлийн 2020.12.02-ны өдрийн 01/2034[7] тоот албан бичгүүд холбогдох баримтаар тогтоогдож байна.
Тэрээр Дорнод аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст ...хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн талаархи тайланг, Стандарт хэмжил зүйн газрын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, ...тус хэлтсийн баталгаажуулалтын шинжээч ******* , *******нар нь Монгол Улсын MNS ISO/IEC 17065 “Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага”, 2018 оны А/254 дүгээр тушаалаар батлагдсан “Монгол Улсад бүтээгдэхүүн ажил үйлчилгээний баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах нийтлэг журам”, СХЗГ-ын 2019 оны А/99 дүгээр тушаалаар батлагдсан “Баталгаажуулалтын шинжээчийн дүрэм”-ийг тус тус мөрдөж ажиллаагүй зөрчил гаргасан үйлдэлд нь хариуцлага тооцох, ...тус хэлтсийн тухайд ...хяналт шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжтэй танилцан хэрэгжилт хангалтгүй, ...дутуу хэрэгжилттэй арга хэмжээг эрчимжүүлэх, ...гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөг батлан, 2020 оны 06 дугаар сарын 25-ны дотор ирүүлж хэрэгжилтийг ханган ажиллахыг үүрэг болгосон[8] байна.
Гэтэл нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд: ...миний мэдэхгүй Чанарын гарын авлагыг үндэслэн арга хэмжээ авсан, Стандарт техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 12.1-д “Стандартыг сонгон хэрэглэх ба тухайн стандартад заасны дагуу хэрвээ үл тохирол илэрвэл залруулах арга хэмжээг авдаг” болохоос сахилгын арга хэмжээ авдаггүй, ...байгууллагын тохирлын үнэлгээний талаар арга хэмжээ авах байсан бол эхлээд хэлтсийн дарга *******од арга хэмжээ авах байсан, Төрийн албаны зөвлөлийн хариу хуулийн ямар заалтыг зөрчсөнийг тодорхойлж бичээгүй, Чанарын гарын авлагыг хяналт шалгалт хийснээс сарын дараа ирүүлсэн[9]... хэмээн мэтгэлзэж байна. -Стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 12.1.”Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандартчиллын баримт бичгийг сонгон хэрэглэнэ” хуульчилсан, СХЗГ-07-ЧГА/ББ-01(03) Чанарын гарын авлагын 7.4.1. “Баталгаажуулалтын байгууллага нь шаардлагатай арга хэмжээ авахыг зөвшөөрөх үнэлгээний үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байна. /Үнэлгээ явуулах удирдамж болон шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байна/[10]. Стандарт, хэмжил зүйн газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 08/532 албан бичгээр[11] ...чанарын менежментийн тогтолцоо. Шаардлага ISO 9001:2015, “Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага MNS ISO IEC 17065:2013 стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулж, 2020.07.01-нээс эхлэн хэрэгжүүлж ажиллах талаар үүрэгжүүлсэн байгаа бөгөөд, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019.04.12-ны өдрийн А/99 дүгээр тушаалд[12] “Баталгаажуулалтын шинжээчийн дүрэм”-ийг 2019.04.15-ны өдрөөс, 2018 оны А/254 дүгээр тушаалаар батлагдсан “Монгол Улсад бүтээгдэхүүн ажил үйлчилгээний баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах нийтлэг журам”[13] нь 2019.01.01-ний өдрөөс тус тус дагаж мөрдөгдөн хэрэгжиж байгаа нь баримтаар байгаа учир ...мөрдөгдөөгүй дүрэм, журмаар хяналт шалгалт явуулсан болох нь тогтоогдохгүй байна.
Харин ...тухайн албан тушаалтан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд, шинээр батлагдан мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, гарын авлагын хэрэгжилтийг хангаж, ажиллах үүрэгтэй бөгөөд ...шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах боломжгүйг дурдах нь зүйтэй юм.
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1. “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” заасны дагуу, дээрхи тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-д заасныг баримтлан сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “ ...шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох” мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “...захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоно” гэж хуульчилсан. Дорнод аймгийн СХХ...хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар дүгнэлт, зөвлөмж, ирсэн албан бичгийг[14] тухай бүр танилцуулсаны дагуу нэхэмжлэгч нь ... дээд шатны эрх бүхий байгууллагад гомдол[15] гаргаж шалгуулсан байдаг. Мөн нэр бүхий хоёр албан тушаалтанд хариуцлага тооцох албан бичгийн дагуу ...арга хэмжээ тооцох талаар мэдэгдэж өөртэй нь ярилцсан...[16], зэргээс үзэхэд, захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө ...хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангасан гэж үзэхээр байна.
Иймд дээрхи үндэслэлээр Стандарт хэмжил зүйн хэлтэст холбогдуулан гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2 Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч *******-ийн, Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОЮУН
[1] Хавтаст хэргийн 1-3-р хуудас
[2] Хавтаст хэргийн 5-р хуудас
[3] Хавтаст хэргийн 43-р хуудас
[4] Хавтаст хэргийн 33-40-р хуудас
[5] Хавтаст хэргийн 32-р хуудас
[6] Хавтаст хэргийн 8-р хуудас
[7] Хавтаст хэргийн 13-р хуудас
[8] Хавтаст хэргийн 32-р хуудас
[9] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[10] Хавтаст хэргийн 101-р хуудас
[11] Хавтаст хэргийн 54-р хуудас
[12] Хавтаст хэргийн 80-р хуудас
[13] Хавтаст хэргийн 71-79-р хуудас
[14] Хавтаст хэргийн 8, 13-р хуудас
[15] Хавтаст хэргийн 6, 7, 9-11-р хуудас
[16] Шүүх хуралдааны тэмдэглэлээс