Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2255

 

МАГАДЛАЛ

 

2017.10.27                                                     Дугаар 2255                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

М.З ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01909 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.З ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.О т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад мөнгө зээлсэн. Уг зээлийг өгсөн тухай мөнгө хүлээлцсэн баримтыг 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн. Мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанаар тооцогдож байгаа. Талууд хоорондоо зээлийн хүү тогтоосон учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасны дагуу зээлийн гэрээ болон мөнгө төлсөн 2 хувь баримт үйлдэж, гэрээгээ 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нотариатаар батлуулсан. Зээлдэгч үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний 1 сарын хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгч буюу зээлдэгч зээлийн гэрээний хугацааг тухайн үед мөнгөө төлөхгүй болохоор 25 000 000 төгрөг дээр төлөх ёстой хүүгээ тооцож 2 удаа зээлийн гэрээг байгуулсан. 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнээс хойш зээлдэгч ямар нэгэн мөнгө шилжүүлж өгөөгүй юм байна. Ингээд өмнөх зээлийн гэрээн дээр нэмээд дараагийн зээлийн гэрээ хийгээд явж байгаа. Энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 219.3 дахь хэсэгт заасны дагуу 25 000 000 төгрөгийн зээлийг эргэн төлөх нэмэлт хугацаа тогтоосон. Үүнийг хариуцагч тал ч хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байна. Хариуцагч тал 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ амаар байгуулагдсан, дараа нь нотариатаар батлуулсан гэдгийг өөрөө зөвшөөрсөн. Энэ бодит үйл явдал нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Зээлийн гэрээг талууд эрх тэгш, харилцан сайн дурын үндсэн дээр хүсэл зорилгоо илэрхийлэн байгуулсан. М.З  нь 4 дүгээр ангийн боловсролтой, 25 000 000 төгрөг зээлэхэд ямар ч барьцаа аваагүй явж байсан. Иймээс Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасан үндэслэл шаардлагын дагуу хүсэл зорилгоо илэрхийлэн хэлцэл хийж, нотариатаар баталгаажуулсан байдаг. Хариуцагч О.О ын Хаан банкны 5012684089 дугаартай төгрөгийн данснаас нэхэмжлэгч М.З ын Хаан банкны дансанд 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нотариатын үйлчилгээний зардал болох 51 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь Хаан банкны депозит дэлгэрэнгүй хуулга дээр харагдаж байгаа. Орлого дээр нь нотариатын мөнгө гэсэн агуулгатай М.З т шилжүүлсэн. Энэ нөхцөл байдлаас харахад зээлдэгч хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ хийсэн харагдаж байна. Талуудын хооронд олон гэрээ байгуулагдсан. 14/07 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийн хэмжээ нь         180 000 төгрөг байсан. 14/15 зээлийн гэрээнийх 360 000 төгрөг, 14/26 зээлийн гэрээнийх 432 000 төгрөг, 14/38 зээлийн гэрээнийх 540 000 төгрөг, 14/54 зээлийн гэрээнийх 720 000 төгрөг нийтдээ 5 гэрээний зээлийн хэмжээ нь өөр өөр дүнтэй тохиролцсон. Хариуцагч нэхэмжлэгчийн Хаан банкны дансанд нийт 5 эргэн төлөлтийн мөнгийг шилжүүлж байсан хуулгаас үзэхэд гэрээ бодитой хийгдсэн гэж үзэж байна. Ингээд талууд зээлийн гэрээнд эд хөрөнгө оролцуулаад нийт 12 төрлийн ширхэг гар утсыг авсан байдаг. Энэ хэрэгт авагдсан цэнхэр дэвтэр дээр бичигдсэн байдаг. Зарим нь бичигдээгүй байгаа ч гэсэн М.З  цэнхэр дэвтэр дээр жагсаагаад бичсэн байдаг. Ингээд нийтдээ 3 882 000 төгрөгийн 12 ширхэг гар утас авсан. Үүнийг дэвтэр дээр янз бүрээр бичсэн байдаг. Гар утасны цэнхэр дэвтэрт хэний дэвтэр, хэн бичсэн гэдэг нь тодорхойгүй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна. 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 66 дугаар зээлийг гэрээг нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо байгуулж, 20 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээнд хариуцагч О.О  бэлнээр 11 000 000 төгрөгийг төлсөн байсан. Мөн 334 дугаар зээлийн гэрээг байгуулахаас өмнө 9 000 000 гаруй төгрөгийг барьж ирээд энэхүү зээлийг төлсөн байдаг. Энэ нь бодит байдал дээр бичгийн хэлбэрээр нотлогдохгүй байгаа ч гэрчийн мэдүүлгээр нотлох боломж байгаа. Гэрчийг оролцуулсан шалтгаан нь энэ мөнгөө гэрчийн өөрийнх нь мөнгө, олгосон зээлд хяналт тавьдаг байсан, М.З аар дамжуулан О.О т зээл олгож байсан хүн байгаа юм. Тухайн зээлийн гэрээг байгуулах өдөр М.З т 9 000 000 төгрөгийг бэлнээр өгчихөөд 16 000 000 төгрөгийг нэмээд нийт 25 000 000 төгрөг болгож зээлж авсан акт үйлдсэн байдаг. Энэ 2 хүний хооронд 10-аад удаа зээлийн эрх зүйн харилцаа үүссэн байна. Тухайн үедээ хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулж, эргэн төлөлтөө хийгээд явж байсан нь нотлох баримтаар нотлогдож байна. Манай талаас хариуцагчийн эдийн засгийн байдлыг дордуулахгүйгээр үндсэн зээл болон түүний хүүг авъя, цаашид хугацаа сунгасан зээлийн гэрээгээр нэхэмжлэхгүй гэдэг саналаа илэрхийлж байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч талаас 25 000 000 төгрөгийг алдангийн хамт нийтдээ 37 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: М.З , О.О  гэдэг хүмүүсийн хооронд нийт 5 удаагийн зээлийн гэрээ хийгдсэн байдаг. Хамгийн анх 5 000 000 төгрөгийн гэрээ хийгдсэн, энэ мөнгийг зээлж авсаныг хүлээн зөвшөөрч байна. Тухайн 5 000 000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд төлөөд явж байх хугацаандаа нэмж 5 000 000 төгрөгийг зээлж авсан. Ингээд үндсэндээ    10 000 000 төгрөгийг зээлж авсан, хугацаагаа тохирсон графикийн дагуу төлөөд     заримыг нь хугацаа хэтрээд алданги, хүү бодогдоод байсан. Хариуцагч О.О  Тэди төвд утас зардаг. Өдрийн орлого орж ирэнгүүт байнга зээлийн хүүгээ өгдөг байсан. М.З  нь Тэди төв болон бусад худалдаа эрхэлдэг хүмүүст зээл тарааж, өдөр болгон зээлийнхээ хүүг хурааж авдаг, тэр хүмүүсийг янз бүрээр дарамт шахалт үзүүлдэг байсан. О.О  нь 10 000 000 төгрөгийн зээл авсан, 12 000 000 төгрөг болоход нь зээлийг төлсөн. Үүний дараа 12 000 000 төгрөгийн төлөөгүй зээлийн үлдэгдэл төлбөр, хугацаа хэтэрсэн нэмэгдэл хүү гэж тооцоод нэмээд 15 000 000 төгрөгийг зээлийн гэрээ хийсэн. Дараагийн сард нь 20 000 000 төгрөгийг зээлийн гэрээ, үүний дараа дахиад 2015 оны 01 сард 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн байдаг. Одоо үндэслэл болгоод байгаа 2015 оны 02 дугаар сарын 16-ны зээлийн гэрээ нь өмнөх гэрээнүүдээр уламжлагдан хийгдсэн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгаа. Дараа нь төлж чадахгүй байгаа гээд 28 000 000 төгрөг болгосон, үүний дараа 31 140 000 төгрөг гэж нэхэж байсан. Хариуцагч нь “...мөнгө хүлээлцсэн баримтаас хойш 2 хоногийн дараа 2015 оны 02 дугаар сарын 16-ны зээлийн гэрээ байгуулагдсан, тэр өдөр мөнгө хүлээж аваагүй гэсэн агуулгаар хэлсэн. Сүүлийн гэрээнүүдийг бодитоор мөнгө өгөөгүй, өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл дээр нэмээд гэрээ байгуулсан талаар нэхэмжлэгч тал тайлбарласан. Одоо бол зээлийн гэрээний дагуу төлөх мөнгө байхгүй. Өөрт нь хэрэгтэй үед мөнгө зээлдүүлсэн, тухайн үедээ ашиг олж байсан гэсэн утгаараа шүүхэд маргаан үүсэх үед 10 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрөөд нэхэмжлэгч талтай эвлэрье гэхэд зөвшөөрөөгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар О.О аас 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.З т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 174 950 төгрөг гаргуулж М.З т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435 560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдөр О.О т 25 000 000 төгрөгийг бэлнээр өгч энэ тухай баримт үйлдэн талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан. Ийнхүү Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу мөнгийг зээлдэгчид өгч зээлийн гэрээ байгуулсан байна. Энэхүү зээлийн гэрээг байгуулахдаа талууд хүү тогтоосон учраас үүнийгээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасныг тус тус үндэслэн бичгээр гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан байдаг.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа өнгөрч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгч буюу зээлдүүлэгчээс зээлийн гэрээний хугацааг сунгах хэлбэрээр 25 000 000 төгрөг дээрээ төлөх ёстой хүүг нэмж тооцон зээлийн гэрээ байгуулсан байдаг. 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 334 дугаартай зээлийн гэрээнээс хойшхи гэрээний хувьд талууд мөнгө буюу эд зүйлийг бодитоор зээлдүүлэгчид шилжүүлэн өгөөгүй байдаг бөгөөд зээлдүүлэгч өөрөө зээлийн гэрээний хугацааг сунгаж байна гэсэн ойлголтоор гэрээг шинэчлэн байгуулж талууд нотариатаар батлуулсан байдаг. Эндээс харвал Зээлдүүлэгчийн дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 219.3 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон бодит үйлдэл юм.

Талуудын хооронд 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 334 дугаартай зээлийн гэрээнд хавсаргаж 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдөр өөрсдийн гараар бичсэн бэлэн мөнгө хүлээлцсэн баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн. Тодруулбал, хэрэгт авагдсан мөнгө хүлээлцсэн баримтыг талууд мөнгөө өгч, авалцсаны дараа өөрсдийн гараар үйлдсэн байдаг бөгөөд үүнийгээ шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн байдаг. Нотариатын үйлдэл хийх зааварт эх материалд дээр нь үндэслэн хуулбар хувийг гэрчилдэг. Гэтэл хэрэгт эх материалыг нь өгөөгүй байна гэсэн агуулгаар үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна. Ер нь иргэд хоорондын зээлийн гэрээ нь бэлэн мөнгө хүлээлцсэн баримт, талуудын хоорондын итгэлцэл дээр үндэслэн хийгддэг бөгөөд "мөнгө хүлээлцсэн баримт"-аас илүү өөр ямар баримтыг үйлдэх юм билээ.

Хариуцагч нь мөнгө зээлж бизнесдээ оруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь буюу 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байсан. Үүний нэг жишээ нь өмнөх анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө 15 000 000 төгрөгт эвлэрэх санал тавьж байсан, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хурал дээр               10 000 000 төгрөгт эвлэрэх саналуудыг тавьж байснаас үзхэд 334 дугаартай зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээн авсан болохыг хариуцагчийн өөрийн тайлбараар нотлогдож байна.

2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 334 дугаартай зээлийн гэрээнээс өмнөх зээлийн гэрээнүүдийн ар талд эргэн төлөх график буюу зээл төлөх хугацаа, хэмжээг харуулсан хүснэгт байдаг. Энэхүү хүснэгтэд зээлдэгч О.О  нь зээлээ төлсөн тухай бүрдээ гарын үсэг зурж баталгаажуулж байсан. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар, дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй атлаа мөнгө хүлээлцсэн явдлыг огт мэдэхгүй, хараагүй нотариатын тайлбарыг гэрчийн тайлбарыг үндэслэн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнг 55 521 666 төгрөгт тооцож шүүхийн тэмдэгтийн хураамжид 435 560 төгрөгийг төлсөн байдаг. Үүний дараагаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж 37 500 000 төгрөг болгон багасгасан байдаг. Гэвч шүүх тэмдэгтийн хураамжийн талаар шийдвэртээ бүрэн дүүрэн тусгаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хариуцагчаас гаргуулбал зохих мөнгөний дүнг буруу тооцсон боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч М.З  нь хариуцагч О.О т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг гэж тодорхойлсон байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...зохигчдын хооронд нийт зээлийн 10 гэрээ байгуулагдсан, нэхэмжлэлд заасан гэрээний дагуу мөнгийг хүлээн аваагүй, 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авч өөрийн бизнест оруулж тодорхой ашиг олсон тул энэ мөнгийг төлөхийг зөвшөөрнө...” гэж тайлбарлажээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэлд заагаагүй гэрээний үүргийн талаар дүгнэлт хийсэн нь буруу байгаагаас гадна хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн байна.

Гэвч шүүхийн дээрх алдаа нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй, давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь 25 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлсэн ба гэрээнд заасан хэмжээний мөнгийг 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 122 дахь талд авагдсан бичмэл баримт, гэрээнийн 3-т энэ талаар тусгасан зэргээр нотлогдсон гэж үзнэ.

Хариуцагч нь 25 000 000 төгрөгийг хүлээн авсан тухай дээрх баримтад зурагдсан өөрийн гарын үсгийн талаар маргаагүй, мөнгийг аваагүй гэх тайлбараа нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч хугацаанд гүйцэтгээгүй байх тул гэрээгээр тохиролцсон алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээгээр тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний дагуу 1 сарын хүү буюу 2 000 000 төгрөг авах байтал зээлийн хүүд 3 882 000 төгрөг авсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хүүд илүү авсан 1 882 000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас гаргуулах төлбөрийн хэмжээний талаар шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01909 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хариуцагчаас 10 000 000 төгрөг гаргуулж...” гэснийг “хариуцагч О.О аас 35 618 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.З т олгож, үлдэх 1 882 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөх,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...хариуцагчаас 174 950 төгрөгийг гаргуулж...” гэснийг “336 040 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 295 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

              ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

 

                                                                 М.НАРАНЦЭЦЭГ