Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2024/0031

 

 

 

 

 

 

 

 

 

Г.М*******ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Г.М*******

Хариуцагч Ш*******

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Г.М*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/626 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал төлсөн бичилт хийхийг Ш*******д даалгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0515/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.М*******аас Ш*******д холбогдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Г.М*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/626 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалыг төлсөн бичилт хийхийг Ш*******д даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар шийдвэрээр: 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, 276 дугаар зүйлийн 276.3.3 дахь хэсэг, 281 дугаар зүйлийн 281.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.М*******ы Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Г.М*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/626 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалыг төлсөн бичилт хийхийг Ш*******д даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4-т дурдсан нэхэмжлэгч Г.М*******ы гараар бичсэн тайлбар нь хэдийгээр "хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй" гэсэн боловч тухайн хариуцлага нь албан тушаал бууруулах хэмжээний сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлгүй байсан.

3.2.Учир нь маргаан бүхий акт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/626 дугаартай "Гэрлээгийн М*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалын хууль зүйн үндэслэл нь агуулгаас зөрүүтэй байгааг шүүх анхаарч үзээгүй. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276.3.3-д “ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэл дурдсан. Харин маргаан бүхий актын агуулга нь "... Г.М******* нь албан тушаалын тодорхойлолт болох хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж хорих ангиас хоригдол оргуулан алдсан зөрчил гаргасан гэсэн байдаг.

3.3.Анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4.5-д "...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 195.5-д "Хорих ял эдэлж байгаа ялтанг хоригдол гэнэ", 245.3-д "Хамгаалалтын ажилтан нь хоригдол, бие, эд зүйл, ... өдөр, шөнийн аль ч цагт үзлэг, нэгжлэг хийнэ" гэж зааснаар биечилсэн хяналт шалгалт хийгээгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дээрх хуулийн хэм хэмжээнд дурдсанчлан Харуул, хамгаалалтын ажилтан биш бөгөөд гүйцэтгэх ажилтан байсан болно.

3.4.Мөн хариуцагчаас хоригдол оргосон гэмт хэрэгт нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/260 дугаар тушаалаар баталсан Шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа, үзлэг, нэгжлэгийн стандартын 6.5-д “Үзлэг нэгжлэг хийх тохиолдол бүрд маягтын дагуу тэмдэглэл үйлдэж хорих байгууллагын даргад даруй мэдэгдэнэ..." гэж заасныг биелүүлээгүй буюу хоригдол Ж.Алтанбаганад өөрийн биеэр үзлэг нэгжлэг хийгээгүй, байгууллагын даргад даруй мэдэгдээгүйгээс хоригдол оргуулан алдсан зөрчил гаргасан гэж үндэслэлгүй тайлбар гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ тусгажээ.

3.5.Маргаан бүхий актын үндэслэлд дурдсан Хорих ангийн харуул хамгаалалтын журмын 1.1-д "Энэхүү журмаар хорих ангийн харуул хамгаалалтын зохион байгуулалт, хамгаалалтын бүс, хамгаалалтын гүйцэтгэх чиг үүргийг тогтоож, хоригдолд байнгын хяналт тавих үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна" гэж заасан бөгөөд уг журам нь гагцхүү харуул хамгаалалтын ажилтанд хамаарах байтал гүйцэтгэх ажилтан болох Г.М*******ыг харуул хамгаалалт муугаас, үзлэг, нэгжлэг өөрийн биеэр хийгээгүйгээс хоригдол оргуулан алдсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

Дээр дурдсан Шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа, үзлэг, нэгжлэгийн стандартын 6.5-д заасан үүрэг нь харуул, хамгаалалтын ажилтны үүрэг байхад гүйцэтгэх ажилтан болох нэхэмжлэгч Г.М*******ыг буруутгасан нь үндэслэлгүй байна. Харин харуул хамгаалалтын ажилтанд үзлэг хийх чиг үүрэг өгөх үүрэгтэй ба тухайн үүргээ биелүүлсэн.

3.6.Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.7-д “…итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Г.М*******ы хувьд бол тус хорих ангид ажиллаж эхэлсэн цагаас хойш анх удаа зөрчил гаргасан. Тиймээс тухайн шийтгэл нь хүнддэж байна…" гэх тайлбарыг Г.М*******ы өмнө нь өөр хорих ангид алба хааж байх хугацаанд гаргаж байсан зөрчил, түүнд оногдуулсан шийтгэлүүд буюу 2016, 2021 оны үйл баримтыг дурдаж, тайлбар үнэнд нийцэхгүй байна…" гэж дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д "Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно" гэж заасныг зөрчиж байна.

3.7.Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 12.1-д "Алба хаагч үйл ажиллагаандаа хууль тогтоомж, эрх зүйн актаар хориглосон хэм хэмжээг зөрчсөн, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэх, урвуулан ашигласан, холбогдох журам, зааврыг баримталж ажилаагүй, тохиолдолд зөрчлийн шинж байдал анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэл оногдуулна" гэж тус тус заасныг харгалзан үзэлгүй давтан зөрчил гаргасан мэтээр дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хуульд үндэслэсэн байх шаардлагыг хангаагүй байна.

2016 болон 2021 оны үйл баримтууд түүнд шийтгэл оногдуулснаас хойш 1 жил өнгөрсөн нь түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцох үндэслэлтэй, гэтэл шүүхээс дээрх хуулийн зүйл заалтыг анхаарч үзэлгүй давтан зөрчилтэй мэтээр дүгнэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр хамгийн гол нь нэхэмжлэгчийг "хорих ангиас хоригдол оргуулан алдсан зөрчил гаргасан" гэж буруутгаж байгаа ч тухайн хоригдол хэний буруугаас, ямар шалтгаан нөхцөлийн улмаас оргосон, оргосон үйлдэлд нэхэмжлэгч шууд буруутай эсэхийг тогтоогоогүй атал ийнхүү сахилгын шийтгэл оногдуулж, түүнийг анхан шатны шүүх хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй юм” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 1044 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Алтанбаганыг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 421 дүгээр нээлттэй хорих ангид хорих ял эдэлж байхдаа оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сар хорих ялаар шийтгэгджээ.

Хариуцагчийн зүгээс хоригдол оргосонтой холбогдуулан тус хорих ангийн ахлах төлөөлөгч, хошууч Г.М*******ыг “…албан тушаалын тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн…” гэж буруутган маргаан бүхий 2023 оны Б/626 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсанаас гадна Б/598, Б/613 дугаар тушаалаар тус хорих ангийн дарга, хурандаа Б.Тамирыг “…хорих ангийн харуул хамгаалалтыг нэгтгэн зохион байгуулж, бие бүрэлдэхүүнийг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй…” гэсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлж, Хорих ял эдлүүлэх албаны Харуул хамгаалалтын хэлтсийн нээлттэй хорих анги хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон, мөн Б/624 дүгээр тушаалаар хорих ангийн харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Д.Баатарчулууныг “…харуул хамгаалалтын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй…” гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас чөлөөлөн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахлах төлөөлөгчөөр тус тус томилсон байна.

Үндсэндээ 421 дүгээр хорих ангиас хоригдол оргосон зөрчилд тус хорих ангийн удирдлагууд болох ангийн дарга, дэд дарга, ахлах төлөөлөгч нарт дээрх байдлаар сахилгын арга хэмжээ авсан, өөрөөр хэлбэл тус тусын үүрэгт ажилдаа хайнга хандсанаар хорих ангиас хоригдол оргох нөхцөлийг бүрдүүлсэн энэ тохиолдолд нэхэмжлэгчид хүлээлгэсэн сахилгын шийтгэлийг хүндэдсэн гэж дүгнэх, давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлж, цагдан хорих 461 дүгээр ангийн ээлжийн даргаар томилсон, албаны шалгалтын явцад 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлэгт хоригдол оргосон асуудалд “Таны буруутай үйл ажиллагаа байна уу, Танд сахилгын арга хэмжээ тооцоход татгалзах зүйл байна уу” гэж тус тус асуухад нэхэмжлэгчээс “…байгаа, татгалзах зүйлгүй…” гэж хариулсан нь тусгагдсан, нэхэмжлэгчээс мөн өдөр бичгээр гаргасан тайлбартаа “2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 09.00 цагийн орчим гадна заалтны хоригдол Э.Алтанбагана нь хорих ангиас оргосон. Тухайн хоригдлыг оргохоос урьдчилан сэргийлж чадаагүй тул хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй” гэснээс үзэхэд өөрийн албан тушаалын чиг үүргийн хүрээнд хоригдол оргохоос урьдчилан сэргийлж чадаагүй болохоо нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

2.Түүнчлэн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02-01/1019 дүгээр албан бичигт “…нэхэмжлэгчийг ахлах төлөөлөгчийн албан үүргээ гүйцэтгэж байсан хугацаанд аж ахуйн ажилтан, ахлах дэслэгч Ц.Сэргэлэнгийн өгсөн мэдээллийн дагуу хоригдол Ж.Алтанбаганын биед 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр биечлэн үзлэг, нэгжлэг хийж, зохих шалгалт явуулж эцэслэн шийдвэрлээгүй, энэ талаар хорих ангийн удирдлагад танилцуулаагүй, хоногийн харуул хамгаалалтын бүрэлдэхүүнд үүссэн нөхцөл байдал болон болзошгүй эрсдэлийн талаар урьдчилан анхааруулж үүрэг өгч, таслан зогсоох бүрэн боломжтой байсан боловч тухайн өдрийн ажлыг дуусгаж, албан тушаалын тодорхойлолтод заасан үүрэг, Хорих ангийн даргын 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан объект хариуцуулсан болон ажил үүргийн хуваарьт заасан ажил, үүргээ бүрэн биелүүлээгүйгээс хоригдол оргох нөхцлийг бүрдүүлсэн…” гэжээ.

            Энэ нь Г.М*******ы хоригдол оргохын өмнөх өдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр болсон үйл явцын талаарх дээр дурдсан мэдүүлгээр, тухайлбал тэрбээр гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий албан хаагчийн хувьд хоригдол Ж.Алтанбаганад гар утас байсан эсэх талаарх мэдээллийн мөрөөр биечлэн үзлэг шалгалтыг хийлгүйгээр доод албаны хүнд үүрэг өгсөн, мөн тухайн үед хоригдлын гаргасан тайлбарт итгэж цааш нь нягтлан шалгах, холбогдох алба хаагчдад цаг алдалгүй мэдээлэх үүргээ биелүүлээгүй зэргээр тогтоогдож байна.

            3.Хэдийгээр нэхэмжлэгч нь хорих ангийн харуул хамгаалалтын алба хаагч биш боловч гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх бүхий этгээдийн хувьд хоригдол биедээ гар утастай байж болзошгүй мэдээллийн мөрөөр гүйцэтгэх ажиллагаа явуулах чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, үүнийгээ ч нэхэмжлэгч үгүйсгээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлийн 276.3.3-т заасан “ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлтэй.  

            Мөн тушаалын үндэслэл болсон “Хорих ангийн харуул хамгаалалтын журам”-ын 1.1-д “…хоригдолд байнгын хяналт тавих үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна” гэсэн нь нэхэмжлэгчийн албан тушаалын чиг үүрэгт хамаарах харилцаа бөгөөд уг журмыг зөвхөн харуул хамгаалалтын ажилтанд л хамааралтай гэж тайлбарлаж болохгүй.

            Хэрэгт авагдсан Г.М*******ы ажлын байрны тодорхойлолтод гүйцэтгэх ажлын хүрээнд ямар чиг үүрэгтэй талаар тодорхой тусгасан, гэвч нууцын зэрэглэлтэй ирүүлсэн нотлох баримтыг үүнээс илүү дэлгэрэнгүй магадлалд тусгах боломжгүй болохыг тэмдэглэв.

            4.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийг гүйцэтгэх ажилтан байсныг үгүйсгээгүй, түүнчлэн Г.М******* үнэхээр л хоригдол оргосон үйлдэлд ямар ч буруугүй, ажлын хариуцлага алдаагүй байсан бол хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй гэж тухайн үед “зөвшөөрөхгүй” байх боломжтой юм.

            Харин өмнө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны Б/31 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсантай холбогдуулан давтан зөрчил гаргасан гэж нэхэмжлэгчийг огт буруутгаагүй энэ тохиолдолд чухам ямар зорилгоор нэхэмжлэгчид урьд ногдуулсан цалинг 20 хувиар 1 сарын хугацаатай бууруулах шийтгэлийн талаар шүүхийн шийдвэрт дурдах болсон нь ойлгомжгүй, мөн тушаалд “…хорих ангиас хоригдол оргуулан алдсан…” гэсэн нь бичиглэлийн хувьд зохимжгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.М******* нь хоригдол Ж.Алтанбаганыг оргуулаагүй, алдаагүй, гагцхүү ийнхүү оргохоос урьдчилан сэргийлэх чиг үүргээ хангалттай авч хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчид албан тушаал бууруулах шийтгэл хүлээлгэсэн байх бөгөөд энэ нь Төрийн албаны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон тушаалд үндэслэсэн бусад журамд тус тус нийцсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                         Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН