Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/54

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгч Б.Баттулга, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэйгээр

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

иргэдийн төлөөлөгч Х.Өсөхбаяр,

улсын яллагч Ш.Батсүх,

насанд хүрээгүй хохирогч А.А, түүний хууль ёсны төлөөлөгч                                                                                                          Т.Б,

шүүгдэгч  Б.А, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, А.Шинэгэрэл,

шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч П.Наранхүү,

шүүгдэгч, хохирогч Д.О, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Бын Т, Ц овогт Бийн А, Б овогт Тийн Х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Дийн О нарт холбогдох 2117000570009 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар Төмөр зам, 3 дугаар анги, ... ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт /... тоотод оршин суух бүргэлтэй/ одоо ........... тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Ц овогт Бийн А /РД:УИ/,

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 22-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Төмөр замын холбогч, найруулагч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт /.... тоотод оршин суух бүртгэлтэй/ одоо .... тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Г овогт Бын Т /РД:ЗН/,

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 22-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замч мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт .... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Тийн Х /РД:НФ./,

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 29-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, машинч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, /... тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй/ одоо ... тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Х овогт Д-ийн О /РД:ЕЙ./,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгт байрлах 2 давхар цагаан өнгийн байрны гадна талд Д.Отой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг Б.Т, Т.Х нартай бүлэглэж зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгт байрлах 2 давхар цагаан өнгийн байрны гадна талд Д.Отой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг Б.А, Т.Х нартай бүлэглэж зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Т.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгт байрлах 2 давхар цагаан өнгийн байрны гадна талд Д.Отой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг Б.А, Б.Т нартай бүлэглэж зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгт байрлах, 2 давхар цагаан өнгийн байрны гадна талд насанд хүрээгүй хохирогч А.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун гар луу чулуу болон төмрөөр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хурууны алга ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, шүүгдэгч Д.Оод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2117000570009 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2021 оны 07 дугаар сард баяр наадмын өдрийг тааруулан аав ээждээ очсон байсан. Тухайн үед манай 16 дугаар зөрлөгт байдаг гэр маань цоожгүй учраас 2 дүүгээ гэртээ үлдээсэн. Орой нь 1 цагийн үед А над руу утсаар яриад О ах гэрт оруулахгүй байна гэхээр нь цагдаад хэлсэн юм уу гэхэд хэлсэн гэсэн. Удалгүй 1 цаг 30 минутын дараа манай эхнэрийн дүү А.А манай эхнэр лүү утсаар залгаад та хэд ирэх болж байна уу, бид хэдийг гэрт оруулахгүй хөөгөөд байна гэхээр нь эхнэр бид 2 очих гээд машиндаа суухад Т.Х машинд суусан байхаар нь яах гэж байгаа юм бэ гэж асуусан. Тэгтэл Ттой очиж уулзъя гэсэн. Б.Тийн эхнэр нь чи явж яах гээд байгаа юм бэ гэж байсан Б.Т  машинд суусан байсан. Тэгээд бид хэд дүү нараа гэрт нь оруулах зорилготой 16 дугаар зөрлөгт ирсэн. Биднийг ирэхэд 3 хүүхэд оруулаагүй, орцны үүдэнд зогсож байсан. Юу болсон юм бэ гээд машинаас буугаад очтол Д.О ах орцны үүднээс гарч ирсэн. Та яагаад хүүхдүүд гэрт нь оруулахгүй байгаа юм бэ? гэсэн чинь хром өмсцөн чадахгүй банди минь чи хэн юм бэ гэхээр нь яасан гэнээ гэсэн чинь намайг цохиод авсан. Тэгээд бид 2 бие биенээ харилцан 1-2 удаа шанаа, эрүү лүүгээ цохилцсон. Д.О ах намайг унагаах гээд дайрахад нь Т.Х манай эхнэртэй намайг салгаж авсан, Б.Т Д.О ахыг салгаж авсан. Салаад зогсож байтал манай эхнэрийн дүү А.А яаж цохисон талаар бичлэг хийсэн байсан. Тэр бичлэгийг нь үзэж байгаад энэ хэдийн хооронд юу болсныг анзаараагүй. Миний тухайд дүү нараа гэрт нь оруулах зорилготой ирсэн, Д.О ахтай зодолдох зорилготой ирээгүй. Хэрвээ би зодох зорилготой ирсэн бол салчихаад араас нь хөөгөөд зодох байсан байх гэв.

 

2. Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тухайн өдөр баярын өдөр байсан. Би Наран-Элгэн зөрлөгт жижүүрийн ажил хийдэг, тухайн үед манай зөрлөгийн дарга амарчихсан, би зөрлөгийн даргын ажлыг орлож хийж байсан. Тухайн өдөр би өглөө 8 цагаас орой 20 цаг хүртэл ээлжинд гараад буусан. Баярын өдөр байсан болохоор зөрлөгүүдээр архидалт их байсан. Хэрэг болдог өдөр ажлаа тараад 22 цагийн үед дарга ирээд ууж, идээд байгаа асуудлаа больцгоо, хүмүүсээ амраа гэсэн чиглэл өгөөд явсан. Т.А Т.Б, Т.Х бид хэд 0.75 EDEN гэдэг нэртэй архи уусан, ууж дуусаагүй байхад Б.А руу дүү нь залгасан. Мөрдөн байцаалтын үед өгсөн миний мэдүүлгээс дурьдаагүй үлдсэн их зүйл байна. Эхний удаагийн мэдүүлэгт тодорхой зүйлүүдийг хэлсэн. Үнэн гэж гарын үсэг зурсан нь ерөнхий утга нь адилхан байгаа болохоор гарын үсэг зурсан. Эхлээд  Т.Аы утсанд дуудлага ирээд О ах бид нарыг зодоод, хөөгөөд байна гээд амьсгаадаад ярьж байхыг сонссон. Б.Аыг явахад нь би хамт явъя гэсэн. Яагаад тэгсэн бэ гэхээр манай зөрлөгт О гэж залуу ажилладаг, ажил хэргийн хувиар зохицуулъя гэж бодсон. Д.О ах байсныг мэдээгүй. 16 дугаар зөрлөг дээр очиход Д.О ах орцны үүдэнд зогсож байсан. Хүүхдүүд ороогүй байж байсан. Б.А машинаасаа буугаад Д.О ахтай 1-2 удаа цохилцсон. Т.Б, Т.Х хоёр Б.Аыг салгаад авч явсан. Би Д.О ахыг салгаад аваад үлдтэл над руу дайраад миний хөмсгийг тас цохисон. Тэгэхээр нь би түлхээд зууралдаад байж байтал Т.Х, Т.Б хоёр Б.Аыг цаана үлдээгээд намайг салгаж авсан. Салахдаа хөлөөрөө өшиглөсөн, тэрнээс биш унагаагаад дэвссэн зүйл байхгүй. Хүмүүс мэдүүлгээ янз янзаар өгсөн байна. Д.О ах бид хоёр салсны дараа Д.О ах урагшаа гүйсэн, гэрч Ж.П миний дүү зугтаарай, больцгоо гэж орилсон. Д.О ахын хойноос Т.Х гүйгээд явсан. Бид хэд ногоон байшингийн үүдэнд гэрэлний доор хүүхдүүдээс юу болсныг асуугаад сууж байтал хэсэг хугацааны дараа Т.Х ирсэн, ирэхдээ футболк нь урагдаад цус болчихсон, таавчигаа солиод өмссөн, нэлээн амьсгаадчихсан ирсэн. Юу болсныг асуухад олдсонгүй гэж хэлсэн. Цаана харанхуйд юу болсныг мэдээгүй. Энэ зодоон тийм удаан үргэлжилсэн зодоон болоогүй, зурвасхан л зүйл болж өнгөрсөн. Б.А, Д.О ах бид 3 эрүүлжүүлэхэд хамт орсон. Маргааш нь Чойрын эмнэлэгт Д.О ахыг үзүүлсэн, нэлээн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Б.А, Д.О ах бид 3  цагдаад мэдүүлэг өгөөд цагдаагийн гадаа өнжсөн. Тэгэхэд Д.О ах намайг зодсон хүн энд байхгүй байна гэж байсан. Т.Х намайг харанхуйд ухаан алдтал зодсон гэж хэлсэн. Миний хувьд Т.Х Д.О ахад гэмтэл учиртал зодсон гэж бодож байна гэв.

 

3. Шүүгдэгч Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2021 оны 07 дугаар сарын 11-ны орой 18 цагийн үед Улаанбаатар хотоос ирсэн. Цаг агаар муу, үер бороо орох юм шиг байна гэж ажлаас дуудсан. Гэртээ ороод хоол, цайгаа уучихаад 22 цагийн үед Т.А, Т.Б, Б.Т нартай уулзсан. Тэгээд 0.75 EDEN гэдэг нэртэй архи уусан, ууж дуусаагүй байхад Б.А руу дүү нь залгасан. О ах бид нарыг хөөгөөд гэрт оруулахгүй байна гэж байсан. 16 дугаар зөрлөг дээр О гээд манай замчин байдаг юм, тэр залууг гэж бодсон. Т.А, Т.Б хоёрыг явлаа гэхээр нь хамт ажиллаж байсан Т гэдэг найзтайгаа очиж уулзъя гээд 16 дугаар зөрлөг рүү хамт явсан. Очоод машинаасаа буухдаа ална гэж орилсон асуудал байхгүй. Д.О орцны үүдэнд зогсож байсан. Хүүхдүүд ороогүй байж байсан. Б.А машинаасаа буугаад Д.Отой 1-2 удаа цохилцсон. Т.Б, бид хоёр Б.Аыг салгаад авч явсан. Б.Т, Д.Оыг салгаад аваад үлдсэн. Эргээд харахад Б.Т, Д.Оыг унагаачихсан толгой дээр нь дэвсэж байхыг би харсан. Би очиж тэр хоёрыг салгатал Д.О урагшаа гүйгээд явсан. Д.О өмнө нь осолд ороод толгойндоо хүнд бэртэл авч байсныг мэддэг болохоор санаа зовоод араас нь очтол гэнэт хажуунаас орж ирээд футболкноос татаад урчихсан. Цааш нь түлхтэл таавчиг сугараад  нэг таавчиг таарахаар нь өмстөл солигдсон байсан. Тухайн шөнө саргүй гадаа маш харанхуй байсан. Насанд хүрээгүй гэрч Д.Оа, гэрч Ж.П гээд байгаа хүмүүс тэр харанхуй шөнө хажуу талаас гарч ирж байгаа хүнийг харахааргүй харанхуй байхад хажууд хараад зогсож байсан юм шиг ярьсан. Тухайн үед Д.Оыг зодох зорилготой байсан бол Б.А, Б.Т хоёртой зодолдож байхад нийлээд хамт зодох байсан. Д.Оод учирсан гэмтэл нь Б.Т толгой дээр нь дэвссэнээс болсон гэж бодож байна гэв.

 

4. Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр аав, ээждээ ирсэн. Аав өмнө нь надад хэлж байсан юм. Манай төрсөн эгч Д.Оийн хүүхэд Аийг тамхи татаад байна. Дэлгүүрт 100 000 гаруй төгрөгийн тамхины өртэй байна гэж хэлсэн. Тухайн хэрэг болдог орой хамт ажиллаж байсан 2 залуутайгаа 0.75 хэмжээтэй архи хувааж уучихаад ирсэн юм. Гэр лүүгээ орох гээд очтол А, Т, А 3 тамхи татчихсан зогсож байсан. Би очоод дүүгээ загнитал над руу салаавч гаргаад, чамд хамаагүй, чи миний эцэг юм уу гээд гурвуулаа намайг тойроод төмрөөр цохисон. Би аргагүй байдалд орж амиа хамгаалах гээд нэг хүүхдийнх нь төмрийг авч гар луу нь цохисон байх гэж бодож байна гэв.

 

5. Насанд хүрээгүй хохирогч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн өдөр би гэртээ байж байсан. Манай үеэл болон А гадаа байж байсан. Гадаа хашгираан болоод байхаар нь цонхоор харсан чинь Л.О манай үеэлийг өшиглөчихсөн зогсож байсан. Намайг орцноос гарахад Аийг заамдчихсан зогсож байсан. Би очоод ахаа болиоч гэсэн чинь хол байгаарай ална шүү гэсэн. Аийн төрсөн эгч нь ээждээ очиж хэлээд О эгч гарч ирсэн. Тэгсэн чинь бид хэдийг хөөгөөд, чулуу шидээд ална гээд байсан. Зугтаад гүйж байхдаа А манай ах руу ярьсан гэсэн. Би гэртээ орох гээд баригдчих гээд айгаад орж чадахгүй байсан. Тэгээд би эгч рүүгээ залгаад хэзээ ирэх юм бэ, гэр лүүгээ орж чадахгүй байна гэж хэлэхэд удахгүй очлоо гэсэн. Удалгүй ах эгч 2 ирсэн. Тэр үед төмрөөр цохисныг харсан гэрч гээд байгаа П эгч тэнд байгаагүй, сүүлд согтуу ирсэн. Үнэн зөв зүйл яриасай гэж бодож байна. Бид хэд 2 цаг гаруй зугтааж гүйсэн. 2 цагийн үед манай ах ирээд хэн оруулахгүй байгаа юм бэ гэхээр нь би зааж өгсөн. Ах очоод яагаад дүү нар оруулахгүй байгаа юм бэ гэсэн чинь чи муу хром өмсчихсөн чадахгүй банди яах гэж байгаан гээд шууд цохиод авсан. Манай ах зөрүүлээд 1-2 удаа цохисон 6-7 цохисон зүйл байхгүй. Миний тухайд гарандаа гэмтэл авчихаад мөнгө нэхсэн асуудал байхгүй, надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй, гомдолтой байна гэв.

 

6. Хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Надад их гомдолтой байна. Би энэ хүмүүсийг танихгүй, Т.Хын царайг нь харж байсан. Энэ хүмүүс надтай уулзах бүртээ хэдэн төгрөг авах юм, гомдолгүй гэж хэлээд өгөөч гэдэг. Б.А энэ жилийн цагаан сараар шинийн 1-ний өдөр над руу залгаад чамайг ална, байгаа газар чинь очиж ална гэж намайг байнга заналхийлж байна. Надад амьд явах баталгаа алга. Энэ хэдийн өгсөн 15 000 000 төгрөг тухайн үед эмчилгээнд хүрэлцээгүй, хувиараа ажил хийдэг байсан, машин лизингээр аваад банкинд өртэй, цалингийн зээлтэй байсан, зээлээ төлж чадахгүй бүтэн жил ажилгүй байлаа. Одоо би эмчилгээ хийлгэмээр байна. Миний толгой их өвддөг болсон, унаж, татдаг болсон. Шүүгдэгч нар нь миний биеийн байдлыг огт асуугаагүй, өөрсдийнхөө эрх зүйн байдлыг дандаа ярьдаг. Шүүгдэгч нараас эмчилгээний зардал болон ажилгүй байсны 25 000 000 төгрөг авмаар байна гэв.

 

7. Шинжээч эмч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Авсан даруйдаа гэдэг нь энэ гэмтлийг тухайн хүний толгойд учрууллаа гэхгүй ерөнхийдөө зэрэг илрэх шинж тэмдэг биш. Бага багаар дараалалтай. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч аль нь түрүүлж илрэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ ийм гэмтэл авсан хүн гэмтэл авсан даруйдаа зовиур, шаналгаа байхгүй, энгийн хүн шиг байхгүй. Тэгэхээр тухайн хүнд ямар нэгэн зовиур илэрнэ. Илэрч байгаа асуудал нь ухаан алдах, толгой маш хүчтэй өвдөх байж болно.

2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр эмнэлгийн компьютер томографи шинжилгээн дээр зүүн дух, чамархай, зулай хэсгийг хамарсан 12 см урттай, 1 см зузаантай +67 оос +74 инчийн үлдэгдэлтэй, тархины ясан хальс цус хуралттай гэсэн нь шинэ гэмтэл.

Яг тийм гэмтлээс үүссэн гэж хэлэх боломжгүй, маш богино хугацаанд олон зодоон болсон байна. Цохьсон хүчийг тодорхойлох боломжгүй.

Д.Оын биед учирсан бүх гэмтлүүд нь тус тусдаа хүч үйлчилсний улмаас үүсэж байгаа учраас нийт гэмтлүүдийг олон удаагийн гэж хэлээд байгаа юм. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө 1 удаагийн хүчтэй өшиглөлтөөс үүсэх боломжтой гэдгийг хэлсэн, гараар олон удаа цохих нь бас орно, энэ гэмтэл нь ясны гэмтэл биш, тархины эдийн гэмтэл учраас тодорхойлох боломжгүй.

2021 оны 07 дугаар сарын 23-нд томографи шинжилгээ байна. Энэ хүн эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгэхээр тухайн тархинд учирсан байгаа цусан хураа нь эмчилгээ хийлгэх явцад шимэгдэнэ. Шимэгдэлт явагдаад ирэхээр цус алдалт нь зогсоно. Цус алдалт зогссоноор цусан хураа алга болохгүй гэсэн үг. Тиймээс архагшиж буй цус хуралт.

Энэ уйланхай дахь өөрчлөлт нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн зурган дээр давхар гарч ирсэн байгаа. Тэгэхээр энэ гэмтэл нь урд нь авсан гэмтэл байж болно.

Хохирогч, шүүгдэгч нарын биеийн харьцаа, жин, хоорондын зайнаас хамаарна. Шүүх эмнэлэг цохилтын хүчийг тогтоохгүй шүү дээ гэв.

 

8. Хохирогч Д.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр бусдад зодуулснаас үүдэн зарим нэг зүйлийг мартаж санадаг болоод байсан юм. Харин одоо бага сага зүйлүүдийг санаж байна. Хэрэг гардаг өдөр 16 зөрлөгт ганц байдаг 2 давхар байрны гадаа О эгчийн хүү А байж байхаар нь би гэр лүүгээ орооч орой болчихсон байна, гэтэл А чадахгүй, чамаар заалгана гэж байхгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь чи юу гээд байгаа юм гээд А дээр очтол Аийн хажууд А, Т нар зогсож байсан ба А, А, Т нар нийлээд намайг тойрч зогсчихоод толгой, нүүр лүү болон нуруу руу ээлжлээд төмрөөр цохиод байсан. Гэхдээ хэн нь хэдэн удаа хаашаа цохисныг санахгүй байна. Ямар ч байсан А, А, Т нарт зодуулснаас үүдэн миний уруул сэтэрсэн, хавдсан, нуруу шалбарч зулгарсан. Тэгээд дараа нь А, Т, Х нар ирээд намайг зодоход миний зүүн гарын үенээс дээшлээд шуу хүртэл хавдсан. Толгой чамархайгаар болон дагзаар тойроод хавдсан. 2 нүд хөхөрсөн. 2 хөл зулгарч хавдсан, хамар мурийсан. Тэгээд дараа нь А, Т, Х нар ирээд хамгийн түрүүнд А миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Дараа нь Т, намайг 4-5 удаа толгой, нүүр лүү цохисон. Бас миний толгой руу 2 удаа өшиглөсөн. А, Т нарт зодуулсны дараа би ертөнцийн зүгээр урд зүг рүү зугтаасан ба байрны урд байдаг худгийн харалдаа Х намайг гүйцэж ирээд намайг хавирч унагаагаад миний дээр гарч суугаад толгой нүүр лүү ээлжлээд цохиод байсан. Хэд удаа цохисныг мэдэхгүй байна. Ямар ч байсан Хд зодуулсны улмаас би худгийн тэнд ухаан алдаад унаад өгсөн. Одоогоор би ийм зүйл болсонг санаж байна.

...А, Т, А нар намайг төмрөөр цохиод байхаар нь Аын гарнаас төмрийг булааж аваад нэг удаа гар луу нь цохисон. Тэрнээс өөрөөр А, Т, А нарыг цохиогүй. Т, А, Х нарыг цохисон зодолдсон асуудал байхгүй. А, Т, А, Т, А, Х нарт бүгдэнд нь гомдолтой байна. 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би Чойрын эмнэлэгт үзүүлтэл намайг яаралтай хотод очиж гэмтэлд үзүүл гэж хэлсэн. Тэгээд намайг хот руу А хүргэж өгч байсан. Тухайн үед Х над руу залгаад гэмтэлд ирчихээд 2-лаа тохиролцье гэхээр нь би юу яриад байгаа юм бэ, миний бие муу байна, би гэхдээ та нарын мууг үзэхгүй, та нар намайг эрүүл байсан үеийнх шиг болгоод өг гэж хэлсэн. Тэгэхэд Х надад 100 000 төгрөг өгөөд ямар ч байсан ойр зуурын юмандаа хэрэглээрэй гэж хэлж байсан. Түүнчлэн би гэмтэлд хүргэгдэж ирээд өөрийнхөө биед учирсан гэмтлүүдийн зургийг авчихсан байгаа, тэр зурагнуудаа мэдүүлэгтээ хавсаргах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20, 21-26, 28-30 дугаар хуудас/,

 

9. Насанд хүрээгүй хохирогч А.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр намайг гэртээ байж байхад манай дүү А, манай үеэл ах Т нар гадаа тоглож байсан. Тэгээд шөнийн 24 цагийн үед гадаа хүмүүс муудалцаад байгаа дуу гараад байхаар нь цонхоороо хартал манай хуурай дүү Аийн ээж О эгчийн төрсөн дүү болох О ах манай үеэл Тийн дагз руу нь гараараа цохиод хөл рүү нь өшиглөөд бас Аийн мөргөөд хавирга руу нь гараараа цохисон. Тэгэхээр нь би О ах дээр очоод ахаа болио гэж хэлтэл хол байгаарай ална шүү гэж хэлсэн. Тэгээд манай дүү А цагдаа дуудах гэтэл О ах чулуу шидээд зодох гээд хөөгөөд байсан. Аийн ээж О гэрээсээ гарч ирээд О ахыг болиоч гэж загнаж байгаад гэр лүүгээ ортол О эгчийн гэр лүү О ах дагаж ороод О эгчийн нөхөр Т ахыг боогоод гараараа нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон. Т ах өөрийгөө хамгаалаад О ахыг 1 удаа нүүр лүү, 1 удаа баруун мөр лүү нь цохиж байгаа харагдсан. Гэхдээ Т ах зөрж зодолдоод байсан юм байхгүй. Тэгээд О ах Т ахыг нилээн зодсон ба О ах Т ахын яг хаана нь хэдэн удаа цохисныг харж чадаагүй. Гэхдээ нүүр лүү нь цохиод байх шиг байсан. Тэгээд арай гэж Т ах О ах нарыг салгатал Т ах гэрээсээ гараад ертөнцийн зүгээр хойд зүг рүү гүйгээд явсан. А, Т бид 3 Т ахыг дагаад гэрээс гартал О ах үргэлжлүүлээд А, Т бид 3-г хөөгөөд чулуу шидээд байсан. Шидсэн чулуунд хэд хэдэн удаа би болон манай үеэл Т манай дүү А нар оногдсон. Нэг шидсэн чулуунд нь би оногдоод миний баруун гар үеэрээ хавдсан. Тэгээд намайг гулсуурын ард ороод зугтааж байхад О ах намайг хөөгөөд над руу том тоосго шидэх гэж байгаад гулсуур луу шидээд тэр тоосго ойгоод О ахын толгойг оноод хөл дээр нь унасан. Мөн А, Т бид 3 хөөж байхдаа хэд хэдэн удаа гараараа унаж байсан. О ах Т, А бид 3-г 2-3 цаг чулуу шидэж хөөсөөр байхаар нь А А ах руу залгаад О ах бид нарыг зодох гээд хөөгөөд байна гэж хэлсэн ба А эгч, Б эгч, Т, Х ах нар 16 дугаар зөрлөгт шөнийн 03 цагийн үед ирээд миний утас руу Б эгч залгаад хаана байгаа юм гараад ир гэж дуудсан. Тухайн үед би болон Т, А бид 3 Энхмаа эгчийнд байсан ба тэднийхээс гараад иртэл А ах орцны урд машинтайгаа зогсож байсан. Тэгээд О ах бас байрны орцноос гарч ирсэн бөгөөд А ах Оод хандан чи хүүхдүүд яагаад байгаа юм бэ гэтэл О ах чи муу хром өмсөж чадахгүй банди яасан гэсэн ба тэгэхээр нь А ах Оын өөдөөс урагшаа 2 алхаад яасан гэтэл О А ахын нүүр лүү нь 2 удаа гараараа цохисон ба А ах буцаагаад Оын нүүр лүү 1 удаа, гар луу нь 2 удаа цохисон. Гэхдээ А ахын баруун гарын долоовор хуруу хугарцан байсан болохоор Оыг хүчтэй цохиогүй. Тэгээд Б эгч тэр 2-г салгасан ба О ах ертөнцийн зүгээр урд зүг рүү байшингийн гэрэлтүүлэгээс гараад яваад өгсөн. Төд удалгүй цагдаа ирээд А, Т, О нарыг аваад явсан.

...Оод зодуулсандаа гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

10. Насанд хүрээгүй гэрч Ш.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 12 цагийн үед А бид хоёр байрныхаа гадаа сууж байхад О гэдэг ирээд бид 2-г ямар нэгэн шалтгаангүйгээр зодсон ба миний нүүр лүү 2 удаа алгадсан, нуруу луу 2-3 удаа цохисон. Аийг заамдаж бариад 1 удаа элэгдсэн. Хавирга руу 5-6 удаа цохисон. Тэгээд байж байтал А гарч ирээд агаа та болилдоо гэж хэлтэл О ах цаашаа байгаарай ойртвол ална шүү гэж хэлсэн. Тэгээд Аийн ээж О эгч гарч ирээд О ахыг болиоч гэж загнаж байгаад гэр лүүгээ ортол О эгчийн гэр лүү О ах дагаж орж ирээд О эгчийн нөхөр Т ахыг боогоод гараараа нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон. Т ах Отой зөрж зодолдоод байсан юм байхгүй. Тэгээд О ах Т ахыг нилээн зодсон, агсам тавиад байсан болохоор Т ах гэрээсээ зугтаагаад гараад явчихсан. Түүний дараа О ах А, А бид 3-г зодох гээд хөөгөөд байсан. Тэгээд бас бид 3-луу чулуу шидээд байсан ба чулуунд би оногдоогүй. А, А нар оногдсон эсэхийг би мэдэхгүй байна. Тэгээд арга ядаад А ах руу А залгасан ба А ах, Б эгч, Т ах шөнийн 3 цагт ирэхэд О ах байрны орцноос гарч ирээд А ах муудалцаад А, О ах нар хоорондоо зодолдоод цохилцоод байсан. Хэн нь хэдэн удаа хаашаа цохисныг харж чадаагүй. Төд удалгүй цагдаа ирээд О, А, Т ахыг аваад явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42 дугаар хуудас/,

 

11. Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

О нь манай төрсөн дүү байгаа юм. 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр О манайд Улаанбаатар хотоос ирсэн юм. Тэгээд би гэртээ байж байтал шөнийн 1 цагийн үед манай том Э ээжээ Аийг О ах зодоод байна гэж ирсэн. Тэгэхээр нь би гараад очтол А Ооос зугтаагаад ирэхээр нь би О дээр очоод чи яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гээд хэлтэл намайг тоохгүй байхаар нь би гэртээ орсон. Тэгтэл О миний араас дагаад гэрт ороод ирсэн. Тухайн үед манай нөхөр Т орон дээрээ 10 сартай нялх хүүхдээ хараад байж байсан ба О гэрт орж ирээд Тын нүүр лүү цохиод авсан. Тэгэхээр нь манай нөхөр Т буцаагаад Оын хацар луу нь нэг удаа цохисон ба манай нөхөр Тын хамарнаас цус гараад гараад явчихсан. Тухайн үед А, Т манай хүүхэд А нар байсан. Тэгээд О гэрээс гарч яваад А, Т, А нарыг чулуу шидээд нилээн хөөсөн. Би ч бас араас нь болиоч гээд дагаад яваад байсан. Сүүлдээ аргаа бараад цагдаад дуудлага өгсөн. Гэтэл манай хүүхэд А А руу залгаад О ах намайг зодоод байна гээд дуудчихсан байсан. Тэгээд шөнийн 3 цагийн үед А эхнэртэйгээ Б, Аы найз Т хүрч ирээд Отой муудалцаад байрны гадаа зодолдоод байсан. А, О хоёр 2 байрны гадаа зодолдохыг хараагүй. Харин Т, О хоёр зодолдоод Т толгой руу нь нэг удаа өшиглөж байхыг би харсан. О хүртэл Тийг доороо оруулж 1-2 удаа цохиж байсан. Гэхдээ хаашаа цохиж байсныг хараагүй. Төд удалгүй цагдаа ирээд О, А, Т нарыг аваад явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48 дугаар хуудас/,

Анх мэдүүлэг өгч байхад Хыг А, Б, Т нартай хамт 16 дээр ирсэн талаар огт санаанд ороогүй. Тэрнээс биш санаатайгаар худал мэдүүлж Хыг ирээгүй талаар нуусан асуудал огт байхгүй. Х миний нүдэн дээр Оыг цохиж зодож байгаа зүйл харагдаагүй. Хыг хэрэгт ач холбогдолгүй хүн байна гэж бодсон болохоор Хыг цуг ирсэн талаар мэдүүлэхээ мартсан байна. Тэгээд цагдаа нар ирээд А, О, Т нарыг аваад явсны дараа бараг үүр цайж байхад Х манай гэрийн гадаа өрөөсөн таавчиктай пудволк нь урагдчихсан юунаас болсныг бүү мэд ууралчихсан ирснийг бүр сүүлд санасан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

12. Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би нөхөр 2 хүүхдийн хамт хадам ээжийндээ буюу Баянтал сумын 2 дугаар баг 14 дүгээр зөрлөгт очсон. Гэтэл 23 цагийн үед А, А залгаад О ах бид нарыг зодох гээд том чулуу бариад хөөгөөд байна гээд уйлаад залгасан. Тэгэхээр нь би нөхөр Ад хэлээд Аы найз болох Т бид 3 А, А нарын байгаа газар болох Баянтал сумын 16 дугаар зөрлөг рүү очсон. Шөнийн 12 цагийн үед очсон ба очиход 16 дугаар зөрлөгт байдаг 2 давхар байрны гадаа А, Т, А, Оа нар зогсож байсан ба Оа уйлчихсан байхаар нь яасан юм гэж асуухад О ах цохисон гэж хэлсэн. Тэгтэл орцноос О дээгүүрээ нүцгэн доогуураа шоорттой гараад ирсэн. Тэгээд манай нөхөр Оод чи яагаад хүүхдүүд зодоод байгаа юм гэтэл О шууд манай нөхрийн толгой цээж рүү нь цохисон. Тэгээд хариуд нь манай нөхөр А Оын шанаа руу 2 удаа цохисон. Тэгээд би тэр 2-г салгасан. Тухайн үед О эгч гараад ирсэн байсан. Төд удалгүй цагдаа нар ирээд нөхөр А болон Т, О нарыг аваад явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53 дугаар хуудас/,

Тухайн үед би цагдаад анх удаа мэдүүлэг өгч байсан болохоор балмагдаад энэ талаар мэдүүлэхдээ мартчихсан байсан. Түүнчлэн Х миний нүдэн дээр Оыг цохиж зодсон зүйл огт харагдаагүй болохоор мэдүүлэг өгч байхад Х санаанд ороогүй. Тэгээд мэдүүлэгтээ Хыг хамт явсан талаар мэдүүлэхээ мартчихсан байна... гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,

 

13. Гэрч Б.О, Б.Т нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

Гэрч Д.О: О Тийг доороо оруулчихаад цохиж байх шиг байсан. Хэдэн удаа цохиснийг хараагүй. Ямар ч байсан Тийн баруун хөмсөгнөөс цус гарчихсан байсан. Харин Оыг Т унагаачихсан толгой руу нь хөлөөрөө өшиглөсөн.

Гэрч Б.Т: Отой зууралдаад унахдаа толгой руу нь өшиглөсөн байж магадгүй. Гэхдээ тухайн үед зууралдаад юу болсныг санахгүй байна. Шууд санаатайгаар Оын толгой руу өшиглөсөн зүйл байхгүй.

Гэрч Д.О: Х, О зодолдсон асуудал байхгүй. О, Т 2 зодолдоод Х, Б бид 3 салгасны дараа О ертөнцийн зүгээр урд зүг рүү явсан ба араас нь Х явсан. Оын араас Х очоод юу болсныг мэдэхгүй, харанхуй байсан. Тэгээд Х буцаж ирээд пудволк нь урагдсан 2 өөр тавчик өмссөн байсан ба нэг нь Оын тавчик байх шиг байсан.

Гэрч Б.Т: Х, О нар муудсан. Зодолдсон эсэхийг хараагүй. О надтай зодолдоод тэгээд Б, Х бид 2-г зодолдсоны дараа О ертөнцийн зүгээр урд зүг рүү яваад өгсөн. Араас нь Х нааш ир гээд хөөгөөд явсан. Оын араас Х хөөж яваад юу болсныг мэдэхгүй. Учир нь харанхуй байсан болохоор О Х 2-г муудсан зодолдсон эсэхийг хараагүй. Тэгээд Х буцаж ирэхдээ пудволк нь урагдчихсан 2 өөр тавчик өмссөн байсан ба нэг нь Оын тавчик байх шиг байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

 

14. Гэрч Ж.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 24 цагийн үед Оын дуу 16 дугаар зөрлөгт ганц байдаг 2 давхар байрнаас баруун тийш 500 метрийн зайд гараад байхаар нь би яваад очтол Оыг 3 хүүхэд нийлээд төмрөөр цохиод байсан. Тухайн 3 хүүхдийн нэг нь А байсан, нөгөө 2 хүүхдийг нь би танихгүй. Би тэр 3-г болиоч гэхэд ерөөсөө болихгүй Оыг төмрөөр нилээн хэдэн удаа цохиод байсан. Яг хэн нь хэдэн удаа хаана цохисныг харж чадаагүй. Ямар ч байсан Оыг хаа хамаагүй тэр 3 хүүхэд цохиод байсан. Тэгэхээр нь О нэгийнх нь төмрийг аваад миний танихгүй 2 хүүхдийн нэгийнх нь гар луу цохисон. Тэгээд машины гэрэл тусаад тэр 3 зугтаагаад явсан. Араас нь О хөөгөөд явсан. Тэгэхээр нь би Оын араас очоод миний дүү харьж амар, чи согтуу байна гэтэл О сая намайг О эгчийн хүүхэд А төмрөөр зодлоо ш дээ гэж хэлсэн. Тэгээд шөнийн 2 цагийн үед нэг машинаас 3 залуу 1 эмэгтэй гарч ирээд дүү нарыг хэн зодоод байна, ална гээд орилоод байхаар нь би Оыг миний дүү зугтаарай сүйд боллоо гэж хэлтэл О ертөнцийн зүгээр урд зүг рүү харанхуй руу ороод алга болсон. Оын араас нөгөө 3 залуу хөөгөөд явсан ба дээгүүрээ хувцасгүй 2 залуу буцаад гүйгээд ирсэн. Нэг цамцтай залуу Оыг цааш хөөгөөд явсан. Тэгээд би та нар толгойны өвчтэй хүнийг ингэж олуулаа хөөж болохгүй, ингэж байгаад хэрэгтэн болов гэж хэлээд гэр лүүгээ орсон. Тэгээд төд удалгүй цагдаа нар ирчихсэн О болон танихгүй 2 залууг аваад явсан. О буцаад ирэхдээ гуталгүй, дээгүүрээ пудволкгүй болчихсон байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83 дугаар хуудас/,

 

15. Гэрч Д.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 01 цагийн үед эхнэр О, өөрийн 10 сартай хүү Азжаргал нартайгаа унтаж байхад манай эхнэр О утас гэнэт дуугараад О гараад явчихсан. Тэгээд 4-5 минутын дараа О буцаад ороод ирсэн ба О Аийг зодоод байна гэж хэлсэн. Тэгээд О манай гэрт орж ирээд чанга чанга дуугараад байхаар нь би чимээгүй бай л даа, хүүхэд унтаж байна гэхэд О над дээр хүрч ирээд миний шанаа руу нэг удаа, хамар луу нэг удаа цохисон. Тэгээд буцаагаад Оын шанаа руу нэг удаа цохисон. Гэтэл миний хамарнаас цус гараад би Отой муудаад яахав гээд гэрээс гарч яваад гэрийнхээ хойд талын овгор шороон дээр цусаа арилгачихаад сууж байсан. Намайг Отой муудаж байхад хажууд О л байсан, өөр хүн байгаагүй. Гэрийнхээ ар талын овгор шороон дээр сууж байхад хүмүүс бужигнаад байгаа бололтой дуу гараад байсан. Тэгээд би хэрэгт оролцоод яахав гэж бодоод тийшээ очоогүй. Яг юу болсныг мэдэхгүй. Тэгээд гэрийнхээ гадаа тамхи татаад байж байтал цагдаа нар ирээд О, А, Т нарыг аваад явсан. Х манайд ороод ирсэн ба би 14 явах гэсэн унаа алга гэхээр нь өөрийнхөө найзын машинаар Хыг хүргэж өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86 дугаар хуудас/,

2021 оны 07 дугаар сарын 12-ны 04 цагийн үед цагдаа нар ирээд О, А, Т нарыг аваад явсны дараа Х манай байрны гадаа ирээд надтай мэнд мэдээд намайг би сая урд утсаа унагаачихсан юм шиг байна, цуг хайлцаад өгөөч гэхээр нь би тэгье гээд 2 давхар байрнаас урд зүгт байх хашааг даваад барагцаагаар 25 метрийн зайд Хын утсыг хайгаад олоогүй юм. Тухайн үед үүр дөнгөж цайгаад туяарч байсан, гэрэл тусахгүй бол эргэн тойрны зүйл сайн харагдахгүй байсан. Тэгээд Хын утсыг олохгүй байсан ба Х утсаа 14 дээр үлдээсэн юм шиг байна гээд Хыг 14 дүгээр зөрлөг рүү хүргэж өгсөн. Дараа нь Хаас сонсохнээ 14 дүгээр зөрлөгт утсаа үлдээсэн байсан гэж дуулсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88 дугаар хуудас/,

 

16. Гэрч Л.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө 00 цагийн үед хүмүүс шуугиад байгаа чимээ гарахаар нь гадагшаа хартал манай байрны ертөнцийн зүгээр баруун талд байх хүүхдийн тоглоом тэр хавьд Аийг О ална аа би чамайг гээд чулуу шидээд хөөгөөд байсан ба хажууд нь А, Т нар Оыг ахаа болиоч гээд дагаад гүйгээд байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гарч очоод Оыг та болиочээ гэтэл О намайг огт тоохгүй Аийг хөөгөөд байхаар нь би буцаад гэртээ орсон юм. Тэгээд гэртээ ороод цонхоороо болж буй үйл явдлыг хараад байж байтал О чулуунд тээглээд арагшаа зөөлөн бүдрээд унасан. Оыг унахад нь А тохой хэртэй уян зүйлээр Оыг цохих шиг болсон ба хажууд нь А, Т нар халхлаад зогсчихсон байсан болохоор яг А Оыг цохисон гэж хэлж чадахгүй байна. Ямар ч байсан А гартаа барьсан зүйлээр О руу далайсан. Тэгээд 20-30 минутын дараа А над руу залгаад эгчээ А, Т бид 3 байрны зүүн талд байна, О ах бид 3-г хөөгөөд байна гээд амьгаадчихсан ярихаар нь би байрны зүүн талд байх харанхуй хэсэг рүү гараад очиход О дахиад Аээ би чамайг ална гээд гартаа чулуу атгачихсан байсан. Тэгэхээр нь би Оыг зулгааж татаж байгаад байрныхаа урд талд авчиртал О энийг хараа, эд нар намайг ийм болгочихлоо гээд уруулаа харуултал уруул нь баруун талаараа язраад цус гарч байсан. Тэгээд би А, А, Т нарыг гэртээ ор гэтэл манайх түгжээгүй, О ах ороод ирнэ гээд байхаар нь А, А, Т нарыг гэртээ оруулсан. А манай гэрт орж ирээд надад баруун гараа харуулсан ба баруун гар нь эрхий хуруу хавьцаа хавдаад томорчихсон байсан. Тэгээд 1 цагийн үед байх А А луу залгаад ирчихлээ гараад ир гээд байсан. А, А, Т нар манайхаас гараад явсан. Би тэр хэдийг гараад явсны дараа чихэвчээ зүүгээр утсаараа тоглоод орондоо орчихсон болохоор цааш юу болсныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95 дугаар хуудас/,

 

17. Гэрч Н.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 2 цагийн үед Баянтал сумын 2 дугаар баг 7 тоотод аав ээжийндээ ганцаараа байж байсан. Манай гэрийн цонх нээлттэй байсан ба цонхны доогуур нэг хүүхэд ээрээд гүйх шиг болохоор нь тагтан дээрээ гараад хартал манай байрны ертөнцийн зүгээр баруун талд О Аийг пизда минь би чамайг ална гээд чулуу шидээд хөөж байсан ба хажууд нь манай байрны 2 хүүхэд ахаа болио гээд Оыг дагаад гүйж байсан. Тэгэхээр нь би Оыг чи жоохон хүүхэд хөөхөө болиоч ээ гэхэд О чамд хамаагүй янхан минь гэж надад хэлсэн. Тэгээд О Аийг хөөж байгаад чулуунд бүдрээд урагшаа унасан ба А гартаа тохой хэртээ урттай унадаг дугуйны төмөр мэт зүйл барьчихсан байсан. Тэр төмрөөр Оын уруулан тус газар нэг удаа цохих шиг болсон. Гэхдээ А Оыг цохисон эсэхийг сайн харж чадаагүй. Тэгээд О эгч гэрээсээ гарч иртэл энийг хараа танай хүүхэд ийм болгочихлоо гээд уруулаа харуулж байсан. Манай дээд талын айл болох Бгийнд байдаг нэрийг нь мэдэхгүй 2 хүүхдийн нэгийг О барьчихсан зогсож байсан ба нөгөө хүүхэд нь Оыг тавиулах гээд Оыг хажуу талаас нь гараараа 1-с 2 удаа нудрах шиг болсон. Тэгэхээр нь би тэр хүүхдүүдэд та нар ингэж байгаад өөрсдөө хэрэгт оров, зүгээр зугт гэж хэлсэн. Тэгээд А болон нэрийг нь мэдэхгүй хүүхэд байрны ертөнцийн зүгээр зүүн тал руу буюу харанхуй руу ороод явчихсан ба тэнд юу болсныг мэдэхгүй байна. 3 цаг 15 минутын орчим Б нөхөртэйгээ 16-д ирсэн ба тэр үед О яг байрнаас гарч таарсан. Тэгээд Бгийн нөхөр чи яагаад эзэнгүй байх хойгуур хүүхдүүд дээрэлхээд байгаа юм гэтэл О Бгийн нөхөр лүү ойртоод очсон. Тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Учир нь нэрийг нь мэдэхгүй 2 хүүхдийн ах ирэхээр нь одоо зүгээр болно байх гэж бодоод гэртээ ороод унтахаар хэвтсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98 дугаар хуудас/,

 

18. Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б.А миний хамгийн бага хүүхэд бөгөөд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 16 дугаар зөрлөгт эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Машинист ажилтай. А зан байдлын хувьд шулуун шударга, зөөлөн сэтгэлтэй, тэвчээртэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, өмнө нь хэрэг төвөгт орж байгаагүй. Т.Х нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 14 дүгээр зөрлөгт ээжийн хамт амьдардаг. Эхнэр хүүхэдгүй. Зан байдлын хувьд хүнтэй эвтэй найртай, даруу төлөв, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй хүн байгаа юм. Б.Т нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 16 дугаар зөрлөгт эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Зан байдлын хувьд хүний үгийг зөвөөр хүлээж авдаг, хүлээцтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, 2 хүүхдийн сайн эцэг байгаа юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101 дүгээр хуудас/,

 

19. Гэрч А.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б.Ттэй би 2016 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Том хүүхдийг маань Үгэдэг 5 настай, бага хүүхдийг маань Э гэдэг 4 настай. Бид хоёр хүүхдүүдийнхээ хамт Баянтал сумын 14 дүгээр зөрлөг 1-9 тоотод амьдардаг. 14 зөрлөгт жижүүрийн ажилтай. Б.Т зан байдлын хувьд хүнийг гэсэн сэтгэлтэй, хүнтэй эвтэй найртай байдаг. Шулуун шударга, хүнд хар буруу санадаггүй, сайхан сэтгэлтэй тусархаг нийтэч, нөхрийн хувьд халамжтай түшигтэй, 2 хүүхдийнхээ сайн эцэг байгаа юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103 дугаар хуудас/,

 

20. Гэрч П.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Д.О 1989 оны 03 дугаар сарын 29-нд Говьсүмбэр аймагт төрсөн. Миний 2 дахь хүүхэд байгаа юм. Тусгай дунд боловсролтой, зан байдлын хувьд дөлгөөн, даруухан, үг дуу цөөтэй, дуулгавартай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй хүн байгаа юм. Одоо О хотод эхнэрийн хамт амьдардаг. Хэрэг болсон өдрөөс 1 хоногийн өмнө манай хүү 16 дугаар зөрлөгт гэртээ ирсэн ба гэртээ ирэхдээ ямар нэгэн бэртэл гэмтэлгүй цоо эрүүл хүн ирсэн. Тэгээд 7 дугаар сарын 12-ны өдөр хүмүүст зодуулснаас бол толгой тархины гэмтэлтэй болсон. Ямар нэгэн зүйл ярихдаа ээрж гацдаг, татаж унадаг, ярьсан зүйлээ мартдаг уур уцаар бухимдал ихтэй болсон. Мөн өвчин намдаах эм болон бусад эм бэлдмэлийг байнга хэрэглэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105 дугаар хуудас/,

 

21. Гэрч Ж.Т  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Т.Х манай хамгийн том хүүхэд бөгөөд 1989 оны 10 дугаар сарын 20-нд Төв аймагт төрсөн. Дунд боловсролтой. Баянтал сумын 14 дүгээр зөрлөгт надтай хамт амьдардаг. Замчин ажилтай. Т.Х нь зан байдлын хувьд дуугуй даруухан, хүнтэй учир зүйгээ амархан олдог, ажил төрөлдөө сайн, хүнтэй зөв боловсон харьцдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, өмнө нь хэрэг төвөгт орж байгаагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109 дүгээр хуудас/,

 

22. Насанд хүрээгүй гэрч Д.Оа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 16 дугаар зөрлөгт ганцхан байдаг 2 давхарын 1 тоотод би өөрийн эгч Оийн гэрт унтаж байтал 1 цагийн үед А уйлаад хашхираад байхаар нь сэрээд гадагшаа хартал А ах зогсоол дээр байсан. О ахын цагаан өнгийн машины ар талыг цагаан өнгийн хутгаар сийчээд байсан. Тэгээд О ах төд удалгүй машин дээрээ иртэл А ах О ахыг наашир гөлөг минь гэх мэтээр хараагаад байсан. О ах Аийг барих гээд хөөгөөд барьж чадахгүй байсан. Тэгээд А, Т нар гараад ирсэн ба би хаанаас тэр 2-г гарч ирснийг хараагүй. А, Т, А нар нийлээд О ахын унагаагаад О ахын гэдэс рүү өшиглөсөн ба хэдэн удаа хаана цохисныг харж чадаагүй. Сүүлд А О ахын толгой руу унадаг дугуйны төмрөөр нүүр лүү нэг удаа цохисон. Тухайн үед О эгч гэрээсээ гараад болиоч гэж хэлтэл А, Т, А 3 байрны ар тал руу зугтаагаад ороод явчихсан. Тэгээд О ах О эгчийнд орж ирээд нүүрээ угаасан ба О ахыг харахад уруул баруун нүд нь хавдсан байсан. Өөр гэмтэл үүссэн эсэхийг сайн харж чадаагүй. Тэгээд Оыг О эгчийнхээс гараад явтал А, Т, Х ах нар Б эгчийн хамт байрны гадаа ирсэн байсан. А, Т, Х нар манай дүү зоддог хэн бэ гараад ир алаад өгнө гээд орилоод байсан. Тэгээд эхлээд А О ахын нүүр лүү 5-6 удаа цохисон ба О ах А ахад цохиулаад зугттал араас нь Т ах очоод толгой руу нь 3 удаа гараараа цохисон. Бас О ахыг унагааж байгаад толгой руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд О ах зугтаад ертөнцийн зүгээр баруун тийшээ цагаан худгийн зүг гүйгээд явсан. Араас нь Х ах хөөгөөд явсан. Тухайн үед О ахын араас дагаад явтал О ахыг Х ах түлхэж унагааж байгаад толгой гар луу нь өшиглөөд байсан. Тэгээд би тэрийг харчихаад О эгчийнх рүү буцаад ирсэн ба Х ах буцаад ирэхдээ дээгүүрээ хувцасгүй нүцгэн болчихсон, харин О ахын нуруу нь шалбарчихсан байсан. Бас чих, 2 нүд уруул нь хавдсан, хөл гар нь цус гарсан байсан. Төд удалгүй цагдаа нар ирээд О ах А, Т ах нарыг аваад явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113 дугаар хуудас/,

 

23. Насанд хүрээгүй гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 01 цагийн үед 16 дугаар зөрлөгт ганцхан байдаг 2 давхар байрны гадаа А,Т ах бид нарыг байж байтал О ах хүрч ирээд ямар нэгэн шалтгаангүй намайг алгадаад элэгдээд хоолойноос боосон. Бас Т ахыг алгадаад 2 удаа гэдэс рүү нь цохисон. А ахыг унагааж байгаад баруун гаран дээр нь дэвсээд байсан. Тэгээд арай гэж О ахаас зугтаатал О ах араас чулуу шидээд хөөгөөд байсан. Тэгж хөөж байхдаа О ах 8-9 удаа хөл алдаад газар унасан. Бас бид нар луу шидсэн чулуу нь шонгийн модонд ойгоод О ахын өөрийнх нь толгой дээр унаж байгааг би харсан. Тухайн үед манай ээж О гэрээс гарч ирээд болиоч гэж О ахад хэлтэл О ах тоолгүй ээж Оийг гэр лүү дагаж орж ирээд Ттой муудалцсан ба О ах Т ахыг эхлээд баруун гарын бугалга хэсэгт нэг удаа, шанаанд нэг удаа цохисон. Гэтэл Т ах өөрийгөө хамгаалаад баруун тал руу нэг удаа цохисон. Тухайн үед би, А, Т, манай ээж О нар байсан. Тэгээд Т, О нарыг арай гэж салгасан. Тэгээд тухайн үед О ах намайг дээрэлхээд байхаар нь А ах руу залгаад дуудчихсан юм. А ах тухайн үед 14 дүгээр зөрлөг дээр байсан ба А ах, Х, Т, Б нартай 2 цагийн үед 16 дугаар зөрлөг дээр ирсэн. А ах манай байрны гадаа дөнгөж ирээд машинаасаа буутал О ах хажуунаас нь гэндүүлээд нэг цохисон ба А ах буцаагаад өөрийгөө хамгаалаад нэг удаа цохисон. Тэгээд А, О хоёрыг Б эгч салгасан ба О ах цаашаа яваад өгсөн. Араас нь Т, Х ах нар явсан. Т, Х нар О ахтай зодолдсон эсэхийг би мэдэхгүй байна. Учир нь харанхуй байсан болохоор харж чадаагүй. Ямар ч байсан Х ах буцаж ирэхдээ пудволкгүй, нэг таавчикаа О ахтай сольчихсон байсан. Төд удалгүй цагдаа нар ирээд О, А, Т ах нарыг аваад явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116 дугаар хуудас/,

 

24. Гэрч Э.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр цуг ажилладаг О гэх хүнтэй Баянтал сумын 2 дугаар баг 16 дугаар зөрлөгт ганцхан байдаг 2 давхар байрны гадаа машинтай нэг шил архи уугаад байж байсан юм. Тухайн үед 20 цаг болж байсан. Төд удалгүй О хүрч ирээд цуг архи ууя гэхээр нь би тухайн үед нилээн согтсон байсан болохоор Отой удаан байж чадалгүй гэр лүүгээ унтах гээд орсон. Тэгээд Оргил-Эрдэнэ, О нар үлдсэн. Би гэртээ ороод унтсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119 дүгээр хуудас/,

 

25. Гэрч Ж.П, насанд хүрээгүй гэрч А.А нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

Гэрч Ж.П: Миний танихгүй гэж мэдүүлсэн хоёр хүний нэг нь А мөн байна. 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 24 цагийн үед Оыг тойроод 3 хүүхэд зогсчихсон нийлээд төмрөөр Оын нуруу нүүр лүү хэд хэдэн удаа цохиж байсан үнэн. Харин О тэр 3 хүүхдийг барих гээд барьж чадахгүй байсан. Оыг цохиж байсан төмөр нь ойролцоогоор 20-30 см-н урттай төмөр байсан.

Гэрч А.А: 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Оыг төмрөөр цохисон асуудал байхгүй. Оыг 3 хүүхэд нийлээд төмрөөр цохиж байгааг харсан гэж мэдүүлж байгаа П гэх хүн тухайн хажууд байгаагүй. Бүх асуудал дууссаны дараа буюу О ах Т, А бид 3-г зодох гээд хөөгөөд дууссаны дараа энэ хүн ирсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-124 дүгээр хуудас/,

 

26. Гэрч Ж.П, насанд хүрээгүй гэрч Ш.Т нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

Гэрч Ж.П: Миний танихгүй гэж мэдүүлсэн 2 хүүхдийн нэг нь Т мөн байна. 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 24 цагийн үед Оыг тойроод 3 хүүхэд зогсчихсон нийлээд төмрөөр Оын уруул нүүр лүү хэд хэдэн удаа цохиж байсан үнэн. Харин О тэр 3 хүүхдийг барих гээд барьж чадахгүй байсан. Оыг цохиж байсан төмөр нь ойролцоогоор 20-30 см-н урттай төмөр байсан.

Гэрч Ш.Т: 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Оыг төмрөөр цохисон асуудал байхгүй. Оыг 3 хүүхэд нийлээд төмрөөр цохиж байгааг харсан гэж мэдүүлж байгаа П гэх хүн тухайн үед хажууд байгаагүй. О ах намайг болон А, А бид 3-г зодох гээд хөөгөөд дууссаны дараа энэ хүн ирсэн.

Гэрч Ж.П: О А, Т, А нарыг аль нэгийнхэн гарнаас төмрийг булааж аваад нэгнийх нь гар луу цохиж байсан. Гэхдээ хэнийг нь цохисныг би хараагүй. Өөрөөр О А, Т, А нарыг цохисон зодсон асуудал байхгүй.

Гэрч Ш.Т:О миний нуруу руу гараараа нэг удаа цохисон. Хөлөөрөө нэг удаа бөгс рүү цохисон. Харин би Ооос өөрийгөө хамгаалах гээд ганц хоёр нүүр лүү нь гараараа цохисон. Харин О ах А, А нарыг зодсон цохисон эсэхийг би мэдэхгүй байна. А, А нар Оыг зодоогүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-128 дугаар хуудас/,

 

27. Гэрч Ж.П, насанд хүрээгүй гэрч Б.А нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

Гэрч Ж.П: 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 24 цагийн үед Оыг тойроод 3 хүүхэд зогсчихсон нийлээд төмрөөр Оын уруул нүүр лүү хэд хэдэн удаа цохиж байсан үнэн. Харин О тэр 3 хүүхдийг барих гээд барьж чадахгүй байсан. Оыг цохиж байсан төмөр нь ойролцоогоор 20-30 см-н урттай төмөр байсан.

Гэрч Б.А: 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Оыг төмрөөр цохисон асуудал байхгүй. Оыг 3 хүүхэд нийлээд төмрөөр цохиж байгааг харсан гэж мэдүүлж байгаа П гэх хүн тухайн хажууд байгаагүй.

Гэрч Ж.П: О А, Т, А нарыг аль нэгийнх нь гарнаас төмрийг булааж аваад нэгнийх нь гар луу цохиж байсан. Гэхдээ хэнийг нь цохисныг би хараагүй. Өөрөөр О А, Т, А нарыг цохисон зодсон асуудал байхгүй.

Гэрч Б.А: О ахыг би болон А, Т бид нарын хэн нь ч цохиж зодоогүй. Харин О ах хүрч ирээд ямар нэгэн шалтгаангүй намайг цээж рүү 2 удаа цохисон. О ах Аын баруун гар луу том чулуугаар шидэж оносон. Тийн хацар луу нь том чулуугаар шидэж оносон. Тийн хацар луу нь гараараа 1 удаа алгадаад, хөлөөрөө нэг удаа хөл рүү өшиглөсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131-132 дугаар хуудас/,

 

28. Хохирогч Д.О, насанд хүрээгүй гэрч А.А нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

Хохирогч Д.О: 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 00 цагийн үед гэр лүү харих гээд явж байтал манай төрсөн эгч болох Оийн хүү 16 дугаар зөрлөгт ганц байдаг 2 давхар байрны гадаа зогсож байхаар нь гэртээ ор гэтэл А чадахгүй, чамаар заалгана гэж байхгүй шүү гэж хэлсэн. Тэгээд л Аийн хажуудаа байсан хүүхэдтэй нийлээд намайг төмрөөр толгой руу цохисон.

Гэрч А.А: 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Оыг төмрөөр цохисон асуудал байхгүй. Т, А хоёрыг О ахыг төмрөөр цохисон эсэхийг би хараагүй. Би харин Оын ахыг хөл рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Цээж рүү нь нэг удаа гараараа цохисон нь үнэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135-136 дугаар хуудас/,

 

29. Хохирогч Д.О, насанд хүрээгүй гэрч Ш.Т нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

Хохирогч Д.О: 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 00 цагийн үед гэр лүү харих гээд явж байтал манай төрсөн эгч Оийн хүү 16 дугаар зөрлөгт ганц байдаг 2 давхар байрны гадаа зогсож байхаар нь гэртээ ор гэтэл А чадахгүй, чамаар заалгана гэж байхгүй шүү гэж хэлсэн. Тэгээд л А нь хажуудаа байсан хүүхэдтэй нийлээд намайг төмрөөр толгой руу цохисон.

            Насанд хүрээгүй гэрч Ш.Т: 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Оыг төмрөөр цохисон асуудал байхгүй. А, А 2 О ахыг төмрөөр цохиогүй.

            Хохирогч Д.О: А, Т, А нарыг цохисон зодсон асуудал байхгүй.

            Насанд хүрээгүй гэрч Ш.Т: А бид хоёр байрныхаа гадаа  сууж байхад О гэдэг хүн ирээд бид хоёрыг ямар нэгэн шалтгаангүйгээр зодсон ба миний нүүр лүү 2 удаа алгадсан. Нуруу руу 2-3 удаа цохисон. Аийг заамдаж бариад 1 удаа элэгдсэн, хавирга руу 5-6 удаа цохисон. Аыг О ах унагаагаад цохиж байгаа харагдсан. Гэхдээ хэдэн удаа хаана нь цохисныг хараагүй. Би харин О ахыг өөрийнхөө биеийг хамгаалах гээд 2 удаа нүүр лүү нь цохисон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139 дүгээр хуудас/,

 

30. Насанд хүрээгүй гэрч А.А, Б.А нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

Насанд хүрээгүй гэрч А.А: Тухайн үед харанхуй болоод үзэгдэх орчин хязгаарлагдсан байсан. Мөн байрны гэрэл муу байсан болохоор би тоосго байна гэж харсан. Ямар ч байсан газраас гараас нэг юм аваад шидээд тэр нь гулсууранд ойгоод О ахын өөрийнх нь толгой дээр унасан гэх зүйлийг би хараагүй.

Насанд хүрээгүй гэрч Б.А: Харанхуй байсан болохоор тоосго байсан уу чулуу байсан уу гэдгийг санахгүй байна. Гэхдээ би чулуу байсан гэж бодож байна. Ямар ч байсан газраас чулуу шиг зүйл аваад шидээд тэр нь шонгийн мод ойгоод Оын толгой руу унасан. Аын мэдүүлж буй гулсуур луу шидээд тэр тоосго нь ойгоод О ахын толгойг оноод хөл дээр нь унасан гэх миний мэдүүлсэн “шидсэн чулуу нь шонгийн модонд ойгоод О ахын өөрийнх нь толгой дээр унасан" гэх зүйл тус тусдаа болсон асуудал... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145 дугаар хуудас/,

 

31. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаартай дүгнэлтэд:

- Б.Аы биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /1-р хх-ийн 148 дугаар хуудас/,

 

32. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 207 дугаартай дүгнэлтэд:

- Ш.Тийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /1-р хх-ийн 152 дугаар хуудас/,

 

33. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 209 дугаартай дүгнэлтэд:

- Б.Аийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /1-р хх-ийн 156 дугаар хуудас/,

 

34. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210 дугаартай дүгнэлтэд:

- Б.Тийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /1-р хх-ийн 160 дугаар хуудас/,

 

35. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 206 дугаартай дүгнэлтэд:

- А.Аын биед баруун гарын сарвууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

- Учирсан гэмтэл нь үзлэг хийсэн хугацаанаас 5-7 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

- Уг гэмтэл нь учрах үедээ амь насанд аюулгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /1-р хх-ийн 164-165 дугаар хуудас/,

 

36. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6618 дугаартай дүгнэлтэд:

- Д.Оын биед тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт, зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх, баруун чамархайн хуйх, бүсэлхий, баруун тохойд зулгаралт, баруун бугалга, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэжээ. /1-р хх-ийн 173 дугаар хуудас/,

 

37. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 240 дугаартай дүгнэлтэд:

- Д.Оагийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /1-р хх-ийн 183 дугаар хуудас/,

 

38. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 242 дугаартай дүгнэлтэд:

- Т.Хын биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /1-р хх-ийн 187 дугаар хуудас/,

 

39. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 241 дугаартай дүгнэлтэд:

- Д.Тын биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /1-р хх-ийн 191 дүгээр хуудас/,

 

40. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай дүгнэлтэд:

- Шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2021.07.24-ний өдрийн 206 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

- А.Аын биед тархи доргилт, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021.07.12-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Баруун сарвууны 1-р шивнүүр орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1-р хх-ийн 199 дүгээр хуудас/,

 

41. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

 

42. Яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ий 201-203 дугаар хуудас/,

 

43. Насанд хүрээгүй хохирогч А.Аын гарын сарвууны зураг /1-р хх-ийн 206-209 дүгээр хуудас/,

 

44. Хохирогч Д.Оын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, өвчтөний түүх/1-р хх-ийн 214-239 дүгээр хуудас/,

 

45. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 708 дугаартай дүгнэлтэд:

1.ШШҮХ-ийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6618 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг шүүх эмнэлэг тогтоохгүй.

2. 4. Хохирогч Д.Оын биед тухайн үед тархины зүүн талын бөмбөлгийн дух зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа болон аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт, зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх, баруун чамархайн хуйх, бүсэлхий, баруун тохойд зулгаралт, баруун бугалга, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирчээ.

3. Хохирогч Д.Оын биед тухайн үед тархины зүүн талын бөмбөлгийн дух зулай, чамархай хэсгийн хамарсан хатуу хальсан доорх цусан хураа болон аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.1.1, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт, зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх, баруун чамархайн хуйх, бүсэлхий, баруун тохойд зулгаралт, баруун бугалга, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Н.Туяа, Б.Д, О.Оюунбаясгалан гэжээ. /2-р хх-ийн 17 дугаар хуудас/,

 

46. Шинжээч Ц.Нандинцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

1618 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байсан. Оын биед учирсан тархины зүүн тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу арьсан доорх цусан хураа, аалзан арьсан доорх цус харвалт буюу энэ хүнд гэмтлийг авсны дараа идэвхитэй үйл хөдөлгөөн хийж болно. Яагаад гэвэл хатуу арьсан доорх цусан хураа гэмтэл тархийг дарах хүртэл хугацаанд идэвхитэй үйл хөдөлгөөн хийх боломжтой байдаг. Тархийг дарах хугацаа нь тухайн хүний бие мах бодийн онцлогоос шалтгаалаад 1 цагаас 7 хоногийн хугацаанд байж болно.

Дээрх тархины гэмтлийг авсан тохиолдолд толгой эргэх, дотор муухайрах, огиулах, орон зайн баримжаагүй болох, тэнцвэргүйтэж, гуйвж даавих, ухаан балартах, булчин шөрмөс чангарах, татах хөших зэрэг шинж тэмдгүүд илэрч болно... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

 

47. Шинжээч Б.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Эдгээр гэмтлүүд нь хохирогчийн толгойн тус газар буюу нүүрний хэсэг, толгойн үстэй хэсэг зэрэгт хүрч үйлчлэхэд тухайн гэмтэл үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал тархинд учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн хүчтэй өшиглөх үед үүсэх боломжтой, мөн толгойд олон удаагийн хүч үйлчлэхэд ч үүсэх боломжтой юм. Хохирогч Оын биед учирсан нийт гэмтлүүд нь тус тусдаа хүч үйлчилсний улмаас үүсэж байгаа болохоор мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэж үзэж байна. Тухайн гэмтлүүдийг авсан даруйд ухаан балартах, ухаан алдах, толгой эргэх, нүд харанхуйлах, толгой маш хүчтэй өвдөх зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд гэмтэл авангуут хатуу хальсан доорх цусан хураа шууд их хэмжээгээр энгийн эрхтэнээс цус гоождог шиг гоождоггүй учраас хүн бусадтай энгийнээр харилцаж өөрөө өөртөө үйлчлэх болон хэвийн үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.

Энэ хоёрын хооронд хугацаа богино бол аль ч үйлдлийнх нь үед үйлчлэх боломжтой... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

48. Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 46-49 дүгээр хуудас/,

 

49. Шүүгдэгч Т.Х хохирогч Д.Оод хохирол төлсөн баталгаа /2-р хх-ийн 64 дүгээр хуудас/,

 

50. Б.А, А.А, Ш.Т нар нь хохирогч Д.Оод хохирол төлсөн баталгаа /2-р хх-ийн 65 дугаар хуудас/,

 

51. Хохирогч Д.Оын хохиролын тооцоо /2-р хх-ийн 183-187 дугаар хуудас/

 

52. Шүүгдэгч Б.Аы эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 230 дугаар хуудас/,

 

53. Шүүгдэгч Б.Тийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 231 дүгээр хуудас/,

 

54. Шүүгдэгч Т.Хын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 232 дугаар хуудас/,

 

55. Шүүгдэгч Д.Оын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 233 дугаар хуудас/,

 

56. Хохирогч Д.Ооос тайлбар авсан тэмдэглэл /3-р хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

57. Т.Золбоогоос тайлбар авсан тэмдэглэл /3-р хх-ийн 41-43 дугаар хуудас/,

 

58. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 298 дугаартай дүгнэлтэд:

1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 206 дугаартай дүгнэлт, мөн тус албаны шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай дүгнэлтүүд үндэслэлгүй байна.

2.А.Аын биед баруун гарын алганы 1-р шивнүүр ясны далд хугарал, тархи доргилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. А.Аын биед учирсан баруун гарын алганы 1-р шивнүүр ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Г.Энхбаатар, С.Эрдэнэцэцэг, Б.Баяртогтох гэжээ. /3-р хх-ийн 90 дүгээр хуудас/,

 

59. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 367 дугаартай дүгнэлтэд:

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 206 дугаартай дүгнэлт, тус албаны шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай дүгнэлтүүд үндэслэлгүй байна. ШШҮХүрээлэнгийн 2022.03.08-ны өдрийн 298 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Хохирогч А.Аын биед баруун гарын эрхий хурууны алга ясны далд хугарал, тархи доргилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Хохирогч А.Аын биед учирсан баруун гарын эрхий хурууны алга ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдоно. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх бололмжтой.

5. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх шинжээч эмч Т.Амартүвшин, ахлах шинжээч эмч Ч., шинжээч эмч С.Ч, М.А, Ц.Оэ гэжээ. /3-р хх-ийн 185 дугаар хуудас/ зэрэг болно.

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгт байрлах, 2 давхар цагаан өнгийн байрны гадна талд Д.Отой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгт байрлах, 2 давхар цагаан өнгийн байрны гадна талд насанд хүрээгүй хохирогч А.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун гар луу чулуу болон төмрөөр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хурууны алга ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А, Т.Х, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Аы өмгөөлөгч Ш.Ганхуяг гэм буруугийн шүүх хуралдаанд “Өмгөөлөгч миний хувьд энэ хэргийг мөрдөн байцаалтын шатанд дутуу шалгасан гэж үзэж байгаа. Учир нь хохирогч Д.О нь тухайн үед нэг цаг хугацаанд 6 хүнд зодуулсан үйл баримт байна. Ийнхүү зодуулсны улмаас хохирогч Д.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Прокуророос насанд хүрээгүй яллагдагч Б.А, А.А, Ш.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж тэдний үйлдлийг хэрэгсэхгүй болгоод, шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь ойлгомжгүй байна. Шинжээч нар мэдүүлэхдээ хохирогч Д.Оын эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь толгойн хуйханд хүрч үйлчлэх, толгой болон нүүрний хэсэгт олон удаа цохих, өшиглөх зэрэгт үүсэх боломжтой гэдэг. Гэтэл Б.А, А.А, Ш.Т нар нь төмрөөр толгойн тус газар нь цохисон, хохирогч өөрөө толгой нүүр хэсэгт цохиод байсан гэж мэдүүлдэг. Шүүгдэгч Б.А нь хохирогчийн эрүүнд 2 удаа цохисон. Мөн шүүгдэгч Б.А нь 16 дугаар зөрлөгт хохирогч Д.Оыг зодох ямар нэгэн бодолгүй ирсэн. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Аы үйлдлийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс гэм буруугийн шүүх хуралдаанд “Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг зохих түвшинд явуулж яллах болон цагаатгах талын нотлох баримтыг бүрэн цуглуулж чадаагүй гэж үзэж байна. Сая өмгөөлөгч Ш.Ганхуяг хэлэхдээ энэ хэрэгт 6 хүн хамааралтай гэж хэлмээр байна. Миний хувьд 7 хүн хамааралтай гэж үзэж байна. Яагаад гэхээр Т гэх хүн хохирогч Д.Отой хүүхдүүдтэй зодолдсоны дараагаар гар зөрүүлсэн асуудал яригддаг. Энэ Т гэх хүнийг мөрдөн байцаалтын шатанд огт шалгаагүй. Прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоолд хүүхдүүдийн үйлдлийг хэний ямар үйлдлийн улмаас тогтоогдохгүй байгаа талаар үйлдлийнх нь нарийн заагийг гаргаж өгөөгүй. Мөн хохирогч Д.О нь 2016 онд зам тээврийн осолд орж хүнд гэмтэл авсан талаар яригддаг. Шинжээчийн дүгнэлтэд дурьдсан тархинд учирсан цусан хураа гэмтэл нь шинэ гэмтэл үү, хуучин гэмтэл үү гэдгийг тодруулаагүй. Мөн насанд хүрээгүй гэрч Д.Оагийн мэдүүлэг эргэлзээтэй, бусад гэрчүүдээс зөрүүтэй мэдүүлдэг. Энэ талаар мөрдөн байцаалтын туршилт хийлгүүлэх талаар хүсэлтийг мөрдөгч болон прокурорт гаргахад гэрчүүд мэдүүлгээ өгсөн гэх агуулга бүхий хариу өгдөг. Өөрөөр хэлбэл ямар учраас туршилт хийх шаардлагагүй талаар тодорхой хариу өгдөггүй. Мөн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг дахиж шалгах шаардлагатай тул нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч А.Шинэгэрэл гэм буруугийн шүүх хуралдаанд “Манай үйлчлүүлэгч Б.Тийн хувьд гэрчийн мэдүүлэг болон өнөөдрийн шүүх хуралдааны үеэр хэлсэн. Тухайн үед Д.Оын удирдлаганд байдаг О гэх залуутай андуурсан. Өөрийн ажил үүрэгтээ хариуцлагатай хандаж байсан болохоор аливаа гэмт хэрэг гарахаас сэргийлж очсон. Түүнээс өөрөөр зодоон хийх санаа зорилго агуулаагүй гэж маш тодорхой хэлсэн.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Т.Хын өмгөөлөгч П.Наранхүү гэм буруугийн шүүх хуралдаанд “Миний үйлчлүүлэгч Т.Х нь хохирогч Д.Оыг зодоогүй гэж тогтмол мэдүүлдэг. Энэ хэргийн хувьд хохирогч Д.Оын үйлдэлд анализ хийх хэрэгтэй. Д.О нь эхлээд хүүхдүүдтэй зодолдохын өмнө Ттой зодолдсон. Дараа нь насанд хүрээгүй хүүхдүүдтэй зодолдсон ямар ч ёс зүй байхгүй нь үүнээс харагдаж байна. Т.Хын хувьд гэрчээр болон нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл дээр эргэлзээгүйгээр нэг зүйл ярьдаг. Т.Х нь зодооныг салгасан, харин ямар нэг зодох санаа зорилго байгаагүй. Насанд хүрээгүй гэрч Д.Оагийн мэдүүлэг их эргэлзээтэй яг хажууд нь хараад яваад байсан юм шиг мэдүүлдэг. Мөн гэрч Д.О мэдүүлэг өгөхгүй гэж татгалзахынхаа өмнө Т.Хаа намайг уучлаарай. Чамайг зодоогүй гэдгийг харсан гэж хэлсэн. Иймд миний үйлчлүүлэгч гэм буруугүй гэдгийг тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг,            

Шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой саналаа хэлэхэд насанд хүрээгүй хохирогч А.Аын баруун гарын эрхий хурууны алга ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан. Насанд хүрээгүй хохирогч А.А нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гарын зовиур шаналал, өвдөлт 1 сарын хугацаатай үргэлжилсэн гэж хэлсэн. Яг энэ үндэслэлээр хүндэвтэр гэмтэл учирсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан гарын сарвууны зураг нь эх хувиараа байхгүй, канондсон зураг байдаг. Энэ талаар Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгээс техникийн нөхцөл байдлын улмаас рентген зургийг стандартын шаардлагын дагуу хуулбарлан өгөх боломжгүй гэсэн. Тиймээс шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Прокуророос Б.А, А.А, Ш.Т нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.О нь энэ гэмт хэргийг гарцаагүй байдлын улмаас үйлдсэн учир уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч нарт холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нар нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Б.Атэй утсаар ярьж Төмөр замын 14 дүгээр зөрлөгөөс нэг санаа зорилготой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар зөрлөгт ирж шүүгдэгч Б.А нь хохирогч Д.Отой “хүүхдүүдийг яагаад дээрэлхээд байна” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь 5-6 удаа цохьсны дараа шүүгдэгч Б.Т ирж хохирогчийн толгой руу нь 3 удаа гараараа цохьсон, газар унагаж байгаад толгой руу нь 1 удаа өшиглөсөн, үүний дараа хохирогч Д.О урд зүг рүү зугтаахад шүүгдэгч Т.Х араас нь хөөж гүйцэж очин хавирч унагаан хохирогчийн дээр гарч толгой, нүүр лүү цохиж өшиглөсөн болох нь

хохирогч Д.Оын “...Үүний дараа А, Т, Х нар ирсэн ба А машинаасаа бууж ирээд 2-3 удаа цохисны дараа нь Т намайг 4-5 удаа толгой нүүр лүү цохисон. Бас толгой руу 2 удаа өшиглөсөн. А, Т нарт зодуулсны дараа би зугтаагаад ертөнцийн зүгээр урд зүг рүү зугтаасан ба байрны урд байдаг худгийн харалдаа Х намайг гүйцэж ирээд намайг хавирч унагаагаад миний дээр гарч суугаад толгой, нүүр лүү ээлжлээд цохиод байсан. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Ямар ч байсан Хд зодуулсны улмаас би худгийн тэнд ухаан алдаад унаад өгсөн...” гэх мэдүүлэг,

гэрч Ж.Пын “...Тэгээд шөнийн 2 цагийн үед нэг машинаас 3 залуу 1 эмэгтэй гарч ирээд дүү нарыг хэн зодоод байна, ална гээд орилоод байхаар нь би Оыг миний дүү зугтаарай сүйд боллоо гэж хэлтэл О ертөнцийн зүгээр урд зүг рүү харанхуй руу ороод алга болсон. Оын араас нөгөө 3 залуу хөөгөөд явсан ба дээгүүрээ хувцасгүй 2 залуу буцаад гүйгээд ирсэн. Нэг цамцтай залуу Оыг цааш хөөгөөд явсан. Тэгээд би та нар толгойны өвчтэй хүнийг ингэж олуулаа хөөж болохгүй, ингэж байгаад хэрэгтэн болов гэж хэлээд гэр лүүгээ орсон...” гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Д.Оагийн “...А, Т, Х нар манай дүүг зоддог хэн бэ гараад ир алаад өгнө гээд орилоод байсан. Тэгээд эхлээд А О ахын нүүр лүү 5-6 удаа цохисон ба О ах А ахад цохиулаад зугттал араас нь Т ах очоод толгой руу нь 3 удаа гараараа цохисон. Бас О ахыг унагааж байгаад толгой руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд О ах зугтаад ертөнцийн зүгээр баруун тийшээ цагаан худгийн зүг гүйгээд явсан, араас нь Х ах хөөгөөд явсан. Тухайн үед О ахын араас дагаад явтал О ахыг Х ах түлхэж унагааж байгаад толгой гар луу нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Аы өмгөөлөгч Ш.Ганхуяг нь “хохирогч Д.Оын эрүүл мэндэд нэг цаг хугацаанд хөнгөн, хүнд гэмтэл учирсан. Уг гэмтлүүдийг хэн учруулсныг хэрхэн ялгаж зүйлчилсэн нь тодорхойгүй” гэх санал гаргасан боловч хохирогч Д.О нь мөрдөн байцаалтын шатанд “...Ямар ч байсан А, А, Т нар намайг нийлж зодохдоо миний толгой, хавирга руу нарийн төмрөөр цохисон. Гэхдээ А, А, Т нарт зодуулснаас үүдэн миний ухаан санаа балартсан зүйл огт байхгүй. Ухаан санаа зүгээр байсан...” гэх мэдүүлэг, мөн шинжээч Б.Д “...Хохирогч Оын биед учирсан нийт гэмтлүүд нь тус тусдаа хүч үйлчилсний улмаас үүсэж байгаа болохоор мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэж үзэж байна. Тухайн гэмтлүүдийг авсан даруйд ухаан балартах, ухаан алдах, толгой эргэх, нүд харанхуйлах, толгой маш хүчтэй өвдөх зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд гэмтэл авангуут хатуу хальсан доорх цусан хураа шууд их хэмжээгээр энгийн эрхтэнээс цус гоождог шиг гоождоггүй учраас хүн бусадтай энгийнээр харилцаж өөрөө өөртөө үйлчлэх болон хэвийн үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой...” гэсэн мэдүүлдэг, мөн шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нарын бүлэглэн зодсон үйлдлийн улмаас хохирогч Д.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогддог ба Б.А, А.А нар нь хохирогч Д.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байх тул өмгөөлөгч Ш.Ганхуягаас гаргасан саналыг шүүх бүрэлдхүүн хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөгч хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах туршилт хийж болно.” гэж заасан. Насанд хүрээгүй гэрч Д.Оагийн мэдүүлэг нь агуулгын хувьд хохирогч Д.О, гэрч Ж.П, насанд хүрээгүй гэрч Б.А, А.А, Ш.Т нарын мэдүүлэгтэй тохирдог. Мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Д.Т гэрчээр мэдүүлэхдээ “...Тэгээд О манай гэрт орж ирээд чанга чанга дуугараад байхаар нь би чимээгүй байл даа, хүүхэд унтаж байна гэхэд О над дээр хүрч ирээд миний шанаа руу нэг удаа, хамар луу нэг удаа цохисон. Тэгээд буцаагаад Оын шанаа руу нэг удаа цохисон. Гэтэл миний хамарнаас цус гараад би Отой муудаад яахав гээд гэрээс гарч яваад гэрийнхээ хойд талын овгор шороон дээр цусаа арилгачихаад сууж байсан...” гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Ш.Тийн “...О ах дагаж орж ирээд О эгчийн нөхөр Т ахыг боогоод гараараа нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон. Т ах Отой зөрж зодолдоод байсан юм байхгүй. Тэгээд О ах Т ахыг нилээн зодсон, агсам тавиад байсан болохоор Т ах гэрээсээ зугтаагаад гараад явчихсан...” гэж мэдүүлэг өгсөн байх тул хэргийг прокурорт буцааж насанд хүрээгүй гэрч Д.Оагийн мэдүүлэгт туршилтын ажиллагаа хийж, Д.Тыг яллагдагчаар татах нь ач холбогдолгүй байна гэж үзэж өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, А.Шинэгэрэл нараас гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч Т.Х нь хохирогч Д.О урд зүг рүү зугтаахад түүний араас нь хөөж гүйцэж очин хавирч унагаан хохирогчийн дээр гарч толгой, нүүр лүү цохиж өшиглөсөн болох нь хохирогч Д.Оын “...Х намайг гүйцэж ирээд намайг хавирч унагаагаад миний дээр гарч суугаад толгой нүүр лүү ээлжлээд цохиод байсан. Хэд удаа цохисныг мэдэхгүй байна. Ямар ч байсан Хд зодуулсны улмаас би худгийн тэнд ухаан алдаад унаад өгсөн...” гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Д.Оагийн “...Тухайн үед О ахын араас дагаад явтал О ахыг Х ах түлхэж унагааж байгаад толгой гар луу нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Б.Аийн “...Ямар ч байсан Х ах буцаж ирэхдээ пудволкгүй, нэг таавчикаа О ахтай сольчихсон байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Ж.Пын “...Оын араас нөгөө 3 залуу хөөгөөд явсан ба дээгүүрээ хувцасгүй 2 залуу буцаад гүйгээд ирсэн. Нэг цамцтай залуу Оыг цааш хөөгөөд явсан...” гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Хын өмгөөлөгч П.Наранхүүгээс гаргасан “шүүгдэгч Т.Хын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

Шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Ж.Жаргалсайханаас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь 2 дугаар хавтаст хэргийн 191-192 дугаар хуудсанд авагдсан прокурорын тогтоолоор насанд хүрээгүй хохирогч А.Аын гарын сарвуу хэсгийн рентген зургийг Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн холбогдох албан тушаалтнаас авсан байна. Уг зураг болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 298 дугаартай шинжээчийн дүгнэлтэд А.Аын эрүүл мэндэд учирсан баруун гарын алганы 1-р шивнүүр ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж заасан байна. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 367 дугаартай дүгнэлтэд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 298 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэжээ. Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч А.Аын “...Нэг шидсэн чулуунд нь би оногдоод миний баруун гар үеэрээ хавдсан...” гэх мэдүүлэг,

гэрч Ж.Пын “...Тэгэхээр нь О нэгийнх нь төмрийг аваад миний танихгүй 2 хүүхдийн нэгийнх нь гар луу цохисон...” гэх мэдүүлэг,

гэрч Л.Энхмаагийн “...А манай гэрт орж ирээд надад баруун гараа харуулсан ба баруун гар нь эрхийн хуруу хавьдаа хавдаад томорчихсон байсан...” гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Б.Аийн “...А ахыг унагааж байгаад баруун гаран дээр нь дэвсээд байсан. Тэгээд арай гэж О ахаас зугтаатал О ах араас чулуу шидээд хөөгөөд байсан...” гэх мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шүүгдэгч Д.О нь насанд хүрээгүй хохирогч А.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул өмгөөлөгч Ж.Жаргалсайханаас гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгт байрлах, 2 давхар цагаан өнгийн байрны гадна талд хохирогч Д.Отой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг Б.Т, Т.Х нартай бүлэглэж зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгт байрлах, 2 давхар цагаан өнгийн байрны гадна талд хохирогч Д.Отой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг Б.А, Т.Х нартай бүлэглэж зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Т.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгт байрлах, 2 давхар цагаан өнгийн байрны гадна талд хохирогч Д.Отой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг Б.А, Б.Т нартай бүлэглэж зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгт байрлах, 2 давхар цагаан өнгийн байрны гадна талд насанд хүрээгүй хохирогч А.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун гар луу чулуу болон төмрөөр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хурууны алга ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.О, насанд хүрээгүй хохирогч А.А, насанд хүрээгүй гэрч Ш.Т, Б.А, Д.Оа нарын мэдүүлэг, гэрч Д.О, Т.Б, Ж.П, Д.Т, Л.Э, Н.З нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6618 дугаартай дүгнэлт, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, насанд хүрээгүй хохирогч А.Аын гарын сарвууны зураг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 708 дугаартай дүгнэлт, шинжээч Ц.Нандинцэцэг, Б.Д нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 298 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 367 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгч Х.Өсөхбаяраас гаргасан “шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нарыг гэм буруутайд тооцох саналтай” гэх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Харин шүүгдэгч Д.О нь насанд хүрээгүй хохирогч А.Аын эрүүл мэндэд баруун гарын эрхий хурууны алга ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгч Х.Өсөхбаяраас гаргасан “Д.О нь биеэ хамгаалсан байна” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц овогт Бийн Аыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г овогт Бын Тийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Тийн Хыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Х овогт Дийн Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, шүүгдэгч Д.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нарын үйлдлийн улмаас хохирогч Д.Оын эрүүл мэндэд зүүн тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа болон аалзан хальсан доорх цус харвалт бүхий хүнд хохирол, шүүгдэгч Д.Оын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Аын эрүүл мэндэд баруун гарын алганы 1 дүгээр шивнүүр ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан.

Насанд хүрээгүй хохирогч А.А нь мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлдэг тул шүүгдэгч Д.Оыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Хохирогч Д.О нь шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нараас 25 000 000 /хорин таван сая/ төгрөг нэхэмжилсэн ба автомашины лизингийн зээлийн үлдэгдэл болох 5 338 931 /таван сая гурван зуун гучин найман мянга есөн зуун гучин нэг/ төгрөг, автомашин барьцаалж зээл авсан зээлийн үлдэгдэл 6 965 330 /зургаан сая есөн зуун жаран таван мянга гурван зуун гуч/ төгрөг, 2020 оны 04 дүгээр сард авсан 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийн зээлийн үлдэгдэл 1 336 081 /нэг сая гурван зуун гучин зургаан мянга наян нэг/ төгрөг буюу нийт 13 640 342 /арван гурван сая зургаан зуун дөчин мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Гэтэл хохирогч Д.Ооос гаргаж өгсөн дээрх баримтууд нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш байх тул шүүх бүрэлдэхүүн уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Харин хохирогч Д.Ооос эмчилгээний зардалд баримтаар 9 630 210 /есөн сая зургаан зуун гучин мянга хоёр зуун арав/ төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ирж, явах замын зардал 251 000 /хоёр зуун тавин нэгэн мянга/ төгрөг нийт 9 881 210 /есөн сая найман зуун наян нэгэн мянга хоёр зуун арав/ төгрөг гарсан нь тогтоогдсон боловч шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нар нь мөрдөн байцаалтын шатанд тус бүр 5 000 000 /таван сая/ төгрөг буюу нийт 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг хохирогч Д.Оод төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Д.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нар нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.  

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нарт тус бүр 7 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Аы өмгөөлөгч Ш.Ганхуяг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “миний үйлчлүүлэгч Б.А нь хохирогч Д.Оын эрүүн тус газар цохисноо хүлээн зөвшөөрдөг. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа. Хувийн байдлын тухайд эхнэр, бага насны хүүхэдтэй, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “миний үйлчлүүлэгч Б.Тийн хувьд 2 бага насны хүүхэдтэй, эхнэр нь одоогоор 8 сартай жирэмсэн, амьдрал нь жигдрээгүй залуу хүмүүсд 7 жил 3 сарын хорих ял оноох нь маш өндөр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг заасан байдаг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогч Д.Оын үйлдлээс болж энэ нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оноож өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч А.Шинэгэрэл эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “өмгөөлөгч Ц.Жавхлантөгстэй адил байр суурьтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Т.Хын өмгөөлөгч П.Наранхүү эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “миний өмгөөллийн байр суурь үйлчлүүлэгчийнхээ гэм буруугийн асуудлыг цагаатгах байр суурьтай оролцсон. Тийм учраас гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэх дүгнэлтийг,            

Шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс миний үйлчлүүлэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Д.Оын хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Аы өмгөөлөгч Ш.Ганхуяг, шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс нараас гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оноож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чА, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж заажээ. Гэтэл шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлсөн хэдий ч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэх боломжгүй байна.

Харин шүүгдэгч Б.Аы өмгөөлөгч Ш.Ганхуяг, шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс нараас гаргасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү” гэх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

Хохирогч Д.О нь Б.А, А.А, Ш.Т нартай зүй бус харьцсаны улмаас энэ гэмт хэрэг нь гарсан байх тул шүүгдэгч Б.А, Б.Т нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;”, мөн зүйлийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн;” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин шүүгдэгч Т.Х, Д.О нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч Б.А, Б.Т нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдүүн дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Аыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Тийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Хыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Тд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.Хд оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оод оногдуулсан 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х Д.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Бийн Аыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г овогт Бын Тийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Тийн Хыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Х овогт Дийн Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Аыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Тийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Хыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг,

шүүгдэгч Б.Тд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар  хорих ялыг,

шүүгдэгч Т.Хд оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оод оногдуулсан 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

         

6. Шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Д.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Б.А, Б.Т, Т.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.