| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2022/0052/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/55 |
| Огноо | 2022-07-20 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга А.Энхбаяр,
улсын яллагч Ш.Батсүх,
хохирогч Л.Н,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бийн Мад холбогдох 2217000340039 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Бийн М /РД:ЕВ/, Д аймгийн С суманд ....-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, Г аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Шүүгдэгч Б.М нь 2021 оны 09 дүгээр сарын дундуур Г аймгийн С сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тогоотын хонхор гэх газраас иргэн Х.Мын 4 тооны хонийг 36-73 ... улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 670 000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 10 дугаар сард Г аймгийн Ш сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Зуунмайн гэх газар нутаглах иргэн Л.Нгийн хашаатай байсан хониноос 4 тооны хонийг 36-73 УНБ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 670 000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 06 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын хооронд Г аймгийн С сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зүүтийн тал гэх газраас иргэн Л.Эын 9 тооны хонийг 36-73 УНБ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 2 070 000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын хооронд Г аймгийн С сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газраас иргэн Т.Бын 11 тооны хонийг 36-73 УНБ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 530 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 7 сараас эхлээд Мын 4 тооны хонийг Тогоотын хонхор гэдэг газраас, Нгийн 4 тооны хонийг Зуунмайн гэх газраас, Зүүтийн тал гэх газраас Эын 9 тооны хонийг, Бын 11 тооны хонийг Баянхошуу гэх газраас тус тус 36-73.. улсын дугаартай машинд амьдаар нь арын суудлыг нь хэвтүүлж байгаад багтаагаад ачдаг байсан. Мын 4 тооны хонь болон Нгийн 4 тооны хонийг авахдаа бүгдийг нь нэг дор ачаад явсан. Эын 9 тооны хонийг 4-өөр нэг удаа, 5-аар нэг удаа авсан. Миний авсан хонинууд дундаж насны хязаалан, соёолон хоньнууд байсан. Хонинуудаа нядлаад Ат 7, Над 5, Нд 2, Мд 5, Бд 3, Гд 4, Үнэнмөнхөд 1 хонь өгсөн. Би нэг айлын хотноос хонь авч байна гэдгээ им тамгаар нь мэдэж байсан. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 36-73 УНБ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлийг найз Иийн нэр дээр зээлээр банк бусаар авахуулсан. Би машины зээлийн төлөлтөөс 2 удаа төлсөн. Миний ээж бөөрний дутагдалтай, нэг тариа авахад 60 000 төгрөг байдаг. Хил хаагдаад ажилгүй болоод эм тарианы мөнгө явуулж чадахгүй болсон. Мөн хүүхдийн тэтгэмж сард 200 000 төгрөг төлдөг бөгөөд нэхэгдээд мөнгө хэрэг болсон. Энэ гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн. Хэн нэгний оролцоо байхгүй. Малын мах авчирч өг гэж ятгасан, хамт явж махалсан хүн байхгүй. Хохирогч нарт хохирол төлбөр төлөөгүй байгаа. Баянтал суманд манай нэг газар байдаг. Энэ газрыг нэг хүн авна гэсэн. Газраа зараад хохирол төлбөрөө төлнө. Ер нь миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй. Би ингэж хулгай хийж яваагүй. Яагаад ийм хэрэг хийснээ мэдэхгүй байна. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв.
2. Хохирогч Л.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх 370 гаран малтай. Би тухайн үед хонио хүн авсан гэж ойлгоогүй. Яагаад гэвэл тэр үед манай хонинд нохой ороод, ямаа хонь хоёр бариулаад хонь 3 тийшээ салаад, нэг хэсгийг нь хашаад, нэг нь хойшоо, нэг нь зам даваад салчихсан байсныг нь хураасан. Манайх ганц хар халзан бүдүүн эр хоньтой. Бүдүүн эр хонь маань харагдаагүй. Тэр хавийн айлуудаар 3 хоног хонио шүүгээд үзэхэд манай хонь байгаагүй. Энэ хүнийг 12 сард цагдаа бид нарт мэдэгдэж танайхаас энэ хүн 4 хонь зүсээрээ хулгайлсан байна гэж хэлсэн. Манай өөрийн хонь сүүлэн дээрээ цэнхэр будагтай, сам имтэй хонь байсан. 10 дугаар сарын 28-ны өдөр манайх малаа хашаан дотроо шүршиж угааж нойтон байсан учраас хашаанд хашсан байсан. Тэр үед авсан гэж хэлээд байгаа. Тэрний дараа нохой орсон юм. Тухайн үед хүн мал хулгайлсан гэж мэдээгүй, хүн ч хардаагүй. Би хонио үнэлгээгээр тогтоосон 670 000 төгрөгөө нэхэмжилнэ. Энэ хүнийг судалж байж ирсэн гэж бодож байна. Гомдолтой байна гэв.
3. Хохирогч Х.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манайх Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тогоот гэх газар оршин суудаг. 2021 оны 07 дугаар сараас эхлээд айлуудын малнаас 1-5 ширхэгээр үе үе дутаад байх болсон. Цаг муу байсан болохоор мал тасраад байна гэж бодсон боловч сүүлд манай тэр хавиар цэнхэр өнгийн Приус машин байнга яваад айл амьтны мал хуйгаар ороод байгаа талаар сонссон. Манайх 2021 оны 09 дүгээр сарын дунд үед Тогоотын хонхор гэх газраас 4 тооны хонь хулгайд алдсан. Тухайн хонинууд 5 настай эр хонь, 4 настай эм хонь, 2 эр төлөг байсан. Эр хонь нь хар толгойтой, эм хонь хар нүдэн, 2 төлөг нь хар толгойтой хонинууд байсан. Манай малын им баруун чих урдаасаа ухам зүүн чих цуулбар имтэй. Мөн нуруун дээрээ цэнхэр өнгийн будагтай байсан. Би гомдолтой байна, манай малыг авсан хүнийг олж хохирлоо төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 11-14 хуудас/
4. Хохирогч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 06 дугаар сараас хойшхи манай хониноос дандаа эр хонинууд дутаад эхэлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сард нэгдсэн байдлаар тоолох үед 9 тооны эр хонь дутсан байсан. Би цагдаад хэлэх гэсэн боловч мал болохоор тасраад айлын хонинд нийлсэн гэж бодоод явдаг байсан. Манай эр хониноос шар нүдэн хонь, хөх хүзүүтэй, шар толгойтой, хар нүдэн гэх хонинууд дутаж байгаа юм. Зарим хонины зүсийг нь сайн мэдэхгүй байна. Манай хонь зөв талаасаа ухам цуулбар, баруун талын чих бас цуулбар имтэй байдаг. Би нэг хонио 280 000 төгрөгөөр үнэлж, нийт 9 хонь 2 520 000 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Өөрийн алдсан малаа гарсан үнэлгээгээр нь төлүүлж авмаар байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 170-176 хуудас/
5. Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 20-ны үеэс 11 дүгээр сарын хооронд Улаанбаатар хот руу мал зарах гээд 3-4 удаа явж эхлэхээсээ өмнө малаа тоолоход бүрэн байсан. 11 дүгээр сарын сүүлд тоолоход манай хониноос 11 тооны хонь дутсан. Манай мал бүгд голоосоо хоёр чих цуулбар имтэй байдаг. Малнаас дан нас бие гүйцсэн эр хонинууд дутсан. Би алдсан 11 хонио 2 200 000 төгрөг буюу 1 хонио 200 000 төгрөгөөр үнэлнэ. Манай тэр хавиас хулгай хийж байгаад хүн баригдсан гэхээр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би гомдолтой байна. Өөрийн алдсан хонио төлүүлж авмаар байна” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 12-15 хуудас/
6. Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн тээврийн хэрэгслийг И нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 12 сая төгрөгний зээлийг сарын 2,7 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар ЗГ1006210692 дугаартай зээлийн гэрээг байгуулан зээл авсанаар 36-73 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгогч манай байгууллагын өмчлөлд мөн өдрийн ЗБ1006210692 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан шилжүүлсэн. Эд хөрөнгө өмчлөх гэрээний 1.1-д зааснаар “Гэрээний үүргийг хангуулах зорилгоор үүрэг гүйцэтгэгч нь гэрээний 2.1-д заасан хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлэх” мөн гэрээний 2.3-д “Үүрэг гүйцэтгэгч хөрөнгийн гэрээний хугацаа нөхцөлийн хүрээнд эзэмшиж ашиглана” гэж заасны дагуу тухай тээврийн хэрэгслийн өмчлөх эрх манай компанийн мэдэлд харин эзэмших, ашиглах эрх нь зээлдэгч Иөд байсан. И өөрийн нэр дээр зээлийг гэрээ байгуулан Мад авч өгсөн талаар манай байгууллагад мэдсэн зүйл байхгүй. Хэрэв өөр хүнд зээл авч өгч байгаа талаар мэдсэн бол тухайн тээврийн хэрэгслийн зээлийг гаргахгүй байсан. Мөн гэрээний 5.1.6-д “Гэрээний 5.1.4-ийг зөрчсөний улмаас бусдын амь нас эрүүл мэнд эд хөрөнгөд учруулсан хохиролыг бүрэн хариуцахыг баталж байна” гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зээлдэгч бие дааж хариуцах учиртай. Тухайн зээлийн гэрээний үлдэгдэл нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 13 662 792 төгрөгний үлдэгдэлтэй байна. Тээврийн хэрэгслийг энэ үнээр нь үнэлнэ. Манай компанийн зүгээс тээврийн хэрэгслийг улсын орлого болгох болон бусад гуравдагч этгээд шилжүүлэн авсан тохиолдолд буруутай этгээдээс зээлийн гэрээний үлдэгдлийг тухайн үеийн байдлаар гаргуулан авч хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 26-30 хуудас/
7. Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М гэх залуу 2021 оны 08 дугаар сараас эхлэн надад 2 ширхэгээр нь 4 удаа хонь авчирч өгсөн. Нэг удаа мөнгийг нь данс руугаа шилжүүлж, бусад мөнгийг дандаа бэлнээр авсан. Мал авчирч өгөхдөө малаа дандаа хийгээд гулуузаар нь авчирч өгдөг байсан учир ямар им зүстэй мал байсан талаар нь надад мэдэх зүйл байхгүй. Ээжийнхээ малнаас авсан гэж өгдөг байсан. М нь ганцаараа цэнхэр өнгийн Приус маркийн машинтай ирдэг байсан. Олон тоогоор хонь авчирч өгч байгаагүй. 2 ширхэгээр 3 удаа, 1 удаа 1 тооны хонь авчирч өгч байсан. Хонинууд нь ер нь их тарган дунджаар 27-30 килограммтай ирдэг байсан. Ингэж жин дарж байгааг бодоход эр хонь байх гэж би бодож байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 31-33, 180-182 хуудас/
8. Гэрч Я.И мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 36-73 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 06 дугаар сард “Жи эс би” капитал банк бус санхүүгийн байгууллагаас Мад зээлээр авч өгсөн. Одоо уг тээврийн хэрэгсэл Мад байгаа. М сар сард нь тогтмол төлөөд явна гэж тохиролцсон боловч авсанаасаа хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй. Одоо банк бус санхүүгийн байгууллага нь уг машиныг хурааж авна гэж байна. М уг нь их үг дуу цөөтэй даруухан залуу. Их ажилч хичээнгүй хөдөлмөрч залуу шиг санагдаад найзалж нөхөрлөсөн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 35-37 хуудас/
9. Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М надад 2021 онд 4-5 удаа хонь зарсан. 1, 2 ширхэгээр нь л авчирч өгдөг байсан. Яг хэдний үед гэдгийг нь сайн санахгүй байна. Нийт 5 ширхэг хонь худалдаж авсан байх. Би мал маллаж байгаагүй учраас малын им зүсийг огт ялгахгүй. М ганцаараа ирээд зарсан хонио надад хийж өгөөд мөнгөө бэлнээр аваад явдаг байсан. М нь 2021 оны 7 дугаар сарын үеэс эхэлж надад өгсөн. Би тухайн малыг өөртөө хувийн хэрэгцээнд ашигладаг байсан ба зарж борлуулдаггүй байсан. 2021 оны 10 дугаар сарын сүүлээр М надад 2 ширхэг хонь авчирч өгч байсан. Хар толгой цагаан зүсмийн хонь байсан. 40 килограмм гаран болж байсан. Би Маас мал авахдаа гарал үүслийн бичгийг шалгаж авсан асуудал байхгүй. Надад би хүнтэй суусан, манай хадмын мал байгаа юм гэж хэлж өгдөг байсан. Тийм учраас би итгээд авсан. Хулгайн мал гэж мэдээгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 41-43, 121-123 хуудас/
10. Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 26-ны өглөө Шивээговь сумын мал эмнэлгийн газраас танай малыг угаалгад оруулна гээд ирсэн. Тухайн өдөр малаа угаалгаад маргааш өглөө нь эхнэр Н манай хотонд нохой ороод манай нэг ямаа, нэг хонь бариад үхчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд бусад малаа бүртгэж үзэх гэтэл манай мал олдохгүй байсан. 9 цагийн үед Шивээговь сумын 2 дугаар багийн зуумайн гэх газраас 150 гаран дан ямаа, 10 цагийн үед Өлзийт гол гэх газраас 230 гаран хонио олж авсан. Тэгээд малаа туугаад гэртээ очоод тоолж үзтэл 4, 5 хонь дутаад байсан. Алдагдсан гэх 4 тооны хонь нь буруу талын чих нь үзүүрээсээ сам эмтэй, сүүлний үзүүр хэсэгт цэнхэр өнгийн будагтай байсан. Нэг том эр хонь хар халзан зүсмийн соёолон настай, хоёр эр төлөг хар халзан, бор халзан зүстэй, нэг нь хар толгой хязаалан эм хонь байсан. Манайх бага малаа 2021 онд 375 тооны мал тоолуулсан. Одоо бага мал 445 тооны байгаа. Тухайн үед шөнө орой болохоор яг гэрийн үүдээр машин яваад байдаг байсан. Гараад номер дугаарыг харах гэхээр амждаггүй байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 117-118 хуудас/
11. Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М нь надад 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 2 тооны хонь зарсан. Уг нь дүү М нь надтай хамт зах дээр мал зардаг. Тухайн үед дүү нь байгаагүй учраас надад махаа зарсан байх. Би мөнгийг нь дансанд нь шилжүүлсэн. Нилээн том 2 хонь байсан. Би 425 000 төгрөг шилжүүлсэн. 2 хонь нь гулуузаараа байсан учир ямар имтэй байсан талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 177-179 хуудас/
12. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай ах 2021 оны 11 дүгээр сард надад 5 тооны хонь авчирч зарсан. Тэрнээс өөрөөр мал зарж байгаагүй. Надад мал авчирч өгөх үедээ хадмууд бензин тосны мөнгө хэрэг болоод гээд авчирч өгсөн. Би тухайн үед 1 килограммыг нь 7500 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь шилжүүлсэн. Авчирч өгсөн гулуузнууд нь их том гулууз байсан. Би эр хонь байх гэж бодож байгаа. Надад гулуузаар нь авчирч өгсөн болохоор ямар имтэй, ямар зүсмийн хонь байсан талаар мэдэхгүй байна. Манай ах хулгай хийгээд байхаар хүн биш” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 183-185, 2-р х.х-ийн 20-21 хуудас/
13. Гэрч З.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын сүүл үед М ах над руу яриад ахдаа 3 хонь хийгээд заралцаад өгөөч гэсэн. Би тухайн үед Ган-Эрдэнийн бойн дээр мал хийж байсан учраас амжихааргүй байгаа талаараа хэлсэн чинь ах нь энд хүнээр хийлгээд аваад очъё, ахтайгаа хамт Балдан засаг зах дээр заралцаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. М ахын хуучин эхнэрээсээ салаад Дорноговь аймгийн Даланжаргалан суманд их малтай хүнтэй айл гэр болсон гэж сонсож байсан. М ах ирээд хөх өнгийн Приус маркийн автомашинтай гулууз болгоод янзалчихсан 3 хонины махтай нь бид хоёр зах руу явсан. Балданзасаг зах ороод ах нь махаа хараад сууж байя чи ороод зарчихаад ир гээд намайг оруулсан. Яг хэн хэн гэдэг хүнд зарсан талаараа сайн санахгүй байна. Мах авах хүн байгаа эсэхийг асуухад байна гээд 3 хүн гарч ирээд нэг нэг гулуузаар нь аваад М ахтай бэлэн мөнгөөр тооцоо хийсэн. Тухайн үед М ах машины лизинг төлөх хугацаа болоод мөнгө хэрэг болоод гээд ярьж байсан. Тухайн малыг хулгайн мал байсан талаар нь мэдэх зүйл байхгүй байна. М ах 2-3 жилийн өмнөөс миний өмсөж байсан нэг гутланд нүд унагаад байсан. 2021 оны 10 дугаар сарын сүүл үеэр ах нь нэг төлөг авчирч өгье, ахдаа гутлаа өгчих гэхээр нь би за за тэг гээд нэг тооны бор халзан эр төлөг авсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 186-188, 2-р х.х-ийн 22-23 хуудас/
14. Гэрч Л.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М 2021 оны 11 дүгээр сард хүүхдийн төлбөр өгөх гэсэн юм гээд 2 эр хонь, дараа нь 12 сар гаргаад 2 эр хонь авчирч өгсөн. Би нэг хонийг нь 200 000 төгрөгөөр бодож нийт 800 000 төгрөг бэлнээр өгсөн. Яг худалдаж авсан он сар өдрөө санахгүй байна. Ямарч байсан бүдүүн эр хонинууд байсан. Нэг хонь нь 30 килограмм орчим татаж байсан. Зарахдаа гарал үүслийн бичиг авч ирээгүй. Манай мал Их уулын урд талд гараад байгаа гэрээсээ авчирсан гэж хэлсэн ба цэнхэр өнгийн Приус-30 маркийн машинтай ирсэн. Хонины зүс, имийг сайн санахгүй байна. Хар халзан хонь нэг байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 189-191, 2-р х.х-ийн 18-19 хуудас/
15. Гэрч А.Ү мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2021 оны 12 дугаар сарын 7-8-ны үед нэг хонь Маас худалдаж авсан. М хэлэхдээ миний гар эвгүй болсон хонь хийж чадахгүй байна гэхээр нь би ачиж явсан хонийг нь хашаандаа хийгээд өгсөн. Тэгээд махаа толгой шийртэй нь ачаад аваад явсан. Удалгүй буцаж ирээд махны газар авахгүй байна, ах нь хөдөө явах гээд бензин тосны мөнгөгүй байна. Дүү энэ хонийг авчих юм уу гэхээр нь би нэг килограммыг нь 7000 төгрөгөөр бодож, 28 килограмм 196 000 төгрөг болоод мөнгийг бэлнээр нь өгсөн. Би интернэт банкаар шилжүүлье гэсэн ахад нь бичиг баримт байхгүй хөдөө орхисон гээд байхаар нь би картнаасаа мөнгө авч өгсөн. Зарахдаа гарал үүслийн бичиг авч ирээгүй, би хотноосоо авчирсан ямарч асуудалгүй манай хөдөө гэр зүүн талд байдаг гэж хэлсэн. Мах зарахдаа хөх өнгийн Приус-30 маркийн 36-73 гэсэн дугаартай машинтай ганцаараа авчирч өгсөн. Им тамгыг нь сайн мэдэхгүй байна. Хар халзан зүстэй байсан. Толгой шийр арьстай нь өөрөө аваад явсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 192-194 хуудас/
16. Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 12 дугаар сарын 10-д гаргаад Сүмбэр сумын 4 дүгээр баг фермийн хоолойн зүүн талын хороонд хонио хотлуулаад гэртээ харьж хоол идээд хонь хотлуулсан хороон дээр ирэхэд хойд талаасаа тээврийн хэрэгслийн гэрэл тусаад манай хонь хотолсон хороон дээр тэр тээврийн хэрэгсэл ирж зогсоод байж байгаад хөдөлсөн. Би араас нь мотоцикльтой гэрлээ унтраагаад дагасан чинь хороон дээрээс баруун тийш яваад хурдаа нэмээд алга болсон. Хар хөх өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Өглөө гэгээ орохоор мөр харсан чинь манай хонь хотолсон байсан хашаанд тээврийн хэрэгсэл тулж зогсоод машинаас буусан хүний мөр байсан. Хонио тоолоход 9 тооны хонь дутаж байсан. Зөв чих ухаад цуулбар, баруун чих үзүүрээсээ ухам, цуулбар гэх имтэй хонинууд байдаг. Би байнга хонио малладаг. Манай хонь 2021 оны 07 дугаар сард малаа тоолоход 2 тооны эр хонь дутсан. Тэрнээс хойш сар тутам тоолдог болсон. Тоолох болгонд л дутаад байсан. Тэгээд бэлчээртээ үлдсэн эсвэл айлын малд нийлээд явсан байх гээд тоохгүй байсан. Хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын дунд үед тоолоход манай малнаас нийт 9 тооны хонь дутсан байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 195-199 хуудас/
17. Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Иийн нэр дээр хөх өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хрэгслийг 36-73 УНБ улсын дугаартайгаар 2.7 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар 12 000 000 төгрөгийн зээлээр гаргасан. Тухайн хүн авсан зээлээ 2021 оны 7 дугаар сард нэг төлөлт хийгээд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны зээлийн хүүг төлөөд, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн хүүгийн төлбөрийг төлсөн. Өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй. Би Итэй утсаар холбогдож яагаад зээлээ төлөхгүй байгаа талаар асуухаар би Чойрт байдаг найз М гэдэг хүнд зарсан гэхээр нь тэр хүнийг нь хайгаад байсан чинь танай цагдаагийн хэлтэст мал хулгайлсан хэргээр шалгагдаж байгаа юм байна. Тухайн зээлийн гэрээ нь анх авсан 12 000 000 төгрөгнөөс 250 000 төгрөгийн л төлбөр төлөгдсөн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 200-201 хуудас/
18. Гэрч Ч.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай хүү М нь архи дарс ерөөсөө уудаггүй, айраг ч уудаггүй хүүхэд. Ямар нэгэн этгээд зан араншин байхгүй, үг дуу цөөнтэй, мөрөөрөө ажлаа хийгээд л явж байдаг хүн байгаа юм. Миний төрүүлсэн 5 хүүхдээс хамгийн санаа зовоодоггүй хүүхэд. Хүнд их тустай, хүнд тус болоё л гэсэн бодолтой байдаг. Тэгтэл сүүлийн үед айлын мал хулгайлсан талаар сонсогдоод байх болсон. Энэ талаараа М надаас нуугаад байхаар нь би түүнийг үнэнээ хэл гэж шахаж байж хэлүүлсэн” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 24-25 хуудас/
19. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-ийн 6-9, 97-104, 103-104, 105-107, 159-161, 162-165, 166-168, 2-р х.х-ийн 6-10 хуудас/
20. “GSB Capital” Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээ, холбогдох баримт бичгүүд /1-р х.х-ийн 16-24 хуудас/
21. “Ашид билгүүн” ХХК-ны хонины үнэлгээний тайлангууд, “Ашид билгүүн” ХХК-ны тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоосон үнэлгээний тайлан /1-р х.х-ийн 47-49, 127-129, 208-210, 2-р х.х-ийн 29-31, 2-р х.х-ийн 35-38 хуудас/
22. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтууд /1-р х.х-ийн 67, 74, 87 хуудас/
23. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолууд /1-р х.х-ийн 56-58, 89-90, 135-137, 152-153, 225-229, 2-р х.х-ийн 2-3, 45-47 хуудас/
24. Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р х.х-ийн 245, 2-р х.х-ийн 82-85 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.М нь 2021 оны 09 дүгээр сарын дундуур Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тогоотын хонхор гэх газраас Х.Мын 4 тооны хонийг 36-73 УНБ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, 670 000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 10 дугаар сард Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Зуунмайн гэх газар нутаглах Л.Нгийн хашаатай байсан хониноос 4 тооны хонийг 36-73 УНБ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, 670 000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 06 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын хооронд Говсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зүүтийн тал гэх газраас Л.Эын 9 тооны хонийг 36-73 УНБ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, 2 070 000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газраас Т.Бын 11 тооны хонийг 36-73 УНБ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 2 530 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Б.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.4 заасан үргэлжилсэн үйлдлээр олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.М нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Х.М, Л.Э, Т.Б, Л.Н, гэрч Н.А, Я.И, Д.Н, Б.М, З.Б, Л.Г, А.Үнэнмөнх, Ч.Энхбат, Д.Н нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгааг дурдлаа.
Мөн шүүгдэгч Б.М нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг тус тус дурдлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдлээс үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч Б.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Мын анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагч Ш.Батсүх: Шүүгдэгч Б.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар түүнд 2 жил, 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б: шүүгдэгч Б.Мын хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийг үйлдэх үедээ аргагүй гачигдал гарч, ээжийнх нь бие муу, бөөрний архаг дутагдалд орж байнгын эмчийн хяналтанд байдаг. Хэдийгээр үйлдэл нь гэм буруутай, хууль бус байгаа хэдий ч цаад санаа нь ээжийнхээ эмчилгээний зардлыг олох гэснээс гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал тогтоогдож байгаа. Шүүгдэгч Б.М нь ажил хөдөлмөрт сайн, архи дарс уудаггүй, муу зуршилгүй гэх хувийн байдлыг мөн харгалзаж өгнө үү. Нөгөө талаас тухайн гэмт хэрэг гарахад хохирогч нарын хайхрамжгүй байдал нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд бог малыг богчилж хариулна гэсэн тодорхой заалт байдаг. Гэтэл энэ малнууд тодорхой хариулга байхгүй, өөрсдийнх нь хайхрамжгүй байдал удаа дараа гэмт хэрэг гарахад түлхэц болсон. Хэрвээ малчид минь өөрсдийнхөө өмч хөрөнгийг хамгаалж, малаа хариулсан бол энэ гэмт хэрэг гарахгүй байх нөхцөл байдал байсан юм уу гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Шүүгдэгчийн зөвтгөж байгаа биш ч, яалт ч үгүй ийм нөхцөл байдал тогтоогдож байна. Ийм учраас тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагч, өмгөөлөгч нараас гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналуудыг хүлээн авч, шүүгдэгчид хорих ял оногдуулж, нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Мын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 2 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцохоор тогтоолоо.
Мөн шүүгдэгч Б.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2009 онд үйлдвэрлэсэн, ZVW301127929 арлын дугаартай, хар хөх өнгийн Тоёота Приус-XW30 маркийн 36-73 УНБ улсын дугаартай 20 500 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Я.И нь “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 12 000 000 төгрөгөөр зээлж авсан ба “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК, Я.И нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг бүрэн гүйцэтгэгдээгүй, дээрх автомашин нь “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-ны эзэмшлийнх болох нь “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-ны 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, иргэний нэхэмжлэгч Б.Б, гэрч Я.И нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Иймд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд сахиул Ц.Чулуунчимэгт хадгалах үүрэг хүлээлгэн хадгалагдаж байгаа 2009 онд үйлдвэрлэсэн, ZVW301127929 арлын дугаартай, хар хөх өнгийн Тоёота Приус-XW30 маркийн 36-73 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ярманхүүгийн Иөд /РД:МР76061431/ олгож, “Ашид билгүүн” ХХК-ны дээрх тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоосон үнэ болох 20 500 000 төгрөгийг шүүгдэгч Б.Маас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
“Жи Эс Би Капитал ББСБ” ХХК, Я.И нарын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ иргэний хуульд заасан гэрээний харилцаагаар зохицуулагдах тул “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлээ иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Х.М, Л.Н, Л.Э, Т.Б нарт учирсан хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Х.Мын 4 тооны хонийг, хохирогч Л.Нгийн 4 тооны хонийг, хохирогч Л.Эын 9 тооны хонийг, хохирогч Т.Бын 11 тооны хонийг тус тус шүүгдэгч Б.М нь хулгайлан авч эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Дээрх хохирогч нарын хулгайлагдсан хонинуудын үнэлгээ нь “Ашид билгүүн” ХХК-ны хонины үнэлгээний тайлангуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Маас 670 000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Мт, 670 000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Нд, 2 070 000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Эод, 2 530 000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Бт тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт хураагдаж ирсэн автотээврийн хэрэгслийн гэрчилгээг Ярманхүүгийн Иөд олгож, эд мөрийн баримт хэрэгт хураагдаж ирээгүй болохыг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Мыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мад оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2009 онд үйлдвэрлэсэн, ZVW301127929 арлын дугаартай, хар хөх өнгийн Тоёота Приус-XW30 маркийн 36-73 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 20 500 000 /хорин сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Маас гаргуулан улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2009 онд үйлдвэрлэсэн, ZVW301127929 арлын дугаартай, хар хөх өнгийн Тоёота Приус-XW30 маркийн 36-73 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, автотээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус Ярманхүүгийн Иөд /РД:МР76061431/ олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Маас 670 000 /зургаан зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Тогоот гэх газар оршин суух хохирогч Х.Мт, 670 000 /зургаан зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, 22 дугаар зөрлөг 11-6 тоотод оршин суух хохирогч Л.Нд, 2 070 000 /хоёр сая далан мянга/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Индүүт гэх газар оршин суух хохирогч Л.Эод, 2 530 000 /хоёр сая таван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Баянхошуу гэх газар оршин суух хохирогч Т.Бт тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА