Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
Хэргийн индекс | 171/2022/0224/Э |
Дугаар | 2022/ШЦТ/246 |
Огноо | 2022-07-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Эрдэнэзул |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/246
2022 07 04 2022/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний
Улсын яллагч Г.Э
Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц-т холбогдох эрүүгийн 2225003120304 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ц.Ц.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Хабитатын **** тоотод П.А-тай маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Уг нь хэл амаар доромжлоогүй юм. Намайг сууж байхад өөрөө босч ирээд цохьсон. Би 2 удаа алгадсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч П.А “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Орхон аймаг дахь Цагдаагийн газарт П.А-н гаргасан гомдол /хавтаст хэргийн 5 дахь тал/,
2. Хохирогч П.А-н “2022 оны 05 дугаар сарын 08-ны 14 цагийн үед Эрдэнэ багийн Хабитатад гэр нь байдаг найз эмэгтэй У-н гэрт нь очсон юм. Гэрт нь очиход У нөхрийн хамтаар мөн Э гэх залуу, Н-г гэх эмэгтэй, Ц гэх залуучууд байсан. Намайг гэрт нь очиход У гаас бусад нь бүгд архи пиво ууж байсан. Тэгээд би тэд нартай хамт архи пиво хамт уусан. Намайг У-н гэрт очсон цагаас эхлэн Ц гэх залуу намайг “янхан минь би чамайг мэднэ ш дээ, гичий минь” гэх зэргээр намайг доромжлоод байсан юм. Намайг Ц доромжилж байхдаа гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан би тэсэхгүй түүн дээр очоод цээж рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл Ц намайг босож ирээд 2 удаа алгадсан 2 дахь алгадалт нь дээр нь би газар унасан тэгтэл Ц миний нүүрэн дээр хөлөөрөө нэг удаа дэвссэн. Н, Э нар хажуугаар орж ирээд зодооныг салгасан. Намайг зодсоны дараа би гэртээ хариад хоносон. Маргааш нь миний зүүн талын нүд хөхөрсөн, мөн хамар хавдсан, хамар битүүрээд байгаа юм шиг санагдаад байхаар нь нусаа нийтэл том том цустай нөж гарч байсан тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж Ц ыг шалгуулахаар болсон юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/
3. Гэрч Б.Ч-н“2022 оны 05 дугаар сарын 08-ны үдээс хойш манай гэрт Ц , А нар ирээд манай гэрт бид нар архи уусан архиа уугаад байж байтал Ц , А хоорондоо маргалдаад байсан тэгж байснаа А сууж байсан газраасаа босож ирээд Ц ыг цохиод авсан тэгтэл Ц уурлаж босож ирээд Аын хамар луу нь гараараа 2 удаа алгадсан тэгтэл А хамраа дараад доошоо суусан тэгээд зодолдохоо больсон. Хэсэг хугацааны дараа манай гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 13 дахь тал/
4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 393 дугаартай “П.А-н биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, нүүр, зүүн бугалгад зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэмтэл нь хэрэг гаргасан гэх цаг хугацаанд үссэн байж болно...Тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 19-20 дахь тал/
5. Ц.Ц ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 25 дахь тал/
6. Яллагдагч Ц.Ц ын “Миний бие 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эрдэнэ баг Хабитатын **** тоотод амьдардаг найз Ч-н гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танил эмэгтэй болох А-ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан. Миний бие А-д баримтаар нэхэмжилсэн 180,000 төгрөг дээр нэмж 20,000 төгрөг унааны зардал нийт 200,000 төгрөгийг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Хабитатын **** тоотод П.А-тай маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хохиролд 200 000 төгрөг төлсөн гэж байна. Хохирогч нь эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ гэж байсан боловч шүүхэд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Орхон аймаг дахь хохирогч П.А-н “Ц намайг босож ирээд 2 удаа алгадсан 2 дахь алгадалт нь дээр нь би газар унасан тэгтэл Ц миний нүүрэн дээр хөлөөрөө нэг удаа дэвссэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Ч-н“Ц уурлаж босож ирээд Аын хамар луу нь гараараа 2 удаа алгадсан тэгтэл А хамраа дараад доошоо суусан тэгээд зодолдохоо больсон” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 393 дугаартай дүгнэлт, Ц.Ц ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, яллагдагч Ц.Ц ын “Аыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Хабитатын **** тоотод архи согтууруулах ундаа хэрэглэж байхдаа П.А-тай маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон шүүгдэгч Нс зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Ц ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ц-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч П.А-н биед хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол 200 000 төгрөг төлсөн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овгийн Ц-н Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС