Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/58

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Эгийн Дид холбогдох эрүүгийн 2217000000064 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 06-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын туслах машинч мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл 1, .... тоотод албан ёсны хаягтай, одоо ..... тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Эгийн Д /РД: ЛМ/,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Э.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны ойролцоо Э.Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг газар унагах, нүүрэн тус газар нь чулуугаар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний хүзүүвч хэсгээрх хугарал, зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, дээд уруулд шарх, зүүн хацар, баруун өвдөг, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Дид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000000064 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос манай найз ирээд манай гэрт ууж суусан, хохирогч болох Э.Э ирсэн. Бид жаахан ууж суусан. Э.Эийг зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу гэв.

2. Шүүгдэгч Э.Д мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би ажилгүй гэртээ амарч байсан юм. Тэгээд 19 цагийн үед Э рүү би яриад төмөр замын Ган зам дэлгүүрээс 2 ширхэг 2 литрийн савалгаатай пиво, 1 ширхэг Голден Чингис нэртэй 0,75 литрийн савалгаатай архи манай гэрт аваад ирээч би худалдагчид нь хэлчихсэн байгаа гэж хэлсэн. Э ч зөвшөөрөөд манай гэрт миний захисан архи, пивыг авч ирсэн. Тухайн үед би гэртээ өөрийн найз Бтай цуг байсан бөгөөд Э манайд ирээд бид 3 тус архи болон пивыг хувааж ууцгаасан. 21 цагийн үед байх гэж санаж байна Эийн найз /нэрийг мэдэхгүй гэх/ бас манай гэрт ирээд архи пивоноос ууж байсан.

Тэгээд манай найз Б 21 цаг өнгөрч байхад найз нь маргааш ажилтай харьж амарлаа гэж хэлээд манай гэрээс гараад явсан. Быг явснаас хойш Э над руу агсраад 2-лаа гаръя зодолдъё гэсэн тэгэхээр нь би ахын дүү яахын бэ хариад амарчихаа ах нь зодоон нүдээн хийхгүй ээ гэж хэлтэл Э агсраад ерөөсөө болихгүй байсан. тэгээд бас Эийн найз нь хүрч ирээд Эөө болио явъя гэтэл Э явахгүй намайг гэрээсээ гараад ир гээд миний зүүн нүд рүү гараараа цохиод гараад явсан тухайн үед би бас Эийг аргадаж ойлголцох гээд гэрээсээ гарсан юм.

Гэтэл гэрийн гадаа Эийн 3 найз нь зогсож байсан нэг нь надтай цуг архи уудаг найз нь байсан. Тэгээд 2-лаа камергүй газар зодолдъё гээд 11 дүгээр байрны ертөнцийн зүгээр хойд талд харанхуйд очсон. Тухайн үед Э намайг түрүүлж нүүр лүү 1 удаа гараараа цохиод дэгээдээд газар унагаасан бас Эийн найзууд намайг салгах гээд газраар чирсэн. Тэгээд би босож зугтаах гэж байгаад зүүн гартаа чулуу атгаад хойшоо савтал Эийн ам руу нь цохьчих шиг болсон бөгөөд би тэр чигээрээ зугтаагаад гэр лүүгээ орох гэж байтал манай гэрийн хаалганы үүдэнд Эийн цагаан футболктой найз нь хүрч ирээд ямар нэгэн юм хэлэхгүй нүүр лүү 2 удаа гараараа цохиод би толгойгоо дараад доошоо болтол нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би гэр лүү орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

 

3. Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед Д над руу 4-5 удаа залгаад би утсаа аваад ярьтал Төмөр замын Ганзам дэлгүүрээс 1 ширхэг архи 2 пиво аваад ир гэхээр нь би аваад Дийн гэрт буюу Сүмбэр сумын 3 дугаар баг 11-1-502 тоотод очсон. Намайг очиход Д гэртээ ганцаараа байсан бөгөөд бид 2 миний авч ирсэн пивыг хувааж уугаад байж байтал Дийн найз нь гэх нэг залуу гаднаас орж ирсэн. Мөн Дийн найз охин М гэх эмэгтэй 19 цагийн үед ирсэн ба Мг ирснээс 30 минутын дараа гаднаас манай найз М бас ирсэн. Бид нар бүгдээрээ архи, пивоо уугаад байж байтал Дийн найз нь харилаа гэж хэлээд явсан. Д өөрийн найз охин Мтайгаа ямар шалтгаанаас гэдгийг нь мэдэхгүй маргалдаж муудалцаж эхэлсэн. Мг элдвээр харааж хэлээд байхаар нь М бид хоёр Мг өмөөрч эмэгтэй хүүхдийг харааж болохгүй ш дээ гэж хэлтэл надтай найз охиноо хардаад чи яадаг болсон юм. Манай найз охинтой явдаг болсон юм уу гэсэн. Энэ асуудлаас болоод Д бид хоёр бага зэрэг маргалдаж эхэлсэн. Д над руу дайраад байхаар нь Дтой хоёулахнаа учраа олъё гэж бодоод М, М хоёрыг гаргасан. Тухайн үед би Дтой ойлголцоод муудалцахаа больсон. Тэгээд Дийн гэрийн гадаа манай найз Ж, С нар ирчихсэн байсан болохоор уулзахаар гартал араас Д дагаад гараад ирсэн. Д гэнэт л 11 дүгээр байрны хойно камергүй газар очъё, нэг үзчихье гээд байсан. Би нэг их юм бодолгүй Дийг дагаад 11 дүгээр байрны хойд талд харанхуй руу яваад очтол Д намайг газар унагаагаад газраас чулуу авч гартаа атгаад нүүр лүү 2 удаа цохисон. Тэгээд манай найз Ж, С, М нар ирээд Дийг салгасан. Би цохиулснаас үүдэн ухаан балартаад хэсэг зуур юу болсныг мэдээгүй. Нэг мэдэхэд Ж, С 2 намайг түшээд зогсчихсон амнаас миний 3 шүд унасан. Мөн манай найз М Дийг болиулах гээд орцных нь гадаа тэвэрчихсан зогсож байсан. Тухайн үед би бага зэрэг согтуу байсан. Харин Д хэр зэргийн согтолттой байсныг мэдэхгүй байна. Миний уруул сэтэрч дээд үүдэн 3 шүд унасан. Мөн толгой байнга өвдөх болсон одоо ч өвдөж байна. Би Дийг цохисон юм огт байхгүй. Д надад эмчилгээний зардалд гэж нийт 455 000 төгрөг өгсөн. Цаашид шүдний эмчилгээнд нийт 4 500 000 төгрөг зарцуулна. Д эмчилгээний зардлыг төлж барагдуулвал би ямар нэгэн гомдол саналгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 3-11 дүгээр хуудас/,

 

4. Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би ажлаа тараад хонхор луу бууж найз Сыг 8 дугаар байрны гадаа явж байхаар нь машиндаа суулгасан. Тэгээд машинаа 7 дугаар байрны гадаа үлдээчихээд Этэй уулзахаар 11 дүгээр байр луу явсан. 11 дүгээр байр луу Стай хамт алхаад явж байхдаа Мтэй мөн таарсан. Тэгээд 11 дүгээр байрны хамгийн хойд талын орцноос Э нэг ахтай цуг гарч ирээд 11 дүгээр байрны хойд тал руу явж байгаа харагдсан. Гэтэл Этэй цуг явж байсан ах гэнэт Эийг унагааж доороо оруулаад гартаа чулуу атгаж байгаад Эийн нүүр лүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь М С бид 3 гүйж очоод тэр хоёрыг салгасан бөгөөд М Эийг зодсон ахыг 11 дүгээр байр луу аваад явсан. Тухайн үед Эийн үүдэн 3 шүд унасан байсан. Төд удалгүй манай найз Т машинтайгаа хүрч ирээд Эийг зодсон залууг 11 дүгээр байрны хамгийн хойд талын орцны 5 давхарт зогсож байхад нүүр лүү нь 2 удаа гараараа цохисон. Д Э 2 ямар шалтгааны улмаас муудалцсаныг мэдэхгүй байна. Хоёулаа нилээн согтуу байх шиг байсан. Эийн уруул нь язарч, дээд талын үүдэн 3 шүд нь унасан. Мөн бие нь хэсэг газраа шалбарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

5. Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн үед 15 дугаар байрны гадаа найз Ж намайг машинтайгаа ирж авсан. Замдаа Мтэй таараад бид гурав 7 дугаар байрны гадаа машиныг нь тавьчихаад 11 дүгээр байр луу Этэй уулзах гээд явж байсан юм. Тэгээд 11 дүгээр байрны хамгийн хойд талын орцноос Э Д гэж залуутай гарч ирж байгаа харагдсан. Тэгтэл Д Э 2 давхралдаад унаж байгаа харагдсан. Д нь газраас чулуу аваад Эийн ам хэсэгт нь чулуугаар цохисон. Тэгээд бид гурав салгаад Эийг харахад Эийн уруул зүүн дээд хэсгээсээ сэтэрсэн байгаа харагдаад амнаас нь цус гарч байсан. Шүлсээ хаясан чинь амнаас нь 1 шүд нь унаад ирсэн. Э Д 2 нэлээд согтуу байсан. Юунаас болж маргасан эсэхийг сайн мэдэхгүй байна. Э Дг найз охинтойгоо муудахаар нь өмөөрсөн гэж сүүлд сонссон. Бид нар салгаад байж байхад Т Дг орц руу орсон хойгуур нь араас нь ороод ганц хоёр удаа цохисон гэж сонссон. Тэр өдрөөс хойш Этэй уулзаагүй байж байгаад уулзахад Эийн 3 шүд нь унасан байгаа харагдаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

6. Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 04-ний шөнө би хөдөөнөөс Говьсүмбэр аймгийн төвд орж ирээд С луу залгахад 11 дүгээр байрны гадаа байна. Сая Э хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би 11 дүгээр байрны гадаа машинтайгаа очтол Эийн үүдэн 3 шүд нь уначихсан, хамар амнаас нь цус гарчихсан хүнд зодуулсан бололтой зогсож байсан. Зодсон залууг хараад би Д болохыг таньсан. Тэгээд Дийг 11 дүгээр байрны хамгийн хойд талын орц руу яваад орчихоор нь би араас нь дагаж ороод 5 давхарт байхад нь манай найзыг яагаад ийм болгочихож байгаа юм бэ гэтэл Д өөдөөс агсраад яадаг юм гээд намайг заамдаад авсан. Доос салах гээд бид 2 зууралдаж эхэлсэн. Ямар нэгэн асуудал болоогүй. Дид ойртоход архи үнэртүүлсэн, нэлээн согтуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

7. Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 03-ны 16 цагийн үед Дийн гэрт очсон юм. Тэгээд 21 цагийн үед Э нэг найзын хамт гаднаас ууттай 2 ширхэг пиво бариад ороод ирсэн. Мөн Дийн найз М гэх охин гаднаас орж ирсэн. Тухайн үед би 1 ширхэг пивыг ууж дуусаад маргааш нь эрт ажилтай байсан болохоор харихаар явсан. Намайг байхад Э Д 2 маргалдсан зүйл байгаагүй. Д нь зан байдлын хувьд нийтэч, хүнтэй учир зүйгээ амархан олдог, спортлог хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

8. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 169 дугаар дүгнэлтэнд:

- Э.Эийн биед баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний хүзүүвч хэсгээрх хугарал, зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, дээд уруулд шарх, зүүн хацар, баруун өвдөг, баруун тохойнд зулгаралт гэмтэл учирчээ.

- Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдуулна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэжээ. /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

9.  Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

 

10. Хас банкны дансны хуулга, ЦБТЗ-ын Чойр Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн даргын тодорхойлолт /хх-ийн 16-18, 66 дугаар хуудас/,

 

11. Хохирлын тооцоо холбогдох баримтууд, Э.Эийн амбулаториар эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 78-80, 82-83 дугаар хуудас/,

 

12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/,

 

13. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх-ийн 88, 89-91 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны ойролцоо хохирогч Э.Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг газар унагах, нүүрэн тус газар нь чулуугаар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний хүзүүвч хэсгээрх хугарал, зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, дээд уруулд шарх, зүүн хацар, баруун өвдөг, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Түүнчлэн шүүгдэгч Э.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.Э, гэрч Б.Ж, Н.С, А.Т, нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 169 дугаар дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Д нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Э.Д нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Э.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эийн эрүүл мэндэд баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний хүзүүвч хэсгээрх хугарал, зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, дээд уруулд шарх, зүүн хацар, баруун өвдөг, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь эмчилгээний зардал 310 000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 6 015 000 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс шүүгдэгч Э.Д нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Эөд 455 000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 16-18 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байна.

Хохирогч Э.Эийн нэхэмжилсэн 6 015 000 төгрөг нь бодитоор гарсан эмчилгээний зардал биш байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүхээс үзлээ. Хохирогч Э.Э нь цаашид гаргах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.Доос жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Э.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Э.Д нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. Харин шүүгдэгч Э.Дийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Ддожид холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул уг ялын хүрээнд шүүгдэгч Э.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Э.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Э.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Б овогт Эгийн Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Э.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дид оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Э.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Хохирогч Э.Эөөс нэхэмжилсэн 6 015 000 /зургаан сая арван таван мянга/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхисугай.

 

            7. Хохирогч Э.Э нь цаашид гаргах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.Доос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Э.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.ЭНХМАНДАХ