Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/59

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Ш.Бсүх,

шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Аын Гт холбогдох эрүүгийн 2217000000065 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 29-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд  машин механизмын засварчин мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ..... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Аын Г /РД: ЕЙ./,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 3-7-106 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Р.Гг хардалтын улмаас толгой руу нь гараараа цохих, биеийн хэсгүүд рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн бугалга, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Гт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000000065 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

2. Шүүгдэгч А.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би эхнэр Гд хэлэлгүй ажлаасаа эрт тараад 12 цагийн үед гэртээ ирсэн юм. Гэр лүүгээ ортол манай эхнэр орон дээрээ хэвтэж байгаад ардаа нэг юм нуугаад байгаа бололтой байхаар нь юу хийчихээд байгаа юм гэтэл юу ч биш гэж хэлсэн. Тэгээд би ардаа нуугаад байгаа зүйлийг очоод хартал Самсунг А-12 маркийн гар утас байсан ба манай эхнэр А-12 маркийн гар утас барьдаггүй болохоор би энэ хэний утас юм гэж асуутал манай найзын утас гэхээр нь би гараас нь утсыг булаагаад авсан. Тэгээд эхнэрээсээ тус утасны кодыг асуутал надад хэлэхгүй байхаар нь би өөрөө оролдож байгаад утасны түгжээг нь нээчихсэн. Утас доторх зүйлийг хартал манай эхнэр нэг хүн рүү залгаж, мессеж бичсэн байсан бөгөөд бичсэн мессежийг нь унштал нэг жилийн өмнөөс өөр залуутай харилцаж байсныг нь олж мэдсэн. Тэгээд би гэрээсээ гарч яваад эхнэрийнхээ өөр залуутай бичсэн мессеж чатыг нь уншиж дуусгасан. Тухайн залуугаас манай эхнэр лүү ихэвчлэн санаж байна уулзмаар байсан гэсэн мессежүүд байсан. Тэгээд би дэлгүүрээс LX нэртэй 0,75 литрийн архи аваад гэртээ орж ирээд мессеж бичээд байгаа хүн чинь юун хүн юм, яагаад ийм удаан харьцсан юм гэж асуухад юу ч дугарахгүй байгаад байхаар нь уурандаа хацар луу нь алгадсан. Бас зүүн бугалга руу мөн зүүн гуя руу нь, гараараа хацар луу нь алгадаж цохиж байснаа санаж байна. Тэгээд би архиндаа согтоод тасарчихсан байсан. Мөн өөрийн найз Эыг цуг архи ууя гэж гэртээ дуудсан. Э нэг мэдэхэд манай гэрт ирчихсэн байсан бөгөөд намайг гэрээс аваад гарсан. Өмнө нь эхнэр Гтэй маргалдаж муудалцаж байсан ч зодож цохиж байсан удаа байхгүй. Тухайн үед гэрт манай 3 хүүхэд байсан. Гэхдээ намайг эхнэртэйгээ муудалцаж байгааг манай 3 хүүхэд хараагүй, цаад өрөөнд байсан. Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас/,

 

3. Хохирогч Р.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Г 2022 оны 07 дугаар сарын 11-ний өглөө ажилдаа явсан бөгөөд өдрийн 14 цагийн орчим гэртээ гэнэт хүрээд ирсэн. Нөхрийгөө гэртээ орж ирэх үед нь нөхрөөсөө нууцаар барьдаг байсан Самсунг А-12 маркийн гар утсаа барьчихсан байсан чинь Г орж ирээд юун гар утас вэ гэхээр нь би хүний гар утас байгаа юм гэж хэлтэл битгий худлаа яриад бай гэж хэлээд миний гараас миний утсыг булааж аваад үзсэн. Би нэг залуутай 2022 оны 03 дугаар сараас хойш чат бичдэг байсан мөн Улаанбаатар хотод сургалтанд суухдаа ганц нэг удаа уулзаж хоолонд орж байсан, хамт авахуулсан зураг байсныг үзчихээд Г уурлаад намайг унтлагын өрөөний орон дээр сууж байхад хүрч ирээд зүүн талын шанаа орчим 1 удаа цохихоор нь би газар ойчсон. Тэгтэл хүрч ирээд миний өөдөөс харж сууж байгаад гараа зангидаж байгаад баруун чих, зүүн чих орчим 2-3 удаа цохиод, мөн хөлөөрөө миний зүүн хөлийн гуя орчим 2-3 удаа өшиглөчихөөд гэрээс гараад явчихсан. Удаагүй 5-10 минутын дараа Г 0,75 литрийн савалгаатай ногоон шилтэй 1 шил архи барьж орж ирээд түүнийгээ унтлагын өрөөнд сууж байгаад ганцаараа уучихсан. Г чи миний өмнө сөхрөөд суу гээд байсан болохоор нь өөдөөс нь хараад сууж байтал Г миний толгой орчим гараараа нэлээд хэдэн удаа цохисон, гэхдээ нэг дор цохиогүй. Би тэр үед өөрийн буруутай зүйл байсан болохоор нэг их зүйл хэлээгүй харин түүнээс зөндөө уучлалт гуйсан. Гаднаас түүний найз Э орж ирээд юу болоод байгаа юм бэ гэж асуутал Г мөн л намайг цохих гээд дайрсан чинь Э Гыг болиулаад гэрээс аваад гарсан. Тэгээд би хүүхдүүдтэйгээ унтчихсан байсан, тэгтэл маргааш өглөө 05 цагийн орчим Г архи нь гараагүй согтуу унтлагын өрөөнд орж ирээд босоод ир гэж хэлээд миний зүүн талын гуя хэсэгт нэг удаа өшиглөсөн. Би хүүхдүүдээ сэрээхгүй гэж бодоод босоод наад талын үүдний өрөөнд буйдан дээр суусан чинь чи буйдан дээр суух эрх байхгүй, газар суу гэж хэлээд миний баруун шанаа, зүүн шанаа орчим гараараа тус бүр 1 удаа цохисон. Би Гаас зөндөө уучлалт гуйсан. Г хөнжлийн даавуу нөмрөөд буйдан дээр хэвтээд уйлж байснаа босч ирээд нөмөрч байсан хөнжлийн даавуугаа гартаа ороож байгаад миний зүүн, баруун бугалга орчим 3-4 удаа цохисон. Тэгж байтал өглөөний 08 цаг өнгөрч байхад Г гадагшаа гараад 0,75 литрийн савалгаатай архи авч орж ирээд уусан. Тэгээд манай ээж миний гар утас руу залгахад Г миний гар утсыг авч чанга яригч дээр нь тавьчихаад ярь гээд байсан. Ээжтэй ярьж байх үед дахин миний баруун талын шанаа орчим зүүн гараараа нэг удаа цохисон. Би чанга дуугаар уйлсан чинь ээж яагаад уйлаад байгаа юм бэ гэхэд Г яагаа ч үгүй гэж хэлээд утас салгачихсан. Тэгсэн манай гэрт эгч М охин Эийн хамт ирээд Гтай муудсан. Мөн манай дүү Бсарнай ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би Гтай албан ёсоор гэр бүлээ 2009 оны 11 дүгээр сард Блуулсан. Бид дундаасаа 3 хүүхэдтэй. Г намайг зодсоноос болж миний зүүн гарын мөрний доод хэсэгт хөхөрч хавдсан, зүүн гуяны гадна хэсэгт, зүүн хөлийн шилбэний урд болон гадна хэсэгт хөхөрсөн, зүүн хөлийн шагайны ар хэсэгт гишгэхээр хөндүүрлэж өвдөөд байна. Мөн духан дээр хөхөрч хавдсан, зүүн чих хөхөрч хавдсан, толгойн зүүн хойд хэсэгт хавдсан хөндүүртэй, зүүн эгэмний ясны орчим хөхөрсөн хөндүүртэй байна. Баруун гарын ядам хурууны хамгийн арын үений орчим хөхөрсөн, маш их хөндүүртэй, зүүн гарын ар хэсэгт хөхөрсөн байна. Одоо толгой бүхэлдээ дүйнгэтэж өвдөөд, нүд бүрэлзээд байгаа, бие бүхэлдээ хүнд оргиод хөндүүрлээд байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Г надаас уучлалт гуйсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

 

4. Гэрч Я.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед би наадмын талбайд наадам үзээд байж байтал Г над руу залгаад ганц шил архи хувааж ууя манай гэрийн гадаа хүрээд ирээч гэж дуудсан. Тэгээд би 3 дугаар байрны гадаа яваад очтол Г орцныхоо гадаа LX нэртэй 0,75 литрийн архи авчихсан намайг хүлээгээд зогсож байсан. Би Гт гадаа архи уугаад яах юм бэ танай гэр лүү ороё гэж хэлээд Гын гэр лүү орсон. Г архи уусан халамцуу байсан. Г бид хоёрыг ороход Г том өрөөндөө сууж байсан. Харин хүүхдүүд цаад өрөөндөө байсан ба бид хоёр архиа хуваагаад ууж байтал Г эхнэртэйгээ ямар шалтгааны улмаас гэдгийг нь мэдэхгүй маргалдаж эхэлсэн. Г Гг түлхээд зодох гээд байх шиг байхаар нь би Гыг хориод гэрээс нь авч гарсан. Г миний нүдэн дээр Гг цохиж зодсон асуудал байхгүй. Би гэрээс нь Гыг авч гараад гэр лүүгээ буюу Төмөр замын 125-5 тоотод дагуулж ирээд манай гэрт нөгөө архиа хувааж ууцгаасан. Г надад эхнэр нь өөр залуутай харьцдаг байсныг сая эхнэрийн утсан дээр нь байсан мессежийг уншаад мэдлээ гэж хэлсэн. Бид хоёр архиа хувааж ууж дуусаад Г тасраад унтаад өгсөн. Маргааш өглөө нь 07 цагийн үед байх Гыг гэрт нь хүргэж өгөөд харьсан. Г нь хүнд тусархуу, дуу цөөнтэй, төлөв даруу, ажил мэргэжилдээ сайн хүн... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

5. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 164 дугаар дүгнэлтэнд:

- Р.Ггийн биед зүүн бугалга, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэжээ. /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

6.  Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 3-5, 13 дугаар хуудас/,

 

7. “Шивээ-Овоо” ХХК-ийн хүний нөөцийн албаны даргын тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37, 38 дугаар хуудас/,

 

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

9. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх-ийн 63, 64-65 дугаар хуудас/ зэрэг болно.

 

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 3-7-106 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр буюу хохирогч Р.Гг хардалтын улмаас толгой руу нь гараараа цохих, биеийн хэсгүүд рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн бугалга, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч А.Г нь хохирогч Р.Ггийн биед зүүн бугалга, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж иш татаж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” гэж заасан байна.

Мөн шүүгдэгч А.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Р.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “өөр эрэгтэй хүнтэй нэг жил орчим хугацаанд чат бичсэн” гэж шалтаглан, хардалтын улмаас түүнийг зодож хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондын харилцаа, нийгэмд тогтсон хандлага, гэр бүл, хамтын амьдралын талаарх тогтсон зан заншил, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг зөрчсөн гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдэл байна гэж шүүхээс дүгнэлээ.

Түүнчлэн шүүгдэгч А.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Р.Ггийн мэдүүлэг, гэрч Я.Эы мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 164 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна. 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Г нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч А.Г нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч А.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.Ггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч А.Гыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч А.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч А.Гын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Гт холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул уг ялын хүрээнд шүүгдэгч А.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

            Иймд шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 600 000 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч А.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Аын Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч А.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт урьд авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.ЭНХМАНДАХ