Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/60

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Говьсүмбэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О овогт Бийн Эд холбогдох эрүүгийн 2217000000066 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 17-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, дүү нарын хамт .... тоотод түр оршин суух хаягтай, /.... тоотод байнга оршин суух/, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх О овогт Бийн Э /РД: ЕЙ/

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” дэлгүүрийн урд талд иргэн Б.Оыг шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохих, цээж рүү өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000000066 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

2. Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн орчимд би өөрийн найз Бын хамт Дэлгэрэх хүнсний дэлгүүрийн хажууд явж байхад хажуугаар О надтай зөрөхөөр нь сайн уу гэж хэлтэл намайг сонсоогүй юм шиг чигээрээ явсан. Тэгээд би хөөе тонгойдог хараа гэж дуудсан чинь намайг дахиад сонсоогүй. Тэгээд би дахиад тонгойдог хараа гэж дуудахад эргэж хараад О яасан гээд байгаа юм бэ чи гэж хэлээд намайг хавирч унагаасан. Тэгээд би араас нь чулуу шидээд оноогүй. О над дээр буцаж ирээд заамдалцаад муудалсан. Тэгээд намайг заамдаад тавихгүй байхаар нь би нүүр хэсэг рүү баруун гараараа цохисон бас цээж рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд О босож ирээд зугтаагаад цаана газар суугаад би очтол 2 уулаа маргааш цагдаа дээр уулзана гэж хэлээд явсан. Би Оыг цохисоноо хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлж барагдуулсан. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,

 

3. Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг төмөр замын Дэлгэрэх хүнсний дэлгүүрийн хажуугаар Дын хамт явж байх үед үл таних эрэгтэй хүн надад хандан хөөе тонгойдог хараа гэхэд нь би айн гэхэд нааш ир гэхээр нь би чадахгүй гэж хэлчихээд цаашаа явж байх үед араас дахин тонгойдог хараа гээд дуудахад нь тоохгүй цаашаагаа явахад араас 2-3 удаа чулуу шидээд байхаар нь би хамт явсан найз Дыг цааш нь явуулчихаад эргэж хараад чи одоо яагаад байгаа юм бэ гэхэд Дэлгэрэх дэлгүүрийн үүдэнд над дээр хүрч ирээд миний өмсөж явсан цамцнаас заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдахад миний цамцаар намайг боох гэж байхад нь найз нь бололтой нэг үл таних хүн ирээд голоор салгах гэхэд миний зүүн нүд хэсэгт баруун гараараа нэг удаа цохиод цээж хэсэгт зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед нь би салж зугтаагаад яваад өгсөн. Миний зүүн нүд хөхөрч цус хурсан, хавдсан байдалтай толгой өвдөж дотор муухайрч байна. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би өөрийн гэмтэлд учирсан шууд зардал буюу эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Надад санал гомдол байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,

 

4. Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Тухайн орой шөнө 00 цаг өнгөрч байхад манай нөхөр гэртээ орж ирэхээр нь би яагаад ингэж оройтов гэж асуухад сая хүнтэй муудалцаад гэж хэлээд өөр юм яриагүй. Тэгээд нэг их удалгүй манай нөхрийн утас нь дуугараад утсаар ярьсаны дараа гарчихаад ирье гэж хэлээд гарсан. Э нь даруухан, янз бүрийн ааш зан гаргаад байдаггүй, мундаг сэтгэлтэй тусархуу ааш зантай... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

 

5. Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Э надтай цуг дэлгүүр лүү ороод надаар Сэрүүн нэртэй шилтэй пиво 1 ширхэгийг авахуулаад түрүүлээд гарсан. Би араас нь гоймон, ундаа, ус аваад гарсан тэгтэл Э үл таних залуутай муудалцаад заамдалцаад зогсож байсан. Тэгээд би очоод дундуур нь ороод салгаад Эийг цааш нь явуулаад үл таних залуутай очиж уулзахад Т намайг цохичихлоо гэсэн. Тэгээд би янз бүрийн юм болвол залгаарай гэж хэлээд дугаараа өгөөд галт тэрэгний зогсоол руу явсан. Тэгээд гэр лүүгээ харих гээд зогсож байхад манай найз С залгаад хаана байна Т хаана байна гэж асуусан. Би Тгийн утас руу залгаж дуудаад хамтдаа цагдаагийн хэлтэс дээр ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр  хуудас/,

 

6. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 159 дугаартай дүгнэлтэнд:

- Б.Оын биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд, салстанд цус хуралт, зүүн нүдний зовхинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2022 оны 07 дугаар сарын 06-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Зүүн нүдний зовхины цус хуралт, салстын цус хуралт гэмтэл нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Зүүн нүдний зовхины зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 3-5, 7-8 дугаар хуудас/,

 

8. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Хаан банкны дансны хуулга  /хх-ийн 41, 50 дугаар хуудас/,

 

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

10. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх-ийн 48, 57-58 хуудас/ зэрэг болно.

 

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” дэлгүүрийн урд талд хохирогч Б.Оыг шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохих, цээж рүү өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Түүнчлэн шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Оын мэдүүлэг, гэрч Э.Б нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 159 дугаар дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

            Иймд шүүгдэгч Б.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Эийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Эийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Эд холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул уг ялын хүрээнд шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

            Иймд шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Бийн Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.ЭНХМАНДАХ