| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2022/0044/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/61 |
| Огноо | 2022-08-09 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга А.Энхбаяр,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар /ҮД:0695/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Эийн Шд холбогдох эрүүгийн 2217000600050 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 13-нд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 6, эхнэр, 3 хүүхэд, ээжийн хамт Г аймгийн Ш сумын дүгээр баг, .... тоотод албан ёсны хаягтай, одоо ... тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Эийн Ш /РД: ./
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.Ш нь “Шивээ-Овоо” ХК-д Авто бульдозерийн хэсгийн технологийн автомашины засварчнаар ажиллаж байхдаа байгууллагаас технологийн машины тос солиулахаар хариуцуулж өгсөн тос тослох материалыг бага багаар илүү гарган хэрэглэж дууссан гэж тооцоо нийлүүлж, улмаар илүү гарсан шинэ уул уурхайн Gat-30 маркийн тос 200 литр, уул уурхайн гидрийн тос 410 литр, уул уурхайн G TO4-30 маркийн тос 205 литр, нийт 815 литр буюу 5 458 000 төгрөгийн үнэ бүхий тос, тослох материалыг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шивээ-Овоо ХК-ийн хашаан дотор байрлах хуучин ажилласан тос байрлуулдаг хэсгээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Хьюндай Портер 2” маркийн тээврийн хэрэгсэлд ачин, уурхайн бүсээс гаргаж, хувьдаа завшихаар завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Шд холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000600050 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
2. Шүүгдэгч Э.Ш мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би 00-87 ГСА улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Шивээ-Овоо ТӨХК-ийн уурхайд очиж уурхайн Шатахуун түгээх станцаас ажилласан масло авах нэрээр 800 литр шинэ масло хувийн хэрэгцээндээ завшсан юм. Тэр авсан маслоо 00-87 ГСА улсын дугаартай Х.Портер-2 маркийн тээврийн хэрэгсэлд ачаад авч гарах гэж байгаад гарах пост дээр баригдсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 131-132 дугаар хуудас/,
3. Хохирогч Э.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр манай Шивээ-Овоо ХК-ийн уурхайн 1 дүгээр шалган нэвтрүүлэх дээр хоёр хүн цагаан өнгийн 00-87 ГСА улсын дугаартай Хьюндай бонго-2 маркийн тээврийн хэрэгсэлд 4 ширхэг төмөр савтай шинэ тос тослох материал авч гарах гэж байгаад саатуулагдсан байна гэсэн мэдээлэл ирсэн. Тухайн этгээдүүдийг тодруулахад манай уурхайн технологийн авто машины засварчин Ш, конвейрийн машинч Т нар ашигласан тос авна гэж зөвшөөрөл авч Шивээ-Овоо ХК-ийн талбайд нэвтэрч шатахуун түгээх станцын хашаанд байрлах ашигласан тосны хэсгээс ашиглаагүй урдаас бэлдэж үлдээсэн байсан 4 ширхэг төмөр савтай тосыг ачиж төмөр савыг хуучин болгох гээд гаднах хэсгийн тос, шороо мэт зүйлээр бохирдуулсан, лацтай хэсгийг доош нь харуулчихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.
Дээрх алдагдсан 815 литр тос тослох материал нь коробка, редукторын тос байсан. Дээрх алдагдсан гэх 815 литр тос нь гурван маркийн тос байсан. САТ гидро HLP-46 маркийн тос нь 410 литр байсан бөгөөд манай байгууллага 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр орлогод авч байсан. Дээрх тос нь 1 литр нь 9000 төгрөгийн үнэтэй. САТ-30 маркийн тос нь 200 литр байсан бөгөөд манай байгууллага 2020 он 06 дугаар сарын 16-ны өдөр орлогод авч байсан. Дээрх тос 1 литр нь 9250 төгрөгийн үнэтэй. G TO4-30 маркийн тос нь 205 литр байсан бөгөөд манай байгууллага 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр орлогод авч байсан. Дээрх тос нь 1 литр нь 7920 төгрөгийн үнэтэй байсан. Дээрх тоснуудыг техникийн үйлчилгээний зориулалтаар авсан юм.
Тухайн алдагдсан гэх 815 литр тосыг манай байгууллага 7 163 000 төгрөгөөр үнэлж байна. Алдагдсан гэх 815 литр тос тослох материалыг буцаан олгож манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Тус компанийн хувьд тос тослох материалыг авах шаардах хуудсыг хэлтэс, хэсэг, албадын дарга, инженер, механик нар бичих эрхтэй. Тухайн бичигдсэн шаардах хуудсыг Техникийн бодлогын хэлтсийн бүртгэл хариуцсан инженерт бүртгүүлж Техникийн бодлогын хэлтсийн дарга, ерөнхий инженерийн зөвшөөрөл олгосон цохолт хийдэг. Тухайн цохолтыг үндэслэн холбогдох эд хариуцагч буюу шатахуун түгээх станцын түгээгч, эрхлэгч тос тослох материалыг олгодог юм. Олгосон тос тослох материалыг тухайн шаардах хуудас бичсэн инженер техникийн ажилтан хүлээн авах ажлыг зохион байгуулна.
Тухайн хэсгийн ээлжийн механик өдөр тутмын зарцуулалтын техник үйлчилгээний механик, хэсгийн инженер, хэсгийн дарга нар зарцуулалт гүйцэтгэлийн хяналт тавьж дүн бүртгэлийн тайлан гаргаж ажилладаг юм. Тухайн машин механизмын тос тослох материалыг автобульдозерийн хэсгийн засварчид техникт үзлэг хийж сольдог. Тухайн хяналтыг ээлжийн механик тавьдаг... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33 дугаар хуудас/,
4. Иргэний нэхэмжлэгч Л.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэртээ амарч байсан. Тэгтэл 11 цагийн үед хөдөө манайд Ш, Т нар ирээд ах машинаа өгчих юманд явчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн 00-87 ГСА улсын дугаартай Хьюндай бонго-2 маркийн тээврийн хэрэгслийг өгөөд явуулсан. Өөр надад юм хэлээгүй. Тухайн үед Ш, Т нар надад хаашаа явах гэж байгаа талаараа хэлээгүй. Би үнэхээр мэдээгүй юм. Маргааш над руу Ш залгаад ажилласан масло уурхай дээрээс авч гарах гэж байгаад харуулын цэг дээр зогсоогоод цагдаа нар ирээд Говьсүмбэр аймаг руу машин аваад явсан гэж хэлсэн. Би өөрийн тээврийн хэрэгсэлийг 15 000 000 төгрөгөөр үнэлж байна. Өөрийн тээврийн хэрэгслийг буцаан авах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 35, 37 дугаар хуудас/,
5. Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Миний бие Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шивээ-Овоо ХК-нд гэрээт харуулын ажил эрхэлдэг юм. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 8 цагт шалган нэвтрүүлэх 1 дүгээр хаалган дээр ажлаа хүлээж авсан. 13 цаг 40 минутын үед Шивээговь сумаас цагаан өнгийн Бонго-2 маркийн 00-87 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Ш гэх залуу нэг залуутай хамт ирсэн. Удалгүй Шивээ-Овоо ХК-ийн шатахуун түгээх станцын эрхлэгч Б.Б уурхай дотроос ажилласан тос худалдаж авах зөвшөөрлийн хуудас авчирч бүртгэж аван дотогшоо нэвтрүүлсэн. 14 цаг 10 минутад дээрх тээврийн хэрэгсэл нь тэвшин дээрээ 4 ширхэг 200 литрийн багтаамжтай төмөр сав ачиж гаргах гэж ирсэн. Тэгээд би дээрх савыг шалгахад цоо шинэ лацтай төмөр сав байсан. Лацтай хэсгийг доош харуулсан байсан. Тэгээд би харуулын дарга Ш.Шт мэдэгдсэн юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
6. Гэрч М.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө гэртээ унтаж байтал найз Ш гэрт орж ирээд найз нь уурхайгаас ажилласан масло авч Улаанбаатар хот руу явуулах гэсэн юм гэж орж ирсэн. Тэгээд бид 2 гэрээс гараад Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Б ахын гэрээс Портер маркийн машиныг нь асааж аваад Шгийн машиныг Шивээговь суманд гэрийнх нь гадаа үлдээгээд Шивээ-Овоо ХК-руу явсан. Тэгээд уурхай дээр ирээд Ш ажилласан масло авах бичиг баримтаа бүрдүүлээд 4 поошиг тос ачиж аваад гарах гээд шалган дээр ирэхэд хамгаалалтын албаны дарга нь ирж шалгаад Штэй уулзаад байсан. Тэгтэл Ш машинд орж ирээд мань нь тос гаргах гэж байгаад баригдчихлаа гэж хэлсэн. Тэр болтол би Шг хулгай хийж байгааг мэдээгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 42-43, 58 дугаар хуудас/,
7. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө би 7 цагт ажилдаа явсан юм. Тэгээд 10 цаг 50 минутын үед над руу 88660727 дугаараас авто засварчин Ш байна, ажилласан тос авах гээд зөвшөөрөл аваад явж байна, уурхай руу орох машины зөвшөөрөл яаж авах вэ гээд надаас асуусан юм. Би машины дугаараа хэл гэтэл би машинаа олоогүй байна очоод залгая гэж хэлсэн. 12 цаг 30 минутын үед машинтай шалган нэвтрүүлэх 1 дүгээр хаалган дээр ирчихсэн байна гэхээр нь би автомашиныхаа улсын дугаарыг над руу явуулчих гэж хэлсэн. Тэгтэл 00-87 ГСА гэх номер ирсэн. Тэгээд би Шивээ-Овоо ХК-ийн ерөнхий инженер Г.Г дээр очиж зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зуруулан харуулын постонд зөвшөөрлийн хуудсыг өөрөө очиж харуулж өгсөн юм. Тэгээд манай ажлын байр буюу шатахуун түгээх станц дээр 13 цагийн үед цагаан өнгийн Бонго-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй Ш, Т хоёр ирсэн. Тэгээд би Шд ажилласан масло байгаа газрыг зааж өгөөд тэнд байна, очоод 800 литр тосоо ачаад гараад ир гэж хэлсэн. Удалгүй болчихлоо гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би өрөөнийхөө цонхоор хартал 4 ширхэг 200 литр багтаамжтай төмөр сав байсан. Гадна тал нь халтар болчихсон наад талын хоёр төмөр савны таг нь дээшээ доошоо харчихсан байсан. Тэгээд би 800 литр болсон юм чинь яв гээд явуулсан. Тэгтэл над руу албаны дарга залгаад шинэ тос аваад гарчихсан байна гэж хэлсэн. Тэгтэл дээрх 4 ширхэг 200 литр багтаамжтай төмөр саванд ажилласан масло биш шинэ кроп гедирийн тос байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48-49, 61-62 дугаар хуудас/,
8. Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Э.Ш нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орой ээлж буюу 20 цагийн үед наряд авчихаад гарч ирэхэд механик Ц намайг тосны өрөө рүү яваад ажилласан масло зөөгөөд өг гэсэн. Тэгээд тосны өрөөнд очоод Шгийн ачиж өгсөн 4 поошиг ажилласан тос тослох материалыг аваад колонк дээр ажилласан масло тавьдаг газар хүргэж өгсөн. Мөн 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1 дүгээр ээлж буюу ажилд гарахдаа 8 цаг өнгөрөөд колонк дээрээс түлшээ авчихаад тэндээс шинэ 1 поошиг тос тослох материал аваад тосны өрөөнд буулгаж өгсөн. 11 цагийн үед механик Ц залгаад цайнд ирэхдээ ковштойгоо ирээрэй. Тосны өрөөнөөс тос тослох материал колонк руу хүргэж өгнө шүү гэж хэлсэн. Тэгээд 12 цагийн үед ирээд тосны өрөөнөөс Шгийн ачиж өгсөн 4 поошиг тос тослох материалыг колонкын ажилласан тос тослох материал буулгах хэсэгт буулгаж өгсөн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 51 дүгээр хуудас/,
9. Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 03 дугаар сарын 10-ны өглөө би 7 цагт ээлж хүлээн авч ажилдаа гарсан. Тэгээд манай засварчид ажилд гарах үед тухайн өдөр шаардагдах тос тослох материалыг шалгаж шаардлагатай гэсэн тос тослох материалыг шаардах хуудас гаргаж ерөнхий инженерээр цохолт хийлгүүлэн Шивээ-Овоо ХК-ийн шатахуун түгээх станцаас ачигч оператораар зөөвөрлөн авдаг юм. Тухайн маслуудыг өрөөнд хураагаад уурхай өдөр тутмын техник үйлчилгээнд ашигладаг юм. Дээрх зарцуулсан маслын тооцоог засварчид ээлж хүлээлцэх дэвтэр дээр зарцуулалтыг тэмдэглэж авдаг. Тэгээд засварчид үйлчилгээ дууссаны дараа ажилласан маслыг шатахуун түгээх станцад буцаан тушаадаг юм. Тухайн өдөр Комацу 25 маркийн техник кропны масло, гидрийн масло солих гээд тус бүр 200 л масло нийт 400 л масло кропны маслыг аваад 180 л техникт хийгээд гредирийн маслыг бүтнээр нь өрөөнд хураасан юм. Тэгээд ажлаасаа буусан. 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ажил гараад дахиад шаардах хуудсаар 400 л масло авсан. Тухайн тос тослох материалуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байсан. Ажилласан маслыг шатахуун түгээх станц руу цэвэрлэгээ үйлчилгээний хуваарийн дагуу зөөвөрлөхийг засварчин, оператор хоёрт наряд өгсөн. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ээлжинд гарах үед манай засварчин Э.Ш ажилдаа ирээгүй байсан. Тэгээд болсон асуудлыг тодруулахад уурхайгаас ажилласан масло авна гэж зөвшөөрөл аваад шинэ лацтай масло авч гарах гэж байгаад цагдаад баригдсан гэж сонссон... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
10. Гэрч М.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө би 7 цагт ажилдаа явсан. Би ажил дээрээ эрхлэгч Б.Бийн хамт байсан. Тэгээд өдөр цайндаа орж байх үед манай эрхлэгч Б лүү Ш залгаад ажилласан масло авах гээд уурхай дээр ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд эрхлэгч Б тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зөвшөөрөл болон уурхайн бүсээс бараа материал гарах зөвшөөрлийг нь гаргуулах гээд ерөнхий инженер лүү явсан юм. Тэгээд би ажил дээрээ очоод гадна талбайгаа цэвэрлэж байтал цагаан өнгийн Портер машинтай Ш хажуу талд нь суучихсан бас манай уурхайд ажилладаг залуу машиныг нь уначихсан орж ирсэн. Тэгээд манай эрхлэгч байсан болохоор би очиж шалгаагүй, цэвэрлэгээ хийж байсан. Тэгээд тэр хоёр залуу шууд тосны талбай дээрээс ачаад гараад явсан юм. Тэгтэл удалгүй ажилласан масло биш шинэ тос тослох материал байсан гэж мэдсэн юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 64-65 дугаар хуудас/,
11. Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө би 7 цагийн үед ажилдаа явсан. Шатахуун түгээх станцын эрхлэгч Б.Б над дээр ирээд ажилласан масло авах гээд уурхайн бүсэд нэвтрэх зөвшөөрөл хүссэн юм. Тэгээд хангамжийн алба зөвшөөрсөн байсан болохоор нь би уурхайн бүсэд тээврийн хэрэгсэл орох гарах зөвшөөрөл болон бараа материал гаргах зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зурж зөвшөөрөл олгосон юм. Тэгээд удалгүй над руу харуулын албанаас залгаад 4 поошиг шинэ тос, тослох материал лацтай хэсгийг доошоо харуулчихсан гаргах гэж байна гэсэн мэдээлэл ирсэн. Тэгээд би тухайн тээврийн хэрэгслийг гаргахгүй зогсоогоод холбогдох байгууллагад мэдэгдэж үүрэг чиглэл өгсөн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 67-68 дугаар хуудас/,
12. Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Э.Ш миний найз ба бид хоёр 2009 оноос хойш нөхөрлөж байна. Э.Ш одоо Шивээговь суманд амьдарч байгаа. Тэрээр эхнэр М, хүүхдүүд Тэмүүлэн, Тэргэл болон бага хүүхдийн хамт амьдардаг. Шийрэсүрэн нь одоо Шивээ-Овоо уурхайд ажилладаг. Ш нь тодорхой ажил эрхэлдэг, тодорхой оршин суух хаягтай хүн. Шгийн амьдралын нөхцөл нь гайгүй, сүүлд өрөнд ороод ийм асуудалд орсон гэж бодож байна. Зан аашийн хувьд энгийн даруухан, нийтэч, бусадтай эелдэг харилцдаг, зөв хандлагатай, ажлыг хийнэ гэвэл ард нь гарч байж салдаг хүн байгаа юм. Хорт муу зуршилгүй, архи их уудаггүй, тамхи л татдаг. Ш байгуулсан гавьяа байхгүй, гэхдээ хариуцсан ажлаа сайн хийдэг хөдөлмөрч хүн. Ийм хэрэгт холбогдсонд итгэж чадахгүй байна. Цагдаагийн байгууллагад манай найз шалгагдаж байгаагүй. Ял шийтгэл авч байгаагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72-73 дугаар хуудас/,
13. Гэрч А.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Э.Ш манай нөхөр ба бид хоёр 2008 онд танилцаж үерхэж эхлээд 2010 онд хамт амьдарч амьдрал зохиож эхэлсэн. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. Томыг нь Тэмүүлэн 11 настай, дундыг нь Тэргэл 5 настай, бага нь Түшиг 1 нас 4 сартай. Бид нар хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 13 дугаар байрны 70 тоотод хадам эх Этэй хамт амьдарч байгаа. Нөхөр бид хоёр 2021 онд гэрлэлтээ батлуулсан. Ш нь 1991 оны 3 дугаар сарын 13-нд Дундговь аймагт төрсөн. Бага насаа өвөө дээрээ өнгөрөөсөн. Түүний эх Э бие муутай хүн ба группт байдаг, бид хоёрын асаргаанд байдаг. Манай гэр бүлийн орлого сард дунджаар 2 000 000 төгрөг болдог боловч амьдралд хүрэхэд хэцүү, манай ам бүл олуулаа. Зан байдлын хувьд Ш нь даруухан, хөгжилтэй, нийтэч, хөдөлмөрч, нямбай, ажилсаг хүн. Хорт муу зуршил гэвэл тамхи л татдаг. Архи уудаггүй. Өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Ял шийтгэл авч байгаагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 76 дугаар хуудас/
14. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 7-22 дугаар хуудас/,
15. Ашид билгүүн ХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 822/3340 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 82-86 дугаар хуудас/,
16. Ашид билгүүн ХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 822/3341 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 92-95 дугаар хуудас/,
17. Ашид билгүүн ХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 822/3340 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 82-86 дугаар хуудас/,
18. Ашид билгүүн ХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 822/3629 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 104-107 дугаар хуудас/,
19. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 4 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1 дүгээр хх-ийн 137-138 дугаар хуудас/,
20. 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 139-142 дугаар хуудас/,
21. Шивээ-Овоо хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/130 дугаартай Э.Шг ажлаас чөлөөлөх тухай тушаал /1 дүгээр хх-ийн 150 дугаар хуудас/,
22. Шүүгдэгч Э.Ш-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 153 дугаар хуудас/,
23. Бараа материалын орлогын падаан /1 дүгээр хх-ийн 162-165 дугаар хуудас/,
24. Шатах, тослох материал олгох хуудас /1 дүгээр хх-ийн 167-168 дугаар хуудас/,
25. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 192-193 дугаар хуудас/ зэрэг болно.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Э.Ш нь “Шивээ-Овоо” ХК-д Авто бульдозерийн хэсгийн технологийн автомашины засварчнаар ажиллаж байхдаа байгууллагаас технологийн машины тос солиулахаар хариуцуулж өгсөн тос тослох материалыг бага багаар илүү гарган хэрэглэж дууссан гэж тооцоо нийлүүлж, улмаар илүү гарсан шинэ уул уурхайн Gat-30 маркийн тос 200 литр, уул уурхайн гидрийн тос 410 литр, уул уурхайн G TO4-30 маркийн тос 205 литр, нийт 815 литр буюу 5 458 000 төгрөгийн үнэ бүхий тос, тослох материалыг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шивээ-Овоо ХК-ийн хашаан дотор байрлах хуучин ажилласан тос байрлуулдаг хэсгээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Хьюндай Портер 2” маркийн тээврийн хэрэгсэлд ачин, уурхайн бүсээс гаргаж, хувьдаа завшихаар завдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Шг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Шгийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гэм буруугийн шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Э.Ш нь бусдын эд хөрөнгө болох 815 литр тосыг завшихыг завдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэм буруугийн асуудлаар маргах зүйл байхгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Ш нь “Шивээ-Овоо” ХК-д авто бульдозерийн хэсгийн технологийн автомашины засварчнаар ажиллаж байхдаа байгууллагаас технологийн машины тос солиулахаар хариуцуулж өгсөн тос, тослох материалыг бага багаар илүү гарган хэрэглэж дууссан гэж тооцоо нийлүүлж, улмаар илүү гарсан шинэ уул уурхайн Gat-30 маркийн тос 200 литр, уул уурхайн гидрийн тос 410 литр, уул уурхайн G TO4-30 маркийн тос 205 литр, нийт 815 литр буюу 5458000 төгрөгийн үнэ бүхий тос, тослох материалыг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шивээ-Овоо ХК-ийн хашаан дотор байрлах хуучин ажилласан тос байрлуулдаг хэсгээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Хьюндай Портер 2” маркийн 00-87 ГСА дугаартай тээврийн хэрэгсэлд ачин, уурхайн бүсээс гаргаж, хувьдаа завшихаар завдсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Учир нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдэг нь аливаа нэг хүнд аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг ойлгоно. Шүүгдэгч Э.Ш нь уул уурхайн Gat-30 маркийн тос 200 литр, уул уурхайн гидрийн тос 410 литр, уул уурхайн G TO4-30 маркийн тос 205 литр, нийт 815 литр итгэмжлэн хариуцсан болох нь хохирогч Э.Мгийн мэдүүлэг, шатах тослох материал олгох хуудас, Шивээ-Овоо ХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/201 дугаартай гүйцэтгэх захиралын ажилд томилж дагалдан ажиллуулах тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, Шивээ-Овоо ХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/130 дугаартай гүйцэтгэх захиралын Э.Шг ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргээр нотлогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч Э.Ш нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг завдсан болох нь хохирогч Э.М, гэрч Б.Т, Б.Б, Г.Г, Б.Өлзийбүрэн, Б.Ц нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.Шгийн үйлдлийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Ш нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Э.Ш болон түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Э.Шг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас Шивээ-Овоо ХК-нд 5 458 000 /таван сая дөрвөн зуун тавин найман мянга/ төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Э.Ш нь үйлдэл дээрээ баригдаж уул уурхайн Gat-30 маркийн тос 200 литр, уул уурхайн гидрийн тос 410 литр, уул уурхайн G TO4-30 маркийн тос 205 литр, нийт 815 литр тос, тослох материалыг Шивээ-Овоо ХК-нд буцаан олгосон байх тул шүүгдэгч Э.Шг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Э.Шг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Э.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Шгийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Э.Ш нь мөрдөн байцаалтын шатнаас өөрийн үйлдсэн гэмт хэрэг болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээ буюу 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Э.Шгийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э.Шг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирч байна гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шд оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Ш нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “"Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Э.Шгээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хюндай Портер-2 маркийн 00-87 ГСА дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хюндай Портер-2 маркийн 00-87 ГСА дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг 03216507 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт өмчлөгч Г.Бд олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Эийн Шг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Шг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шд оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.Ш нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Шгээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хюндай Портер-2 маркийн 00-87 ГСА дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хюндай Портер-2 маркийн 00-87 ГСА дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг 03216507 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт өмчлөгч Г.Бд олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ