Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэлмэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам;

улсын яллагч С.Энхмаа;

шүүгдэгч Ц.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч С.Соёлмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Цадмид-Ёндонгийн Эрдэнэбатад холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0269 дугаартай хэргийг 2016.09.15-нд хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Боржигон овогт Цадмид-Ёндонгийн Эрдэнэбат. Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 21-нд Налайх дүүрэгт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 5-6 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлийн хувьд:

1. Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2007.01.19-ний 08 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгэгдэж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;

2. Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010.04.07-ны 26 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 2 сарын хугацаатай хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ял  тус тус оноож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 8 сарын хугацаатай хорих ялаар шийтгэгдсэн;

3. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.07.06-ны 99 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сарын хугацаатай баривчлах ялаар  шийтгэгдэж 2015.11.05-нд  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1 хоногийн өмнө өршөөлд хамрагдаж суллагдсан,  УД88042155 регистрийн дугаартай.

Шүүгдэгч Цадмид-Ёндонгийн Эрдэнэбат нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 06 дугаар  сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын  3-9 тоотод оршин суух иргэн Ж.Ганхуягийн гэрт хууль бус нэвтрэн орж  бугуйвч, алтан ээмэг, мөнгөн аяга, мөнгөн бүс, бугуйвч, бөгж, зөөврийн компьютер, хөгжим зэрэг эд зүйлсийг хулгайлж 2.350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Эрдэнэбатын өгсөн: Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна, хохирлоо нөхөн төлсөн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, мөрдөн байцаалтанд дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн болно гэх мэдүүлэг.

Хохирогч Ж.Ганхуягын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 02-нд намайг эзгүй байх хооронд 15-16 цагийн орчимд манай охин Цэнд-Аюуш байшиндаа ороход зүс таних Эрдэнэбат гэдэг залуу ээжийн авдрыг ухаж байснаа цонхоор гараад зугтсан гэсэн. Тэгээд би ээжийг дуудаж ирүүлээд эд зүйлсээ бүртгэхэд улаан өнгийн бугуйвч, цагираг хэлбэрийн алтан бөгж, ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг, хар шигтгээтэй хос ээмэг бөгж, дунд гарын мөнгөн аяга, ACER брендийн нөүтбүүк, самсунг маркийн мэдрэгчтэй хөгжим, мөнгөн бүс, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлс алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэний дараахан Эрдэнэбатын ах гэж нэг залуу ирээд хулгайлсан эд зүйлсийн заримыг өгчихөөд явсан. Одоо мөнгөн бүс, самсунг брендийн хөгжим хоёр дутуу байгаа бусдыг нь буцааж авсан гэх мэдүүлэг. /хх-13-15 дахь талд/

Гэрч Г. Цэнд-Аюушийн  мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн орчим би гадагшаа гарчихаад буцаад иртэл том өрөөнд нэг эрэгтэй хүн авдар ухаад байж байснаа цонхоор гараад зугтаасан. Тэгээд би аав руу залгаж хэлээд эмээ, аав хоёр ирээд эд зүйлсээ бүртгэж үзэхэд улаан өнгийн бугуйвч, цагираг хэлбэрийн  алтан бөгж, ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг, хар шигтгээтэй хос ээмэг бөгж, дунд гарын мөнгөн аяга, ACER брендийн нөүтбүүо, самсунг маркийн мэдрэгчтэй хөгжим, мөнгөн бүс, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлс алга болсоныг мэдээд аав цагдаад дуудлага өгсөн. Эрдэнэбат нь ганцаараа явж байсан, цагаан өнгийн уутанд хулгайлсан эд зүйлсээ хийгээд аваад гүйж байсан гэх мэдүүлэг. /хх-16-17 дахь талд/

Гэрч О.Эрдэнэчулууны  мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 06 сарын 01 буюу Хүүхдийн баярын хавьцаа би Улаанбаатар хотод ажил хийхээр явсан, маргааш орой нь дүү Эрдэнэбаатар залгаад Эрдэнэбат ах энүүгээр хулгай хийчихсэн юм шиг байна гэхээр нь маргааш нь очсон. Тэгээд хулгай хийсэн гэх айлыг нь заалгаж очиход дүү чинь манайхаас эд зүйлс хулгайлсан гэхээр нь тоо ёсоор нь олж өгнөө гээд Эрдэнэбат руу залгахад тас нь холбогдохгүй 3-4 хоног алга болсон. Дараа нь Эрдэнэбат өөрөө над руу залгахаар нь хулгайлсан эд зүйлсээ яасан бэ гэхэд хулгай хийгээгүй гэж байсан, уурлан байж хэлүүлхэд манай гэрийн урд нуусан байсан. Би нуусан эд зүйлсийг оруулж өгөхөд надаас мөнгөн бүс, хөгжим, алтан бөгж нэхсэн ба тэдгээрийг яасныг Эрдэнэбатаас асуухад алтан бөгжийг ломбарданд тавьсан, бусдыг нь яасныг мэдэхгүй байна гэсэн гэх мэдүүлэг. /хх-18-19 дэх талд/   зэрэг болно.

Эдгээрээс гадна Ц.Эрдэнэбатын мөрдөн байцаалтанд хэргээ хүлээж сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд зүйлсийн үнэлгээ, түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлыг нь тодорхойлсон  бусад нотлох баримтуудыг шүүхийн хэлэлэлцүүлэгт  шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь 3 удаа ял шийтгэгдсэнээс хамгийн сүүлд 2015.07.06-нд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 99 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сарын хугацаатай баривчлах ялаар  шийтгэгдэж 2015.11.05-нд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1 хоногийн өмнө өршөөлд хамрагдаж суллагдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар ялтай байх хугацаандаа давтан гэмт хэрэг үйлджээ.

Ц.Эрдэнэбат нь хулгайлсан эд зүйлсээ буцаан өгч учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бол 3 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, ялтай байхдаа давтан гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Цадмид-Ёндонгийн Эрдэнэбатыг ялтай байхдаа давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Цадмид-Ёндонгийн Ц.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/  сарын  хугацаатай баривчлах  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Ц.Эрдэнэбатад оногдуулсан 4 сарын хугацаатай баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Ц.Эрдэнэбат нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шүүгдэгч Ц.Эрдэнэбатад өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ЦЭЛМЭГ