Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 119/2023/0032/З |
Дугаар | 221/МА2024/0049 |
Огноо | 2024-01-17 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2024/0049
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч: Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
Хариуцагч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Дуламсүрэн, Д.Энхмөнх
Гуравдагч этгээд М.Сэржмядаг
Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн “Дутуу төлөгдсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 20/52 дугаар актыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 29 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяа
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 119/2023/0032/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Дуламсүрэн, Д.Энхмөнх нарт холбогдуулан “Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн “Дутуу төлөгдсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 20/52 дугаар актыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр:
“...Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Дуламсүрэн, Д.Энхмөнх нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 20/52 дугаар Дутуу төлөгдсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяа дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/1112 дугаар тушаалаар тус үйлдвэрийн газрын Барилга, засварын цехийн Засвар, засал чимэглэлийн хэсэгт засал чимэглэлчээр ажиллаж байсан М.Сэржмядагийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
3.2.Уг тушаалыг эс зөвшөөрч М.Сэржмядаг нь иргэний хэргийн шүүхэд Ерөнхий захирлын 2021 оны Б/1112 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 207/МА2022/00087 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
3.3.Ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан М.Сэржмядаг нь ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд дахин хандсан бөгөөд иргэний хэргийн шүүх “урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн шийдвэрээр М.Сэржмядагийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр талууд харилцан тохиролцсон.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор шимтгэл төлөх үүрэг дуусгавар болно” гэж заасан.
3.4.Хэдийгээр ажил олгогчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг шүүх хожим хүчингүй болгосон боловч М.Сэржмядагтай байгуулсан хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үеэс шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдох хүртэл ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг дуусгавар болсон байсан.
Тиймээс ажил олгогч болон ажилтан шүүхэд хөдөлмөрийн маргаантай байх хугацаанд ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т зааснаар ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сард нь төлөх үндэслэлгүй.
3.5.Хариуцагч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа “…хэрэв шүүхийн шийдвэрээр М.Сэржмядагийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэсэн бол торгууль, алданги тооцохгүйгээр шимтгэлийг нөхөн төлөх боломжтой байсан, мөн Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулах ёстой байсныг алданги болгож бууруулсан…” гэж үндэслэлгүй тайлбар гаргадаг.
Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй гэдэг агуулгаар маргаагүй, харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын шийдвэрийн дагуу ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр тус үйлдвэрийн газраас Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлсэн болно.
3.6.Гагцхүү нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сард нь төлөх боломжгүй байсан болох нь хүндэтгэн үзэх шалтгаантай буюу ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн маргаантай байсан учраас Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар тухайн сард нь төлөх боломжгүй байсан болохыг шүүх дүгнээгүй.
3.7.Мөн Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарын гаргасан акт нь захиргааны акт болохын хувьд хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагатай. Гэтэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-т заасан “тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн” гэх үндэслэлээр захиргааны акт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
3.8.Шүүх хуралдаанд хариуцагч нараас “…М.Сэржмядагийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сард нь төлөөгүй гэх үндэслэлээр акт гаргасан, тооцооны алдаа байхгүй…” гэж тайлбарласаар байхад шүүх “... М.Сэржмядагийн хугацаа хоцроосон буюу 2021 оны 09-12 сар, 2022 оны 01-12 саруудын ажил олгогчоос төлөх байсан нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн 20/52 дугаар актыг хүчингүй болгох үндэслэлгүй" гэх дүгнэлтийг хийсэн.
3.9.Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 5.2-т "Шимтгэл төлөгч, төлбөр хариуцагч нь нийгмийн даатгалын байцаагчийн тавьсан акт, албан шаардлагыг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны талаар шимтгэл төлөгч гомдлоо зохих дээд шатны нийгмийн даатгалын байгууллага болон шүүхэд гаргаж болно. Гомдол гаргах нь шимтгэл төлөхийг зогсоох үндэслэл болохгүй", мөн маргаан бүхийн актын 2-т “Акт, торгуулийн төлбөрийг дурдсан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд Монгол Улсын Иргэний хуулийн 222, 231.1.1, 232.1, 232.6 дугаар заалтуудын дагуу саатуулсан хоног тутам 0.5% алданги ногдуулах болно" гэж тус тус заасан.
Тиймээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь маргаан бүхий актын дагуу шимтгэл, алдангийг төлсөн нь хууль бус актын улмаас зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.
Хэрэв ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар маргаантай байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хожим нөхөн төлөхөд ажил олгогч заавал алданги төлөх бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдаж, дуусгавар болсон ч ажил олгогч ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ёстой гэх буруу жишиг тогтохоор байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгов.
1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны гол үйл баримтад дүгнэлт өгөөгүйгээр хэргийг шийдвэрлэснээр шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй.
Актаар “…2021 оны 9-12 дугаар сар, 2022 оны 01-12 дугаар саруудын тайланд ажилтан М.Сэржмядагийн нийгмийн даатгалын шимтгэлийг хүүхэд асрах чөлөөтэй байгаа аж ахуйн нэгж байгууллагын ажилтан эхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийг тооцож төлөөгүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг зөрчсөн…” гэж нэхэмжлэгчийг буруутгасан, гэтэл 1994 онд батлагдсан уг хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/-т “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор шимтгэл төлөх үүрэг дуусгавар болно” гэж заажээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдаагүй ч Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 87 дугаар магадлалаас үзэхэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/1112 дугаар тушаалаар М.Сэржмядагийг үүрэгт ажлаас чөлөөлсөн байх тул актад дурдсанчилан түүнийг хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж үзэхгүй.
Иймд энэхүү тушаал хуульд нийцсэн эсэхээс илүүтэйгүүр нэхэмжлэгчийн тухайд нэгэнт С.Сэржмядагтай байгуулсан хөдөлмөрийн харилцааг зогсоосноор ажил олгогчийн хувьд шимтгэл төлөх үүрэг мөн адил дуусгавар болно.
2.Харин С.Сэржмядагийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох иргэний маргааныг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны дээрх магадлалаар тушаалыг хүчингүй болгож, С.Сэржмядагийг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь Улсын дээд шүүхийн иргэний хэргийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1301 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар хуулийн хүчин төгөлдөр болж, Ерөнхий захирлын 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Б/377 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилсонтой холбогдуулан түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх хүсэлтийг гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж дүгнэн, акт гаргасан нь хууль бус.
Учир нь актад дурдсан 2021 оны 9-12 дугаар сар, 2022 оны 01-12 дугаар сарууд нь М.Сэржмядагийг ажлаас чөлөөлсөн, мөн ийнхүү чөлөөлсөнтэй холбоотой шүүхэд хөдөлмөрийн эрх зүйн маргаан хянагдаж байсан цаг хугацаатай давхцаж байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам нэхэмжлэгчид үйлчлэхгүй, өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлсөн ажилтанд цалин, хөлс олгогдохгүйгээс гадна нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг ажил олгогчид үүсэхгүй.
3.Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д заасан “Тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн…” гэх зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй, иймд М.Сэржмядагийн дээрх хугацаанд хамаарах дутуу төлсөн шимтгэл болох 638.400 төгрөгийн шимтгэл, үүнд ногдох 191.520 төгрөгийн алданги, нийт 829.920 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтай нийцэхгүй байхад шүүхийн шийдвэрт “…М.Сэржмядагийн хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, ажил олгогч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь баримтаар тогтоогдсон…” гэх зэргээр маргаанд төдийлөн ач холбогдолгүй үйл баримтад дүгнэлт өгч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй зөрчилджээ.
4.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 111/449 дүгээр албан бичгээр Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хандаж ажилтан М.Сэржмядагийн ажилгүй байсан хугацаанд ногдох 638.400 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг хүссэн байхад үүнээс 2 хоногийн дараа буюу 9-ний өдөр маргаан бүхий актыг гаргасан нь Нийгмийн даатгалын тухай хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
5.Харин актаар тогтоосон төлбөрийг төлсөн нь уг актыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй, учир нь “нийгмийн даатгалын байгууллага, түүний ажилтны шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргах нь шимтгэл төлөх үүргийг зогсоох буюу дуусгавар болгох үндэслэл болохгүй. Гагцхүү уг гомдлыг хянаж байгаа тухайн шатны шүүхийн шийдвэрээр шимтгэл төлөхийг түдгэлзүүлэн зогсоож болно” гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3-т заажээ.
Үндсэндээ нэхэмжлэгчээс ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой тооцооны ямар ч алдаа гаргаагүй байхад гаргасан мэтээр, тухайлбал ажилтныг ажлаас чөлөөлсөн ч үргэлжүүлэн шимтгэл төлж байх үүрэгтэй байсан мэтээр акт тогтоосон нь хууль хэрэглээний алдаа, нэхэмжлэлийг хангах үндэслэл болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг үндэслэл болгон,
ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 оны/ 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/-т заасныг баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн “Дутуу төлөгдсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 20/52 дугаар актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяа, Б.С*** нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН