Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2254

 

МАГАДЛАЛ

 

2017.10.27                                                     Дугаар 2254                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Н Х Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02242 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Н Х Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “А С ” ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т А Л С З Д Т Г т,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 41 700 000 төгрөг гаргуулах, гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний үүрэгт төлсөн 32 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б, С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ерөнхий захиалагчаар Төв аймгийн Лүн сум, захиалагчаар “А С ” ХХК, гүйцэтгэгчээр “Н Х Т ” ХХК-ийн хооронд 15/39 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Тус гэрээний дагуу Төв аймгийн Лүн сумын сургуулийн дотуур байрны хэсэгчилсэн газар /дээвэр, тааз, дотор цахилгааны газардуулга/-ын ажлыг хийж гүйцэтгэхээр талууд тохиролцсон бөгөөд гэрээний үнийг      73 700 000 төгрөгөөр тогтоосон байна. Гүйцэтгэгчээс гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар хүлээлгэн өгсөн байна. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний хөлсийг төлөхөөс захиалагч “А С ” ХХК үндэслэлгүйгээр татгалзаж, нийт 7 000 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн бөгөөд “А С ” ХХК-д төлөх ёстой бусдын өр төлбөрийг гэрээний үнийн хэсэгт тооцуулахыг шаардсан байна. Мөн захиалагчаас өөрийн эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр тооцуулж авахыг “Н Х Т ” ХХК-иас шаардсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйл болон 5.1, 6.3 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 41 700 000 төгрөгийг хариуцагч болох захиалагч “А С ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Н Х Т ” ХХК-д олгоно уу гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Уг ажил гүйцэтгэх гэрээнд ерөнхий захиалагчаар Лүн сумын Засаг даргын тамгын газар, “А С ” ХХК нь захиалагчаар, гүйцэтгэгчээр “Н Х Т ” ХХК нар оролцсон. “А С ” ХХК нь хувийн хэвшлийн хуулийн этгээд тул Лүн сумын сургуулийн дотуур байрны засварын ажлыг хийж гүйцэтгүүлэх захиалгыг өгөх, ажлын хөлсийг төлөх үүрэг байхгүй боловч энэхүү гэрээнд захиалагчаар оролцсон нь дараах шалтгаантай юм. Энэ нь манай компани 2014-2015 онд хэрэгжих "Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд Төв аймгийн Лүн сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тодотгон боловсруулах, гадна шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах болон айл өрх, албан байгууллагыг цэвэр, бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж барих ажлыг гүйцэтгэх тендерт шалгарч Төв аймгийн Засаг даргатай 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 05/14 тоот гэрээг байгуулсан. Энэхүү тендерийн ажлын хүрээнд төсөвлөгдөж хийгдээгүй ажлын санхүүжилтийн мөнгөөр сургуулийн дотуур байрны дээвэр, тааз, дотор цахилгаан, газардуулгын ажлыг хийж гүйцэтгүүлэх хүсэлтийг Лүн сумын удирдлагаас гаргаж, “Н Х Т ” ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулахыг санал болгосон. Энэ талаар Ерөнхий захиалагч буюу Төв аймгийн Засаг дарга, ГХБХБГазрын дарга, Лүн сумын Засаг дарга, “А С ” ХХК-ийн захирал зэрэг хүмүүс 2015 оны 07 дугаар сард Төв аймгийн ЗДТГазрын байранд хуралдахад энэ асуудлыг ярьж энэхүү тендерийн хийгдээгүй зураг төсөл болон ажлын мөнгөөр хийлгэж болох талаар ярилцаж байсны дагуу 05/14 тоот гэрээний Ерөнхий захиалагч, ашиглагч байгууллага болох Лүн сумын удирдлага зөвшилцөж ашиглагч байгууллагын тавьсан хүсэлтийн дагуу хүүхдүүдийн ая тухтай сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх үүднээс манай компани Лүн сум, “Н Х Т ” ХХК-тай гурвалсан гэрээг байгуулж, ажлын хөлсийг 73 700 000 төгрөг гэж тусгасан. “А С ” ХХК нь өмнө дурдсан төслийн мөнгөнөөс үлдсэн мөнгийг л, 15/39 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч “Н Х Т ” ХХК-д өгч, ажлыг хүлээн авах үүрэгтэй болохоос, Лүн сумын сургуулийн дотуур байрыг өөрийн хөрөнгөөр засварлуулах, ажлын хөлсийг нь гаргах үүрэггүй. Нөгөө талаас “Н Х Т ” ХХК нь гүйцэтгэсэн ажлыг дуусгаж комисс ажиллуулах талаар манайд мэдэгдээгүй, хүлээлгэж өгөөгүй бөгөөд Лүн сумаас ажлын хэсэг байгуулан хүлээн авч акт үйлдсэн баримтыг 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр манай компанид авч ирж өгч байсан. Гэвч манай компани тендерийн ажлаас дутуу хийгдсэн ажлын санхүүжилт 48 000 000 төгрөг, “Н Х Т ” ХХК-ийн гаргасан шууд зардлын төсвөөр буюу 48 798 180 төгрөгөөр гүйцэтгэлийг тооцож, үүнээс 17 000 000 төгрөгийг төлсөн, 15 000 000 төгрөгт “Н Х Т ” ХХК-ийн захирал Л.Найгал өөрөө хүлээн зөвшөөрч Nissan Maxima маркийн 15-15 УБВ дугаартай суудлын автомашиныг тооцон шилжүүлж авсан бөгөөд манай компаниас ав гэж шахсан зүйл байхгүй болно, мөн чанарын баталгаанд 3 500 000 төгрөгийг тусгаарлаж баталгаа дуусахаар буцаан өгөх байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т а Л с З даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбарт: Сумын Засаг дарга аймгийн Засаг дарга болон тус төсөл хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэгчээр шалгарсан “А С ” ХХК-ийн удирдлагуудад сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд хэмнэгдсэн болон хийгдээгүй ажлаас илүү гарсан хөрөнгө мөнгө байвал манай сургуулийн дотуур байранд дээврийн болон цахилгааны монтажийг солих ажлыг санхүүжүүлж өгөөч гэж харилцан ярилцаж хүсэлт тавьсны дагуу “А С ” ХХК манай нөхцөлийг хүлээн зөвшөөрч эх үүсвэрийг гаргахаар харилцан тохиролцож “Н Х Т ” ХХК-иар гүйцэтгүүлэхээр харилцан гэрээ байгуулж уг ажлыг гүйцэтгүүлсэн. Сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан хурлын тэмдэглэлийг хавсаргалаа. Эндээс үзэхэд мэргэжлийн төсөвчнөөр төсөв хийлгэж баталгаажуулж гэрээнд хавсаргаагүй байгаа нь уг ажлын үнэлгээ гэрээ нь баталгаажаагүй баримт гэж үзэх үндэслэлтэй. Мөн ажил хүлээлцсэн комисст орж ажилласны хувьд дээврийн таталт хучилтын ажил сайн хийгдсэн боловч дээврийн төмрийг солиогүй будгаар будсанаас өөр ажил хийгдээгүй, чанаргүй болсон гэсэн дүгнэлт гарсан. Ажлын хэсгийн дүгнэлтээр гарсан дутуу материалуудыг нэмж авч өгөөгүй байдаг. Бидний данс тайлангаар мөнгө дамжаагүй учир хоорондоо хэдэн төгрөг өгч авсныг бидний зүгээс мэдэхгүй. Хийгдсэн ажил нь тодорхой байгаа юм чинь мэргэжлийн барилгын шинжээч, төсөвчнөөр дахин үнэлгээ гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй юм болов уу гэсэн санал байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг, нэхэмжлэлийг нарийвчлан гарсан тооцоо нотолгоог үндэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэжээ.

Хариуцагч А С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт зааснаар хувийн өмчийн хуулийн этгээд юм. Тухайн үед дотуур байранд амьдарч байсан хүүхдүүдийн эрх, ашгийг бодолцон 40 000 000 орчим төгрөгийн ажил хийгдээгүй байгаа гэх тооцоог гаргаж мэдэгдэхэд, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 73 700 000 үнийн дүн бүхий Ажил гүйцэтгэх гэрээнд захиалагчаар оролцоод баталгаажуулаад өг гэсэн, манай компани 73 700 000 төгрөг гаргах боломжгүй, 40 000 000 төгрөг орчмийг л хийгдээгүй ажлын төсвөөс өгч болох юм гэхэд Лүн сумын Засаг даргын тамгын газар ерөнхий захиалагчаар гэрээнд оролцоно, урьдчилсан байдлаар 73 700 000 төгрөгийн төсөв байгаа боловч, гүйцэтгэгч төсвийн шууд зардлаар л ажил гүйцэтгэнэ, төсөв батлаад ирэхээр уг дүн өөрчлөгдөнө гэсэн тул уг гэрээнд “А С ” ХХК оролцсон юм. Иймд Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-т Гэрээний үнийн санхүүжилт нь Лүн суманд хэрэгжиж байгаа Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Сумын төвийн шинэчлэл төслийн хийгдээгүй ажил болон хэмнэгдсэн төсвөөс хийгдэнэ, 3.2-т Гэрээний үнийн Сумын төвийн шинэчлэл төслийн санхүүжилтээр олгоно, 5.2-т Захиалагч тал санхүүжилтийн дагуу гэрээний үнийг төлнө, 6.3-т Захиалагч тал гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу санхүүжилтийг олгоно гэж тус тус гэрээний талууд тохиролцож, гэрээнд тусгасан юм. Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Ажил гүйцэтгэх гэрээний дээр дурдсан зүйл, заалтуудыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг гаргасан. Уг шаардлагыг гаргаснаар “А С ” ХХК нь өөрийн хувийн хөрөнгө, мөнгөөр төрийн өмчийн сургуулийн дотуур байрны барилгыг засварлуулах үүргийг хүлээх буюу төрийн өмнөөс мөнгөн хөрөнгөөрөө хохирох нөхцөл байдалд хүрээд байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан үндэслэлээр Ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, гэрээний дагуу “Н Х Т ” ХХК-д шилжүүлсэн 32 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н Х Т ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбарт: “А С ” ХХК, Төв аймгийн Лүн сум болон “Н Х Т ” ХХК-ийн хооронд 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан 15/39 дугаартай Ажил гүйцэтгэх тухай гэрээгээр гүйцэтгэсэн Төв аймгийн Лүн сумын сургуулийн дотуур байрны засварын ажлыг Засгийн газрын 309 дугаартай болон 265 дугаартай тогтоолоор батлагдсан Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд хийгдэх ажлын жагсаалтын дагуу өөрчлөлт оруулсан “А С ” ХХК-иас Төв аймгийн Засаг даргатай 2014 оны 06 дугаар 09-ний өдөр байгуулсан 05/14 дугаартай гэрээний дагуу гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй тул талуудын хооронд байгуулагдсан 15/39 дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 болон 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэл түүний шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төв аймгийн Лүн сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбарт: Сумын төвийн шинэчлэл төслийн ажлаас хэмнэгдсэн болон хийгдээгүй ажлын үлдэгдэл санхүүжилтээс засварын ажлыг хийхээр тохиролцсон. Тэр үед “А С ” ХХК-ийн захирал төслийн ажлын үлдэгдлээс засвар хийхийг зөвшөөрч гурвалсан гэрээг байгуулсан. Сумын төвийн шинэчлэл төслийн тендерт нэгэнт “А С ” ХХК ялсан байсан учир дахин тендер зарлах шаардлага байгаагүй. Сумын төвийн төслийн шинэчлэл төслийн Хашаа төслийг гэрээгээр гүйцэтгэсэн “Н Х Т ” ХХК-тай гэрээг шинэчлэн байгуулж гүйцэтгүүлсэн. Манай зүгээс “Н Х Т ” ХХК нь сургуулийн дотуур байрны засварын ажлыг гүйцэтгүүлсэн боловч чанарын шаардлага хангаагүй гэсэн дүгнэлтээ тухайн үед нь гаргасан. Уг засварын ажилд гэрээнд тусгасан    73 700 000 төгрөг бүгд ороогүй гэж үзэж байгаа учир мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “А С ” ХХК-иас Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 41 700 000 төгрөгийг гаргуулж “Н Х Т ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хариуцагчаас хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, 32 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 526 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “А С ” ХХК-иас 366 450 төгрөгийг гаргуулж “Н Х Т ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 388 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гэрээний 3 дугаар зүйлд заасан Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Сумын төвийн шинэчлэл төсөл"-ийн ажлын хийгдээгүй ажлын болон хэмнэгдсэн төсвөөр сургуулийн дотуур байрны хэсэгчилсэн засварын ажлыг санхүүжүүлж, хөлсийг төлөх тухай агуулга нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний зорилгын хариу төлбөр буюу ажлын хөлс төлөх хэсэг биелэх боломжгүйд хүргэснээр гэрээний бүрэн эрхт нэг оролцогч болох гүйцэтгэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үр дагавартай байна. Төв аймгийн Засаг даргатай 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр "сумын төвийн шинэчлэл төсөл"-ийн чиглэлээр байгуулсан 05/14 дугаартай гэрээний дагуу хийгдэх тул сургуулийн дотуур байрны хэсэгчилсэн засварын ажлын үр дүнг ерөнхий захиалагч болох Төв аймгийн Засаг даргад хүлээлгэн өгөх, ажлын зардал, хөлсийн тооцоог тайлагнаж төсвөөс олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан болохыг холбогдох этгээдэд тайлагнахад тухайн зохицуулалт чухал ач холбогдолтой гэж тайлбарлаж талуудын хооронд байгуулагдах гэрээний 3 дугаар зүйлийг тусгасан бөгөөд "А С " ХХК-иас Төв аймгийн Засаг даргатай "сумын төвийн шинэчлэл төсөл"-ийн чиглэлээр байгуулсан 05/14 дугаартай гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр дууссан тул тус гэрээнд заасан нэг ажлаас бусад бүх ажлыг гүйцэтгэж дууссан гэж 05/14 дутаартай гэрээ болон түүний хавсралт, хугацаа сунгасан гэрээний өөрчлөлтийг үзүүлж танилцуулсан. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-т гэрээний үнийн санхүүжилт нь Лүн суманд хэрэгжиж байгаа Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Сумын төвийн шинэчлэл" төслийн ажлын хийгдээгүй ажил болон хэмнэгдсэн төсвөөс хийгдэнэ, тус гэрээний 3.2-т гэрээний үнийг "Сумын төвийн шинэчлэл төслийн" санхүүжилтээр олгоно гэх зохицуулалтыг оруулахын тулд "Н Х Т " ХХК-ийг худал мэдээллээр хууран мэхэлж, төөрөгдүүлсэн "А С " ХХК-ийн үйлдлийг илэрхийлэх тул тус зохицуулалт нь Иргэний хуулийн 58 болон 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлийг бүрдүүлж байна. Учир нь 05/14 дугаартай гэрээний цуцлагдсан болон хэмнэгдсэн ажлын төсвийн санхүүжилт бүрэн цугларсан тул "Н Х Т " ХХК-тай байгуулах гэрээний үнэд "А С " ХХК-иас 73 700 000 төгрөг төлөх үүргийг зохих ёсоор гүйцэтгэхэд хүндрэл үүсэхгүй, хамгийн гол нь төлөвлөсөн хугацаа хэтэрсэн тул засварын ажлыг нэн даруй гүйцэтгэж, яаралтай дуусгах шаардлагатай гэж нэхэмжлэгчид мэдэгдсэн тул "Ажил гүйцэтгэх" гэрээнд гарын үсэг зурж, Төв аймгийн Лүн сумын сургуулийн дотуур байрны хэсэгчилсэн засварын буюу дээвэр, тааз, дотор цахилгаан, газардуулгын ажлыг гүйцэтгэсэн. Эс бөгөөс гэрээний үнийг төлөх хөрөнгийн эх үүсвэр бүрдээгүй, шаардлагатай хэмнэлтийг хийгээгүй, төсвийн санхүүжилт хангалтгүй тул ажлын хөлсийг 45-50 сая төгрөгөөр тооцох болсон зэрэг бусад мэдээллийг бүрэн гүйцэд, үнэн зөв өгсөн бол "Сумын төвийн шинэчлэл төсөл"-ийн хийгдээгүй ажлын болон хэмнэгдсэн төсвөөр сургуулийн дотуур байрны хэсэгчилсэн засварын ажлыг санхүүжүүлж, хөлсийг төлөх нөхцөлийг "Н Х Т " ХХК зөвшөөрөхгүй, гэрээнд гарын үсэг зурж байгуулахгүй байсан бөгөөд засварын ажлыг хийж гүйцэтгэхгүй байсан. Учир нь засварын ажил нь Төв аймгийн Засаг даргын өмнө хүлээсэн үүрэг бус захиалагчтай байгуулсан 2 талт гэрээний дагуу "А С " ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэл тул засварын ажлын хөлсийг "А С " ХХК-иас шаардах бөгөөд Төв аймгийн Засаг даргаас шаардах эрхгүй. Төв аймгийн Засаг даргатай байгуулсан "сумын төвийн шинэчлэл төсөл"-ийн гэрээний оролцогч биш тул тус гэрээний санхүүжилтийг "Н Х Т " ХХК-д бус зөвхөн "А С " ХХК-д олгоно. "Сумын төвийн шинэчлэл төсөл"-ийн ажлын хийгдээгүй ажлын болон хэмнэгдсэн төсвөөр сургуулийн дотуур байрны хэсэгчилсэн засварын ажлыг санхүүжүүлж, хөлсийг төлөх тухай зохицуулалтыг оруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Гэрээнд захиалагч болон ерөнхий захиалагчийн үүргийг тус бүрт нь ялгаатай зохицуулсан бөгөөд тэдгээр нь нэгдмэл бус бие даасан эрх, үүрэг хүлээж гэрээнд оролцсон тул хөлс төлөх үүргийг хамтран хүлээхгүй. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдахаас ерөнхий захиалагчтай хэлэлцэж тохиролцсоны үндсэн дээр "А С ” ХХК-иас бие даан гаргасан шийдвэрээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан тул зохих этгээдэд мэдэгдэж зөвшөөрөл авсанд тооцно. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийг хүчин төгөлдөр бусд тооцож, тус гэрээний үүрэгт хариуцагчаас 41 700 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангана уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариуцагчийн татгалзал, түүний үндэслэлийн талаар шүүхээс оновчтой дүгнэлт хийгээгүйн улмаас шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Лүн сумын сургуулийн дотуур байрны засварын ажил нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хэрэгжсэн сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд хийгдэх ажлын жагсаалтад багтсан байсан боловч 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Засаг даргын зөвшөөрсний дагуу Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон “А С ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 05/14 тоот Ажил гүйцэтгэх гэрээнд 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга болон Төв аймгийн Засаг дарга нарын хамтран баталсан хийгдэх ажлын даалгаварыг үндэслэн нэмэлт өөрчлөлт оруулсан ба уг нэмэлт өөрчлөлтөөр сургуулийн их засварын ажил хасагдаж нийт 50 771 694 төгрөгийн төсөвт өртөгтэй 3 ажлууд нэмэгдэж орсон, хэдийгээр гэрээний нэмэлт өөрчлөлтөөр дээр дурдсан ажлуудыг гүйцэтгэх ёстой байсан боловч захиалагчийн хүсэлтээр мөн хийгдээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй юм. 2015 оны 9 дүгээр сард Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд хийгдэх ажлууд дуусч байх үед Лүн сумын сургуулийн дотуур байрны дээвэр нурж, хүүхэд гэмтсэн үйл явдал болсны дараа Лүн сумын Засаг дарга нь “А С ” ХХК-ийн захиралтай холбогдон би Аймгийн засаг даргатай ярилцаад шийдвэрлэчихнэ, сургуулийн дотуур байрны дээврийг хүйтний улирал эхлэхээс өмнө яаралтай засварлах хэрэгтэй байна. Гэвч сумын төсөвөөс мөнгө гаргах ямар ч боломжгүй. Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд хийгдээгүй ажилд төсөвлөгдсөн мөнгийг “Н Х Т ” ХХК-руу шилжүүлж өгнө үү гэсэн учраас Ажил гүйцэтгэх гэрээнд захиалагч гэх статусаар оролцсон. Өөрөөр хэлбэл, хийгдээгүй үлдсэн дээрх ажлын мөнгө “А С ” ХХК-ийн данс руу орж ирэх ёстой учраас “А С ” ХХК хийгдээгүй ажлын мөнгийг шилжүүлэх үүргийг хүлээж, нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээнд захиалагчаар оролцсон. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д гэрээний үнийн санхүүжилт нь Лүн суманд хэрэгжиж байгаа Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Сумын төвийн шинэчлэл" төслийн ажлын хийгдээгүй ажил болон хэмнэгдсэн төсвөөс хийгдэнэ", мөн зүйлийн 3.2-т гэрээний үнийг "Сумын төвийн шинэчлэл төслийн" санхүүжилтээр олгоно" гэж тодорхой тусгасан. Энэ нь Иргэний хуулийн 344.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно" гэж заасантай нийцэж байна. Шүүхээс Ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэрнээ "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд хийгдээгүй ажлын төсөв хэдэн төгрөг байсан талаар огт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна. Сумын төвийн шинэчлэл төслөөс хийгдээгүй ажлуудад төсөвлөгдсөн мөнгө 50 632 972 төгрөг болох нь хавтаст хэрэгт авагдсан Төв аймгийн Засаг даргын баталсан "Сумын төвийн шинэчлэл төсөл"-ийн хүрээнд Лүн сумын төвд хийгдэх ажлын нэгтгэл гэх баримт, мөн Төв аймгийн ГХБХБГ-ын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 07/259 дүгээр албан бичгээр тус тус нотлогдож байхад эдгээр баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.

“А С ” ХХК нь Иргэний хуулийн 25 дугаар зүйл 25.3 дахь хэсэгт зааснаар хувийн өмчийн хуулийн этгээд бөгөөд төрийн өмчийн дотуур байрны засварын ажлыг төсөвөөс санхүүжүүлсэн санхүүжилтээс илүү мөнгө гаргаж өөрийн хөрөнгөөр засварлуулах үүрэг хүлээж гэрээнд оролцохгүй нь илт тодорхой зүйл юм. Иймд гэрээний үнийг ажил гүйцэтгэгч “Н Х Т ” ХХК-ийн зохиосон төсвийн дүнгээр тохиролцон тогтоосон гэх шүүхийн дүгнэлт нь гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл биш бөгөөд бодит үйл баримтад нийцэхгүй байгаа юм. Анх гэрээ байгуулах үедээ “Н Х Т ” ХХК өөрсдөө төсөв зохиож, уг төсвийнхөө шууд зардлаар буюу 48,000,000 төгрөгт багтаан дотуур байрны дээврийг засахаар болсон. Ийнхүү гэрээний үнийн талаар талууд өөр өөр байр суурь илэрхийлж байхад шүүх хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болон Ажил гүйцэтгэх гэрээний бусад заалтуудтай харьцуулах замаар дүгнэлт хийлгүй, дан ганц нэхэмжлэгчийн тайлбараар гэрээний үнийг 73 700 000 төгрөгөөр тохиролцсон гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 15/39 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээгээр шилжүүлсэн 32 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг "хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах,        32 000 000 төгрөг буцаан гаргуулах гэж буруу тодорхойлсон хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагуудыг хооронд нь ялгаагүйс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

А С  ХХК нь 05/14 тоот ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтээр захиалагч буюу Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албан ёсны зөвшөөрөлгүйгээр тус гэрээний ажлын даалгаварт тусгагдаагүй ажлыг хийж гүйцэтгүүлэхээр гэрээний агуулгад өөрчлөлт оруулж, “Н Х Т ” ХХК-тай гэрээ байгуулсан нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйл Худалдан авах гэрээнд дараах өөрчлөлт хийхийг хориглоно 41.1.1-т захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн агуулгатай холбоотой гэрээний нөхцөлүүдийг өөрчлөх гэснийг зөрчсөн байна. Түүнчлэн Лүн сумын Засаг дарга Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.1.7-т заасны дагуу Төв аймгийн Засаг даргын захиран зарцуулах хөрөнгийг түүний албан ёсны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн мөн зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхэд нь халдаж өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ашигласан байх тул 15/39 тоот ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.1, 56.1.8 дэх хэсгүүдийг үндэслэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлийн шинжийг агуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэл, түүний нэмэгдүүлсэн шаардлагыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж 15/39 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг гэрээгээр шилжүүлсэн 32 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “Н Х Т ” ХХК нь хариуцагч “А С ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 41 700 000 төгрөг гаргуулах, гэрээний 3.1, 6.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний үүрэгт төлсөн 32 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ заасан “...ажил гүйцэтгэх гэрээний дагуу 73 700 000 төгрөг төлөхөөс 41 700 000 төгрөгийг төлөөгүй гэх нөхцөл байдлыг хариуцагч няцаан “...гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй, гэрээт ажлын төсөв нь             50 000 000 төгрөг байсан гэж тайлбар гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь гэрээний 6.1 дэх заалтыг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь Төв аймгийн Лүн сумын Засаг даргын тамгын газрыг гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчид болон Төв аймгийн Лүн сумын Засаг дарга нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь тус сумын сургуулийн дотуур байрны дээвэр, тааз, дотор цахилгаан, газардуулгын ажлыг 2015 оны 10 дугаар сарын 20-ны дотор 73 700 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, Монгол Улсын Засгийн газраас Лүн суманд хэрэгжүүлж байгаа “Сумын төвийн шинэчлэл” төслийн хийгдээгүй ажил болон хэмнэгдсэн төсвөөс уг ажлын санхүүжилт хийгдэхээр талууд тохиролцжээ.

Хариуцагч “А С ” ХХК нь дээрх төслийн хүрээнд хийгдэх ажил гүйцэтгэх тендерт шалгарч, Төв аймгийн Засаг даргатай 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 05/14 тоот гэрээ байгуулсан байх ба төслийн хүрээнд хийгдээгүй ажлын санхүүжилтээр Лүн сумын сургуулийн дотуур байрны засварын ажлыг хийх талаар зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3 дахь заалтад тусгасан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг талууд харилцан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст, 2015 оны 11 дүгээр сарын   16-ны өдөр захиалагч буюу Лүн сумын Засаг даргын А/178 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэгт тус тус хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсан байна. Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн талаар хариуцагч “А С ” ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/16 тоот албан бичгээр мэдэгдсэн ба энэ бичгийг хүлээн аваагүй гэж хариуцагч тайлбарласан.

Гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргийг захиалагч хүлээх талаар Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт заасан. Түүнчлэн хариуцагч нь гэрээт ажлын төсөв 50 000 000 төгрөг байсан гэх боловч гэрээ байгуулснаас хойш гүйцэтгэх ажлын төсөв өөрчлөгдөхөөр бол талууд гэрээнд өөрчлөлт оруулах болон Иргэний хуулийн 345 дугаар зүйлд зааснаар төсвийн асуудлаа шийдвэрлэх боломжтой юм. Зохигчид Иргэний хуулийн 220, 345 дугаар зүйлд зааснаар гэрээнд өөрчлөлт оруулсан талаар баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн уг тайлбар нотлогдоогүй гэж үзнэ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Төв аймгийн Засаг даргын тамгын газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай шүүгчийн захирамж гарсны дараа С.Даваахүү нь Төв аймгийн Лүн сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцох итгэмжлэлийг Ч.Цагаанд олгосон, уг итгэмжлэлийг үндэслэн Ч.Цагаан нь тайлбар, хүсэлт гаргах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

С.Даваахүүгээс Ч.Цагаанд олгосон дээрх итгэмжлэл хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байгаа ч тэрээр Төв аймгийн Засаг даргын тамгын газрын нэрийн өмнөөс бусдад итгэмжлэл олгох эрхтэй эсэх нь тодорхойгүй байгааг шүүх анхаараагүй байна. Гэвч шүүхийн дээрх алдаа нь хэргийн шийдэлд нөлөөлөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

Иймд зохигчдын гаргасан давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 456 800 төгрөг, нэхэмжлэгчийн төлсөн 526 450 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

          ШҮҮГЧИД                           Ц.ИЧИНХОРЛОО

                                                     М.НАРАНЦЭЦЭГ