Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/62

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Бгийн Бт холбогдох эрүүгийн 2117000980062 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төмөр замын ачаа вагон хүлээлцэгч мэргэжилтэй, ....ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Т овогт Бгийн Б /РД: ЕЙ./,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Сүмбэрийн 129 тоотод байх гэртээ мэдээллийн технологи ашиглан фэйсбүүкийн “Будка Б” гэх нэртэй хаягаас “pokerrrr2 Элэг нэгтэн покер клуб”  гэх нэртэй бүлэг үүсгэн ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн төрсөн ээж С.Нийн Хаан банкинд бүртгэлтэй 5302047995 тоот харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 37 010 859,41 төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2117000980062 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

2. Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр интернетээс pokerrrr 2 гэсэн нэртэй аплекейшн татаад тэрэндээ өөрийн Будка Б гэсэн нэртэй фэйсбүүк хаягаа холбож ороод покер тоглох Элэг нэгтэн покер клуб гэх нэртэй бүлэг үүсгэсэн юм. Тэгээд би өөрийн нээсэн тэр бүлэгтээ хүн нэмэхийн тулд 7 ptru гэсэн код үүсгээд эхний ээлжинд өөрийн таньдаг найз нөхдөд кодоо хэлээд мөнгөө 5302047995 гэсэн манай ээжийн дансанд байршуулж тоглож байсан. Тэгээд сүүлдээ тэнд тоглож байсан хүмүүсийн найз нөхөд гэж нэмэгдээд нэлээд олон хүн болсон. Яг мөнгө байршуулж тоглодог 70, 80 орчим хүн байсан. Анх хамт ажилладаг Т, Төрболд нар орж ирээд ямар нэгэн мөнгө тавихгүйгээр тоглож эхэлсэн. Тэгээд эхэндээ тус аплекейшн нь 20 минут болоод хаагдаад байсан. Тэгэхээр нь судалж байгаад олон улсын данс холбох юм бол нээгдэж тоглох боломжтой юм байна гэж мэдээд ээж Нийн ашигладаггүй байсан олон улсын данс болох 5302047995 гэсэн дансыг өөрт нь юунд ашиглах гэж байгаагаа хэлэхгүйгээр авсан. Тэгээд би өөрөө ээжийн дансанд мөнгө хийгээд тэрүүгээрээ Голд буюу тухайн аплекейшнаараа ширээ ажиллуулах эрх авдаг байсан. Нэг удаа эрх авахдаа 280 000 төгрөгөөр доллар худалдаж аваад тэрүүгээр 840 Голд буюу эрхээ авдаг байсан. Өдөртөө 200 орчим голд буюу эрхээ ашигладаг байсан. Би ширээ нээх эрхээ 280 000 төгрөгөөр доллар худалдаж аваад нээгдэнгүүт Элэг нэгтэн покер клуб дотор байгаа хүмүүст харагддаг. Тэгээд тэр хүмүүсээс тус ширээнд сууж тоглох хүсэлт ирдэг бөгөөд би 5302047995 дансаа байршуулангуут хүмүүс мөнгөө хийж би мөнгө хийсэн хүний хүсэлтийг нь авч ширээнд суулгаад тэр хүмүүсийг покер тоглуулдаг байсан. Нэг ширээнд нийтдээ 9 хүн суух боломжтой байдаг бөгөөд 9-өөс бага хүн суух боломжтой. Тоглолт бүрийн нийт цугларсан мөнгөнөөс 1 хувь нь дансанд үлддэг. Тэр нэг хувь нь үндсэндээ миний Элэг нэгтэн покер клубээр ширээ ажиллуулан хүмүүс покер тоглуулсны ашиг байгаа юм. Тэр нэг хувиас цугласан мөнгөөр би дахин ширээ нээх эрх буюу Голд худалдаж авах, тоглож байгаад сайн мод нийлүүлсэн хүмүүст урамшуулал олгох зэрэгт зарцуулагддаг байсан. Би хожсон хүнийх нь дансанд хожсон мөнгийг нь шилжүүлдэг байсан. Надад ашиг гэж өдөрт 40-50 мянган төгрөг үлддэг байсан. Зарим үед тэрнээс их үлддэг байсан. Би яг хэдэн төгрөгийн ашиг олсноо мэдэхгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 37 010 859,41 мөнгөтэй санал нийлж байна. Би 2021 оны 09 дүгээр сарын 27-ноос эхэлж ажиллуулаад 2021 оны 10 дугаар сарын 28-нд ашиглаж байсан данс хаагдсан байсан. Бас тус аплекейшн нь хаагдсан бололтой нэвтрэхгүй болсон. Тэгээд би тоглуулахаа больсон. Данс хаагдчихаар ээжид би таны дансыг ашиглаж интернетээр хүмүүсийг покер тоглуулж байсан юм гэж хэлсэн. Ээж банк дээр очоод уулзсан чинь эрх бүхий байгууллагаас дансыг нь хаасан байсан гэж хэлсэн гэсэн. Би өөрийн Iphone-6 маркийн гар утсан дээрээ татсан аплекейшнаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд гэртээ болон боломжит газар буюу интернеттэй газар тоглуулж байгаад тэр утсаа алга болгоод Huiwei Y6 маркийн гар утсаар тоглуулж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 244-245 дугаар хуудас/,

 

3. Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Манай хүүхэд Б.Б 2021 оны 10 дугаар сарын 05-нд байх миний нэр дээр байсан Хаан банкны 5302047995 дугаартай ашигладаггүй байсан дансыг ашиглаад фэйсбүүкээр хүмүүстэй холбогдож покер ажиллуулсан. Ямар нэртэйгээр тоглуулсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би энэ талаар сайн мэдэхгүй. Тухайн дансны карт нь манай хүүхдэд байдаг байсан. Бас тухайн дансаа Б хянадаг байсан. Би анх дансаа өгөхдөө юу хийх гэж байгааг нь мэдээгүй байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай хүүхэд ээж таны данс хаагдчихлаа гэж хэлэхээр нь Хаан банкинд очиж уулзсан чинь таны дансыг Улаанбаатар хотоос цагдаагаас хаасан байна гэж хэлсэн. Тэгсэн манай хүүхэд би таны дансыг нь ашиглаад покер тоглоом цахимаар тоглуулсан юм тэгээд хаагдсан байх гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

4. Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би 2021 оны 10 дугаар сарын үед ойролцоогоор 7 хоног тоглосон. Уг pokerrrr Элэг нэгтэн бүлгийг Б ажиллуулж байсан. Тухайн бүлэгт 9 хүн тоглодог. 20 000 билүү 50 000 төгрөгийн ширээ байдаг. 50 000 төгрөгийн ширээнд тоглолоо гэхэд 9 хүн нийт 450 000 төгрөгийг дээрх дансанд цуглуулдаг. Ойролцоогоор 2 цаг орчим тоглодог. Тэгээд хожсон хүн нь цугларсан мөнгийг нь авдаг. Цаанаа хэн нь хэдийг авч байгаа талаар би сайн мэдэхгүй. Мөнгө цуглуулах болон хожсон хүнд нь мөнгө шилжүүлэх зэргийг зохион байгуулж байгаа хүн нь хариуцдаг. Би тухайн үед тоглож байхдаа 50 000 төгрөг хийгээд 200 000 төгрөг хожиж байсан санагдаж байна. Гэхдээ маргааш нь буцаагаад алдчихдаг байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-19 дугаар хуудас/,

 

5. Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би pokerrrr Элэг нэгтэн бүлэгт цахимаар покер 2021 оны 10 дугаар сарын орчим тоглож байсан. Ойролцоогоор 5-6 удаа тоглосон. Тухайн покерыг тоглохдоо 9 хүн бүрдэж байж тоглодог. Ихэвчлэн би 50 000 юм уу 100 000 төгрөгийн бооцоотой ширээнд суудаг байсан. 50 000 төгрөгийн ширээнд суухад хүн бүр бооцооны 50 000 төгрөгөө Нийн данс руу шилжүүлдэг. 9 хүний 450 000 төгрөг цуглараад хожсон хүн уг мөнгөөс 430 000 төгрөгийг нь авдаг. Харин үлдсэн 20 000 төгрөг нь тухайн тоглоомыг удирдаж байгаа хүнд үлддэг. Тухайн элэг нэгтэн гэх бүлгийг Б удирдаж тоглуулж байсан. Тухайн цахим покерыг нэг их удаагүй байх гэж бодож байна. Намайг нэг ороход хаагдчихсан байсан. Б яг хэдий хугацаанд тоглуулсныг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22 дүгээр хуудас/,

 

6. Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Миний 5991076622 дугаартай Хаан банкны данс руу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 5302047995 дугаар данснаас 3 765 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 04-ний өдөр дээрх данснаас 2 280 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 06-ны өдөр дээрх данснаас 5 450 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 07-ны өдөр дээрх данснаас 2 200 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 08-ны өдөр дээрх данснаас 2 180 000 төгрөгийн орлогын гүйлгээнүүдийг манай нөхөр Б миний данс руу надад мэдэгдэлгүйгээр хийчихдэг байсан. Би энэ ямар учиртай мөнгө орж ирээд байгаа юм бэ гээд асуухаар бид нарын хоорондоо цахимаар покер тоглож байгаа мөнгө. Буцаагаад хүмүүст өгнө, миний дансны лимит хэтэрчихээд байгаа юмаа гэж хэлж байсан. Тэгээд Б миний интернет банкны нэвтрэх кодыг мэддэг тул буцаагаад хүмүүс рүү шилжүүлчихдэг байсан. Б өөрийнхөө утсаар цахим хэлбэрээр покер гэдэг тоглоомыг тоглодог байсан. Ихэвчлэн шөнө оройн цагаар тоглодог байсан санагдаж байна. Намайг байхгүй хойгуур, эсвэл ажилтай үедээ тоглочихдог байсан. Миний мэдэж байгаагаар 2021 оны 09 дүгээр сарын сүүлээс 10 дугаар сарын сүүл хүртэл тоглосон. Түүнээс хойш бол яг тоглож байгаа үгүйг нь би сайн мэдэхгүй байна. Одоо бодоход тухайн үед цахимаар покер гэдэг тоглоомыг тоглуулаад, бооцоо болон хожлын мөнгийг шилжүүлээд зохион байгуулж байсан юм байна. Тухайн үед бол би зүгээр л цахимаар покер тоглож байна гэж бодож байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-25 дүгээр хуудас/,

 

7. “Монголтакс” ТМЗ ХХК-ын Говьсүмбэр аймаг дахь салбарын шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтэд:

- 1 дүгээр асуултын хүрээнд шинжилгээнд ирүүлсэн 5301721505, 5302047995, 5990153543, 5990133526, 5991076622 тоот дансны хуулгуудаар мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон ашгийг тодорхойлох боломжтой гэж үзлээ.

- 2 дугаар асуултын хүрээнд 5302047995 тоот дансанд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд 512 461 817 /таван зуун арван хоёр сая дөрвөн зуун жаран нэгэн мянга найман зуун арван долоо/ төгрөгийн орлого олж 512 460 902 /таван зуун арван хоёр сая дөрвөн зуун жаран мянга есөн зуун хоёр/ төгрөгийн зарлага гарсан байна.

- Б.Бын олсон ашиг нь 37 010 859.41 /гучин долоон сая арван найман мянга найман зуун тавин есөн төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг болохыг тогтоов. Олсон ашгийг тогтоохдоо Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу дээрх дансуудын хуулгыг ашиглаж мөрийтэй тоглоомын орлого, түүнийг олохтой холбоотой гарсан зардлуудыг түүвэрлэн тогтоов.

- Б.Бын олсон цэвэр ашгаасаа өөрийн төрсөн эгч Б.Бат-Оюуны зээлийн төлбөрт 11 700 000 /арван нэгэн сая долоон зуун мянга/ төгрөг, өөрийнхөө зээлийн төлбөрт 18 667 868.49 /арван найман сая зургаан зуун жаран долоон мянга найман зуун жаран найман төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг, Говь Хангай дэлгүүрээс авсан тавилга 3 420 000 төгрөг, байрны засварт 1 000 000 төгрөг зарцуулсан байна гэж үзлээ. Дүгнэлт гаргасан: Монголтакс ТМЗ ХХК-ийн Говьсүмбэр салбарын захирал, МНБ, шинжээч В.Бурмаа гэжээ. /1 дүгээр хх-ийн 38-45 дугаар хуудас/,

 

8. “Ашид билгүүн” ХХК-ын шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 231-234 дүгээр хуудас/,

 

9.  Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 49-52, 53 дугаар хуудас/,

 

10. Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгууд, Улаанбаатар Төмөр замын Чойр өртөөний даргын тодорхойлолт /1-р хх-ийн 57-68, 75-178, 180-192, 2-р хх-ийн 3 дугаар хуудас/,

 

11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 204 дугаар хуудас/,

 

12. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /2-р хх-ийн 2, 4-5 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Сүмбэрийн 129 тоотод байх гэртээ мэдээллийн технологи ашиглан фэйсбүүкийн “Будка Б” гэх нэртэй хаягаас “pokerrrr2 Элэг нэгтэн покер клуб”  гэх нэртэй бүлэг үүсгэн ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн төрсөн ээж С.Нийн Хаан банкинд бүртгэлтэй 5302047995 тоот харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 37 010 859,41 /гучин долоон сая арван найман мянга найман зуун тавин есөн төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгийн ашиг олсон үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь гэрч С.Н, Б.Х, Ш.Б, Б.У нарын мэдүүлэг, “Монголтакс” ТМЗ-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Быг үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. гэж заасан.

Гэхдээ мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийн хувьд тухайн тоглоомыг тоглосон гэх этгээд бүр хохирогч биш тул шүүгдэгч Б.Быг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна. 

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул уг ялын хүрээнд шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

            Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “"Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50 000 /тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий HUIWEI Y7” маркийн гар утсыг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 37 010 859.41 /гучин долоон сая арван найман мянга найман зуун тавин есөн төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “8741” гэсэн бичиглэл бүхий цагаан саарал өнгийн CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Т овогт Бгийн Быг  мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 50 000 төгрөгийн үнэ бүхий HUIWEI Y7” маркийн гар утас болон гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 37 010 859.41 /гучин долоон сая арван найман мянга найман зуун тавин есөн төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгийг шүүгдэгч Б.Баас тус тус гаргуулж улсын орлого болгосугай

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “8741” гэсэн бичиглэл бүхий CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

            9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт                                                                                                                                                                                                                      урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.ЭНХМАНДАХ