Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/63

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Е овогт Сумьяагийн Бт холбогдох эрүүгийн 2217000000069 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 30-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Дорноговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх Е овогт Сумьяагийн Б /РД: ............./,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” худалдааны төвийн худалдагчийн лангуун дээрээс иргэн З.Игийн өмчлөлийн “Iphone-8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000000069 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

2. Шүүгдэгч С.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад хойшоо явж байтал манай найз М хашааныхаа хаалгаар машиныхаа хажууд сууж байхдаа намайг хараад дуудсан. Ороод очтол М том машиныхаа хажууд нэг залуутай ямаа гаргаж байсан. Тэгээд М 0,75 литрийн савалгаатай “Хараа” гэдэг нэртэй архи задалсан байсан бөгөөд түүнээсээ надад аягалж өгөхөөр нь би уусан. Тэгээд бид 3 ярьж сууж байгаад нөгөө архийг дуусгасан. Тэгээд М бид хоёр нэг шил архи авч ууя гэж шийдээд нөгөө хашаандаа нөгөө залууг үлдээгээд М бид хоёр “Андууд” нэртэй дэлгүүрт ороод М архины лангуунаас нь 0,75 литрийн савалгаатай “Хараа” нэртэй нэг шил архи аваад түүнийхээ тооцоог хийхээр тухайн дэлгүүрийн худалдагч дээр очсон. Тэгтэл лангууны хажууд одоо бодоод байхад газар байсан шиг санагдаж байна нэг цагаан өнгийн нүүртэй, андройд гар утас байж байхаар нь тухайн гар утсыг аваад өмднийхөө халаасанд хийгээд Мэс түрүүлээд гараад явчихсан юм. Тухайн үед би нэлээд согтсон байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Ямар ч гэсэн дэлгүүрээс гараад явж байхад М миний араас архи авчихсан хүрч ирсэн санагдаад байна. Тухайн архийг нь Мтэй хувааж уугаад нэг мэдсэн би Мөнх-Эрдэнийг гэртээ орсон хойгуур нь нөгөө авсан гар утасныхаа гадна талын кейсийг нь аваад үзэж байтал тухайн кейсэнд нь цагаан алаг өнгийн төлбөрийн карт байсан. Түүнээс хойш юу болсон эсэхийг нь санахгүй байна. Нэг мэдсэн чинь цагдаагийн байгууллага дээр ирчихсэн, эрүүлжүүлэгдсэн байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж ийм муухай үйлдэл хийсэн байна. Би тэр үед тухайн гар утсыг олсон гэж бодоод байсан чинь хүний гар утас нууцаар авчихсан байсан байна. Өөрийнхөө хийсэн үйлдэлд маш их гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

 

3. Хохирогч З.И мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 08 цагт ажил дээрээ буюу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах “Андууд” худалдааны төвд ирсэн. Ингээд ажлаа хийж байгаад 08 цаг 40 минутын орчим өөрийнхөө ашигладаг Iphone-8 маркийн гар утсаа дэлгүүрийн худалдагчийн ширээ буюу кассны ширээн дээр түр тавьсан байсан юм. Өдрийн 11 цагийн орчим гар утсаа гэнэт санаад тавьсан газраасаа авах гэтэл миний гар утас алга болсон байсан. Тэгэхээр нь би дэлгүүрийн худалдагчийн дээд талд байдаг хяналтын камерыг шүүгээд үзсэн чинь миний гар утсыг 08 цаг 46 минутын үед гаднаас хамт орж ирсэн цагаан футболктой, цэнхэр эрээн цамцтай 2 эрэгтэй хүний цэнхэр эрээн цамцтай эрэгтэй нь худалдагчийн ширээний зүүн талд байхад нь аваад халаасандаа хийгээд гараад явж байгаа бичлэг байсан. Миний гар утас шаргал өнгөтэй, гадуураа өнгөгүй гэртэй, ар талд нь Billie Eilish нэртэй дуучны зургийг наасан Iphone-8 загварын гар утас байсан. Мөн миний гар утасны ар талд кейсэнд миний өөрийн ашигладаг “Хаан” банкны цагаан өнгөтэй төлбөрийн карт байсан бөгөөд миний картанд 2 000 000 төгрөг байгаа. Би гар утсаа 560 000 төгрөгөөр үнэлж байна. Би өөрийн гар утас болон төлбөрийн картаа бүрэн бүтэн хүлээн авсан болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний төлбөрийн картанд 2 056 000 төгрөг байсан хэвээрээ дансандаа байна. Мөн миний гар утас ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, ямар нэгэн сэв зураасгүй байна. Тийм болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

 

4. Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг өнгөрч байхад би ажилдаа явсан. Тухайн үед би Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах “Тумбааш” нэртэй хүнсний дэлгүүрт үйлчлэгчээр ажилладаг байсан. Намайг өглөө гэрээс гарах үед манай нөхөр М, бага охин Нарангоо нар үлдсэн. Тэгээд би өдрийн 13 цаг өнгөрч байхад гэртээ иртэл манай нөхөр нэг ямаа худалдаж авсан байсныгаа унагаад гэдсийг нь гаргачихсан сууж байсан бөгөөд нэлээд архи уучихсан байдалтай өөрийнхөө танил гэх Бтай хамт байсан. Тэр хоёр хашаанд байдаг машины чиргүүлийн хажууд суугаад 0,75 литрийн савалгаатай “Хараа” нэртэй нэг шил архи хувааж ууж байсан. Б манай нөхөртэй хамт байж байгаад манай гэрт ч орж ирэлгүй гараад явчихсан. Манай нөхөр согтоод унтаад өгсөн. Орой 19 цагийн орчим 2 цагдаа хүрч ирээд манай нөхөр Мэр Бын гэрийг заалгана гээд авч яваад удалгүй ирсэн. Би Бын ямар маркийн гар утас барьдаг талаар мэдэхгүй. Тэр үед ямар нэгэн гар утас, төлбөрийн карт үлдээсэн асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

5. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 08 цагт манай дэлгүүрийн ажилчид цуглаад ажлаа хийж байтал манай дүү И касс дээр ажиллаж байгаад өдрийн 11 цагийн орчим надаас миний гар утас хаана байна. Та нуусан уу гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би түүд гар утсыг нь нуугаагүй гэж хэлтэл И миний гар утас алга болчихсон байна гээд байсан. Тэгэхээр нь бид нар дэлгүүрийн хяналтын камеруудыг шүүж үзэж байтал дэлгүүрийн кассын дээд талд байдаг хяналтын камерт 2 эрэгтэй хүн кассын дэргэд зогсож байгаад цэнхэр судалтай цамцтай эрэгтэй хүн Игийн утсыг нь аваад өмднийхээ баруун талын халаасанд хийгээд гарч явсан бичлэг хадгалагдсан байсан. Манай дүүгийн гар утас нь Iphone-8 маркийн гар утас байсан, мөн гар утасных нь гэрэнд дүүгийн төлбөрийн карт нь байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дугаар хуудас/,

 

6. Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Б нь дөлгөөхөн зантай, бусадтай эвсэг найрсаг харьцаатай, ажилсаг, тусархуу хүн. Хааяа архи уудаг л гэж сонсогдож байсан би архи уусан байхыг нь хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

7. Гэрч П.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүнээс хоолны бага мал худалдаж авсан. Түүнийгээ авч ирээд хийх гэж байтал өглөөний 10 цагийн орчим миний танил Б манай хашааны үүдээр явж байгаа харагдахаар нь би түүнийг дуудсан. Б ганцаараа явж байсан бөгөөд Быг орж ирэхээр нь би гэртээ байсан 0,75 литрийн “Хараа” нэртэй 1 шил архи гаргаж ирээд малаа хийж байх зуураа архиа хувааж ууцгаасан. Тэгээд малаа хийж дуусгахад архи ч мөн дууссан. Б бид хоёр дахин нэг шил архи авч уухаар болоод төв Андууд худалдааны төв рүү явсан. Тухайн үед би нэлээд согтсон байсан болохоор хэдэн цагт явсан эсэхээ санахгүй байна. Тэгээд бид хоёр дэлгүүрт хамт ороод би 0,75 литрийн савалгаатай “Хараа” нэртэй 1 шил архи, ундаа аваад зогсож байтал Б надаас түрүүлээд гараад явчихсан. Би тооцоогоо хийчихээд дэлгүүрээс гараад иртэл Б явчихсан байхаар нь гэртээ хүрээд иртэл тэр манай гэрт ирчихсэн сууж байсан. Би Бтай нөгөө архиа хувааж ууж байгаад согтоод унтчихсан байсан. Унтаж байгаад орой 18 цагийн үед сэрсэн чинь Б манай гэрээс явчихсан байсан. Быг дэлгүүрт хэн нэгний утас авсан талаар мэдэхгүй байна. Харин өнөөдөр Б хүрч ирээд цагдаа дээр очоод мэдүүлэг өгөөд өгөөч, эртээд би согтуудаа хүний гар утас авчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь л би түүнийг хүний гар утас авчихсан юм байна гэж бодсон... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дүгээр хуудас/,

 

8. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6, 7, 8-10 дугаар хуудас/,

 

9. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11-13, 16 дугаар хуудас/,

 

10. “Ашид билгүүн” ХХК-ын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-39 дүгээр хуудас/,

 

11. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

12. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 79-80, 83 дугаар хуудас/,

 

13. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 53, 70-72, 75-78 дугаар хуудас/,

 

14. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх-ийн 93, 94-95 дугаар хуудас/ зэрэг болно.

 

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” худалдааны төвийн худалдагчийн лангуун дээрээс хохирогч З.Игийн өмчлөлийн “Iphone-8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Түүнчлэн шүүгдэгч С.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч З.И, гэрч Д.Б, П.М нарын мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ын шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч С.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.Игийн өмчлөлийн “Iphone-8” маркийн гар утас алдагдаж түүнд 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан. Хохирогч З.И нь мөрдөн байцаалтын шатанд алдагдсан эд зүйлээ буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.Быг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч С.Бын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Бт холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул уг ялын хүрээнд шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

 

            Иймд шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоов.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Андууд худалдааны төвийн хяналтын кaмерын бичлэг, 2022.07.10, 1 мин 29 сек” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Е овогт Сумьяагийн Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Андууд худалдааны төвийн хяналтын кaмерын бичлэг, 2022.07.10, 1 мин 29 сек” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.ЭНХМАНДАХ