| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2022/0061/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/64 |
| Огноо | 2022-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г-н Б-т холбогдох 2217001000061 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 19-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын.......... дүгээр баг, ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,
урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Х овогт Г-н Б /РД: ............./
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Б нь согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 20-ны шөнө Говьсүмбэр сумын Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байрны 110 тоотод хамтран амьдрагч Б.М-тэй гэртээ ирж хоносонгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж нүүрэн тус газар нь гар болон тохойгоороо цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217001000061 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
2. Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2022 оны 06 дугаар сарын 21-ний өглөө би 05 цагийн орчим гадагшаа ганцаараа гараад төмөр замын байруудаар Мийг хайгаад явж байтал манай ээж залгаад М сая таксигаар ирчихлээ, би утсаа авчихлаа, М гэрт ороё гэсэн чинь орохгүй гадаа зогсоод байна гэж ярихаар нь би гэр лүүгээ явж байтал манай гэрийн урд талд байдаг худгийн хажууд М-тэй 05 цаг 20 минутын орчим тааралдсан. М тэр үед нэлээд согтуу байсан бөгөөд би түүнээс хаачаад ирсэн талаар асуухад миний өөдөөс согтуурхаад би хаачсан ч чамд ямар хамаатай юм бэ гээд хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би гэрт орохгүй яасан юм бэ, одоо тэгээд хаачих гэж байгаа юм гэтэл танай гэрт орж яах юм, миний хаачих чамд ямар хамаатай юм бэ гээд байхаар нь миний уур хүрээд түүний зүүн шанаа орчим гараараа 1 удаа алгадсан. Намайг алгадах үед М худгийн хажуу талын гражийн ханыг баруун нүд хэсгэрээ мөргөчихсөн. Тэгээд түүний баруун нүдний доод хэсэгт улайгаад эхэлсэн. Тэгэхээр нь түүнийг аргадаж сууж байгаад түүнийг тайвшруулаад, түүний уусан юм нь ч гэсэн жаахан гарахаар нь гэрт ороод унтаж амарсан. Унтаж байгаад өдөр босоод ирсэн чинь Мийн баруун нүд нь хавдаад хөхөрсөн байсан, зүүн шанаа орчим жаахан газар хөхөрсөн байсан болохоор нь хүйтэн жин тавиад өнжсөн. Тухайн үед М 7 сар гарантай жирэмсэн байсан. Би түүнийг жирэмсэн гэдгийг нь мэдэж байсан. М 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн орчим кесар хагалгаанд орсон. Тэгээд 16 цагийн орчим М над руу яриад хүүхэд маань эндчихлээ, амьгүй гарлаа гэж хэлсэн. Юу болсон талаар асуухад хүүхэд бүтэлттэй гарсан, дээр нь ургийн ус нь ногоорсон байсан гэж хэлсэн. М жирэмсэн байх хугацаандаа Говьсүмбэр аймагт 1 удаа үзүүлж байсан, энд харьяалал бус гээд жирэмсний хяналтад орж чадаагүй, харин Улаанбаатар хотод байх хугацаандаа жирэмсний хяналтанд орсон гэж надад хэлж байсан. Би М-тэй албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, дундаасаа хүүхэдгүй. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар хуудас/,
3. Хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байтал манай нөхөр Б гэрээсээ гараад явчихсан байсан. Тэгээд би гэртээ ганцаараа уйдаад байхаар нь гэрээсээ 22 цаг өнгөрч байхад гараад Гранд нэртэй бааранд очсон. Би тухайн үед ганцаараа явж байсан бөгөөд текний хажуу талын өндөр ширээн дээр ганцаараа суугаад 0,5 литрийн шар айраг цувуулж авч уусаар байтал 5 ширхэгийг уучихсан юм. Тэгээд шар айргаа ууж байх зуураа нөхөр Бийг шөнийн 00 өнгөрч байхад дуудсан. Удаагүй Б бага зэрэг архи уусан байдалтай ганцаараа ирээд бид хоёр тус бүр 2-3 ширхэг шар айраг ууцгаасан. Тэгээд баар хаахаар болохоор нь баарнаас гараад Б бид хоёр гэртээ Гранд баарны Б эгчээр хүргүүлж ирсэн. Биднийг гэртээ ирэх үед хадам ээж Б 3 хүүхдийн хамт байсан байх гэж бодож байна. Би тухайн үед нэлээд согтсон зарим зүйлийг санахгүй болтлоо согтсон байсан. Тэгээд би нэг мэдсэн чинь Бийг гэртээ үлдээгээд өөрөө гадагшаа гарчихсан явж байсан бөгөөд үл таних 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн болон Гранд баарны Б эгч нартай нэг сааданд шар айраг уугаад сууж байсан. Би тэр хүмүүстэй гэрийн гадаа уулзаад явсан юм шиг байсан. Тэгээд байж байтал гадаа гэгээ ороод өглөөний 04 цаг өнгөрч байхаар нь би шууд гэр лүүгээ ганцаараа явсан. Гэртээ иртэл манай хадам ээж, манай 3 хүүхдийн хамт унтаж байсан ба Б гэрт байхгүй болохоор нь буцаад гэрээс гараад хашааны гадна явж байтал Б-той тааралдсан. Б намайг хаачаад ирэв, би чамайг шөнөжингөө хайлаа гээд байхаар нь би болсон зүйлийн талаар үнэнээ хэлсэн чинь Б уурлаад миний зүүн хацар орчим гараараа 1 удаа цохьсон. Мөн баруун нүд рүү тохойгоороо цохьсон. Тэгээд миний зүүн хацар болон баруун нүд хөхрөөд хавдаад эхлэхээр нь би уурлаад явах гэтэл Б намайг явуулахгүй гээд миний гарын бугалга хэсгээс гараараа татаж байгаад бас энд тэнд жижиг газар хөхрүүлчихсэн. Тэгээд бид хоёр хашааны гадна жаахан муудалцаж байгаад учраа олоод гэртээ орж амарцгаасан.
Өмнө нь бид хоёр хэрэлдэж маргалдах үе байсан ч миний биед халдаж, цохиж зодож байгаагүй. Б намайг цохисоноос болж миний зүүн шанаа хөхөрч хавдсан, баруун нүд хавдаж хөхөрсөн, гарын бугалга орчим жижиг газар хөхөрсөн байна. Мөн одоо миний толгой өвдөөд байдаг болсон.
Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, тухайн өдөр би өөрөө архи ууж гадуур явснаас болж ийм асуудал болсон... /хх-ийн 9-10, 12-13, 15-16 дугаар хуудас/,
4. Гэрч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 21 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд Б М нар байхгүй 2 жаахан хүүхэд нь унтаж байсан. Тэгээд унтаж байтал шөнийн 2 цаг өнгөрч байхад Б, М нар нэлээд согтуу орж ирсэн бөгөөд би Б-ийг загнаад байж байтал М гэрээс гараад явчихсан. Явахдаа миний гар утсыг аваад гараад явсан байсан. Тэгэхээр нь Б бид хоёр М-ийг зөндөө хайсан боловч олдохгүй байсан. Тэгээд би унтаж байтал 05 цагийн орчим хашааны гадаа машин ирэх шиг болохоор нь би гэрээс гараад иртэл такси гэсэн бичигтэй машин ирээд буцаад хөдөлж байсан. М тэр машинаас буусан бөгөөд М-ийг хаачаад ирж байгаа юм алга болчих юм гэж хэлээд гартаа барьж байсан өөрийнхөө гар утсыг булааж аваад алив ороё гэж хэлээд М-ийн өмнө нь ороод хашаа руу орсон. М араас гэрт орж ирээгүй алга болчихоор нь хэсэг хүлээж байгаад хашаандаа болон 00 зэргээр хайгаад олоогүй юм. Би Мийг алгадсан зүйл ерөөсөө байхгүй. Өглөөний 6 цаг өнгөрч байхад гаднаас Б, М нар хамт орж ирсэн. М-ийн зүүн талын шанаа нь улайчихсан, баруун талын хөмсөгний дээд талд нь жаахан бондойгоод хөхөрчихсөн зүүн нүдний зүүн буланд жаахан цус хурчихсан байдалтай нэлээд согтуу хөл дээрээ тогтож чадахгүй шахуу орж ирсэн. М-ээс наад нүд ам чинь яасан юм бэ гэхэд би бааранд хүнтэй муудалцсан гээд нэг их юм ярихгүй байсан. Б энэ харин ийм болчихоод ирж, хаана ч байж байгаад ирж байгаа юм, зөндөө л хайлаа гэж ярьж байсан. Б М-ийг зодсон талаар мэдэх зүйл байхгүй. Надад М өөрөө бааранд хүнтэй муудалцсан л гэж хэлж байсан. Б М нар хамтдаа дажгүй хөөрхөн л харилцаатай байдаг, хааяа жаахан маргалдаж, муудалцах асуудал гарч байдаг бөгөөд Б М-ийг зодож, цохиж байгаагүй. Манай хүү Б үг дуу цөөнтэй, даруухан, хүний өөдөөс 5 үг хэлчихэж чаддагүй хүүхэд байгаа юм. Муу тал нь архи дарс уусан үедээ авир муутай болчихог юм шиг байна лээ. Сүүлийн үед жаахан архи уух гээд байх болсон байна... гэх мэдүүлэг /хх-ийн 17-19, 27-28 дугаар хуудас/,
5. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Гранд бааранд барменаар ажиллаж байхад М гэх жижиг биетэй жирэмсэн эмэгтэй 21-22 цагийн орчим орж ирээд шар айраг захиалаад уусан. Удалгүй нөхөр нь гэх залуу ирээд тэр хоёр нийлээд шар айраг захиалаад текен дээр суугаад уугаад байсан. Тэр хоёр шар айраг ууж байх зуураа хоорондоо маргалдаад бие биенийгээ янз бүрээр хэлээд байсан. 02 цагт баар хаах болоод хүмүүсээ гаргасан чинь М тооцоогоо хийхгүй байсан. Нөхөр нь би чиний архины өнгийг өгөх ёстой юм уу гээд хэрэлдэж байгаад гараад явчихсан. Тэгтэл М эгчээ би гэртээ очоод гар утсаа аваад мобайл банкаар мөнгийг чинь шилжүүлчихье, та дагаад явчих гэж хэлсэн. Тухайн үед тооцоо 70-80 мянга төгрөг болсон байсан санагдаж байна. Тэгээд би баараа хаачихаад таксигаар нөгөө М-ийг дагуулж яваад замдаа түүний нөхрийг нь аваад тэдний гэрт ирсэн. Тэгээд нөхөр нь гэр лүүгээ ороод утсаа аваад ирье гэж хэлээд орчихоод гарч ирэхгүй удаад байсан болохоор нь би Мийг дагуулаад гэрт нь ортол нөхөр нь гэртээ ээжтэйгээ муудалцаад, маргалдаад байж байсан. Мийн нөхөр намайг гэрээс гар гээд байхаар нь би гараад иртэл М миний араас гар утсаа аваад гарч ирээд тооцоогоо хийх гэтэл мобайл банк нь нууц үгийг нь сольчихсон байна гээд байсан. Тэгээд байж байтал манай найз Дулам залгаад Малхын эгнээнд байдаг сааданд хүрээд ир гэхээр нь би такситайгаа яваад очтол манай найзууд шар айраг уугаад сууж байсан. М хамт суучихаад ахиад шар айраг ууя надад мөнгө байгаа гээд байсан. Би чи жирэмсэн юм байна, тэгээд ч бугуйн гавтай юм байна шүү дээ гэсэн. Бугуйн гав нь дуугараад байсан. М болон би нөгөө шар айрагнаас тус бүр 2 аяга уусан. Тэр зуураа М мобайл банкныхаа нууц үгийг өөрөө сэргээгээд баарны тооцоогоо хийхээр нь би гэрт нь 05 цагийн үед такситайгаа хүргэж өгсөн. Тэгтэл М би өглөө болтол таньтай хамт байж байя, манай нөхөр нэг агсам тавихаараа унтдаггүй юм аа би айгаад байна, өглөө гайгүй болохоор нь ороё гээд байсан. Би таксины мөнгө болохоо болилоо чи буу гээд машинаас буулгатал хашаанаас М-ийн хадам ээж нь гэх эмэгтэй гарч ирээд М-ээс гар утсыг нь булааж аваад түүний хацар орчим нь 1 удаа алгадаад хашаа руугаа орчихсон. М-ийг хүргэж өгөхөд түүний биед ил харагдах ямар нэгэн шах сорви, гэмтэл, бэртэл харагдаагүй зүгээр байсан. Харин М-ийн нөхөр нь түүний гар утас руу залгаад байхаар нь би утсыг нь авахад би наадхыг чинь ална, утсаа авая, ээжийн утсыг авчирч өг пизда минь гээд орилж хашгираад байна... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дүгээр хуудас/,
6. Гэрч Г.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Гранд бааранд ажилладаг Б миний гар утас руу залгаад “Таксинд явах уу” гэхээр нь шөнийн 02 цаг өнгөрч байхад ирсэн. Б баараа хаагаад миний машинд суухдаа жижиг биетэй жирэмсэн эмэгтэйг дагуулж орж ирсэн. Нөгөө эмэгтэйн гэрээс очиж баарны тооцоогоо авна гэж ярьж байсан. Замаараа нөгөө эмэгтэйн нөхөр нь гэх залууг замаар явж байхад нь авсан. Жижиг биетэй эмэгтэй, түүний нөхөр нэлээд согтуу байх шиг байсан. Эхлээд нөхөр нь мөнгө авч ирнэ гээд гэр лүүгээ ороод алга болчихсон бөгөөд нэлээд хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь Б нөгөө эмэгтэйг дагуулаад гэр лүү нь орсон. Удаагүй гарч ирээд тэндээс Малхын эгнээнд байдаг сааданд очсон. Тэгээд Б намайг хүлээж байгаарай гээд нөгөө эмэгтэйн хамт сааданд байсан 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн дээр очоод юм яриад байсан. Тэгээд 05 цагийн орчим Б нөгөө эмэгтэйг гэрт нь хүргэж өгсөн. Тэр эмэгтэй гэртээ орохгүй нөхөр агсам тавина, айгаад байна гээд орохгүй байсан. Нөгөө хашаанаас нэг настайвтар эмэгтэй гарч ирээд жижиг биетэй эмэгтэйг алгадчихаад түүний барьж байсан гар утсыг нь булааж аваад хашаа руугаа орчихсон... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дугаар хуудас/,
7. Гэрч Э.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө би найзынхаа гэрийн хажууд Малхын эгнээний сааданд Д, Н, Э нартай хамт юм яриад суух үедээ 2,5 литрийн савалгаатай шар айраг хувааж ууцгаасан. Шөнийн 01 цаг өнгөрч байхад найз Б-ыг хүрээд ирээрэй гэж хэлсэн. Шөнийн 03 цагийн орчим Б жижигхэн биетэй жирэмсэн эмэгтэйтэй хамт ирсэн. Нөгөө эмэгтэй баарны тооцоогоо хийгээгүй байгаа юм, нөхрөөс нь очиж мөнгө авах ёстой гэж ярьж байсан. Тэгээд тэр хоёр жаахан байж байгаад яваад өгсөн. Б-тай хамт явж байсан эмэгтэй биед ямар нэгэн бэртэл гэмтэл бэртэл харагдаагүй зүгээр байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
8. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 136 дугаартай дүгнэлтэнд:
- Б.М-ийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Баяртогтох гэжээ. /хх-ийн 33-35 дугаар хуудас/,
9. Б.М-ийн эход харуулсан бичиг, жирэмсэн эмэгтэйн хяналтын картын хуулбарууд / хх-ийн 69-77 дугаар хуудас/,
10. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 58 дугаар хуудас/,
11. Шүүгдэгч Г.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд / хх-ийн 54, 80-88, 91-95 дугаар хуудас/ зэрэг болно.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Г.Б нь согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 20-ны шөнө Говьсүмбэр сумын Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байрны 110 тоотод хамтран амьдрагч Б.М-тэй гэртээ ирж хоносонгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж нүүрэн тус газар нь гар болон тохойгоороо цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Б нь согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 20-ны шөнө Говьсүмбэр сумын Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байрны 110 тоотод хамтран амьдрагч буюу хохирогч Б.М-тэй гэртээ ирж хоносонгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж нүүрэн тус газар нь гар болон тохойгоороо цохих зэргээр зодсон үйл баримт болсон байна.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.М-ийг жирэмсэн болохыг мэдсээр байж түүний баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж иш татаж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т “...жирэмсэн болохыг мэдсээр байж;” гэж заасан байна.
Түүнчлэн шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.М-ийг жирэмсэн болохыг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.М-ийн мэдүүлэг, гэрч Г.Б, Э.Ц, Г.Д, Ж.Б нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 136 дугаартай дүгнэлт, жирэмсний хяналтын карт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Г.Б-ийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Б-ийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Б нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “би буруу зүйл хийснээ ойлгож байна. Би ажил хийж гэр орноо тэжээх ёстой. Надад ганц удаа боломж олгож торгох ялаар шийтгэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Б-оос гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:
Шүүгдэгч Г.Б нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж өөрийн засрал хүмүүжилд дүгнэлт хийхгүй дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгч Г.Б-т торгох ял оногдуулах боломжгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Г.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоолоо.
Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г-н Б-г хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ