Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/270

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0256/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Г.О- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ш- овогт Г-ийн О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2218000000291 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, яс үндэс халх, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,

 

Урьд: Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил, 10 хоногийн хорих ял шийтгэж, ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

 

Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн, Ш- овогт Г-ийн О- РД://,

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                         

Г.О- нь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.О- нь  2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эгч Г.Ц-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь заазуураар нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-5/,

2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн заазуурыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 8 /,

 

Хохирогч Г.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Орой 22 цагийн үед... дүү О-ийн хамт гал тогооны өрөөнд хоол хийгээд сууж байгаад хоорондоо маргалдсан. Тэгээд нэг мэдсэн чинь л миний толгойноос цус гарчихсан” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 14/,

 

Гэрч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг өнгөрч байхад манай эхнэр О- бид хоёр Ц-, С- нартай цуг 2 шил 0.75 литрийн архи, 1 том савтай пиво хувааж ууцгаасан... 22 цаг болж байхад би том өрөөндөө унтчихсан байсан... Нэг сэрэхэд цагдаа эмнэлэг ирчихсэн байсан... Намайг унтахаас өмнө огт хэрүүл маргаан болоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18/,

 

Гэрч П.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... Унтаж байсан чинь гэнэт Ц-, О- хоёр орилолдоод толгой хагалчихлаа гээд байсан. Тэгэхээр нь би босоод гал тогооны өрөөнд ороод хартал манай эхнэр Ц-ын толгойноос их цус гарч байхаар нь би эмнэлэг дуудах гээд гэрээс гарсан... Тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдээгүй, тэр хоёрыг орилолдоод эхлэхээр нь л би очоод хартал Ц-ын толгойноос их цус гарчихсан энэ намайг заазуурдчихлаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 20/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 700 дугаартай “... Г.Ц-ын духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэгудаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 699 дугаартай “... Г.О-ийн биед эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30/,

 

Яллагдагч Г.О-ийн “... Ц- эгч бид хоёр хоол хийх гээд гал тогооны өрөөнд ороод хоол хийж байгаад маргалдаад, тэгтэл эгч миний эрүү рүү цохихоор нь би согтуу байсан болохоор уурандаа мах хөшиглөж байсан заазуураараа эгч рүү шидчихсэн чинь дух хэсгээс нь цус гараад эхэлсэн... Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Шүүгдэгч Г.О-, хохирогч Г.Ц- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагааны зэргээр тогтоогдож байна.

 

Г.О- нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан төрсөн эгч Г.Ц-тай маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь заазуураар нэг удаа цохисон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд Г.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт түүний эрүүл мэнд, биеийн онцлогт тохирсон ажлыг хийлгэж эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Г.Ц- нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн бариултай, ажлын хэсгийн урт нь 12.5 см, өндөр нь 5.5 см, бариулын урт нь 10 см, нийт 22.5 см урттай 1 ширхэг заазуурыг шийтгэж тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Ш- овогт Г-ийн О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.О-д 720 /долоон зуун хорин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ийг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт 8-аас илүүгүй цагаар, түүний эрүүл мэнд, биеийн онцлогт нь тохирсон ажлыг хийлгэж ажиллуулахыг даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч Г.О-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн бариултай, ажлын хэсгийн урт нь 12.5 см, өндөр нь 5.5 см, бариулын урт нь 10 см, нийт 22.5 см урттай 1 ширхэг заазуурыг шийтгэж тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД