Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/271

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0257/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,

Шүүгдэгч Х.Г- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б- овогт Х-ын Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000282 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаанд суманд төрсөн, эрэгтэй, 57 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “С” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сумын ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б- овогт Х-ын Г- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Х.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар баг, Их сургуулийн 1-1 тоотын гадна талын автомашины зогсоол дээр тавьсан байсан Г.Чинзоригийн ХХ-ХХ- улсын дугаартай Тоуоtа Сгоwn маркийн тээврийн хэрэгслийн хойд салхины шилийг ямар нэгэн шалтгаангүйгээр хагалж, 520.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-04/,

Хохирогч Г.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өөрийн ХХ-ХХ- улсын дугаартай 204 crown маркийн машинтайгаа гадуур явж байгаад 15 цаг 40 минутын үед гэрийнхээ гаражийн урд ирж зогсоол дээр машинаа байрлуулаад гэр лүүгээ орсон. Тэр үед миний машины зүүн талд гаражийн сүүдэрт 1 согтуу эрэгтэй хүн сууж байсан. Би гэр лүүгээ ороод буцаж 16 цагийн үед машин дээрээ ирсэн чинь миний машины хойд цонхны шил хагарсан байсан. Тэгэхээр нь би машинаа тойрч хараад гэрийнхээ 2 тал руу яваад харсан чинь хүн байхгүй байсан. Намайг гэр лүүгээ орох үед сууж байсан согтуу эрэгтэй хүн алга болчихсон байсан. Тэгээд би хажуу талын агуулах руу ороод гадна талынх нь камерыг шүүсэн чинь намайг ирж машинаа тавих үед зогсоолын сүүдэрт сууж байсан согтуу эрэгтэй намайг гэр лүүгээ орсны дараа миний машиныг тойрч хаалгануудыг нь татаж үзэж байгаад чулуугаар хойд талын шилийг хагалж байгаа бичлэг байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 21/,

 

”Бан хас” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн автомашины техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 29/,

 

2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 12/,

 

2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15/,

 

Шүүгдэгч Х.Г-ийн “согтуу байсан учраас болсон явдлыг санахгүй байгаа, сүүлд бичлэгийг үзэхэд би цонх хагалж байгаа нь бичигдсэн байна лээ, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх  мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорт гаргаж, уг хүсэлтийг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг хялбаршуулсан урмаар шийдвэрлэх нөхцөл бүрэн хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Х.Г-ийг бусдын эд хөрөнгийг устгаж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Г.Чинзоригт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, цалин өрхийн орлогын хэмжээ, шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Х-ын Г-ийг бусдын эд хөрөнгийг устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овогт Х-ын Г-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД