Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/272

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0259/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ц- овогт Б-ийн Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2218000000279 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сум, ... тоотод байнга оршин суух, Урьд:

 

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 421 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

 

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 206 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 10 сар, 25 хоногийн хорих ял,

 

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 309 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ял,

 

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял,

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 537 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ц- овогт Б-ийн Э- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:   

Б.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын гадна зогсоолд байсан ХХ-ХХ- улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос борлуулалтын орлого болох 355,678 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь:

 

Хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Ц.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би “Н” ХХК-ийн салбарын эрхлэгчээр ажилладаг юм. Манай байгууллагын борлуулалтын ажилтан Ц.М-, Х.Г- нар нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дархан зах дээр түгээлт хийж байгаад борлуулалтын машин дотроосоо цүнхтэй мөнгөө алдсан шалтгаанаар цагдаагийн байгууллагад хандсан, ...нийт 355,678 төгрөгийн хохирол учирсан байна. Манай 2 ажилтан болох Ц.М-, Х.Г- нар машины кабинд пасктай мөнгөө үлдээгээд амбаар дотроо бараагаа ялгаж байгаад алдсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/,

 

Гэрч Т.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Экү буюу Б.Э-тай сүүлийн 2 хоног архи уугаад гэртээ хамт байсан юм. Бид 2 өглөө хамт зах гарч ирээд 1 шил архи уугаад салж яваад эргэж уулзахдаа манай найз мөнгөтэй болчихсон байсан. Над дээр ирээд гэнэт буудал орж архи ууя гэхээр нь энэ хаанаас мөнгөтэй болчихсон юм бол гэж бодоод дагаад явсан. Бид 2 буудал авах гээд алхаж явтал халааснаасаа нэлээд олон 20.000, 10.000 төгрөгийн дэвсгэртүүд гаргаж ирээд тоолоод 290.000 төгрөг байна гэж байсан. ...Бид 2 буудал аваад архи уугаад, хуушуур авч идээд тасарч унаад сэрсэн. Мөнгөнөөс нь үлдээгүй л бололтой байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26/,

 

Гэрч Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн орчим би хамт ажилладаг жолооч ах М-ын хамтаар бирж дээр бараа өгөх гээд бараагаа ялгаж байхад цонхоор бид хоёрын цүнхтэй мөнгийг сайн мэдэхгүй хүн авсан байна лээ. Сүүлд нь камер шүүгээд бид хоёрыг бараагаа ялгаж байхад авсан гэдгийг нь мэдсэн юм аа. Десант малгайтай дээгүүрээ хар хувцастай, доогуураа бор жинстэй, ботинктой эрэгтэй хүн байсан. Тухайн мөнгө манай байгууллагын мөнгө байсан юм. Хар жижиг цүнхтэй мөнгө байсан бөгөөд бас манай байгууллагын цүнх байсан юм аа. Бид хоёрыг бараагаа буулгах гээд тунел рүү бууж байхад ойр хавьд хүн харагдаагүй бараагаа буулгаад удахгүй юм чинь гээд машинаа онгорхой орхичихсон юм” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 28/,

 

Гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн орчим миний бие ХХ-ХХ- улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээр Дархан сумын 7 дугаар баг, Шинэ захын гадна борлуулалт хийгээд явж байсан. Би урд талын хаалгаа хаачихсан цоожлоогүй орхиод бараагаа захын тунел дотор хүнд өгөөд буцаад гарч ирээд машиндаа суусан чинь машин дотор үлдээсэн хар жижиг цүнхтэй мөнгө байхгүй байсан. Тухайн хар жижиг цүнхэн дотор орлогын мөнгө болох 355,633 төгрөг байсан. Уул нь машин дотор гар утас байсан тэр нь байж байсан, цүнхтэй мөнгө л байхгүй байсан. Би тухайн үед Галбадрах гэдэг борлуулалтын ажилтан залуутай хамт явж байсан. Бид хоёр хоёулаа цуг буугаад бараагаа буулгасан, машинаа цоожлоогүй орхиод бууснаас болж машинаасаа мөнгөө алдчихлаа. Тэгээд би өөрөө захын камер шүүсэн чинь нэг эрэгтэй хүн жолооч талын хаалгыг маань онгойлгоод хар жижиг цүнхтэй мөнгийг маань аваад явж байсан. Цаашаагаа явахдаа нэг хүнтэй нийлээд Буян захын чиглэлд явж байгаа бичлэг харагдсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-15/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 79/,

 

Камерын бичлэгт авагдсан зургаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд,

 

Яллагдагч Б.Э-ын “...Би 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн орчимд өөрийн найз болон Дальдраа Ууганаа хочит У-ийн хамт тэдний гэрээс гараад зах дээр ирж архи уусан юм. Бид 2 архи уучхаад салаад хоёр тийшээ явсан. Тэгээд би захаар эргэлдээд явж байтал 15 цагийн орчимд Дархан захын гутал засвар, Сод монгол ШТС-ын орчимд амбаартай портер маркийн автомашин зогсож байхаар нь хаалгыг нь татаад үзэхэд онгойж байсан. Тэр цүнхийг нь аваад онгойлгож үзэхэд нэлээд их мөнгө байхаар нь за ашгүй архины мөнгөтэй боллоо гэж бодоод орох, гарахын урд байрлах алт мөнгөний дарханы түцний хажууд манай найз У-э байж байхаар нь дуудаад аваад явсан. Тэгээд буудал авч ороод архи уугаад л дууссан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ө-т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “би удахгүй төрөх гэж байгаа, хуралд оролцож чадахгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо авсан” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.Э- хэдийгээр өмнө удаа дараа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан байх боловч дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэж амлалт өгсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шийтгэх тогтоолын биелэлтийг ялтны байнга оршин сууж буй харьяаллын дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Ц- овогт Б-ийн Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Б.Э-т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэгийг си-диг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД