Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/274

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0263/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ихэрмөрөн,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Б.И- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т- овогт Б-ын И-д холбогдох 2218000000290 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, замчин мэргэжилтэй,  ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сум Салхит 3 дугаар баг, Шивээтийн 16-3 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд шийтгэлгүй, Т- овогт Б-ын И- /РД:/,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.И-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.И- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын , гэртээ, эхнэр Н.А-ийг үл ялих зүйлээр шалтаглан түлхэж унагаан эрүүл мэндэд нь эгэмний хугарал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 02-04/,

Хохирогч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Б.И- нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн орчимд босоод нөгөө үлдсэн тал архиа уугаад буцаад согтчихсон юм. Ингээд И- намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад “чи ямар ядаргаатай юм бэ" гэж хэлэхэд И- байшингаас гарч ирээд намайг байшингийн урд машины зүүн талд зогсож байхад над руу хүрч ирээд намайг 2 гараараа түлхээд унагаачихсан юм. Би тухайн үед 2 гараараа газар тулж унахад миний зүүн талын эгэм хэсэг маш хүчтэй өвдсөн...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-09/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 689 дугаартай "... Н.А-ийн биед эгэмд хугарал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28/,

Яллагдагч Б.И-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.И- нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ хохирогчийг хэл амаар доромжилж, улмаар үл ялих зүйлээр шалтаглан түлхэж унагааж эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь хүчирхийллийн шинжтэй байна.

Хохирогч Н.А- нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Н.А-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 84-85/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.И-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагч шүүгдэгчийг 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Б.И- нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байх боловч өөрийн үйлдсэн хэрэгт чин санаанаасаа гэмшиж байгаа, өрхийн амьжиргаагаа ганцаар ажил хийж залгуулдаг зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.И-ы сарын орлогын хэмжээ, бага насны 2 хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Т- овогт Б-ын И-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-ыг 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.И-д оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 /арван найм/ сарын хугацаанд сар бүр 150,000 / зуун тавин мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      Г.ГЭРЭЛТ-ОД