Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
Хэргийн индекс | 166/2022/0262/Э |
Дугаар | 2022/ШЦТ/275 |
Огноо | 2022-08-16 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0262/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч Ш.Г- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Х- овогт Ш-ийн Г-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218002980309 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай,
Урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 08 жил, 10 хоногийн хорих ял,
Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06- ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ял,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Х- овогт Ш-ийн Г- /РД:****/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Г- нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 23 цаг 30 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, Эрдэнэтийн гүүрний ойролцоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.У-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч М.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай нөхөр машинаа зогсоо гэж хэлээд Эрдэнэтийн гүүрний наад талд машинаас буучхаад, намайг буу гээд загнаад буулгасан. Тухайн үед нөхөр 11 сартай хүүхдээ тэвэрчихсэн машинаас нь буусан болохоор би дагаад буусан юм. Тэгээд нөхөр бид хоёр маргалдаж байгаад нөхөр Г- миний нүүр лүү мангасдаад гараараа түлхэж газар унагаагаад, хөл рүү өшиглөөд байсан, намайг хүүхдээ авах гээд очихоор түлхэж унагаагаад байсан. Г-од зодуулсны улмаас миний дух хэсэгт зулгарсан, дотор уруул язарсан, баруун зүүн хөлийн шилбэ хөхөрсөн, зүүн хөлийн гуя хөхөрсөн байсан. Өөр гэмтэл байгаагүй...надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31/,
Гэрч Ө.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Машинд суугаад хөдлөөд явж байтал Ш.Г- согтуурхаад манай нөхөр лүү -энэ бүр архи дарс уухгүй лалрын болчихжээ гээд хэрүүл өдөөд байсан ба машин барьж явж байхад нь араас нь малгайг нь авч шидээд байсан юм. Тэгэхээр нь би Г-од хандан чи машин тэрэг бариад явж байхад нь болиоч ээ, манай нөхөр яагаад архи уух ёстой юм бэ, нэг нь ч гэсэн архи уухгүй байвал сайн биз дээ гээд уурлангуй хэлтэл Ш.Г- өөдөөс уурлаад та нарыг дандаа машинтай явахыг чинь харна аа гээд уурлаад байсан. Тэгснээ машинаа зогсоо пизда, би буумаар байна гээд орилоод байхаар нь нөхөр машинаа зогсоосон. Тэгтэл Ш.Г- өөрөө жаахан хүүхдээ тэврээд буучихсан ба эхнэр М.У-гаа наашаа буугаач пизда минь гээд орилсоор байгаад буулгасан. Тэгснээ эхнэр лүүгээ уурлаад айлын эхнэр нөхрөө өмөөрч байхад чи яагаад өмөөрдөггүй юм гээд хөл, гуя руу нь өшиглөөд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 674 дугаартай "... М.У-гийн биед дух, зүүн гуя, шилбэ, доод уруулын салстад цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт, цус хуралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг зулгаралт, цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. М.У-гийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 12 /,
Яллагдагч Ш.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...эхнэр бид хоёр одоо эвлэрчихсэн цуг амьдарч байгаа. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, дахин ийм хэрэг үйлдэхгүй. Надад хөнгөн ял оноож өгөхийг хүсч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 / болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, яллагдагч Ш.Г-, хохирогч М.У- нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 83-84 / гаргасан байна.
Ш.Г-, хохирогч М.У- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Ш.Г- нь согтуурсан үедээ, үл ялиг зүйлээр шалтаглан хамтран амьдрагч М.У-г зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.
Иймд Ш.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч М.У- шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “ миний бие шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Х- овогт Ш-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Г-од 600 /зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-од оногдуулсан 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД