Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/276

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0264/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Э.З- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д- овогт Э-ийн З-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000306 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хоолны технологич мэргэжилтэй, “Д” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 9 давхар байрны 08 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д- овогт Э-ийн З- /РД:/,

Э.З- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.З- нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” баарны гадна М.Т-гийн толгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч М.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө өөрийн найз Хичээнгүй, Баатараа, Энхжин нарын хамт Диди бааранд үйлчлүүлж байгаад тасарчихсан. Нэг мэдэхэд би эмнэлгийн орон дээр хэвтэж байсныг санаж байна, ...Миний зүүн гарын ядам хурууны хэсэгт хоёр газар оёдолтой, шуун дээр язарсан шарх оёдолтой, толгойн ар хэсэгт оёдолтой, баруун чихний хэсэгт язарсан шархтай... Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 06-08/,

Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...З- бид хоёр баарнаас гараад үүдэнд нь суугаад тамхи татаж байхад туранхай өндөр залуу хэсэг залуусын хамт цаад хэсэгт хүмүүстэй маргалдаад байх шиг байсан. Тэгээд би эхнэртэйгээ утсаар яриад доош бууж байхад өндөр туранхай залуу миний өөдөөс гүйгээд ирэхээр нь би хойш гараараа түлхчхээд цааш алхахад архины шил хагарах чимээ гарахаар нь эргээд харахад өндөр туранхай залууг хүмүүс тойроод зогсчихсон байхад манай найз З-г Диди баарны хамгаалагч залуу шат хэсэг дээр барьчихсан зогсож байсан. Тэнд байсан хүмүүс манай найз З-г архины шилээр хүний толгойг хагалчихлаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12/,

Гэрч О.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...эрээн хувцастай залуу босож ирээд гараа барьчихсан байсан шилээр нөгөө зодоон эхлүүлсэн залуугийн толгой руу нь цохисон” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 16/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 741 дугаартай “...М.Т-гийн биед баруун чих, зүүн гарын шуунд шарх гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 19-22/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 27-29/,

Яллагдагч Э.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...камерын бичлэгийг өөрөө үзсэн, бичлэг дээрээс харж л юу болсныг мэдсэн, гэм буруугийн тал дээр маргахгүй, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, яллагдагч Э.З-, хохирогч М.Т- нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 73-74/ гаргасан байна.

 

Иймд шүүгдэгч Э.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 480 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч М.Т-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Д- овогт Э-ийн З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.З-д 480 /дөрвөн зуун наян / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-д оногдуулсан 480,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД