Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар ШЦТ0053

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч Ц.Дагиймаа, Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо 

Улсын яллагч Д.Алимаа

Хохирогчийн өмгөөлөгч: Н.Болд /Үнэмлэхний дугаар-0704/

Шүүгдэгч Б.Г   

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Хишигсүрэн /Үнэмлэхний дугаар-131831/

Иргэдийн төлөөлөгч Ц.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар, 

Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Б-н Гт холбогдох эрүүгийн 2015010109 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Сарантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн  байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн механикжуулалтын инженер мэргэжилтэй, “....” ХХК-д ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар баг, Шунхлайн 10-14 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Б-н Г /РД:..../

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Б.Г нь согтуугаар, танхайн сэдэлтээр 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар баг Шунхлайн 10-14 тоотод байх өөрийн хашаандаа хохирогч Г.Б-г хутгалж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ:

Би 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Б-тай мотоциклио цуг янзалчихаад гэрээсээ гарсан. Мяасүрэн дуудаад айлын хашааны хаалга янзлуулсан. Тэгээд манайд Д, Ба, М, Б- нар ирсэн. Тавуулаа нийлээд 1 шил архи, 2 пиво авч уусан. Уугаад дуусахын даваан дээр намайг гаднаас орж ирэхэд Б-, Д 2 маргалдаад байхаар нь би Б-г хажуу айл унтаж байхад битгий чанга чанга дуугараад бай гэхэд миний өөдөөс чадахгүй гэсэн. Би тэр үед нь чимээгүй орхисон. Б- гараад явсан.  Д-г бид 2 үлдсэн. Би хоёулаа хоол хийж идье гэхэд Д-г тэгье гэсэн. Би шургуулга онгойлгосон чинь санаандгүй доторхыг нь асгачихсан. Манай амбаарын цоож хутгаар онгойдог болохоор нь хутга аваад гарсан. Б-ы дээрээс болгоомжгүй байдлаар тулж оочиод дарсан. Нэг мэдсэн намайг чи хүн алчихлаа ш дээ гэсэн. Би юу болсоныг мэдээгүй байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан гэв.

Хохирогч Г.Бн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн

            “...2016 оны 07 дугаар сарын 09-ноос 2016 оны 07 дугаар сарын 10-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ..... сум 5 дугаар багийн нутагт найз Гын гэрт очиж Миасүрэн, Б-д, Д-г, Г нарын хамт 5-уулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед би Д-ггийн хамт Гын гэрт сууж байхад гаднаас Г орж ирээд намайг манай гэрт том дугарлаа гэж хэлсэн. Тэгээд би Гын өөдөөс би том дугараагүй гэж хэлсэн. Тэрнээс болж Г бид хоёр гэр дотор ноцолдсон. Ноцолдож байх үед миний дотор эвгүй оргиод байхаар нь гэрийн гадаа гарч бөөлжсөн. Намайг бөөлжиж байхад миний хажууд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Б-д хамт байсан. Тэр үед миний баруун далны орчим халуун оргиод явчихсан. Тэрнээс хойш би хэсэг ухаан алдаад сэргэсэн. Тэрний дараагаар мөн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Д-г намайг ..... сумын эмнэлэг явган хүргэж өгсөн. ...Би тухайн үед гэр дотор Гтай маргалдаад гэрээс гарсан. Харин гэрээс гараад гэрийнхээ хаалганы урьд хэсэгт Б-дын хамт байж байхад миний ардаас ямар нэгэн зүйлээр хатгах шиг болсон. Тэр үед халуун оргиод эхэлсэн тэрнээс би хэсэг ухаан би алдсан. Сүүлд миний ардаас хутгалсан хүнийг Г гэдгийг мэдсэн. Бид хоёр урьд өмнө хэрэлдэж маргалдаж байгаагүй ямар нэгэн өс хонзонгийн зүйл миний хувьд байхгүй. Бид хоёр 1997 онд Өвөрхангай аймгийн ..... сумын ерөнхий боловсролийн дунд сургуулийн 1-р ангид элсэн орсон. Харин 4-8-р анги хүртэл Ганхуяг багшийн ангид суралцаж байсан хэн хэнийгээ сайн мэдэх хүмүүс байгаа юм...” гэх мэдүүлэг. /хх-ийн 64-65 дугаар хуудас/

Хохирогч Г.Бн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн

“...Бид хоёр бага наснаас эхлэн нөхөрлөж яваа хүмүүс байгаа юм. Г нь хүний хувьд төлөв томоотой хүн байгаа юм. Урьд бид хоёр хамт хэдэн удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин 2016 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Гыг ямар учраас ийм зүйл хийснийг мэдэхгүй байна. Гын гэрт бид хоёр хэрэлдээд би гэрээс гарсан. Тэгсэн харин миний хойноос Г уурандаа гарч ирээд намайг хутгалсан байх гэж бодож байна. Ямар шалтгаанаар хутгалсан талаар надад мэдэх зүйл алга. Тухайн үед хэн хэн нь архи согтууруулах зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед Г бид хоёр хэрэлдэж маргасан. Миний биеийн байдал одоогоор гайгүй байгаа. Эмчилгээнд гарсан зардал, Өвөрхангай аймгийн ..... сумаас Улаанбаатар хот явсан болон буцаж ирсэн бүх зардлыг Г гаргаж төлсөн надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээ хийлгэж эм тариа авсан болон бусад зардалд 2 800 000 /хоёр найман зуу мянган/ төгрөг болсон. Үүнийг Г бүрэн төлж барагдуулсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 66, 67 дугаар хуудас/ 

Гэрч Ц.Д-ггийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн

“... Би 2016 оны 07 дугаар сарын 09-ний орой 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар багийн нутагт Б-, Г, Миасүрэн нар айлын хашааны хаалгыг шинээр хийж байхад би тус сумын иргэн Б-дын хамт очсон. Бид нар нэг нутгийн хүмүүс болохоор хэн хэнийгээ сайн мэддэг. Урьд өмнө архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байсан хүмүүс байгаа юм. Бид нар тухайн айлын хашааны хаалга хамт хийж байгаад орой 22 цагийн орчим Гын гэрт ирсэн. Г бид нар байсан бэлэн мөнгөө нийлүүлж байгаад “Харзтай” нэртэй 0.75 литрийн 1 шил архи Сэнгүр нэртэй 2.5 литрийн шар айраг зэргийг худалдаж аваад Гын гэрт очиж гэрийн эзэн Г, Миасүрэн, Б-, Б-д бид тавуулаа хувааж ууцгаасан. Тухайн архи шар айраг зэргийг хувааж ууж дуусгаад өөр хоорондоо юм ярилцаад байж байхад Г бид нартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Б-г жоохон дуугаа багасгаж ярь гэж хэлсэн. Тэрнээс болж л Г, Б- хоёр хэрэлдэж маргах болсон. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Г, Б- хоёр гэрийн баруун талын орон дээр 2 биенийхээ дээр доор ороод хэрэлдэж ноцолдоод байсан. Тэрний дараа Б- миний дотор эвгүй оргиод байна гэж хэлээд гэрээс гарсан. Б-ы араас нь Б-д, Миасүрэн  нар хамт гарсан. Гын гэрт Г бид 2 үлдсэн. Тэрний дараа Г гэрийн зүүн талд ширээний доод талд байх модон шүүгээний шургуулыг татаад дотроос юм аваад гарах шиг болсон. Тэгэхээр нь би Гын араас нь гарсан. Тэгэхэд дөнгөж гэрийн урд талд байсан бөгөөд Б-, Г нарын хажууд очиход Гын гарт хар иштэй нэлээн урт хутга барьчихсан байсан бөгөөд Б- түүний хажуу талд газар хэвтэж байсан. Тухайн үед Гын гэрт байсан хар иштэй хутгыг би салгаж аваад Миасүрэнд өгсөн. ...тухайн үед Г Б- нар адилхан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд хэн хэнийхээ үгэнд орохгүй Гын гэрт дээр доороо ороод ноцолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 дугаар хуудас/

Гэрч Ц.Д-ггийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн

“...Г өөрийн гэрийн шүүгээг уудалж байгаад нэг зүйл аваад гарсан. Түүний араас гарахад Б- газар доош хараад хэвтэж байсан. Харин Гын гарт нь хутга байсан гэж би урьд мэдүүлэг өгсөн. ...Гын хоол хийх гэж байсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 82 дугаар хуудас/

Гэрч Ч.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн

“...би Гын нагац ах нь байгаа юм. 2016 оны 7 сарын 10-ны өдөр Гын гэрт Б.Г болон түүний найзууд Г.Б-, Б.Б-д, Ч.Миасүрэн, Ц.Д-г нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн улмаар хоорондоо маргалдаж Б-ы биед миний нагац дүү Г мэс хүргэсэн талаар мэдсэн. Намайг Өвөрхангай аймгийн ..... сумын нэгдсэн эмнэлэгт ирэхэд Б- нуруу болон хэвлий хэсэгт боолт хийлгэсэн байдалтай байсан. Тухайн өдөр Б-г Өвөрхангай аймгийн ..... сумын эмнэлэгээс шууд Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төв рүү эмчилгээ хийлгэхээр явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/

Гэрч Б.Б-дын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн

“.. 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр найз Дэмчиг, Б-, М, Г нарын хамт айлд хашааны хаалга хийж өгчихөөд Гын гэрт очиж 1 шил 0.75 гр-ийн Харзтай архи, 2 том савтай Сэнгүр нэртэй пиво хувааж уусан. Архи пивоо ууж дуусах гэж байсан. Г, Б- хоёр хэрэлдэж маргалдсан. Гэрт Г, Б-г 1 удаа гараараа шанаа руу цохиж тэо 2 барилцаж авсан. Тэгээд уг нь тэр 2 хэрэлдэхээ болиод бид нар гэрийн гадаа сууж байсан чинь дахиад тэр 2 хоорондоо хэрэлдээд байсан. тэгээд Г гэр дүү гүйж ороод эргэж гарч ирснээ тэр хоорондоо ноцолдож байсан. Тэгэхээр нь Миасүрэн тэр 2 салгасан чинь Б- гнэнт доошоо хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь яасан бэ гэсэн чинь Г намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд баруун далны доод хэсгээс цус гараад байхаар нь гэрээс маарал гаргаж ирэн цус гарч байгаа газар нь дарсан. Тэгсэн чинь Дэмчиг гэрээс гарч ирээд Гыг чи хүн алчихлаа ш дээ гээд 2 удаа гараараа нүүр лүү нь цохиод газар унасан хойно нь гэдэс рүү нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Дэмчиг түргэн дуудна гээд явсан. Тэр хооронд Миасүрэн гэр лүүгээ явчихсан байсан. тэгээд би Дэмчигийг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь гэр лүүгээ явсан. ...Г Б-г  чи чанга яриад байна жоохон дуугаа багасага гэж элсэн чинь Б- чадахгүй гээд тэр 2 хоорондоо хэрэлдэж эхэлсэн. 2-лаа төлөв томоотой түвшин хүн шиг санагдсан. Ямар учраас Гыг ийм зүйл хийснийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/

Гэрч Б.Б-дын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн

“.. Би Б-ы хажууд буюу зүүн гар талд нь сууж байсан. Г гэрээс гарч ирэхийг мэдсэн. Түүний гарт хутга мэс байхыг мэдээгүй гэрээсээ гарч Б-ы дээрээс дараад ойчих шиг болсон. Хутга байсныг хараагүй. ...Би Гыг гэрээс Б-, Г хоёрыг ноцолдоод эхлэхээр нь гарсан. Б- гэрээс гарч ирээд миний хажууд миний дотор эвгүй оргиод байна гэж хэлээд ярилцаж байхад Г гэрээсээ гарч ирсэн. Намайг гэрт байхад хоол хийнэ гэсэн яриа гараагүй. .Би Гыг хоол хийх гэж байгааг мэдээгүй. ...Тийм зүйл байсан би гэрээс нь тэр хоёрыг ноцолдох үед гарч ирсэн. Гэрт юу болсон талаар мэдэхгүй байна. Гэрээс Г гарч ирээд ямар яриа хэлэлгүй шууд л Б-г дараад авсан. Тэрнээс өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/

Гэрч С.Э-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн

“.. Би Өвөрхангай аймгийн ..... сумын эрүүл мэндийн төвд жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. 2016 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ..... сумын иргэн Б- нь биедээ гэмтэл авсан байдалтай ирсэн. Тухайн үед түүний биед үзлэг хийхэд баруун далны доор, дотор талд нь 5 см орчим хутганы шинэ шарх, шархнаас цус гарсан байдалтай. Шархны хөндий дотор цус нөжөрсөн байдалтай байсныг цэвэрлэж шарханд анхны цэгцлэлт хийхэд шархны гүн нь 8 см орчим байсан. Б-ы биед мэдээ алдуулах тариа хийж шархыг цэвэрлэж цэгцлэлт хийж боосон. ...Тиймээ шинэ шарх байсан бөгөөд Б- нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. ........ сумын иргэн Д-ггийн хамт ирсэн. Юу болсон талаар асуухад архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байгаад хамт ууж хүнтэйгээ маргалдаж түүний улмаас намайг хутгалчихлаа гэж надад тухайн үед хэлсэн. Би тэр дор нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 91 дүгээр хуудас/

Гэрч Т.П-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн

“...Надад Г хэлэхдээ 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өөрийнхөө гэрт найз нартайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би Б-тай маргалдаж Б-г хутгалчихсан гэж хэлсэн. ...зан байдлын хувьд төлөв томоотой хүн байгаа юм. Г нь Б-тай багийн найз нөхөд. Урьд нь ямар нэгэн хэрүүл маргаан огт хийж байгаагүй хүмүүс...” гэх мэдүүлэг . /хх-ийн 92-93 дугаар хуудас/

Гэрч А.Н-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн

“...Б- нь үг дуу цөөн олон үг гаргаад байдаггүй хүүхэд байгаа юм. Хүн сайн төлөв түвшин хүүхэд байгаа юм. Г, Б- хоёр өс хонзонгийн зүйлгүй. Нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Г, Б- хоёр ямар шалтгааны улмаас маргалдаж нэгнийхээ биед гэмтэл учруулсныг мэдэхгүй байна. Хаа нэг шар айраг /пиво/ ууссан байдалтай гэрт ирэх үед бол байдаг байсан. Тэрнээс бол архи тэр болгон хэрэглээд агсан тавьдаггүй юм. Урьд хэрүүл маргаан хийж хүмүүстэй хэрэлдэж муудалцаж байсан удаа байхгүй. Б-ы биеийн байдал одоо гайгүй болж байгаа. Эмчилгээнд гарсан болон тариа авсан бүх зардлаа авсан гэсэн иймд миний хувьд нэмж шалгуулах зүйл байхгүй. Гомдол саналгүй. Г нь манай хүү Б-ы ангийн хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг. /хх-ийн 100 дугаар хуудас/

Шүүхийн шинжглгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №10241 тоот дүгнэлт

1.Б-ы биед цээжний ар хэсэгт цээжний хөндий нэвтэрч баруун уушгины дээд, дунд дэлбэнг гэмтээсэн шарх, цээжний хөндийд цус хураалт гэмтэл тогтоогдлоо

  1. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ  
  2. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар  амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
  4. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл... гэх дүгнэлт /хх-ийн 102 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-14 дүгээр хуудас/

Хураан авах тухай тогтоол, үзлэг хийн хураан авсан тэмдэглэлүүд, Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 52-55, 62 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-47 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 49 дүгээр хуудас/

Хохирогч Г.Б өвчний түүх /хх-ийн 21-39 дүгээр хуудас/

Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар багийн засаг даргын шүүгдэгч Б.Гын талаарх тодорхойлолт, ажил байдлын тодорхойлолт, Бакалаврын дипломын хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, /хх-ийн 135, 137, 138, 145-146, 147 дугаар хуудас/

Хохирогч Г.Б шүүхэд гаргасан хүсэлт /хх /

Шүүгдэгч Б.Гын ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 149 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүх Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэв. Учир нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Гын үйлдлийг танхайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар баг Шунхлайн 10-14 тоотод байх өөрийн хашаандаа хохирогч Г.Бг хутгалж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Б мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10241 тоот актын “...1.Б-ы биед цээжний ар хэсэгт цээжний хөндий нэвтэрч баруун уушгины дээд, дунд дэлбэнг гэмтээсэн шарх, цээжний хөндийд цус хураалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт /хх-ийн 102 дугаар хуудас/, гэрч Ц.Д-г, Б.Б-д, С.Э, Ч.Б нарын мэдүүлэг /хх-ийн 80-83, 77, 17, 87-88, 91 дүгээр хуудас/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Хишигсүрэн нь шүүх хуралдаанд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т заасанаар зүйлчилсэнийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон, гэрчүүдийн мэдүүлгээр Г нь Б-ын биед гэмтэл учруулахдаа санаатай учруулах санал санаачлага байгаагүй. Гэмтлийн зэргийн хувьд хүнд гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Болгоомжгүйгээр гэмтэл учруулсан гэдгийг өөрөө мэдүүлдэг. Гын болгоомжгүй байдлаас болж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тэрээр хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулан, өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Б-ын эрүүл мэндийг сайжруулах талаар санаачлагатай байсан. Йимд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгөхийг хүсч байна. Хөнгөрүүлэх шалтгаан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т хэргийн нотлогдох байдал нь бүрэн тогтоогдоогүй байгаа тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Ийм учраас шүүгдэгчид ашигтай байдлаар зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар өөрчилж 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар тэнсэж өгнө үү...” гэх хэргийн онол дэвшүүлсэн боловч шүүгдэгч нь хохирогчтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан ноцолдож байгаад хохирогчийг бөөлжихөөр гарсны дараа гэрээс хутга авч гаран хутгалсан шууд санаатай үйлдлээр Г.Б биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэж зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэг хүнд гэмт хэрэг учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Хохирогч Г.Б- нь “...Миний бие Б.Г-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй болно...” гэсэн тул шүүгдэгч Б.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч Б.Гт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах,

мөн түүнд оногдуулсан хорих ялын дэглэмийг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх боломжтой гэж тус тус шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй хутга, 60*40 см хэмжээтэй маралыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Б.Гын эзэмшилийн 2 000 000 төгрөгний үнэлгээ бүхий 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдаж байгаа болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                  

ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Б-дын Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. 

2.Б-дын Гыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар Б.Гыг 3 /гурван/ жил, 08 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т зааснаар Б.Гт оногдуулсан 3 жил 08 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Б.Г нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй хутга, 60*40 см хэмжээтэй  маралыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Гын эзэмшлийн 2 000 0000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8.Б.Гт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ                        Б.САРАНТУЯА

                                              ШҮҮГЧ                        Ц.ДАГИЙМАА  

                                                                                  Г.ЭНХ-АМГАЛАН