Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0062

 

 

 

 

 

 

 

 

         Г.Жаргалсайхан нарын нэр бүхий 5 иргэний

            нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.Жаргалсайхан

Нэхэмжлэгч: Ж.Зоригоо

Нэхэмжлэгч: Д.Баясгалан

Нэхэмжлэгч: Ж.Энхмэнд

Нэхэмжлэгч: Ч.Болдбаатар

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга  

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжийн хавсралтын Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 1 дүгээр хороолол, 2 дугаар байрны зүүн талд баригдсан гараашнуудын нэхэмжлэгч Г.Жаргалсайхан, Ж.Зоригоо, Д.Баясгалан, Ж.Энхмэнд, Ч.Болдбаатар нарын 1, 2, 7, 9, 10 тоот гараашнуудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 128/ШШ2023/0740 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Жаргалсайхан

Нэхэмжлэгч Ж.Зоригоо

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2022/0773/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Жаргалсайхан, Ж.Зоригоо, Д.Баясгалан, Ж.Энхмэнд, Ч.Болдбаатар нар нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжийн хавсралтын Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 1 дүгээр хороолол, 2 дугаар байрны зүүн талд баригдсан гараашнуудын нэхэмжлэгч Г.Жаргалсайхан, Ж.Зоригоо, Д.Баясгалан, Ж.Энхмэнд, Ч.Болдбаатар нарын 1, 2, 7, 9, 10 тоот гараашнуудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 128/ШШ2023/0740 дугаар шийдвэрээр: 

“Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамжийн хавсралтын Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 1 дүгээр хороолол, 2 дугаар байрны зүүн талд баригдсан гараашнуудын нэхэмжлэгч Г.Жаргалсайхан, Ж.Зоригоо, Д.Баясгалан, Ж.Энхмэнд, Ч.Болдбаатар нарын 1, 2, 7, 9, 10 тоот гараашнуудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүх маргаан бүхий хэргийн үйл баримтыг хоёр гэж дугаарлаад болсон процессыг бодит байдлаар дурдсан байна.

Гэвч нэхэмжлэгч нарын шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны хувьд гаргаж өгсөн баримтад дутуу дүгнэлт хийсэн байна. Учир нь нэхэмжлэгч нар зөвхөн захирамжтай холбоотой асуудлаар бус тэдний газар эзэмшихтэй холбоотой бүх баримтуудыг гаргуулахыг хүссэн байдаг. Үүнийг авч хэлэлцээгүй орхигдуулсан талаар мэдүүлсэн ба шүүхэд ч мөн энэ талаар хүсэлт тавьж, баримтуудыг гаргуулахыг хүссэн боловч холбогдох баримтыг бүрдүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болж, шүүхийн шийдвэрт нөлөөлж нэхэмжлэгч нарын шаардлагыг хангахгүйд хүргэсэн байна.

3.2.Мөн "...дээрх иргэдээс зөвхөн Г.Жаргалсайхан 2002 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Хот байгуулалт, Газрын харилцааны албаны даргатай Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 2 дугаар байрны зүүн талд байрлах 9 тоот гараашны зориулалттай 25 м.кв газрыг ашиглах гэрээг 2 жилийн хугацаатай, нэхэмжлэгч Ж.Зоригоо 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байрны зүүн талд 18 м.кв газрыг ашиглах газар эзэмших түр гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нарын хувьд өөрийн гараашны доорх газрыг ашиглаж байх хугацаандаа Газрын төлбөр тодорхойлох актын дагуу газар ашиглалтын төлбөрөө 2016 он хүртэл төлж байсан. Энэ талаар хариуцагчаас ямарваа нэгэн байдлаар үгүйсгэн маргаагүй болно…" гэжээ.

Энэ нь шүүх нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нараас зөвхөн дээрх хоёр иргэн гэрээ байгуулсан, бусад нь гэрээ байгуулаагүй гэж дүгнэгдэж, дүгнэлт дутуу хийгдсэн гэж үзэж байна. Гэрээ байгуулж, 2016 он хүртэл газрын төлбөр төлж байсныг, хариуцагч үүнтэй маргахгүй байгааг бодитоор дүгнэвэл гэрээний хугацаа дуусгавар болоогүй, талуудын хэн аль нь гэрээг цуцлах санал гаргаагүй, гэрээ үргэлжилсээр ирснийг шүүх буруу дүгнэсэн.

3.3.Шүүхийн дүгнэлтэд гэрээний хугацаа дуусгавар болсон талаар дурдсан. 1 болон 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан, гэрээний хугацаа 2004, 2005 онд дуусгавар болсон бол тэр үеэс газар эзэмших эрх дуусгавар болох ба газрын төлбөрийг төлөх үндэслэлгүй болно. Гэтэл 2016 он хүртэл 10 гаруй жилийн хугацаанд газрын төлбөр төлж байсан нь гэрээний хугацаа дуусгавар болоогүй үргэлжилж байсныг нотолсон, 2016-2017 оноос хойш Газрын алба өөрөө амьгүй мэт таг чиг болсон нь гэрээний хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй, гэрээ дуусгавар болгох, цуцлах талаар мэдэгдэл өгч байгаагүй нь гэрээ үргэлжилж, талууд гэрээний талаар огт маргаан гаргаагүйг нотолж байна.

3.4. Шүүх нэхэмжлэгч нарыг буруутгасан байр сууринаас дүгнэлт хийснээс бус хариуцагч нарын зүгээс хуульд заасан үүргээ биелүүлсэн эсэхэд огт дүгнэлт хийсэнгүй. Газрын тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нар ямар үүрэг хүлээдэг, тэрхүү үүрэг биелэгдсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй нь хууль тэгш үйлчлэх зарчмыг алдагдуулсан. Маргаан бүхий акт хуульд нийцсэн талаар дурдсан боловч нэхэмжлэгч нарт худалдсан гараашны газарт өгсөн зөвшөөрөл өнөөдөр хүртэл хүчинтэй, түүнийг хүчингүй болгосон дуусгавар болгосон талаар хэрэгт ямар нэг баримт авагдаагүй, мөн Засаг дарга захирамж гаргахдаа урьдчилсан арга хэмжээ авалгүй, захирамжийн араас гүйцэлдүүлэх байдлаар асуудлыг шийдвэрлэсэн, сонсох ажиллагаа гэж мэдэгдэх хуудас наасныг ойлгож зөвтгөж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу.

3.5.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно” гэсэн нь нэхэмжлэгч нар гэрээ байгуулсан, тухайн газрыг эзэмшихдээ газар дээр барьсан гараашийг өмчлөх байдлаар, зохих төлбөрийг төлж, хуульд заасны дагуу зохих зөвшөөрөл авсан этгээдээс худалдан авч өмчилснийг нь ямар нэг байдлаар буруутгах үндэслэл байхгүй, мөн 3.1.5-д “газрыг чөлөөлөх” гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг ойлгоно” гэж заажээ. Нэхэмжлэгч нарыг зөвшөөрөлгүй газар эзэмшсэн гэж буруутгаагүй бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээгүй гэж үзсэн нь Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн ба Монгол Улсын аль ч хуульд газар чөлөөлөх нэрийдлээр бусдын өмчийг шүүхийн шийдвэргүйгээр устгаж, нурааж хүний хөдөлмөрөөр бий болсон хөрөнгөд халдах эрхийг төрийн албан тушаалтан, хэнд ч олгоогүй байна.

3.6.Шүүх хуулийн бусад заалтыг буруу хэрэглэсэн байгаа ба шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т " Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д" гэж маргааны төрлийг буруу тодорхойлсон, мөн тогтоох хэсгийн 1-д Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгийг баримталсан байгаа нь бодит байдалтай нийцээгүй, хууль буруу хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхэд дэлгэрэнгүй тайлбарлах хүсэлтэй байна.

Иймд шүүх хууль бус шийдвэрийг гүйцэлдүүлж байгааг хүлээн зөвшөөрсөн нь хүний эрх өнөөдөр ямар ч баталгаагүй болсныг баталсан шүүхийн шийдвэр гарсан, хууль буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            1.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны зүүн талд зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашуудыг албадан буулгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн, гэвч гарааш байрлаж буй тухайн газарт нэр бүхий нэхэмжлэгч нарт Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрх хуулийн дагуу үүсээгүй, энэ талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гарч байгаагүй байна.

Гэтэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заажээ.

2.Дүүргийн Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/74 дүгээр захирамжийг үндэслэн нэхэмжлэгч Г.Жаргалсайхантай 9 тоот гараашны доорх 25 м.кв газрыг эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулсан, тэрбээр 2004, 2009-2016 оны газрын төлбөр төлсөн,

-Б.Б***ийн тухайд иргэн Д.Б***аас 2004 оны 12 дугаар сарын 6-ны өдөр дүүргийн Газрын албатай нэг жилийн хугацаатай байгуулсан газар эзэмших түр гэрээгээр эзэмшиж байсан 2 тоот гараашийг 2011 онд 5 сая төгрөгөөр худалдан авсан,

-Ж.Э***ийн хувьд 1 тоот гараашийг эзэмшиж байхдаа 2010 оны 7 дугаар сарын 26-ны өдөр; Д.Баясгалангийн тухайд 7 тоот гараашийг эзэмшиж байхдаа 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус тус Газрын төлбөр тодорхойлох тухай акт үйлдсэн,

-харин Ч.Болдбаатарын хувьд 10 тоот гараашийг эзэмшиж байсан боловч газартай холбоотой ямар нэгэн зөвшөөрөл, төлбөрийн баримт байхгүй байна.

Эдгээр иргэдийн Б.Б***ээс бусад нь өөрсдийн эзэмшилд байсан гараашийг Б.М*** гэдэг хүнээс анх худалдан авсан, Б.Б***ийн хувьд  Б.М***ээс худалдан авсан Д.Б***аас дамжуулан авсан байх бөгөөд Б.М***т Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/74 дүгээр захирамжаар 0.009 га буюу 90 м.кв газрыг 1 дүгээр хороололд 2 дугаар байрны зүүн талд автогараашны зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлсэн боловч хугацаа сунгагдаагүй тул Газрын тухай хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болсонд тооцогдоно.

3.Нэгэнт Б.М***ийн газар эзэмших эрх ийнхүү дуусгавар болсон, мөн түүнээс гарааш худалдаж авсан нэр бүхий нэхэмжлэгч нарт хуульд заасны дагуу газар эзэмших эрх огт үүсээгүй энэ тохиолдолд шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Иймд маргаан бүхий захирамжаар нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор газрын зөрчлийг арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан нь Газрын тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай, Хот байгуулалтын тухай хуулиуд болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д тус тус нийцсэн гэж үзнэ.

4.Улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий гараашийг ч албадан буулгасан захирамжийг хуульд нийцсэн, тухайлбал “…Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх олж аваагүй этгээдийн хувьд хүн өөрийн хувийн өмчийн автомашины гараашийг төрийн өмчийн газар дээр бэхэлснээр тухайн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх шууд дагаж үүсэхгүй, …төрийн өмчийн газар дээр баригдсан хувийн өмчийн гараашийг өмчлөх, эзэмшихдээ хуульд заасан журмын дагуу төрийн өмчийн газрын эзэмших, эрхийг олж авах, хадгалах үүрэгтэй…” гэж дүгнэсэн, өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй тохиолдолд тухайн гараашны доорх газрыг эзэмших, ашиглах эрх хамгаалагдахгүй гэснийг дурдах нь зүйтэй.   

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасны дагуу шийдвэр гаргасан шүүгч нь шийдвэрийн Тогтоох хэсгийн давж заалдах гомдол гаргах эрхийг дурдсан хэсэгт хуулийн “113 дугаар зүйлийн 113.2-т” гэснийг зөвтгөсөн залруулга хийвэл зохино.

Шийдвэрт ийнхүү илэрхий алдаа гаргасан нь давж заалдах гомдолд дурдсанчлан “...маргааны төрлийг буруу тодорхойлсон...” гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 740 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, мөн тэдгээрийн өмгөөлөгч Ч.Б***ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                      Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                       Э.ЛХАГВАСҮРЭН