Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2256

 

МАГАДЛАЛ

 

2017.10.27                                                     Дугаар 2256                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ц.У , Ц.У ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 104/ШШ2017/00288 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.У , Ц.У ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б, Б.А, Б.С, Б.А, Б.Ө нарт холбогдох,

 

Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4-05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.О, Г.И,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2004 онд ээж н.Ц, эгч Ц.У нарын хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4-05 тоот байрыг тухайн үед тус салбарын эрхлэгч Ж.Д гэгч хүн байх үед Багахангай дүүрэг дэх салбар болох Улаанбаатар хотын банкнаас худалдаж авсан. Худалдан авч гүйлгээ хийсний дараа эрхлэгч Ж.Д-д үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар банкинд хүсэлт гаргахад С.Б холбоо тогтоогоод нэрээ шилжүүлээд авчих гэсэн хариу өгсөн болно. Үүний дагуу С.Б холбоо тогтоогоод үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар хэлэхэд удахгүй шилжүүлж өгнөө гэж хэлсээр өнөөдрийг хүртэл тус байрны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг бидэнд шилжүүлж өгөхгүй зардал чирэгдэл учруулсан. Би эгчийн хамт худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд 2004 оноос хойш бид байрны бүх л зардлыг төлж ирсэн. Багахангай дүүрэг дэх салбар болох Улаанбаатар хотын банк нь 2004 онд татан буугдсан байдаг. С.Б , Б.Б нар нь тус салбарын эрхлэгч Ж.Д гуйж тус байрыг Улаанбаатар хотын банкинд худалдаж бид тухайн үед Ж.Д нь бидэнд худалдсанаа гэрчийн мэдүүлгээр шүүхэд гэрчилсэн болно.

Үл хөдлөх хөрөнгийг өнөөдрийг хүртэл яагаад шилжүүлээгүй вэ гэхээр хариуцагч тал 4 хүүхэдтэй, эхнэр болох Б.Б  , нөхөр С.Б  гэх хүмүүс олуулаа энэ байрны гэрчилгээнд нэр нь байдаг. С.Б тэй нэхэмжлэгч нар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөх талаар байнгын холбоотой байсан. С.Б  нь би хүүхдүүдээ ирэхээр шилжүүлээд өгье гэдэг байсан. Гэтэл С.Б  2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нас барсан. Нас барснаас хойш эдгээр хүмүүс бид орон сууцны өмчлөгч мөн, орон сууцнаас албадан гаргуулж өгөөч гэдэг нэхэмжлэлийг энэ шүүхэд хандаж гаргасан. Энэ хугацааг хүртэл хариуцагч нар тус байрыг түрээслүүлж, шүүхэд хандаж байсан ямар ч баримт байдаггүй. Энэ хүмүүс 12-13 жилийн дараа яагаад шүүхэд хандах болсон бэ гэхээр С.Б  2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нас барсан өдрөөс хойш буюу 2016 оны 03 дугаар сард нэхэмжлэлээ тус дүүргийн шүүхэд гаргасан талаарх баримтыг иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг хамгийн сүүлд хавтаст хэрэг дотор хавсаргаж өгсөн байдаг. Манай нэхэмжлэгч болох Ц.У , Ц.У  нь энэ байранд 12-13 жилийн хугацаанд амьдарсан. Амьдрах хугацаандаа ус, цахилгааны төлбөрөө төлөөд амьдарч байсан гэх баримтуудыг хавсаргаад бид шударга өмчлөгч нар мөн юм гэдгийг тогтоолгохоор шүүхэд хандаж, орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг түдгэлзүүлсэн. Хариуцагч тал орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэрэгт юу гэж тайлбарладаг вэ гэхээр тухайн байрыг 2003 оноос хойш нэхэмжлэгч талд түрээсэлсэн. Түрээслээд 10-аад жил болтол эдгээр хүмүүс огт олдохгүй байна. Дэлгэрмаа гэж хүнд түрээслэсэн гэх нэхэмжлэлийг гаргадаг. Түмэнбаяр гэж хүнд холбогдуулаад гаргасан. Энэ хүн хэн бэ гэхээр Ц.У , Ц.У ын хамаатны хүн нь юм. Тухайн үед энэ хүн байранд нь байсан учраас эдгээр хүмүүс хариуцагчаар Түмэнбаярыг татсан ...хүн байраа 12-13 жил түрээслүүлчихээд энэ талаар ганц ч удаа шүүхэд хандаагүй. Мөн өмчлөх эрхийн гэрчилгээ гээд байгаа хавтаст хэрэгт авагдсан цэнхэр дэвтрийг эх хувиар нь Улаанбаатар хотын банкинд С.Б , Б.Б   нар өгсөн байдаг. Уг өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч болох Ц.У , Ц.У т мөн Улаанбаатар хотын банк хүүхдүүд нь ирэхээр та нарын нэр дээр шилжүүлээд өгнө гэж тайлбарлаж байсан. Тэрнээс хойш С.Б тэй олон удаа холбогдож ярьж байсан гэж нэхэмжлэгч нар хэлдэг. Нас барснаас нь хойш шүүхэд хандаж байгааг огт ойлгохгүй байна. Манай нэхэмжлэгч нар тухайн байранд 12-13 жил ус, цахилгааны төлбөрийг төлөөд амьдарч байсныг гэрч болох Сугар, Баярсайхан, мөн тухайн банкны салбарын эрхлэгч байсан Даариймаа, нягтлан бодогч Эрдэнэхорол нар гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэгэхээр энэ хүмүүс 2004 оноос 2017 он хүртэл 13 жил энэ байранд амьдарсан. Нэхэмжлэгч нар шударга өмчлөгч нар юм. Эх хувиар нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Худалдах, худалдан авах тухай гэрээг энэ хүмүүс амаар хийж 500 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн талаар 2003 онд Дайриймаа гуай санхүүгийн тайлан балансдаа тусгасан. 2004 онд нэхэмжлэгч талд тус байрыг зарахдаа ч мөн адил санхүүгийн тайлан, баланстаа тусгасан гэж мэдүүлээд байхад үүнийг Улаанбаатар хотын банк гаргаж өгөхгүй байна. Энэ хүмүүсийн эрх ашиг сонирхол өнөөдөр зөрчигдөж байна. Иймд шударга өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Маргаж байгаа орон сууц нь С.Б , Б.Б  , Б.Ариунжаргал, Б.Ариунцацрал, Б.Сансартуяа, Б.Өнөр гэсэн 7 хүний өмчлөлийн байр юм. С.Б  нь 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нас барсан. Нас барахаас өмнө С.Б , Б.Б   нар нь уг маргаж буй орон сууцыг тухайн үед Багахангайн байрандаа амьдрах хүнгүй болсон учир Ж.Д гэх хүнд түрээслэхээр өмчлөх эрхийн гэрчилгээг өгч үлдээж түрээсэлсэн байдаг. Ингээд түрээсэлснээс хойш С.Б  нь Багахангай дүүрэгт уг орон сууцаа удаа дараа эргэж очин Ж.Д гэгчтэй уулзах гэсэн боловч Ж.Д нь олдохгүй тус байрыг давхар түрээслүүлээд ч юм уу хүн суулгасан байдаг. С.Б  нь Б.Б  тэй уг байрандаа удаа дараа ирж уг байрны хүмүүстэй уулзах гээд чадалгүй нас барсан. Нэхэмжлэгч нар юу гэж яриад байна вэ гэхээр энэ байрыг С.Б , Б.Б   зэрэг нэр бүхий хариуцагч нараас худалдаж авсан гэдэг. Тухайн үед байрны нэр бүхий өмчлөгч нар болох 6 хүн нь бүгд насанд хүрсэн байсан. Энэ байрыг зарсан гэдгийг хүүхдүүд нь болох Б.Ариунжаргал, Б.Сансартуяа, Б.Ариунцацрал, Б.Өнөр нар огт мэдээгүй. Аав, ээж нь юу гэж хүүхдүүддээ хэлдэг вэ гэхээр Багахангай дүүргийн байранд сууж байгаа хүмүүсийг гаргах гээд хөөцөлдөөд явж байна гэж хэлж байсан тул хүүхдүүд нь тэгж ойлгосон. Нэхэмжлэгч нар нь тус байрыг ээж н.Цэцэгдэлгэрийн хамт С.Б ээс худалдаж авсан гэж ярьж байгаа боловч бусад хамтран өмчлөгч нартай огт уулзаж байгаагүй, энэ талаар нэхэмжлэлийнхээ шаардлага болон бусад хуралдаанд огт яриагүй. С.Б  гэж хүний нэрийг барьж яриад байдаг. Энэ орон сууцыг өмчлөгч нар огт худалдаагүй, өмчлөгч нар мэдээгүй талаарх тайлбараа ч хэлдэг. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тодорхой хуульд заасан насанд хүрсэн гишүүдийн зөвшөөрлийг авсан байх, бичгээр гэрээг хийсэн байх, нотариатаар батлуулсан байх зэрэг шаардлагуудыг хангаж байж худалдагдах ёстой. Гэтэл өнөөдөр Ж.Д гэх хүнээс 500 000 төгрөгөөр худалдаж авсан гэж яриад байгаа боловч гэрчээр мэдүүлэг өгсөн н.Баярсайхан худалдаж авсан ч юм шиг. Би худалдаж аваад н.Цэцэгдэлгэрт өгсөн гэх мэдүүлэг, мөн н.Сугар нь манай нөхөр 700 000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх мэдүүлгийг өгч байгаагаас харахад энэ байрыг хэн хэнтэй уулзаад хэдэн төгрөгөөр   зарсан нь тодорхой бус байна. Ж.Дайриймаагаас худалдаад авсан гэж маргаж байгаа боловч Ж.Дайриймаагийн нэр дээр энэ үл хөдлөх хөрөнгө байгаагүй. Үл хөдлөх хөрөнгийн цэнхэр өнгөтэй гэрчилгээ нэхэмжлэгч Ц.У , Ц.У т байгаа боловч энд Ж.Д гэсэн нэр огт байхгүй байхад хүний эд хөрөнгийг хүнээс дамжуулж авчихаад худалдаж авсан гээд шударга өмчлөгчөөр тогтоолгоно гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тэгээд ч Ц.Ууганчимэг, Ц.Уртнасан нар нь энэ орон сууцыг 2004 онд худалдаж авсан гэдэг боловч 2016 онд албадан нүүлгэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргатал эргүүлж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгөөч гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Ингэхээр хэдэн жилийн хугацаа өнгөрсөн байна вэ хөөн хэлэлцэх хугацаа гэж хуульд байдаг. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлын хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг. Гэтэл 2004 онд энэ байрыг авчихаад 2016 он хүртэл ямар нэгэн өмчлөлийн асуудлыг өнөөдрийг хүртэл шийдүүлээгүй, шийдүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй явж байгаа байдал нь энэ хүмүүс хууль ёсны бөгөөд худалдаж авсан гэдэг нь тогтоогдохгүй, нотлогдохгүй байгаа мөн орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ хийгээгүй байгаа бусад өмчлөгч нартай уулзаж ярилцаж байгаагүй зэрэг нь энэ орон сууцыг худалдаж авсан гэх нотлох баримт байхгүй байна. Банк тайлан баланстаа тусгасан хөрөнгөө бүртгэхгүй байна гэж байхгүй, Ж.Д хувьдаа аваад ашигласан юм уу, банк руу мөнгө хийсэн бол тэр баримт яагаад гарч ирэхгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б, Б.А, Б.А, Б.С, Б.Ө нарт холбогдох Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4-05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Ц.У , Ц.У ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.У , Ц.У ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн        174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан Улаанбаатар хотын банкнаас Багахангай дахь салбар тооцооны төв нь хэдэн онд татан буугдсан, татан буугдахаас өмнө буюу 2002 оноос 2004 онд ямар орон сууц түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан эсэх, тухайн үед салбарын эрхлэгчээр Ж.Даариймаа ажиллаж байсан эсэх, Улаанбаатар хотын Багахангай дахь салбар тооцооны төв нь Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 4 тоот орон сууцыг иргэн С.Б ээс худалдан авсан эсэх, Улаанбаатар хотын Багахангай салбар тооцооны төвийн тайлан тэнцэлд хэрхэн тусгагдсан талаарх лавлагааг тус тус гаргуулахаар хүсэлт гаргаж 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлт шийдвэрлэх тухай 871 дүгээр шүүгчийн захирамжаар уг хүсэлтүүдийг хүлээн авсан болно. Уг шүүгчийн захирамжийн дагуу Улаанбаатар хотын банкнаас 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 4687 дугаартай албан бичиг ирүүлсэн байх боловч уг албан бичигт Улаанбаатар хотын Багахангай дахь салбар тооцооны төв нь Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 4 тоот орон сууцыг иргэн С.Б ээс худалдан авсан эсэх, Улаанбаатар хотын Багахангай салбар тооцооны төвийн тайлан тэнцэлд хэрхэн тусгагдсан талаар огт дурьдаагүй, шүүгчийн захирамжид заасан ажиллагааг Улаанбаатар хотын банк биелүүлээгүй тул 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр уг нотлох баримтуудыг гаргуулах, захирамжийн биелэлтийг хангуулж, нотлох баримтыг албадан гаргуулах, үзлэг хийлгүүлэх хүсэлтийг анхан шатны шүүх хүлээж аваагүй. Иймд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул   шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.У , Ц.У  нь хариуцагч Б.Б, Б.А, Б.С, Б.А, Б.Ө нарт холбогдуулан Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 104/ШЗ2017/00871 тоот захирамжаар шийдвэрлэн хүсэлтийг хангасан байна.

Гэвч Улаанбаатар хотын банкнаас бичмэл нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжийн заалт бүрэн биелэгдээгүй, энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 104/ШЗ2017/00944 тоот захирамжаар “хүсэлтийг дахин шийдвэрлэх үндэслэлгүй” гэж шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд анхан шатны шүүх нь шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх талаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, дээрх алдааг залруулан хэргийг шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх...” гэж давж заалдсан гомдол гаргасныг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 104/ШШ2017/00288 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 174 950 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                            М.НАРАНЦЭЦЭГ