Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 357

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Оод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Ариунсанаа,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Адалбекийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Оод холбогдох 1806065431589 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овгийн Бын О, 1979 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 40 настай эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ...ад Хуулийн зөвлөх-сахилга ёс зүй хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .../;

Б.О нь 2018 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, ... тоотод Б.Адалбектэй маргалдаж, архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч овогт Бын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бын Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Оод оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Ооос 128.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Адалбекэд олгож шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Адалбек давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуралдааны товыг надад мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй. Шүүх хуралдаан хийж миний хохирлын хэмжээг 128.000 төгрөгөөр тогтоосонд гомдолтой байна. Би хохирлын талаар нотлох баримт гаргаж өгөх байсан. Шүүх хуралдаанд намайг оролцуулаагүйд гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч Б.Адалбекийн давж заалдах гомдолтой танилцсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах нь хохирогч Б.Адалбекэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Холбоо барьж “Хохирогчоор шүүх хуралдаанд оролцоно уу” гэхэд шалтгаан хэлж оролцохгүй гэдэг байсан. Хохирогчийн эрх ашиг ноцтой хохирсон зүйлгүй учраас хохирогч Б.Адалбекийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, ... тоот өөрийн гэртээ архи ууж согтууран, улмаар хамт архи уусан хохирогч Б.Адалбектэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн шүүгдэгч Б.Оын “...ширээн дээр байсан шилтэй Болор архийг аваад шидсэн чинь оночихсон. Хамарнаас нь цус гарсан..., хамарны хажуу талын хацар нь язарч цус гарсан байсан” гэх /хх 14-15/, хохирогч Б.Адалбекийн “...О миний баруун талд сууж байгаад ширээн дээр байсан шилтэй “Болор” гэх нэртэй архиар миний нүүрэн тус газар цохьсон. Миний баруун нүд гэмтэж их хэмжээний цус гараад цагдаад дуудлага өгсөн..., ...Архины шилийг барьж аваад цохьсон...” гэх /хх 7-12/, гэрч Б.Ганболдын “...О архины шил аваад Адалбекийн нүүр рүү шидэхэд хамарных нь дээд тал шалбараад цус гарсан...” гэх /хх 16-18/, гэрч Г.Золжаргалын “...Болор нэртэй архины шилээр Адалбекийн нүүр рүү нэг удаа цохих шиг болсон...” гэх /хх 20/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Адалбекийн биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн 9635 дугаартай дүгнэлт /хх 25/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд гэм буруутай этгээдээс 128,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Харин хохирогч Б.Адалбек нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдсон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй тул энэ талаар зохих заалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд хохирогч Б.Адалбекийн гаргасан “Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолд зохих нэмэлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч Б.Адалбек нь өөрийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулан, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Б.Адалбекийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ