| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2018/01016/И |
| Дугаар | 155/ШШ2018/01126 |
| Огноо | 2018-06-18 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2018/01126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Б-д холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 155/2018/01016/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагч Х.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Б нь Х.Бтой 2000 онд танилцаж үерхэж байгаад 2001 онд охин Б.Үыг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, ирэн очин амьдарч байсан юм. Хүүхдээ гарснаас хойш Х.Б бидэн дээр ирэх нь бага болж бид хоёр тийш болсон. Би 2003 онд Х.Боос хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Х.Б нь хуримаа хийх гэж байгаа, амьдрал хүнд байна, би охиноо харж хандана гэж гуйхаар нь би өргөдлөө буцаасан ба өнгөрсөн хугацаанд хүүхэддээ ямар нэг тусламж үзүүлээгүй. Иймд Х.Боос миний охин Б.Үын төрсөн эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б нь Х.Бтой 2000 онд танилцаж үерхэж байгаад 2001 онд охин Б.Үыг төрүүлсэн. 2003 онд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан боловч хүүхдээ асран хамгаалж, тусалж дэмжинэ гэхээр нь нэхэмжлэлээсээ татгалзсан юм. Энэ хугацаанд тэтгэлэг өгөөгүй, тусалж дэмжээгүй тул охин Б.Үын төрсөн эцэг нь Х.Б мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2000 онд танилцан үерхэж байгаад 2001 онд охин Б.Ү төрсөн. Дээрх хугацаанд бид үерхэж байсан ба албан ёсоор гэр бүл болоогүй юм. Би охин Б.Үын эцэг мөн болохоо зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Х.Бод холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Х.Б нарын дундаас 2001 онд охин Б.Ү төрсөн болох нь иргэний цахим үнэмлэхний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул 2001 онд төрсөн охин Б.Үын төрсөн эцгээр Х.Быг тогтоох үндэслэлтэй байна.
Хариуцагч Х.Б нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Б.Ү нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Х.Боос сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.209 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Боос хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2001 онд төрсөн охин Б.Ү нь 18 нас хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийг сар бүр хариуцагч Х.Б төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Б.Үад сар бүр төлөх тэтгэлэг 182.600 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.191.200 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 50.009 төгрөг, нийт 120.209 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2001 онд төрсөн охин Б.Үын төрсөн эцэг Х.Б мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2001 онд төрсөн охин Б.Үыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Боос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.209 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Боос 120.209 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН