Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/277

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0261/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Э.Т- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б- овогт Э-ийн Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000267 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “М” ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй,

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2т зааснаар 3 жил 6 сарын хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, Б- овогт Э-ийн Т- /РД:/,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Э.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Т- нь согтуурсан үедээ, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4/3 дугаар байрны 3 дугаар орцны гадна үл ялих зүйлээр шалтаглан иргэн С.М-ын нүүрэн тус газар нь цохиж газарт унагасны улмаас эрүүл мэндэд нь баруун хөлийн дунд чөмөгний хүзүү хэсгийн битүү хугарал, баруун тохой, нүүрний зүүн талд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч С.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр хоёр залуу 4-3 дугаар байрны 3 дугаар орцны үүдэнд маргалдаад байхаар нь би Тунгалаг гэх эмэггэйг өмөөрөөд Төрболдод хандан чи болиоч, дандаа эхнэртэйгээ маргалдаж байх юм гэхэд Төрболд над руу уурлаад “би та нарыг бүгдийг чинь ална шүү” гэж хэлээд намайг баруун гараараа хүчтэй нэг удаа цохисон. Энэ үед би цементэн дээр унасан... Миний баруун хөлийн дунд чөмөг хугарсан. Баруун гарын тохой зулгарсан... Би хохирол төлбөр гэж эмчилгээ хийлгэхэд гарсан нийт зардал болох 161,200 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29/,

 

Гэрч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай гэрт 1 том пиво хувааж уугаад М- эгч бид хоёр гэрээс гараад 3 дугаар орцны подваль руу дахиад 1 шил архи ууж байхад манай нөхөр Т- орж ирээд “гэртээ оръё” гэж хэлээд намайг дагуулаад гарсан. Ингээд 3 дугаар орцны үүдэнд байхад М- эгч жижиг аяганд архи хийж гарч ирээд надад өгсөн. Би архи уухгүй та асгачих гэж хэлсэн чинь М- эгч аягатай архийг асгах үед Т- хэн таныг асга гэсэн юм гэж хэлээд зүүн хацар руу нь алгадсан. М- эгч газарт унаад босож чадахгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34/,

 

Хохирогч С.Мын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 10-24/,

 

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 37/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 602 дугаартай “... С.М-ын биед баруун хөлийн дунд чөмгөний хүзүү хэсгийн битүү хугарал, баруун тохой, нүүрний зүүн талд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. С.М-ын биед тогтоогдсон дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40/,

 

Яллагдагч Э.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...эхнэр бид хоёр маргалдаад орцны үүдэнд зогсож байхад М- эгч архи барьчхаад гарч ирээд архи аягалахаар нь би уурлаад М- эгчийг алгадсан юм. М- эгч газар унаад босож ирэхгүй 30 минут орчим болсон... Би М- эгчийг алгадаад унагааснаас болж хөлөө хугалсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Иймд Э.Т-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хохирогч С.М-эд шүүгдэгч Э.Т- нь шүүх хэлэлцүүлгийн өмнө гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, эмчилгээний зардалд 161,200 төгрөг төлсөн байна.

 

Хохирогч С.М-эд шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэхэд “эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцож чадахгүй” гэж мэдэгджээ.  

 

Хохирогч С.М- нь шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргаагүй тул хохирогчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан ба энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд Э.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт түүний эрүүл мэнд, биеийн онцлогт тохирсон ажлыг хийлгэж эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй , эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Э-ийн Т-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Т-т 500 /таван зуун цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт 8-аас илүүгүй цагаар, түүний эрүүл мэнд, биеийн онцлогт нь тохирсон ажлыг хийлгэж ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

4. Хохирогч С.М- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД