Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/280

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0267/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхиий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Д.С- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б- овогт Д-ийн С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2218000000263 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүү, ачын хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б- овогт Д-ийн С- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Д.С- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

2022 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 04 цагийн орчим иргэн М.Э-ийн Дархан-Уул аймаг Шарын сумын Дархан баг, 15 дугаар байрны 5 дугаар орц 64 тоотоос Б.Т- гарч явахдаа хаалгаа хаалгүй орхисон, шүүгдэгч Д.С- нь 05 цагийн орчим хаалгыг онгорхой байгааг харж, хаалганы ойролцоо байсан цүнхнээс Самсунг А-23, Самсунг Жи-5 маркийн гар утас болон бэлэн 80,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 1,030,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг 15 дугаар байрны 64 тоотод 2022 оны 06 дугаар сарын 01 -ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-06-р хуудас/,

 

Хохирогч М.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 01-ний 04 цагийн орчим үүр цайх үед хуурай дүү Т- гэрээс гараад явсан. Тухайн үед Т- гэрээс гарахдаа хаалга хаагаагүй гарчихсан юм билээ, бид нар тэрийг нь мэдэлгүй унтаад өгсөн. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 05 цаг өнгөрч байхад миний бие вагоноос хүүхэд тосох гэж буцаж сэрээд хаалганы хажууд тавиур дээр байсан хар өнгийн гар цүнхнээс минь Самсунг А-23, Самсунг Жи-5 маркийн хоёр ширхэг гар утас, бэлэн 100,000 төгрөг алга болсон байсан. Миний бие Самсунг А-233 маркийн гар утсаа 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Мобикомоос 850,000 төгрөгөөр худалдаж авсан шинэ гар утас байгаа юм. Харин Самсунг Жи-5 маркийн гар утсаа 2020 онд Дархан суманд явж байхдаа Дархан захаас 300,000 төгрөгөөр худалдаж авсан, ...2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн үед гэртээ хариад байж байгаад дөрвөн ширхэг хорин мянгатын дэвсгэрээс буюу 80,000 төгрөгөөр бусдыг нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний орой дэлгүүрээс хүнс аваад зарцуулчихсан байснаас гэнэт санасан. Миний бие 2 ширхэг гар утаснаас гадна 80,000 төгрөг л алдсан. Миний бие өөрийн алдсан Самсунг А23, Самсунг Жи-5 маркийн гар утаснуудаа болон 80,000 төгрөгөө бүтэн хүлээн авсан болохоор надад одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05-07-р хуудас/,

 

Гэрч Ш.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....орц цэвэрлэгч Н- гэх эмэгтэй хүрч ирээд 100,000 төгрөгөөр гар утас зарна гээд Содоо гэгч надтай хамт сууж байсан эгчид үзүүлсэн. Тэгэхээр нь миний бие хамт сууж байсан болохоор уг гар утсыг үзэхэд цагаан өнгийн хамгаалалттай, хар өнгөтэй Самсунг А23 маркийн гар утас байсан. Миний бие уг гар утсыг урьдчилгаа 20,000 төгрөгийг нь өгөөд, дараа нь 80,000 төгрөгийг нь өгөхөөр тохирч 20,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Миний бие цагдаа нарыг ирэх үед айсандаа болоод С- эгчид өгсөн 20,000 төгрөгөө буцаагаад авчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/,

 

Гэрч Ж.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Н- нь бид нар дээр хүрч ирээд Самсунг А23 маркийн гар утас гаргаж ирээд 100,000 төгрөгөөр зарчихмаар байна гээд надад үзүүлэхээр нь миний бие Ө- дүүг сонирхоод байхаар нь чи худалдаж авах юм уу гэхэд тэгье гээд надад 20,000 төгрөг өгөөд Н- эгчид өгчих, үлдсэн 80.000 төгрөгийг нь хүнээс одоо аваад өгье гэж хэлсэн. Тэгээд удалгүй 5 минут орчмын дараа цагдаа нар хүрээд ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/,

 

Гэрч Ө.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 07 цагийн үед гэрээсээ гараад Хаан банк руу явж байтал Саруул эмээ 4 дүгээр байрны гадна тааралдсан юм. Саруул эмээтэй Хаан банк руу орчхоод Хайрхан баг 47 дүгээр байрны саравч руу очиж суухад Саруул эмээ биедээ гар утастай явж байсан. Нэг гар утсыг нь намайг 100.000 төгрөгөөр худалдаж авах юм уу гээд байсан юм. Тэгэхээр нь би өөрөө гар утастай болохоор авахгүй ээ эмээ гэж хэлсэн. Тэгвэл чи энэ гар утсыг зараад өгчих гэхээр нь уг гар утсыг Саруул эмээгээс аваад Хайрхан баг 29 дүгээр байрны гадна саравчинд сууж байсан найз С- дээр очиж энэ гар утсыг худалдаж авах уу Саруул эмээ зараад өг гэсэн юм гэхэд хажууд нь сууж байсан Ө- гэж залуу авъя гээд сонирхоод байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-р хуудас/,

 

Гэрч Ш.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 06 цагийн үед намайг босоход Э- хаалга онгорхой байна, миний хар цүнхэнд байсан гар утаснууд бэлэн мөнгө алга болсон байна гэж хэлэхэд нь очиж харахад үүдний хаалганы тавиур дээр байсан хар цүнх нь газарт уначихсан, дотор нь гар утаснууд нь байгаагүй, манай дүү Т- гэрээс гарч явахдаа хаалга онгорхой үлдээсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/,

 

Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 09 цагийн үед Э- эгч гар утсаа алдсан гэдгийг мэдсэн. Би 04 цагийн үед гарч явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор гэрээс нь гарч явахдаа С- эгчийг хаачих байх гэж найдаад хаалгыг нь нээлттэй орхиод явчихсан юм. Тиймээ С- эгчийнх 5 давхарт байдаг юм. Гэрээс нь үүрээр гарч явахад хаалганы цааны нэг өндөр настай эмэгтэй унтаж байсан. Уг эмэгтэйгийн нэрийг нь мэдэхгүй байна. Уг эмэгтэйг Шарын гол суманд гудамжаар явж байхыг нь харж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-р хуудас/,

 

Гэрч С.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 07 цагийн үед дэлгүүрээ нээгээд байж байтал гаднаас Шарын гол суманд орц цэвэрлэдэг С- гэх эмэгтэй, Нараа гэх эмэгтэйн хамт орж ирээд 1 шил 0.33 грамм савлагаатай Хамаг монгол нэртэй архи аваад 2 ширхэг гар утас үзүүлээд барьцаан үлдээе гээд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/,

 

“Капитал Зууч” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Самсунг Жи 5” маркийн гар утсыг 200,000 төгрөгөөр, “Самсунг А23’ маркийн гар утсыг 750,000 төгрөгөөр тус тус үнэлсэн” гэх шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 36/,

 

Алдагдсан гар утсыг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 09-12-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч гэрийн хаалга нь онгорхой, хажуугаар өнгөрч буй хүн гэрт нэвтрэн орохгүйгээр хаалганы ойролцоох эд зүйлийг авах боломжтой орхисон байдалд үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгэээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь зөв байна гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар буюу өмчлөгчид мэдэгдэлгүйгээр сэм авахыг ойлгох бөгөөд Д.С-гийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид 1,030,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна.

 

Иймд шүүгдэгч Д.С-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгосон ял, эрүүгийн хариуцлагын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч М.Э- нь “хохирлыг бүрэн барагдуулсан хохиролгүй болсон тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хавтаст хэргийн 78/ гэх хүсэлт гаргасан, гэмт хэргийн улмаас учирсан эдийн хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Б- овогт Д-ийн С-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, Д.С-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      Г.ГЭРЭЛТ-ОД