Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1025

 

 

 

 

 

 

 

 

 

    2022             08             12                                               2022/ШЦТ/......

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,

улсын яллагч: Т.Мижиддорж,

хохирогч Д.Е,

шүүгдэгч Э.Н /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх хэсэгт,  мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Э.Н-т холбогдох эрүүгийн 00000000000000 тоот хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

У овогт Э-ны Н /РД:0000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***-ны өдөр ****** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Тэнгэрийн хишиг ХХК-нд шарагч ажилтай, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Г ХК-ийн аж ахуйн хашаанд оршин суух хаягтай, урьд:

-Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 1 жил 2 сараар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 88 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 11 хоногийн хорих ялаар тооцож, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сар 11 хоногоор хорих ял оногдуулсан,

-Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сар 11 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 26 хоногийн хорих ялыг нэмж 1 жил 1 сар 26 хоногийн хорих ял шийтгэсэн,

   

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

 Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 00-00 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай хашаанд нэвтэрч хохирогч Д.Е-ийн монгол гэр болон зуух, янданг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Э.Н нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүкийн Зуух яндан авна, зарна" группэд "Тэмүүлэл Хязгааргүй" гэсэн хаягаар "Өлзий зуух зарна" гэсэн зарыг байршуулж Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 00-00 тоотод зарын дагуу холбогдсон хохирогч Г.Э-т хохирогч Д.Е-ийн өмчлөлийн зуухыг өөрийн зуух мэт итгүүлэн цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч өөрийн хаан банкны 000000000 дугаартай дансаар 75,000 төгрөгийг,

Мөн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүкийн "Гэр зарна. авна" группэд “Т   х” гэсэн хаягаар "Гэр зарна" гэсэн зарыг байршуулж Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 00-00 тоотод зарын дагуу холбогдсон хохирогч А.Н-ад хохирогч Д.Е-ийн өмчлөлийн монгол гэрийг өөрийн гэр мэт итгүүлэн цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч өөрийн хаан банкны 000000000 дугаартай дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж бусдад нийт 575.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 00-00 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай хашаа бүхий гэрт нь нэвтэрч хохирогч Д.Е-ийн 2.800.000 төгрөгийн  үнэ бүхий монгол гэр болон зуух, янданг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах замаар фейсбүүкийн "Гэр зарна. авна" группэд “Т   х” гэсэн хаягаар "Гэр зарна" гэсэн зарыг байршуулж, хохирогч А.Н-ад өөрийн гэр мэт итгүүлэн цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч худалдан, өөрийн хаан банкны 000000000 дугаартай дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Мөн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүкийн "Тэмүүлэл Хязгааргүй" гэсэн хаягаар "Өлзий зуух зарна" гэсэн зарыг байршуулж, хохирогч Г.Э-т хохирогч Д.Е-ийн дээрх зуухыг өөрийн зуух мэт итгүүлэн цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч худалдан өөрийн хаан банкны 000000000 дугаартай дансаар 75,000 төгрөгийг залилан авч бусдад нийт хулгайлах гэмт хэрэгт 2,800,000, залилах гэмт хэрэгт нийт 575.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-6-р хуудас/,

-Хохирогч Д.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүрэг дэх ажил дээрээ байж байхад Өмнөговь аймагт ажиллаж байгаа манай хүү Т-аас манай Толгойтод байдаг гэр байхгүй болсон байна гээд манай ээж аавын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойт 00-00 тоотод байх монгол гэр байхгүй доторх эд зүйлийг нь буурин дээр нь тараагаад орхисон зураг явуулсан байсан. Монгол гэр шалтай нь зуух яндангийн хамт аваад явсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28-р хуудас/,

-хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай охин болох Н 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчим өөрийн фэйсбүүк хаяг болох “Nandika Nandika” гэсэн хаягаар “зуух яндан авна, зарна” гэсэн фэйсбүүк группээс “Т   х” гэсэн хаяг руу зарын дагуу чатаар холбогдож Нарангийн голд байгаа үнийн хувьд 200.000 төгрөг гэж байсан тэгээд очоод үзэхэд зуух нь араараа хагарсан байсан тул манай эхнэр болих гээд тэгээд 75.000 төгрөгөөр авсан. Тэгээд Дарь эхэд аваачиж тавьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31- р хуудас/,

-хохирогч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчимд гэрийг нь утсаар заалгаж очиход цэнхэр өнгийн хашааны хаалгатай хашаа байсан. Хашаан дотор бариастай Монгол гэр байсан...тэгээд портертой найз Лхагвасүрэнг гуйгаад очсон ба тухайн залуутай утсаар ярьхад түрүүлээд очоод гэрээ буулгаж бай би очиж байна гэсэн. Тэгэхээр нь би хашааны хаалгыг онгойлгоод портероо оруулсан ба монгол гэрийн цоож болон үүдний амбаарын цоож нь түгжээгүй сул зүүчихсэн байсан. Тэгэхээр нь хамт яваа хүмүүсийн хамт буулгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59-р хуудас/,

- “Тэнцвэр эстимэйт ХХК”-ийн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан нийт 2.800.000 төгрөг /хавтаст хэргийн 19-20-р хуудас/,

-Э.Н-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 35-40-р хуудас/,

-Э.Н-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 34-р хуудас/,

-Шүүгдэгч Э.Н-ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12-р сарын 20-ны өдөр өөрийн “Т   х” гэсэн нэртэй фэйсбүүкнээсээ “Гэр зарна, авна” гэсэн нэртэй фэйсбүүк групп дээр “Гэр зарна” пост оруулсан. Тэгээд над руу хүмүүс чатаар холбогдсон ба миний дугаарыг асуухаар нь 000000000  дугаараа өгсөн. Над руу “hostsetseg” гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас надтай нэг эмэгтэй хүн холбогдсон. Тэр хүн надаас гэр хаана байгааг асуухаар Нарангийн голд байгаа очоод үзчих би ажилтай байна гэсэн. Тэгээд маргааш өглөө нь гэрийг нь үзчихлээ хэдэд өгөх вэ гэхээр нь 1,200,000 төгрөг гэхэд үнэтэй байна гээд хүнд буян болж байна, гэхээр нь ярилцаж байгаад 500,000 төгрөгөөр өгөхөөр тохирсон. Би тэр эмэгтэйд гэрээ буулгаад ачиж бай, араас нь би очино гээд хэлчихээд өөрийн “Т   х” гэсэн фэйсбүүк хаягнаас '“Өлзий зуух зарна” гэсэн пост оруулахад нэг эмэгтэй хүн холбогдоод зуухаа би 200,000 төгрөгөөр зарна гэхэд очиж үзэхээр болоод намайг машинтайгаа Ган хийцээс ирж авсан. Би Нарангийн голд байх гэр хашаан дээрээ очиход, гэр авна гэсэн хүн гэр буулгаад портер дээр ачиж байсан ба би зуухаа хамт ирсэн хүмүүст үзүүлэхэд 2-3 хагархайтай цуурсан зуух байна гээд 75,000 төгрөгөөр авахаар тохироод яндангийн хамт зуухаа аваад, миний хаан банкны 000000000 дугаартай данс руу хийлгэсэн. Тэгээд зуух авсан хүмүүс яваад, би үлдсэн ба нөгөө гэр авсан эгчтэйгээ тооцоо хийхээр болоод миний хаан банкны 000000000 дугаартай данс руу 500,000 төгрөгөөр хийлгээд би даараад байна та нар хаалгаа хаачихаарай гээд явсан....” гэж /хавтаст хэргийн 82-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хохирогч Д.Е шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх ихэнхдээ эзгүй байдаг учраас манай гэрийн хаалга болон хашааны хаалга хүртэл цоожтой байсан. Шүүгдэгч манай хашаа, гэрийг нээлттэй байсан гэж худлаа ярьж байна. Би хэзээ ч аав, ээжийнхээ гал голомтыг нээлттэй орхихгүй. Миний хувьд энэ хүн түрүүлж очоод бүх цоожийг нь эвдээд бэлдээд явсан байсан гэж бодож байна. Шүүгдэгч 2 хүний хохирлыг төлж барагдуулчхаад миний хохирлыг яагаад төлж барагдуулахгүй байгааг ойлгохгүй байна. Яагаад манай гэрийг цоожгүй байсан гэж ярьж байна вэ. Хэрвээ шүүгдэгч хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол Н-аас мэдүүлэг авч нэмэлт мөрдөн байцаалт явуулж шалгах хэрэгтэй. Энэ хүн санаатайгаар үйлдсэн, манай хамаатны дүүтэй ярьж гэрт хүн байхгүй гэдгийг мэдээд маш хурдан гэрийг ачиж зарсан асуудал байдаг. Манай гэрийг цоожгүй байсан гэж гүтгэж байгаад гомдолтой байна гэв.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Н нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Э.Н нь нууц далд аргаар, шууд санаатай үйлдлээр, Д.Е-ийн монгол гэр болон зуух яндан бүхий 2.800.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүн байнга амьдрах зориулалттай хашаа гэр рүү нэвтрэн үйлдэж авсан болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна. 

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Э.Н-ын үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн эд зүйлсийг нь хариу төлбөргүйгээр өөртөө шилжүүлэн авах зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр нууц аргаар үйлдсэн байгаа нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.   

Хохирогчийн их 5 ханатай монгол гэр 2.500.000 төгрөг, өлзий зуух, яндан 300.000 төгрөг нийт 2.800.000 төгрөг болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Н нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Д.Е-ийн монгол гэр болон зуух, янданг өөрийн өмчлөлийн гэж бусдад итгүүлэн цахим хэрэглэн ашиглан бусдад худалдаж, 575,000 төгрөгийн хохирол учруулсанаар хэд хэдэн гэмт хэрэгт тооцогдоно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Э.Н нь хууль зүйн хувьд шууд санаатайгаар дээрх арга үйлдлийн шинжээр Д.Е-т 2.800.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Н-ыг хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.Е нь “тээврийн хэрэгслийн зардал 150,000 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүгдэгч Э.Н-ыг гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар хохирогч Д.Е өөрийн гэр эд зүйлээ буцаан ачиж тээвэрлэхэд гарсан зардал нь зайлшгүй гарах зардал байх тул 150,000 төгрөгийг шүүгдэгч Э.Н-аас гаргуулан хохирогчид төлүүлэх нь хууль зүйн үндэслэл бүхий гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Э.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ял нь 4 жил 2 сарыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Хохирогч Д.Е-ийн хохирол төлбөр болох 150.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, цагдан хоригдсон  хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирүүлээгүй болно...” гэх дүгнэлт гаргасан,

Шүүгдэгчээс: “...хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гарч ирээд хохирлоо заавал төлнө. Ар гэртэйгээ холбоо барьж чадаагүй, намайг уучлаарай...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Э.Н-ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д 2-8 жилийн хорих ял шийтгэлтэй, 17.3 дугаар зүйлийн 1-д 6 сараас 3 жил хүртэл хорих ял шийтгэлтэй.

Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд өмнө энэ төрлийн буюу хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нь тогтоогдсон бөгөөд энэ эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй хэдий ч үүн дээр хохирол хор уршгийг бүрэн арилгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж зааснаар шүүгдэгч Э.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хорих ял дээр мөн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.Н-т нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-т оногдуулсан хорих ялыг, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

Шүүгдэгч Э.Н нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс нийт 5 /тав/ хоног цагдан хоригдсон хоногийг нь түүний эдлэх ялд оруулан тооцох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч У овогт Э-ны Н-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай хашаа бүхий гэрт нэвтэрч үйлдсэн, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

             2. Шүүгдэгч Э.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хорих ял дээр мөн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.Н-т нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар тогтоосугай. 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

             5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-аас  нийт 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Е-д олгосугай.

 

             7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ын цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг хорих ял эдлэх ялд оруулан тооцсугай.

 

              8. Шүүгдэгч Э.Н-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

             9. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

             10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.УРАНГУА