Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 133

 

           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19.. онд Х аймгийн Б суманд төрсөн, ... настай, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Б дүүргийн Э-ийн м тасагт с ажилтай, ам бүл 4, хоёр хүүхдийн хамт Б дүүргийн .. дүгээр хороо, Х-ийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Ш овогт Л-ийн З-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19... онд Х аймгийн Х суманд төрсөн. ... настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаанчин мэргэжилтэй, Б дүүргийн .. дүгээр хороо, У хорооллын .. дугаар байрны ... тоотод оршин суух, Ш овогт Б-ийн Б-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн Vitz маркын авто машины үнийн тавин хувь 2.000.000 төгрөг, цалингийн зээлийн тавин хувь 3.500.000 төгрөг, хашаа байшингийн үнэ 10.000.000 төгрөг нийт 15.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар  сарын 28-ны өдөр  хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.З, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.     

     ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Л.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.З нь Б.Б-тай 2005 онд танилцаад айл гэр болж сайхан амьдарч байлаа. Бидний дундаас 2005 онд охин Б.Б, 2008 онд хүү Б.Б нар төрсөн, одоо эрүүл саруул бойжиж байна. Би тухайн үед Б дүүргийн Э тасагт с-аар ажиллаж байсан. Харин нөхөр маань надтай гэрлэсэн цагаасаа хойш огт ажил хийгээгүй, байнга архи уудаг байсан. Б нь П.Б гэх эмэгтэйтэй сүүлийн 3 жилийн хугацаанд гэр бүлийн харилцаатай байх болсон. Би энэ байдлыг тэвчиж, хүүхдүүдээ бодон эргэж хамт амьдарсан боловч Б-ын энэ байдал засрахгүй гэрээсээ 7-14 хоногоор яваад нөгөө гэртээ очоод л амьдарчихдаг. Одоо би 2 хүүхэдтэйгээ дүүгийндээ амьдарч байна, Б гэрээ өгсөн боловч барих газар байхгүй, дээвэр туурга муутай амьдрах нөхцөл байхгүй байна. Бид 2005-2014 он хүртэл хамт амьдарч, 2014-2016 оны хооронд тусдаа амьдарсан энэ хугацаанд Б өөр эмэгтэйтэй гэр бүлийн харилцаа тогтоосон байсан. 2016 оноос эргэн хамт амьдарсан боловч яг байдаг хэвээрээ гэртээ ирэлгүй олон хонодог энэ хүн хамт амьдарч байхдаа санаачлагатай амьдарч байгаагүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж хүүхдүүдийг минь миний асрамжид үлдээн эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү, мөн дундын өмчлөлийн Vitz маркын авто машины үнийн тавин хувь 2.000.000 төгрөг, цалингийн зээлийн тавин хувь 3.500.000 төгрөг, амьдрах хашаа байшин авахад 10.000.000 төгрөг нийт  15.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэв.  

Нэхэмжлэгч Л.З шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхээс өгсөн эвлэрүүлэх 3 сарын хугацаанд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч болон Багануур дүүргийн Хүүхэд, Гэр бүл, Залуучуудын хөгжлийн хэлтсийн Гэр бүлд зөвөлгөө өгөх төвөөр үйлчлүүлж байхыг даалгасан захирамж гарсан боловч өнгөрсөн 3 сарын хугацаанд Б нь хүүхдүүдтэйгээ нэг ч удаа утсаар ярьж байгаагүй, би Б руу өөрөө залгаж ярьдаг байсан. Өнгөрсөн 3 сарын хугацаанд хүүхдүүдээ 300.000 төгрөг өгсөн. Би Б-д салсныхаа дараа хангалттай эвлэрэх боломж олгож араас нь хөөцөлддөг байсан. Одоо би хариуцагчтай эвлэрэх хүсэлгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, Vitz маркийн авто машины үнийн тавин хувь 2.000.000 төгрөг, цалингийн зээлийн тавин хувь 3.500.000 төгрөг, хашаа байшингийн үнэ 10.000.000 төгрөг нийт 15.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид эвлэрэх хүсэлгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулахыг зөвшөөрч байна. Дундын өмчлөлийн Vitz маркын авто машины үнийн тавин хувь 2.000.000 төгрөг, цалингийн зээлийн тавин хувь 3.500.000 төгрөг нийт 5.500.000 төгрөгийг 2018 оны 6 сарын 20-ны өдөр төлөхөөр, хашаа байшингийн 10.000.000 төгрөгийг явцын дунд бага багаар төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Л.З хариуцагч Б.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн Vitz маркын авто машины үнийн тавин хувь 2.000.000 төгрөг, цалингийн зээлийн тавин хувь 3.500.000 төгрөг, хашаа байшингийн үнэ 10.000.000 төгрөг нийт 15.500.000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.   

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

           Нэхэмжлэгч Л.З, хариуцагч Б.Б нар нь 20... оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж, 20... оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 20... оны 10 дугаар сарын 31-ний өдөр охин Б.Б, 20.. оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүү Б.Б нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.  

  Зохигчид нь 2016 оноос хойш хувийн таарамжгүй харьцаанаас болж хамтран амьдраагүй 2 жил болсон, шүүхээс гэрлэгчдэд эвлэрэх арга хэмжээ авч хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй, эвлэрэх талаар хэн аль нь санаачлага гаргаагүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч нэхэмжлэгч уулзалтанд ирээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл зэргээр тогтоогдсон, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална” гэж зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийн амьдрах орчин, сурч боловсрох, хүмүүжих нөхцөл, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан охин Б.Б, хүү Б.Б нарыг эх Л.Згийн асрамжид үлдээж, эцэг Б.Б-аас тэтгэлгийг сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.    

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.Б-аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг  хариуцагч Б.Б анхаарвал зохино.

           Тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/13 тушаалаар тогтоосон 198.600 төгрөгөөр тооцов.

           Нэхэмжлэгч Л.З улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496.105 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагчаас 469.105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Зд олгох, нэхэмжлэгч нь тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 326.911 төгрөгийг тал хувиар багасгаж төлсөн 163.455 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Л.З-д дундын өмчлөлийн Vitz маркын авто машины үнийн тавин хувь 2.000.000 төгрөг, цалингийн зээлийн тавин хувь 3.500.000 төгрөг нийт 5.500.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр, хашаа байшингийн үнэ 10.000.000 төгрөгийг явцын дунд бага багаар төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн болохыг дурдах зүйтэй.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ш овогт Б-ийн Б, Ш овогт Л-ийн З нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Б.Б, хүү Б.Б нарыг эх Л.З-гийн асрамжид үлдээсүгэй.  

            3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд  зааснаар  20... оны 4 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн хүү Б.Б-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 20 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Б-г 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг Б.Б-аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

         4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Баас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.   

               5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Л.З-д даалгасугай.

               6.Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Б нь дундын өмчлөлийн Vitz маркын авто машины үнийн тавин хувь 2.000.000 төгрөг, цалингийн зээлийн тавин хувь 3.500.000 төгрөг нийт 5.500.000 төгрөгийг 2018 оны 6 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Л.Зд төлөхөөр зохигчид эвлэрснийг, хашаа байшингийн үнэ 10.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрснийг тус тус баталсугай.

   7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.З нь 163.455 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн болохыг дурдсугай.

               8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469.105 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 469.105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.З-д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 163.455 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

  9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.

    10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ