Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/191

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Д.Сүхболд нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Сүхболдод холбогдох эрүүгийн 2215000000159 дугаартай, 163/2022/0177/Э индекстэй хэргийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Балиг овогт Должинсүрэнгийн Сүхболд, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1982 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын * дүгээр багт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, 40 настай, эрэгтэй, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, РД: ГН82032718.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Сүхболд нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны орой Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Лхагва-Очирын нүүрэн тус газарт нь алгадах, хөлөөрөө дэвсэх, өшиглөх зэргээр бие, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг,  эрүүгийн 2215000000159 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Сүхболд нь  Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нэгдүгээр багийн нутаг Цагаан булан гэх газар гэртээ 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгаас Төв аймгийн Заамар сумын чиглэлд Верна аксент загварын 63-93 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчин яваад тээврийн хэрэгсэл нь эвдэрсэний улмаас тодорхой хугацаагаар саатаж хоол, унд идэхээр гэртээ ирсэн Д.Лхава-Очир, П.Батпүрэв нартай “танилцсан”  гэх шалтгаанаар архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Д.Лхагва-Очирын бие, эрх чөлөөнд халдаж, түүний эрүүл мэндэд хэвлий, нуруу, зүүн гуя, уруулын зөөлөн эдэд 6 тооны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Сүхболдын өгсөн: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Бид нар зодолдоод намайг ч зодсон. Хэргийг шалгахдаа арай нэг талыг барьчихсан юм болов уу гэж бодож байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Лхагва-Очирын өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгаас Төв аймгийн Заамар сум руу ажилдаа явахаар өөрийн эзэмшлийн Верна аксент загварын 63-93 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй дүү Батпүрэвийн хамт гарсан. Тэгээд 14 цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүр гараад Цагаан булан гэх газарт машин эвдэрсэн. Тэгээд тэндээ машинаа засах гээд нилээн хэдэн цаг болоод засал авахгүй болохоор нь Хөвсгөл рүү сэлбэг захьчихаад ойрхон байсан айлруу очиж цай ууя гээд ортол ганцаараа амьдардаг бололтой Сүхболд гэх залуу байсан. Түүнтэй танилцаж хоол, цай идэж уучихаад гадаа гарч гишүү хагалаад ороод иртэл Батпүрэв, Сүхболд нар нь тал шилтэй архи гаргачихсан уугаад сууж байсан. Тэгээд бид нар архиа уугаад дуусаж байтал Сүхболд найз руугаа залгаад нэг шил архи захисан ба 21 цагийн үед найз нь 0.75 литрийн хэмжээтэй архи авч ирсэнийг нь уугаад байж байтал Хөвсгөлөөс сэлбэг ирсэн гэхээр нь яваад очтол буруу сэлбэг байсан. Тэгээд манай дүү Сүхболдын таньдаг хоёр хүнтэй хамт обуд олж ирэх гээд яваад  буцаж ирэхдээ Сүхболдод баярлалаа гээд нэг шил архи авч ирсэн байсан. Архиа уугаад байж байтал Сүхболд нь шалтгаангүй намайг алгадахаар нь “яаж байгаа юм” гэтэл дахин гараараа элгэдээд газар унахад дээрээс дэвсээд байсан. Маргааш нь би босож чадахгүй болохоор нь цагдаад өргөдөл өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07 дугаар тал/,

3. Гэрч П.Батпүрэвийн өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 07-ны өглөө ах Лхагва-Очирын хамт Хөвсгөл аймгаас Төв аймгийн Заамар сум руу явсан. Тэгээд 14 цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүр гараад явж байтал машин эвдэрсэн. Тэгээд машинаа засах гээд нилээн хэдэн цаг болоод засаж болохгүй болохоор нь 19 цагийн үед Хөвсгөл аймаг руу сэлбэг захичихаад ойрхон айл байхаар нь орж цай ууя гээд ортол 40 орчим насны ганц бие бололтой эрэгтэй хүн байсан ба өөрийгөө Сүхбат гэж танилцуулсан. Тэгээд би хоол идчихээд юм яриад сууж байтал Сүхболд тал шилтэй архи гаргаж ирээд тэр архийг нь бид 3 хамт ууж дуусаад Сүхболд найз руугаа архи аваад ир гэж хэлтэл нь найз нь архи авчирсан. Тэгсэн архиа уугаад сууж байтал 23 цагийн орчимд машины сэлбэг ирчихлээ гэхээр нь яваад очтол буруу сэлбэг байсан. Тэгэхээр нь би  Сүхболдын таньдаг хоёр хүнтэй хамт Хутаг-Өндөр сум руу обуд олж ирэхээр явсан. Сумын төвөөс ирэхдээ Сүхболдод баярлалаа гээд нэг шил архи авч ирсэн ба бид гурав авчирсан архиа уугаад байж байтал Сүхболд учиргүй Лхагва-Очир ахыг алгадаад байсан. Тэгсэн ахын хамарнаас нь цус гараад ах босч ирээд “яаж байгаа юм бэ?” гэтэл гараараа элэгдэж газар унагаагаад дээрээс нь дэвсээд байсан. Тэгээд над дээр ирээд намайг газар унатал цохиж зодоод байсан. Намайг элгэдэж унагаагаад зүүн талын бөөр лүү өшиглөсөн. Нэг сэрэхэд өглөө болчихсон байсан бөгөөд босох гэтэл босч чадахгүй байхаар нь цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

4. Гэрч Т.Намнангийн өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 19 цагийн орчимд гэртээ байхад Сүхболд залгаад “дансаар мөнгө хийе, надад хоёр хайрцаг тамхи, нэг шил архи дөхүүлээд өгөөч” гэхээр нь би Уламбаяр, Хүрлээ гэх хоёр хүний хамт архи аваад очсон. Биднийг очиход Сүхболдын гэрт танихгүй хоёр хүн байсан. Тэр хоёр хүний машин нь эвдэрсэн юм шиг байсан. Сүхболд хэлэхдээ “энэ хоёр хүн Хөвсгөлөөс Заамар орж яваа юм, машин нь эвдрээд сэлбэг захьтал таарахгүй байна, чамтай цуг сумын төв ороод сэлбэг авъя гээд гуйгаад байна” гэхээр нь би дагуулж сумын төв ороод обудыг нь аваад эргээд иртэл нөгөө обуд нь таараад машинаа асаагаад Сүхболдынх руу явсан.  Бид хэд гэрлүүгээ буцсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

5. Гэрч Д.Бямбажавын өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Батпүрэв гэх хүн над руу залгаад бид хоёр Мөрөн рүү явж байна Лхагва-Очир ах хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би та хоёр явж байгаад залгаарай би тосоод авъя гэж хэлсэн. Тэгээд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Зүлэгтийн гүүр орчимд Лхагва-Очирыг тосож аваад Мөрөн сумын Жаргалант гэх эмнэлэгт хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

6. Гэрч Б.Булганбатын өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн орчимд амбулаторын үзлэгээр хүнд зодуулсан гэх эрэгтэй хүн ирж үзүүлсэн. Юу болсон талаар асуухад Хөвсгөл аймгаас Заамар явж байх замд машин эвдрээд нэг айлд очтол очсон айлынхаа хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Ерөнхий үзлэгээр Лхагва-Очирын ууц, нуруу өвчтэй, толгой, хэвлий хэсгээр өвдөнө гэсэн зовиуртай байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

7. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 507 дугаартай: Д.Лхагва-Очирын биед хэвлий, нуруу, зүүн гуя, уруулын зөөлөн эдэд 6 тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

8. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч  Д.Сүхболдын гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 16-17 цагийн орчимд манай гэрт гаднаас нэг танихгүй хүн орж ирээд алх ч юм уу, юм цохичихоор эд зүйл байна уу, машин эвдэрчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийн үүдэнд байгаа гэж зааж өгсөн. Удалгүй  нөгөө алх авч явсан залуу өөр залуутай орж ирэхээр нь бид гурав танилцаад би хоол хийж өгөөд гэрт байсан тал шил архийг гаргаж хувааж уусан. Архиа уугаад дуустал тэр хоёр залуу архи хаанаас авах вэ? дахиад архи уумаар байна гэхээр нь сумын төвөөс наашаа архи олдохгүй гэж хэлтэл танд танидаг архи захичихаар хүн байна уу? мөнгийг нь шилжүүлье гэхээр нь би өөрийн танил Ганаа руу залгаад архи захисан. Ганаа ирэхдээ нэг шил авчирсан ба бид гурвыг тэр архийг ууж байх хооронд тэр хоёр хүний машиныг нь засаж өгсөн. Гэтэл Батаа гэх залуу нь дахиад нэг шил архи захичихаач гэхээр нь Намнан руу ярьж архи захисан. Тэгээд бид гурав авчирсан архийг мөн л хувааж уусан. Нэг мэдсэн би согтсон байсан. Лхагваа гэх залуу нь надад илбэ үзүүлж байсныг санаж байна. Тэгээд маргааш нь намайг Хутаг-Өндөр сумын цагдаа дуудаад “та хүн зодсон байна” гэж хэлсэн. Би хамт архи ууж байсан Лхагваа гэх хүний нүүр лүү нэг удаа алгадсанаа санаж байгаа. Би архи уусан үедээ Лхагваа гэх хүнийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Лхагва-Очир, гэрч П.Батпүрэв, Т.Намнан, Д.Бямбажав, Б.Булганбат нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Сүхболдын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Д.Сүхболд нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны орой Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Д.Лхагва-Очирын нүүрэн тус газарт нь алгадах, хөлөөрөө дэвсэх, өшиглөх зэргээр бие, эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хэвлий, нуруу, зүүн гуя, уруулын зөөлөн эдэд 6 тооны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 507 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон хохирогч Д.Лхагва-Очирын нүүрэн тус газраа алгадуулах, дэвсүүлж өшиглүүлсэний улмаас хэвлий, нуруу, зүүн гуя, уруулын зөөлөн эдэд учирсан 6 тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Сүхболдын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.  

Шүүгдэгч Д.Сүхболдын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулсанаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Сүхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.Сүхболдын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Д.Лхагва-Очир мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд 550,000 төгрөг, замын зардал 270,000 төгрөг, буудал, хоол хүнсний зардалд 460,000 төгрөг буюу нийт 1,280,000 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтыг  ирүүлсэн байх ба /хавтаст хэргийн 63-71 дэх тал/ шүүгдэгч Д.Сүхболд нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 840,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлсөн, харин үлдэх хохирлыг шүүхийн шатанд төлсөн нь хохирогч Д.Лхагва-Очирын шүүгчийн туслахтай ярьж, “Сүхболд миний хохирлыг барагдуулсаан, шүүх хуралд очиж чадахгүйнээ. Сүхболдтой ярьсан” гэх 80668881 дугаараас ирүүлсэн зурвасаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Сүхболдыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Сүхболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Д.Сүхболдын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Сүхболдын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 39-51 дэх талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Сүхболд нь 40 настай, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нэгдүгээр багт мал маллан амьдардаг, урьд нэг удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Сүхболд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сүхболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Сүхболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Балиг овогт Должинсүрэнгийн Сүхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сүхболдыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сүхболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.Сүхболдод нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД