Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1046

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2022             08             22                                                     2022/ШЦТ/0000

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,

улсын яллагч: Б.Ундрах,

хохирогч Л.Э,

шүүгдэгч Х.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Х.М-д холбогдох эрүүгийн 0000000000 тоот хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Х-гийн М /РД:0000000/,

Монгол Улсын иргэн, **** оны *** сарын **-ны өдөр ***** аймгийн***** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, өрмийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ах, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо Орбитын 67-2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.М нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Орбитын 00-00 тоот болох гэртээ хохирогч Л.Э-ыг “гар утас хулгай хийлээ гэж хэллээ гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, улмаар гурилын элдүүр, төмөр данх зэргээр толгойн тус газарт нь цохиж, зодон биед нь зүүн талын дух, чамархай, зулай хэсгийг нэлэнхийд хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дух, зүүн чихний дэлбээ, хөхлөг сэртэн, дагз, сээр, бүсэлхийд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Х.М нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Орбитын 00-00 тоот болох гэртээ хохирогч Л.Э-ыг “гар утас хулгай хийлээ гэж хэллээ” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, улмаар гурилын элдүүр, төмөр данх зэргээр толгойн тус газарт нь цохиж, зодон биед нь “зүүн талын дух, чамархай, зулай хэсгийг нэлэнхийд хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дух, зүүн чихний дэлбээ, хөхлөг сэртэн, дагз, сээр, бүсэлхийд цус хуралт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

-Хохирогч Л.Э-ын цагдаагийн байгууллагад гаргасан ...Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Буман-Өлзий хорооллын урд байрлах жижиг гүүрний орчим бусдад зодуулсан..." гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 12-р тал),

-Хохирогч Л.Э-О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр найз Базарсадтай гэрийнхээ ойролцоо уулзаад том савтай "Сэнгүр" пиво нэг ширхэгийг хувааж уугаад бид хоёр оройн 22 цагийн үед салаад, би гэр лүүгээ орох гэж байхад над руу М  00000000  гэсэн дугаараасаа залгаад, “манай гэрт хүрээд ирээч хамт жоохон архи ууя” гэж дуудсан. Тэгээд би зөвшөөрөөд Х.М ахын гар буюу Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 0-0 тоот гэрт нь ...оройн 23 цагийн үед орчиход М  ганцаараа 0,76 граммын нэг шил архийг уугаад сууж байсан. Тэгээд бид хоёр хамт архи уугаад шөнийн 01 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 09 сарын 04-ний өглөө 10 цагийн үед сэрэхэд М  "дахиад нэг шил архи ууя" гэхээр нь 0.6 граммын нэг шил архи аваад, бид хоёр хувааж ууж дуусахад, М  дахиад архи ууя гэхээр нь би одоо болсон, архи уухгүй болье гэж хэлээд гэрээс нь гараад, биеэ засаад ороод ирэхэд ширээн дээр нь байсан миний Самсунг нөүт-4 маркийн гар утас алга болчихсон байхаар нь М од хандан "энэ гэрт хоёулаа л байсан шдээ, сая ширээн дээр тавиад гарсан утас алга болчихсон байна, зүгээр гаргаад өгчих" гэхэд М  би аваагүй яахлаараа би авдаг юм бэ" гээд уурласан. Тэгэхлээр би гэрээс нь гараад гэрийнхэн ойролцоо хашаан дотор гар утсаа хайж байгаад гэрийнх нь ард байрлах улаан тоосгон байшингийн баруун талаас өвсөн дотроос олсон. Тэгээд би гар утсаа аваад гэрт ороод М од хандан "битгий ийм муухай арчаагүй зан гаргаж байлдаа" гэсэн чинь М  бантаад шууд миний баруун талын шанаа руу алгадаад авахаар нь "одоо болио" гэж хэлэхэд М  гурил элддэг ганжин модыг аваад миний зүүн талын чамархай хэсэгт нэг удаа цохиход толгой эргээд сонин болоод суухад тэр модоороо үргэлжлүүлээд нуруу луу 3-4 удаа цохиод авахаар нь би боль гээд цаашаа түлхэхэд төмөр данх аваад дахиад толгойн зүүн талын чамархай хэсэг рүү 4-5 удаа цохиход, "одоо болио яаг үхлээ, миний гар утсыг аваа" гээд өгөхөд М  гар утсыг аваад гэрээс гараад явсан. Тэгээд миний толгой өвдөөд сонин болоод ор нь дээр нь хэвтэж байгаад хэсэг 4-5 цаг унтаж байхад М  Очироо гээд дуудаад сэрээсэн. Тэгээд би босоход миний толгой өвдөөд хөдөлж чадахгүй байна, чи түргэн тусламж дуудаад өг гэж хэлэх М  түргэн тусламж дуудсан... Би шүүх эмнэлгийн №000  дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд учирсан гэмтлийн надад М  учруулсан...Би гомдолтой байна. Би М оос ээжийн авсан тэтгэврийн 2,652,944 төгрөг миний группийн зээл 1,963,920 төгрөгийг нэхэмжилж байна. Бусад баримтаар гаргасан эмчилгээний зардлыг төлж барагдуулсан..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36, 43-р хуудас/,

Гэрч И.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Э-ын төрсөн ээж нь байгаа юм...Манай хүүхэд Э 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хамгаалалтын ажилд орно гэж хэлээд цүнхтэй хувцасаа аваад гараад явсан. Тэрнээс хойш холбоо бариагүй байж байгаад 2 билүү 3 хоногийн дараа хүнд зодуулчихлаа гээд гэртээ ороод ирэхэд хүүхдээсээ хаана, хэнд зодуулсан талаар асуухад юм хэлэхгүй байсан. Тэгээд хүүхдээсээ юу болсон талаар шалгаасаар байгаад асуухад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр өргөдөл гаргасан байгаа гэж хэлсэн. Манай хүүхэд тухайн үед мөнгө төгрөг байхгүй улмаас толгойны зураг авхуулж чадаагүй 10 орчим хоног алдаад бие нь муудсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр ирээд үзүүлэхэд яаралтай хагалгаанд оруулна гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Манай хүүхэд тархины хагалгаанд орсон ба толгойдоо 8 шруп 4 резво хийлгэсэн. Тархины хүнд хагалгаанд орсон. Одоо биеийн байдал нь маш муу байгаа бөгөөд зүгээр байж байгаад ухаан алдаад уначихдаг болсон. Мөн хар залуугаараа тархины хагалгаанаас болж группэд орсон. Иймд миний бие маш гомдолтой байна. Манай хүүхдийг зүгээр эрүүл байж байхад М  гэх залуу зодож насан туршина эрэмдэг болгосон. Би тухайн үед М  манай хүүхдийг манай байрны Алтанцэцэг гэдэг эмэгтэй танай хүүхэд М  гэдэг залууд зодуулчихсан юм байна лээ ш дээ" гэж хэлсэн. Манай хүүхэд Э М  хоёр бөөгөөр хоорондоо холбоотой юм байна лээ... Би М од маш их гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000  дугаартай:

“...1. Л.Э-ын биед зүүн талын дух, чамархай, зулай хэсгийг нэлэнхүйд хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дух, зүүн чихний дэлбээ, хөхлөг сэртэн, дагз, сээр, бүсэлхийд цус хуралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 83-86-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

-Шүүгдэгч Х.М яллагдагчаар өгсөн: “...би Э-той маргалдаж байхдаа толгой, нүүр хэсэг рүү нь 2-3 удаа гараараа цохисон мөн гурилын элдүүр модоор нүүр рүү нь 2 удаа цохисон, ширээн дээр байсан данхаар толгой руу нь 1 удаа цохисон. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг би цаашдаа баримтаар гарсан эмчилгээний зардлыг бүрэн төлнө...” гэж /хавтаст хэргийн 106-р тал/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 109-р хуудас/ иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 116-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 118-р хуудас/, эд хөрөнгийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 120-р хуудас/ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 122-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэсийн лавлагаа /хавтаст хэргийн 124-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Хохирогч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би найзтайгаа уулзаад байж байтал Х.М залгаад хүрээд ирээч гэсэн. Би М ынд архи уугаад унтаж сэрээд маргааш нь нэмж архи уугаад байж байтал миний гар утас алга болсон байсан. Би М од хандаж энэ гэрт хоёулаа л байна миний утсыг гаргаад өгчих гэхэд би аваагүй, чи өөрөө хаячихсан юм байгаа биз дээ гэсэн. Би гар утсаа гарч хайж байгаад байшингийн арын өвсөн дундаас олсон. М ынд орж ирээд М од хандаж битгий ийм арчаагүй бай, адилхан архи уучихаад яах гэж нэгнийхээ утсыг авдаг юм гэж хэлэхэд намайг гараараа алгадаж аваад, гурилын ганжингаар цохиход би муужирч унаад болио гээд дуу гарч чадахгүй байхад данхаар толгой руу нэмж цохисон. Орой толгой өвдөөд байсан учраас түргэний эмч дуудсан. Намайг авч явах гэхэд босч чадахгүй байсан учраас эм уугаад, өглөө нь цагдаа дуудаж М ын гэрээс явсан. Хохирол төлбөрийн тухайд хагалгааны зардал 800.000 төгрөг, эм тарианы мөнгө 300.000 төгрөг болсон. Миний группийн зээл болон ээжийн тэтгэврийн зээл нийлээд 3.500.000 төгрөгийг эмчилгээндээ зарцуулсан. М оос нийт 670.000 төгрөг авсан...” гэв.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.М нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000  дугаартай дүгнэлтээр хохирогч Л.Э-ын эрүүл мэндэд “зүүн талын дух, чамархай, зулай хэсгийг нэлэнхийд хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дух, зүүн чихний дэлбээ, хөхлөг сэртэн, дагз, сээр, бүсэлхийд цус хуралт гэмтэл бүхий амь насанд аюултай” гэмтлийн хүнд зэрэг тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Х.М нь хохирогч Л.Э-ын толгойн тус газарт гурилын элдүүр, төмөр данх зэргээр хэд хэдэн удаа цохиж байгаа нь хууль зүйн хувьд “шууд санаатай” үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Х.М нь хохирогч Л.Э-ын эрүүл мэндэд халдаж зодсон нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х.М ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Л.Э нь “эмчилгээний зардал 573.900 төгрөг авсан, эм тарианы зардал 900,000 төгрөг, ээжийн болон группийн зээл 3,500,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэвч хохирогч Л.Э эрүүл мэндэд учирсан хохирлын бодит зардлын баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэх үндэслэлгүй байна.

Иймд хохирогч Л.Э учирсан гэмтэл, эрүүл мэндийн байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг гурилын элдүүр мод, нэг ширхэг төмөр данхыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай. Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэсэн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Х.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.      

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиногэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байнагэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Иймд шүүгдэгч Х.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг улсын яллагчийн санал болгосныг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг нь харгалзан хөнгөрүүлж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Х.М ын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг гурилын элдүүр мод, нэг ширхэг төмөр данхыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдав.

Шүүгдэгч Х.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Х-гийн М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Х.М-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг гурилынэлдүүр мод, нэг ширхэг төмөр данхыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Э гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          6. Шүүгдэгч Х.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

 

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.УРАНГУА