Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/192

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Ж.Лундаа нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Лундаад холбогдох эрүүгийн 2215000000188 дугаартай, 163/2022/0181/Э индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ямаачин овогт Жаргалын Лундаа, Булган аймгийн Сайхан суманд 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, Булган аймгийн ** сумын ** дугаар багийн ** дугаар гудамжны 24 тоотод оршин суух бүртгэлтэй, Булган аймгийн ** сумын ** дугаар цэцэрлэгт жижүүр ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 37 настай, эрэгтэй, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 280 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, РД:ГЗ85081013.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Лундаа нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 2Б хэсгийн 17-1706 тоотод оршин суух Н.Эрдэнэчулууны гэрт эхнэр Г.Баасанжаргалтай гэр бүлийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт нь аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000188 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ж.Лундаа нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 2Б хэсгийн 17-1706 тоотод оршин суух Н.Эрдэнэчулууны гэрийн гадаа орхисон тээврийн хэрэгслээ авахаар эхнэр  Г.Баасанжаргалын хамт очсон үедээ өмнө үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй дахин хоорондоо дахин маргаж, Ж.Лундаа нь ширээн дээр байсан цайны шилэн аягыг Г.Баасанжаргал руу шидсэний улмаас нүүрэн тус газарт нь онож, түүний биед дух, баруун нүдний дээд зовхи, баруун нүдний урд буланд шарх, дух, хамрын нуруу, дээд уруулан дээр зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Лундаагийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Баасанжаргалын өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн үед манай нөхөр Лундаа ажил дээрээ очиж саравч янзална гээд гараад явсан. Удалгүй 11 цагийн үед надруу залгаад цуг ажилладаг Эрдэнэчулуун ахын амралт дуусаад ажилдаа орсон. Амралтын юм гээд нэг пиво авч өглөө, энийг уулаа, өнөөдөр бороо ороод байна ажлаа зогсоолоо, хань нь дэлгүүрээс пиво авчихъя, хүний юмыг яаж зүгээр уухав гэх утга бүхий зүйл ярихаар нь би тэг тэг хань, Тээл дэлгүүр дээр хүүхдүүддээ юм аваад байж байна гэж хэлэхэд “би яваад очъё” гээд Тээл дэлгүүрт ганцаараа орж ирэхээр нь би за аятайхан уучихаад хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр 2.5 летрийн савалгаатай Нийслэл нэртэй пиво аваад дэлгүүрээс гараад явсан. ...Тэгээд 14 цагийн орчимд юу болж байна гээд залгатал миний хань ингэсгээд намайг ирээд авчих гэхээр нь удалгүй би очсон. Намайг очиход Эрдэнэчулуун ах буйдан дээрээ унтаж байсан,  манай нөхөр эхнэртэй нь пивоо уугаад дуусаж байсан. Тэгж байхад манай нөхөр гэр бүлийн асуудлаа утсаар хүнтэй яриад байхаар нь дургүйцлээ илэрхийлсэн, түүнээс болоод бид хоёр маргалдсан. Бид хоёр маргалдаж байгаад Эрдэнэчулуун ахаар хүргүүлсэн, би Эрдэнэчулуун ахын гэрийн гадаа машинаа үлдээчихсэн байсан. ...1-2 цагийн дараа буцаад Эрдэнэчулуун ахын гэрийн гаднаас машинаа авах гээд очсон.  ...Тэднийх хоол хийж байсан учир хоол идчихээд яв гэхээр нь хоол идэх гээд байж байтал нөхөр бид хоёр дахин маргалдаж эхэлсэн. Тэгтэл нөхөр ууж байсан пивоныхоо аягыг над руу авч шидсэн ба миний дух хэсгийг онож, цус гарсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

3. Гэрч Н.Эрдэнэчулууны өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Лундаа, Цэрэнтогтох бид гурав ярьж байгаад Ерөөл нэртэй архи, мөн 2,5 литрийн хэмжээтэй 2 сав пиво авсан. Бид гурав манай гэрт очоод авсан архи, пивоо уусан. Би архи, пивоо ууж дуусаагүй байтал тасраад унтчихсан байсан. Унтаж байхад эмэгтэй хүн орилох шиг болохоор нь сэртэл Лундаагийн эхнэр Баасанжаргалын цус нь гойжсон байдалтай сандал дээр сууж байсан. Тэгэхээр нь би Лундааг загнахад “уучлаарай ахаа” гээд гараад явсан. Тэгээд манай эхнэр Баасанжаргалыг аваад эмнэлэг орсон. Би унтаж байсан учир яг яагаад цус гарсан гэдгийг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

4. Гэрч Б.Батзаяагийн өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн орчимд гэртээ хүүхдүүдийн хамтаар байж байтал манай нөхөртэй хамт ажилладаг Лундаа миний гар утас руу залгаад хоол хийсэн үү? гэж асуухаар нь одоо хийх гэж байна гэтэл за удахгүй очлоо гэж хэлсэн. Удалгүй Лундаа, манай нөхөр Эрдэнэчулуун, Цэрэнтогтох гурав архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай согтуу орж ирээд гаднаас авчирсан пивоо ууж байсан чинь Цэрэнтогтохыг эхнэр нь дуудаад байна гээд явчихсан. Тэгж байтал гаднаас Лундаагийн эхнэр нь хүүхэдтэйгээ хамт орж ирээд Лундаатай маргалдаад машиныхаа түлхүүрийг Лундаа руу шидчихээд хоёр хүүхдээ дагуулаад гадаар явсан. Бид нар авчирсан пивоо уугаад сууж байтал Лундаа эхнэрлүүгээ залгаад намайг ирээд ав гэсэн. Удалгүй гаднаас эхнэр нь орж ирээд тэр хоёр дахин маргалдсан. Маргалдаж байхдаа ламд үзүүлсэн талаараа ярьж муудалцаж байсан. Удалгүй Лундаа ширээн дээр байсан аягыг аваад эхнэр лүүгээ шидчихсэн. Тэгээд манай нөхөр унтаж байснаа сэрээд Лундааг загнасан. Би Баасанжаргалыг аваад эмнэлэг орсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-55 дахь тал/,

5. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 107 дугаартай: Г.Баасанжаргалын биед дух, баруун нүдний дээд зовхи, баруун нүдний урд буланд шарх, дух, хамрын нуруу, дээд уруул дээр зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Дух, баруун нүдний дээд зовхи, баруун нүдний урд буланд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахаар байсан тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дух, хамрын нуруу, дээд уруулын дээр зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ж.Лундаагийн гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ажиллахаар болоод манай ажлынхан ажил дээрээ цугларсан. Тухайн өдөр манай ажлын ахын ээлжийн амралт нь дуусч ажилдаа орсон гээд нэг шил архи авч ирээд тэрийг нь бид нар хувааж уусан. Тэгээд архи уусан учир ажлаа маргааш хийе гэж тохироод Эрдэнэчулуун ахын гэрт очиж эхнэрийнх нь хамтаар дөрвүүлээ архи, пиво уусан. Бид нар тэнд хоол хийж идчихээд байж байтал манай эхнэр ирсэн. Эхнэр ирээд бид хоёр маргалдаад би пиво ууж байсан шилэн аягаа шидээд эхнэрийнхээ дух хэсэгт нь оносон. Би уучлалт гуйх гээд дүү Отгончимэгийг дагуулаад очиход эхнэрийн дүү нар хөөгөөд байхаар нь дүүгийндээ очоод унтах гэж байтал цагдаа нар ирээд би эрүүлжүүлэх байранд хоносон. Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.  Дахин ийм үйлдэл гаргахгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал /, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилэн аяганы хагарсан хэсгүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн болон биет нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Баасанжаргал, гэрч Н.Эрдэнэчулуун, Б.Батзаяа нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ж.Лундаагийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад Г.Баасанжаргалын нүүрэн тус газраа шилэн аягаар цохиулж, биедээ дух, баруун нүдний дээд зовхи, баруун нүдний урд буланд шарх бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт нь шүүгдэгч Ж.Лундаагийн 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган сумын хоёрдугаар багийн 2Б хэсгийн 17-1706 тоотод оршин суух Н.Эрдэнэчулууны гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Баасанжаргалын бие, эрх чөлөөнд халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд Ж.Лундаа гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 107 дугаартай дүгнэлтээр хохирогч Г.Баасанжаргалын нүүрэн тус газраа шилэн аягаар цохиулж, биедээ дух, баруун нүдний дээд зовхи, баруун нүдний урд буланд шарх бүхий хөнгөн гэмтлийг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.Лундаагийн гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, хор уршгийн шалтгаант холбоотой тогтоогдсон байна.

 Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Ж.Лундаа, хохирогч Г.Баасанжаргал нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс хэдий ч тухайн өдөр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үүссэн маргаанаас үүдэлтэй шүүгдэгч Ж.Лундаагийн хууль бус үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн байнгын бөгөөд зан үйлийн хувьд зуршил болсон байх шинжийг агуулаагүй байна.

Шүүгдэгч Ж.Лундаагийн хохирогч Г.Баасанжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Лундааг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Лундаагийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.Баасанжаргал мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.Лундааг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Лундааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Лундаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 28-40 дэх талд авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ж.Лундаа нь 37 настай, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймаг, Булган сумын 6 дугаар багийн 18-24 тоотод амьдардаг, Булган аймгийн Булган сумын 7 дугаар цэцэрлэгт жижүүр ажилтай, урьд нэг удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.Лундаа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 7 дугаар сарын 25-ний өдрийн 4/47 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Ж.Лундаагийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Ж.Лундааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Лундаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Лундаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилэн аяганы хагарсан хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ямаачин овогт Жаргалынн Лундааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лундааг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Лундаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ж.Лундаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилэн аяганы хагарсан хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД